Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Ж.Тана: Амжилтанд хялбархан хүрэх 3 алхам

Энэ гурван алхмын дагуу чин сэтгэлээсээ хичээвэл хэн ч, юуг ч бүтээж чадах юм шиг надад санагддаг. Зөвхөн өөрөөс чинь шалтгаална гэдэг нь бүх юм чиний гарт байгаа гэсэн үг.


 "Mongolian Young Scholars Program"-ийн үүсгэн байгуулагч, McKinsey & Company-ийн зөвлөх Ж.Тана өөрийн блогийн сонирхолтой нийтлэлүүдийг манай сайтаар дамжуулан хүргэхийг зөвшөөрөөд байгаа билээ. Түүний шинэхэн тэмдэглэлийг бид хуваалцаж байна.


Юуны өмнө нийтлэлийнхээ гарчгийг тайлбарлаад “хялбархан” гэдэг нь “амархан” гэсэн үг биш гэдгийг дурьдмаар байна. Юмыг хялбарчилна гэдэг нь ойлгомжтой, хийхэд боломжтой шат дараалалд оруулахыг хэлнэ. Харин юмыг амарчлах гэдэг бол өөрийн биед амар, магадгүй дутуу хувилбарт шилжүүлэхийг хэлнэ. Миний бодлоор бүх юмыг хялбарчлах боломжтой, ингэх нь чухал ач холбогдолтой, харин тэр болгон юмыг амарчлах боломжгүй, ялангуяа чухал, үнэ цэнэтэй зүйлийг амарчлах гэж оролдох нь үр дүнгүй байдаг юм болов уу. 

Би энэ нийтлэлийнхээ сэдвээр анх 2017 оны зун TEDxYouth@EUTS дээр илтгэл тавьж байсан юм, харин блог бичиж эхлээд энийгээ бичвэр болгож оруулмаар санагдлаа. Энэ бичвэрийн маань гол санаа нь аливаа амжилт, мөрөөдөлдөө хүрэхэд 3 хялбархан алхам байдаг, харин энэ нь ерөөсөө амархан гэсэн үг биш, маш их цаг, төвлөрөл, тэвчээр шаарддаг. Үүнийгээ өөрийнхөө сургуульд тэнцэх нэгэн туршлагаас бодит жишээ татан харууллаа.

Амжилтанд хүрэх гурван хялбар алхам нь:

1. Мөрөөдөл/ зорилгоо тодорхойл
2. Төлөвлө
3. Хөдөлмөрлө

Энэ гурав гурвуулаа байсан цагт л аливаа амжилтанд хүрнэ.

  • Мөрөөдөл + төлөвлөгөө байгаад хөдөлмөрлөхгүй бол хоосон бодол, яриа болоод л үлдэнэ

  • Мөрөөдөл + хөдөлмөр байгаад төлөвлөхгүй бол оновчгүй алхмуудад маш их цаг, зардал алдана

  • Төлөвлөгөө + хөдөлмөр байгаад мөрөөдөлгүй бол тэрүүхэн тэндээ л хөдлөөд, онцгой амжилт дэвшилт гаргахгүй

1. Мөрөөдөл/ зорилго

Их сургуульд сурч байхаасаа эхлээд л өөрийгөө хэзээ нэгэн цагт MBA (Master of Business Administration) буюу Бизнесийн удирдлагын магистр хамгаална гэж бодож мөрөөдөж ирсэн. Сургуулиа төгсөөд гурван жил ажиллаад ирсний дараа ойрын хугацаанд явж сурахад зөв цаг юм шиг санагдаж, дээрээс мөрөөдөж байсан бодлоо зорилго болгосон юм.

Аливаа зорилгыг тодорхойлохдоо “SMART” байх хэрэгтэй, тэр нь:

Specific -  тодорхой
Measurable -  үр дүнгийн хэмжиж болохуйц
Attainable - хэцүү ч гэсэн хүрэх боломжтой
Relevant  -  бусад амьдралтай нь уялдан холбоотой
Time-bound  -  хийж дуусгана гэсэн цаг хугацаатай

Миний “SMART” төлөвлөгөө:

S: Европ юм уу Хятадын англи хэл дээр заадаг шилдэг (Америкийн сургуулиудыг оруулахгүй эхний тавд жагсдаг) MBA хөтөлбөрт тэнцэх
M: Тэнцэх/ тэнцэхгүй байхаар үр дүн нь хэмжигдэнэ
А: Ямар ч байсан өргөдлөө өгөх бүх шаардлагуудыг хангаж байсан (жишээлбэл баклаврын зэрэгтэй, ажлын туршлагатай)
R: Бизнесийн сургуульд сурсанаар тухайн үед ажиллаж байсан уул уурхайн салбараасаа тэлж, карьерийнхаа дараагийн алхмыг шийдэхэд тусална
T: Өргөдлөө бүх сонгосон сургуулиудынхаа эхний юм уу хоёр дугаар үеийн шалгаруулалтанд бүрдүүлж өгнө


2. Төлөвлөгөө

Аливаа том ажлыг хийхээсээ өмнө аль болох олон, хийхэд хялбархан алхамд хуваагаад төлөвлөхөөр хийхээс зугатаж хойш нь тавих нь багасч, хийх явцдаа урамтай байдаг юм шиг санагддаг. Би MBA хиймээр байна гэдгээ 2014 оны 10 сард шийдээд, 2015 оны намрын элсэнтэнд амжихын тулд нэгдүгээр сарын сүүлчээр өргөдлүүдээ өгнө гэж тооцоод, тэр бүгдийг ажлынхаа хажуугаар хийх байсан учраас сайн төлөвлөж амжуулах нь чухал байсан.

ЗурагТайлбар

Сургуулиа сонгохдоо АНУ-д сурмааргүй байсны учир нь би ахлах сургууль, их сургуулиа тэнд төгссөн болохоор орчноо солимоор байсан юм. Уг нь ихэнх шилдэг бизнесийн сургуулиуд АНУ-д байдаг л даа.


3. Хөдөлмөр/ Гүйцэтгэл

Хичнээн хүсэж мөрөөдөж, боловсронгуй төлөвлөгөө бэлдсэн ч, эцсийн эцэст хүссэнээ бүтээхийн тулд хангалттай цаг, чамгүй их тэвчээр зарцуулах болно. Энийг хэнээр ч заалгаж хэлүүлэх боломжгүй, амарчлах аргагүй, зүгээр л өөрөө өөрийгөө ялан дийлэх шаардлага гарна. Гэхдээ өөрөөсөө шалтгаалах бүх юмаа хийсэн байхад харамсах сэтгэл гэж бараг байхгүй.

Миний хувьд төлөвлөгөөнийхөө дагуу бүх юмаа гүйцэд хийхэд нийт 420 орчим цаг орсон гэж тооцоолсон. Тэр нь 17.5 хоног унтахгүй, идэхгүй, өөр юу ч хийхгүй байх хугацаатай тэнцэхүйц хугацаа. Мэдээж тэрийгээ 3-4 сарын турш хийсэн болохоор боломжийн байсан. Гэхдээ л тэрийг хангалттай хугацаа байна гэж тайвшраад наана нь төлөвлөхгүйгээр, хэр их цаг орно гэдэгт багцаа баримжаа байхгүй цагийг нь тулгасан бол яасан ч амжихааргүй байсан.

Цаашилбал энэ 420 цаг нь зөвхөн шалгалт, өргөдлөө бэлдээд өгөх цаг болохоос тэр өргөдлийн минь агуулга болсон хичнээн жилийн ажлын туршлага, их сургуулийн хичээлийн дүн, олон нийтийн ажил гэх мэт зүйлд шингэсэн цагийг тооцохгүй. Тэр бүгдийг тулгаж хийх юм уу өнгөрсөн хойно нь нөхөж хийх бүр л боломжгүй, тийм болохоор цагийн юмыг цагт нь л хийгээд явах хэрэгтэй (ажиллаж байгаа бол ямар ч дарга нь бахархалтайгаар тодорхойлт бичиж өгөхөөр сайн ажиллаж, сурч байгаа бол цаг тухайд нь хичээлээ ойлгож онц сурч, олон нийтийн ажил хийдэг бол тэрэндээ идэвх санаачлагатайгаар ажиллаж хүнд харуулах үр дүнтэй байх... гэх мэт).

ЗурагТайлбар

GMAT шалгалтандаа бэлдэхэд энэ 60 хоногийн төлөвлөгөөний дагуу бэлдсэн, маш их хэрэг болсон: https://www.beatthegmat.com/mba/gmat-guide



Анх 2007 онд Харвардад нэгдүгээр курсын оюутан байхдаа Оксфордод нэг өдөр сурах юмсан гэж мөрөөдөж байсан бол 2014 оны аравдугаар сард тэр мөрөөдлөө зорилго болгож дээрх төлөвлөгөөг боловсруулж, 2015 оны нэгдүгээр сарын сүүлчээр бүх өргөдлүүдээ өгсөн юм. Гуравдугаар сард ярилцлагууддаа орж дөрөвдүгээр сар гэхэд дандаа тэнцлээ гэсэн хариунуудаа авсан билээ. Тэнцсэн хойноо тэтгэлэгт хамрагдахын тулд дахиад эссэнүүд бичиж ярилцлагуудад орж, сургууль бүрээс тодорхой хэмжээний тэтгэлэг авсан . Харин хамгийн том сюрприз нь зургаадугаар сард байлаа. 2015 онд Оксфорд, Дэлхийн Эдийн Засгийн Чуулган (WEF) хоёр хамтарч анх удаа "Глобал Шэйперс" нийгэмлэгийн бүрэн тэтгэлэгийг зарлаж хоёр хүн шалгаруулж авахаар болсон юм. Тэрэндээ олон дахин ярилцлаганд оруулж, сүүлийн ярилцлагыг видеогоор хэдэн профессор, WEF-ийн төлөөлөгчтэй хийж байгаад асуултууддаа хариулаад явж байтал “Та тэнцчихсэн, бид бичлэг хийхийн тулд энэ ярилцлагыг авч байгаа юмаа” гэж хэлж баярлуулан шоконд оруулсан билээ.

(Би энэ ярилцлаганд орохоос хэдхэн долоо хоногийн өмнөхөн дугуйны осолд ороод гэмтлүүд маань эдгэж амжаагүй байсан болохоор эрүү, гар дээрээ боолттой байсан юм.)

Энэ агшин миний хувьд Оскарын шагнал хүртэж байгаа юм шиг л намайг догдлуулсан. Гэхдээ үүнд хүрэх зам нь амархан байгаагүй, маш их цаг, тэвчээр орсон. GMAT шалгалтандаа бэлдэж байх хугацаанд би үнэхээрийн тоотой хэдэн удаа л ажилдаа явахаас өөр зорилготой гэрээс гарч байсан. Хөөрхий гэрийнхэн маань өөрсдөө хамт бэлдэж байгаа юм шиг л ач холбогдол өгөн дэмжиж намайг бүх гэрийн ажлаас чөлөөлж, хоол ундыг минь хүртэл бэлдэж зөөж байсан (аливаа амжилтанд хүн өөрөө зорихоос гадна эргэн тойрны хүмүүс нь ойлгож дэмжих хэрэгтэй). Гэхдээ тэр зарцуулсан цаг нь амьдралд минь маш том боломжийг авч ирж, цоо шинэ ертөнцийг нээж өгч, хайртай хүмүүсээ баярлуулах боломжийг өгсөн болохоор би тэрийг юугаар ч солихгүй, ахиад тэрнээсээ хэд дахин их цаг зарцуул гэсэн ч би зарцуулах байсан.

Надаас үе үе Facebook-ээр юм уу яриа илтгэлийн дараа залуучууд ирж сургуульд орох талаар асуухдаа зарим нь “Харвардад ороход яг ямар шалгуур байх уу?”, “Аль сургууль миний сонирхсон мэргэжлээр хамгийн сайн заадаг сургууль вэ?”, “Тэтгэлэгт яаж тэнцэх вэ?” зэрэг асуултууд асуудаг. Үүнийг бодож, мөрөөдөж байгаа нь зөв боловч зорилго гэдэг нь өөрөө сайн судалж, ойлгож, тодорхойлолгүй зүгээр хүнээр хэлүүлээд мэдчихээр зүйл биш юм шиг санагддаг. Ер нь ямар ч үнэ цэнэтэй зүйлийг бүтээхэд амархан арга зам, хүнээр заалгаж хэлүүлчих арга барил байхгүй. 

Гэхдээ дээрх гурван алхмын дагуу чин сэтгэлээсээ хичээвэл хэн ч, юуг ч бүтээж чадах юм шиг надад санагддаг. Зөвхөн өөрөөс чинь шалтгаална гэдэг нь бүх юм чиний гарт байгаа гэсэн үг. Миний бодлоор тэрэн шиг хүчирхэг мэдрэмж огт байдаггүй байхаа. Тийм учраас том, жижиг гэхгүй мөрөөдлүүддээ зориод, төлөвлөөд, хөдөлмөрлөөд бүтээгээд байгаарай :)

ЗурагТайлбар
2015 оны 9 сард дахин оюутан болж, Оксфордын их сургуульд гайхамшигтай их сургамж, дурсамжаар дүүрэн нэг жилийг өнгөрүүлсэн билээ.
“You can never be overdressed or overeducated” — Oscar Wilde (Оксфордыг төгсөгч, алдарт зохиолч)
Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх нь аав, ээжийнхээ мөрөөдлийг давхар биелүүлж байгаа юм шиг гайхалтай мэдрэмж төрүүдэг.

Ж.Танын өмнөх нийтлэлийг дараах холбоосоор орж уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Б.Гантуяа: Нэн орчин үеийн урлагийг таниулахад бидэнд газрын зураг биш, луужин л хэрэг ...
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
санал болгох
1
12 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
4
0
0
0
0
0