Сошиал медиагийн өнөө цагийн супер од Кайли Женнерийн хувийн амьдрал тийм ч сайнгүй байгаа хэдий ч түүний гоо сайхны эзэнт гүрэн дэх карьер улам гялалзсаар байна.
Түүний эзэмшдэг “Kylie Cosmetics” болон энэ онд шинээр нээлтээ хийсэн “Kylie Skin” брэндүүдийн 51 хувийн хувьцааг хэдхэн хоногийн өмнө АНУ-ын “Coty” корпораци 600 сая доллараар худалдан авчээ. “Coty” корпораци Кайлигийн гоо сайхны эзэнт гүрнийг нийт 1.2 тэрбум доллараар үнэлсэн юм.
“‘Coty’-той хамтран ажилласнаар цаашид манай багт болон надад брэндийнхээ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээлч байдалд илүү их анхаарлаа хандуулах боломжийг олгож байна. Мөн зах зээлд гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ тоог улам олшруулан, дэлхий даяар брэндээ улам томруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Кайли өөрийн Твиттер хуудсандаа жиргэжээ.

АНУ-ын “Coty” корпораци нь OPI, Covergirl, Wella, Rimmel London болоод тансаг зэрэглэлийн Burberry, Calvin Klein, Chloe, Gucci зэрэг брендүүдийн үнэртнийг эзэмшдэг дэлхийн гоо сайхны магнатуудын нэг билээ. Цаашид “Coty” Кайлитай хамтарснаар түүний нэрийн сүрчиг болон, үс арчилгааны бүтээгдэхүүнийг тун удахгүй зах зээл дээр гаргах байх хэмээх таамаглал фенүүдийнх нь дунд хэдийнээ үүссэн байна.
Сонирхуулахад 2015 онд хамгийн анх уруулын будгийн коллекцоо гаргаж нээлтээ хийж байсан “Kylie Cosmetics” нь 22 настай Кайли Женнерийг дөрөвхөн жилийн дотор дэлхийн хамгийн залуу тэрбумтан болгож чадсан юм. Форбес сэтгүүлийн мэдээлснээр түүний брэндийн зах зээлийн үнэлгээ энэ оны байдлаар 900 сая доллараар хэмжигдэж байгаа аж.

Эх сурвалж: www.harpersbazaar.com