Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жагсагчид юу хэлэв: "Тэр ээжийг ялтан шиг аваад явсанд уур хүрч байна"


Өчигдөр "Өргөө" амаржих газарт төрсөн эхээс коронавирус илэрснээр эх нярай хоёрыг амаржих байрнаас зөөвөрлөн гаргасан билээ. Ингэхдээ эхийг гадуур хувцас өмсгөлгүй, гэрийн шаахай, халаттай нь, амыг нь дэрээр дарж, хүйтэн машинд суулган авч явсан нь иргэдийн дургүйцлйиг төрүүлж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхээр цугларлаа. Тэдний төлөөлөлтэй ярилцсанаа хүргэе.

Ц.Билгүүнзаяа

Ер нь гадаадад гацсан ч бай, дотооддоо байгаа ч бай, ковид туссан ч бай, үгүй ч бай бүгдээрээ хүн гэдгийг эхлээд сануулмаар байна. Хэн ч, яасан ч бай хүн гэдгийг санаж, хүн шиг харьцаасай, эрхийг нь битгий зөрчөөсэй. Халуун зунаар хүртэл нялх биетэй ээжийг малгай, хүрэм, гутал өмсгөөд төрөх эмнэлгээс гаргадаг шүү дээ. Яагаад тэр ээжийг ядаж хөнжлөөр хучаад гаргах сэтгэл байсангүй вэ. За яах вэ, удирдлагууд нь буруутай гэдэгтэй санал нийлж байна. Нөгөө талаас тэнд ажиллаж буй хүмүүс ч гэсэн бусдыг гэх сэтгэл дутаж байна шүү дээ. Ковидоос бусад өвчин өвчин биш юм уу? Тэр ээж нялх биетэй, эрсдэлд ороод янз бүрийн өвчин тусахыг ч үгүйсгэхгүй. Өмнө нь аливаа асуудлыг сошиал сүлжээнд шүүмжлээд өнгөрдөг байсан, өнөөдөр харин үнэхээр тэссэнгүй, ирэх ёстой мэт санагдаад ирлээ. 

Төр засгийн гаргаж байгаа шийдвэр, дүгнэлтүүд ямар ч логик, уялдаа холбоо алга гэдгийг захын хүн ч хэлж байна. Тэгээд хүн хохирох бүрт уучлал гуйгаад л өнгөрдөг. 22-ын товчоон дээр хүний амь нас хүртэл хохирлоо. Уучлал гуйгаад л өнгөрсөн. Одоо бол тэвчихэд хэцүү боллоо. 

П.Бямбадорж

Өчигдрөөс хойш нийгмийн сүлжээнд тархаад буй нялх биетэй эх, хүүхдийн тухай мэдээллийг үзэж, цочирдлоо. Маш их харамсаж байна. Бид бүтэн жилийн туршид УОК-ын шийдвэрүүдийг үг дуугүй дагаж, ягштал сахин биелүүллээ. Энэ бүтэн жилийн хугацаанд ковид туссан эх нярай амаржвал ямар арга хэмжээ авах вэ, яаж тээвэрлэх вэ гэдгийг шийдвэрлээгүй, төлөвлөөгүй байсан нь ямар эмгэнэлтэй хэрэг вэ. Мөн хүний эрхийг ингэж зөрчиж, бусармаг үйлдэл гаргахыг цаашид тэвчихэд хэцүү байна. Би 4 хүүхдийн эцэг хүн. Миний эхнэр хүүхэд байсан бол яах байсан бэ гэж бодож, сэтгэлийнхээ дуудлагаар л талбай дээр ирээд зогсож байна. Бид ирэхдээ амны хаалтаа зүүсээр, хоорондын зайгаа барьсаар л зогсож байна. Гэтэл УОК ард иргэддээ яаж хандаж байгаа нь энэ вэ?

Тэр ээж өөрөө би хувцсаа өмсөөд гаръя гэж хэлж болох байсан байх. Гэтэл тэгж хэлж чадахгүй болтол нь айлгаж ичээж, шоронгийн ялтан шиг, амьтан шиг баглаад аваад гарсан болов уу гэмээр төсөөлөл бууж байна. Маш их айдаст автсан болохоор хүүхдээ тэврээд өмссөн хувцастайгаа гараад явж. Аймшигтай байна. Доод шатны хүмүүстээ хариуцлага тооцъё энэ тэр гэх биш, УОК, НОК дарга нар өөрсдөө огцрох ёстой. Хариуцлагыг энэ хүмүүстэй л тооцмоор байна. Тэгэж чадахгүй бол цаашид УОК-т хэрхэн итгэж, шийдвэрийг нь дагах вэ гэдэг асуулт гарч ирж байна. 

О.Гэрлээ

Төрөөд нэг ч хоноогүй нялх үрээ тэврээд, гадуур хувцсаа ч өмсөх эрхгүй зөөвөрлөгдөж буй ээжийг хараад үнэхээр зүрх шимширлээ. Ямар байдалтай, хэнд загнуулж, яаж хөөгдөх шахам гарч ирсэн бол гэж төсөөлөхөд хүнд байна. Тиймээс ядаж энд ирж, зогсож дуу хоолойгоо илэрхийлье гэж бодсон юм. Яагаад тэр ээжид ингэж муухай хандав аа? Энэ бол зөвхөн тэр ээжийн асуудал ч биш, нийтийн эрх ашиг, хүний эрхийн асуудал юм. Бид өнөөдөр хэнээр удирдуулж, хэнээр шийдвэр гаргуулж, яаж амьдраад байна вэ? Үнэхээр бүх шийдвэр, авч буй арга хэмжээ, гүйцэтгэл ойлгомжгүй байна шүү дээ. Энэ улсад бүх зүйл илүү ойлгомжтой, төлөвлөгөөтэй, ёс зүйтэй байгаасай гэж хүсэж, иргэн хүнийхээ хувьд чадах зүйлээ хийж, оролцож байгаа минь энэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
0
0
0