Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Жимс, ногоо ашиглан аймшгийн кинонд дуу оруулдаг уран бүтээлчтэй хийсэн ярилцлага


Хэрэв та аймшгийн кино үзвэл түүний хийсэн ажлыг тэр даруй олж харахгүй. Ронни ван дер Вир бол кинонд төрөл бүрийн дуу чимээ оруулдаг уран бүтээлч юм. Хөлийн чимээ, хаалга нүдэх дуу гэх мэт үл анзаарагдам чимээнээс эхлээд үзэгчдийг айлгаж, жихүүцүүлэм дуу чимээг тэрбээр бий болгодог аж. Ронни Нетфликсийн Rise of Empires: Ottoman, Ares цуврал, The Lobster зэрэг кинонуудад дуу бүтээжээ. 

Түүний Vice сайттай хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 


- Таны хамгийн анх бүтээсэн дуу чимээ юу байсан бэ? 

- Би хөгжмийн технологийн чиглэлээр сурч байхдаа аймшгийн кинонд зориулж дуу чимээ бүтээх даалгавар авсан юм. Тухайн үед хүний хуруу хэрчиж байгаа үзэгдэлд дуу оруулах хэрэгтэй байлаа. Би ногоон сонгино хэрчиж буй чимээг бичиж аваад өөр хэд хэдэн чимээтэй давхарласнаар хүссэн чимээгээ гаргаж авсан юм. Тэр үед л би ийм төрлийн ажилд дуртай бас сайн гэдгээ мэдсэн. 

- Та юмсын дуу чимээ ямархуу сонсогддогийг мэдэхийн тулд интернэтээс янз бүрийн эвгүй бичлэг хайж байсан уу?

- Үгүй ээ, үзээгүй. Үнэндээ бодит амьдрал дээр юмс киноных шиг сонирхолтой байдаггүй. Би саяхан Амстердамд явж байхдаа гудамжинд хүмүүс зодолдохыг харсан. Нударга зөрүүлэх, хүн орилох чимээ надад бараг сонсогдоогүй. Гэхдээ хүн цохих ямар хэцүү, цохисны дараа хэчнээн их өвддөгийг үзэгчдэд мэдрүүлэхийн тулд бид кинон дээр нэлээд хэтрүүлэгтэй дуу оруулдаг юм. 


- Тэгвэл та хүний хурууг хэрчихэд ямар дуу авиа гардгийг яаж мэдсэн юм бэ? 

- Иймэрхүү дуу чимээг надаас өмнө зөндөө олон уран бүтээлчид хийчихсэн байсан. Тийм болохоор ерөнхийдөө ямархуу дуу гардгийг би гадарлаж байсан л даа. Хүний хуруу хэрчиж буй үзэгдлийг анхааралтай харах хэрэгтэй. Мэдээж хуруу гарнаас жижиг учраас таслах чимээ арай чанга, хурц сонсогдох учиртай. Хүний хуруу яс, шөрмөс, арьстай учраас эдгээр чимээг тус тусад нь бичиж аваад нэгтгэх байдлаар уг үзэгдлийн дууг гаргаж авна гэсэн үг. Тухайлбал, шанцайг яс хугарах чимээнд ашигладаг бол ногоон сонгино хуруу таслах чимээнд төгс тохирно. Түүнчлэн улаан лоолийг гараараа бяцалж мах, шүүсний дууг гаргаж авах жишээний. 

- Ямар дуу чимээг дуурайх хамгийн хэцүү байдаг вэ?

- Үл анзаарагдам, жижиг дуу чимээг гаргах хэцүү айдаг. Жишээ нь, хэн нэгэн нүүрээ маажиж байвал нүүрний үс нь тухайн хүнийхтэй ойролцоо өөр нэг хүнийг олж уг чимээг бичүүлэх хэрэгтэй болно. Бичиж буй үзэгдэл ч ялгаагүй. Ижилхэн бал, цаас ашиглах хэрэгтэй болдог. Саяхан бид нэг кинон дээр ажилласан юм. Гол дүрийн баатар нь эхэндээ ичимхий, өөртөө итгэлгүй нэгэн байснаа эцэст нь зоригтой, итгэлтэй хүн болж байгаагаар гардаг. Энэ тохиолдолд бид хөлийн чимээг өөрчлөх замаар тухайн дүрийн өсөлт хөгжлийг илэрхийлсэн. 

- Тэгэхээр та үйл явдлын нэг хэсгийг бүтээдэг байх нь ээ?

- Тиймээ, өөр нэг жишээ ярья л даа. The Lobster кинон дээр нэг залуу хамраасаа цус гаргахын тулд толгойгоороо ширээ мөргөж буй үзэгдэл гардаг. Тэр чимээг бүтээх хөгжилтэй байсан шүү. Би гараараа ширээ цохиж, нэг бүтэн шанцайг хугалсан. Дараа нь энэ хоёр чимээг нэгтгээд оруулахад тухайн үзэгдэл илүү үнэмшилтэй болсон. 

- Та цус садрах, яс хугарах гэх мэт цус нөжтэй, аймшгийн киноны дуу оруулалтаараа илүү танигдсан шүү дээ. Таны бүтээж байсан хамгийн заваан дуу чимээ юу байсан бэ? 

-  Ares цуврал дээр бид хүний хумсыг сугалж буй чимээ бүтээх хэрэгтэй болсон юм. Харахад үнэхээр нүд халтирам байсан ч чимээг нь гаргах бүр долоон дор байсан. Тэр хэсэгт пистачио самар ашигласан. Самарны гадна талын хатуу ясыг авах чимээ нь хумсыг гэнэт арьснаас сугалж гаргахтай төстэй сонсогддог. Бас мандарин хальслах чимээ оруулсан. Энэ мэтчилэн дөрвөн өөр чимээг давхарласнаар яг хүссэн чимээг гаргаж авсан даа. 

- Бүтээхээс татгалзаж байсан дуу чимээ байгаа юу? 

- Бараг байхгүй. Гэхдээ Mammal гээд Ирландын кинонд ажиллахад найруулагч нь намайг бүтэн гахайн мах худалдаж аваад модоор нүдэж цохих чимээ гаргаж авахыг санал болгосон. Миний хувьд тэгж хийхийг хүсээгүй. Оронд нь би боксын мишок худалдаж аваад савхин хүрмээр ороож байгаад цохисон. Тун дажгүй болсон. Тахианы мах аваад модоор цохиж үзсэн боловч мишок шиг аятайхан болоогүй. 

Ер нь дуу оруулахад заавал жинхэнэ мах ашиглах шаардлагагүй гэж боддог. Би кинонд дуу оруулахдаа амьтны гаралтай зүйл огт ашигладггүй уран бүтээлтэй хамтран ажиллаж байсан. Бид хоёр баримтат кинон дээр бугын арьс өвчиж буй дууг оруулахын тулд жимс, ногоо ашигласан. Арьсыг нь хутгаар зүсэж буй чимээг хаш зүсэж байгаа чимээгээр оруулсан. 

- Ийм ажил хийхээр шөнө сайн унтаж чадах уу? 

- Яахав, би чимээнд илүү мэдрэг болсон. Ялангуяа чихэнд чийртэй дуу авианд. Гэхдээ бодит амьдралаас суралцахад мэдрэг байдал давуу тал болдог шүү. 

Эх сурвалж: Vice 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.