Аравдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн даруйдаа дэлхий дахиныг байлдан дагуулж, 1 тэрбум ам.долларын ашиг орлого олж, "R" үнэлгээтэй кино бүтээлүүд дундаа #1-т бичигдэж эхэлсэн "Joker" киноны үргэлжлэл хийгдэх тухай албан ёсны эх сурвалжийн мэдээллүүд интернетэд цацагдаж эхэллээ.
Найруулагч Тодд Филлипс Жокерын тухай цор ганц кино хийх гэрээтэйгээр анх ажиллаж эхэлсэн ч энэ их амжилт, дуулиан түүнийг дахин шинэ ажилдаа орж эхлэхийг ятгаж эхэлсэн бололтой.
"The Hollywood Reporter", "Collider", "Comicbook.com", "Indiewire" зэрэг албан ёсны эх сурвалжууд бүгд уг мэдээллийг баталсан бөгөөд үргэлжлэн хийгдэх "Joker" киноны дараагийн ангид Тодд Филлипс найруулагчаар дахин ажиллаад зогсохгүй жүжигчин Хоакин Феникс мөн эргэн ирнэ гэнэ. Жүжигчин Хоакин Феникс Жокерын дүрээрээ Оскарын шагнал авна гэх таамаг өндөр байгаа. Бас маш олон хүн түүнийг энэ шагналыг хүртээсэй хэмээн найдаж байгаа. Хоакин Феникс киноны үргэлжлэл хийгдэх эсэх тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч сэтгүүлчдийн асуултад нааштай хариу өгч байсан удаатай.
Уг кино Бэтмений үүх түүхийг харуулна гэх олон таамаг явж байгаа ч өөр түүх харуулах нь тодорхой биз ээ. Учир нь найруулагч, зохиолч Мэтт Рийвз "The Batman" киноны ажилдаа хэдийнээ орсон бөгөөд гол дүрийг Роберт Паттинсон бүтээж байгаа. Мөн тус бүтээл 2021 оны зургадугаар сарын 25-нд нээлтээ хийхээр цагаа товлоод буй.
Тиймээс дараагийн бүтээл ямар түүхийг өгүүлэх, хэрхэн хийгдэх нь таавар хэвээр үлдлээ. Киноны тухай нарийн ширийн мэдээллүүд хараахан гараагүй байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг тухай бүрд хүргэж байх болно.