Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Халдварт өвчний тухай өгүүлэх 'Contagion' кино хэр шинжлэх ухааны үндэслэлтэй вэ?

Спойлер агуулсан болно!


Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Гүүглээс халдварт өвчний тухай өгүүлэх кинонуудыг хайх нь эрс нэмэгджээ. Тухайлбал, 2020 он гарснаас хойш хүмүүс Contagion киног дахин үзэх болжээ. Гвинет Пэлтроу, Кэйт Уинслет нарын тоглосон уг кино 2011 онд нээлтээ хийсэн бөгөөд R0 гэх вирус Хонконгоос илэрч улмаар дэлхий дахинд тархаж буй талаар гарна. 

Зарим кино хорхойтнууд Contagion киноны үйл явдлыг коронавирусийн дэгдэлттэй адилтган тайлбарлаж байгаа ч өнөөгийн нөхцөл байдалтай олон талаар ялгаатай гэдгийг халдварт өвчний мэргэжилтэн, судлаачид тайлбарлаж байна. Жишээ нь, Contagion-д халдвар авагсдын 20 хувь нь амиа алдаж байгаагаар гардаг бол коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 2 хувь нь нас барж байна. 

Гэхдээ энэ кино вирусийн дэгдэлтийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй агуулгыг гаргаж чадсанаараа онцлог гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) -өөс дурдаж байжээ. Тэгвэл NPR буюу Америкийн Үндэсний Олон Нийтийн Радио 'Contagion' киног хэр шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг мэргэжилтнүүдээс асуусан байна. (Дараах мэдээлэл спойлер агуулсан болно)

Дэгдэлт хаанаас эхлэлтэй вэ?

Киноны төгсгөлд олон мянган хүний аминд хүрсэн хөнөөлт вирусийн үүсэл гарлыг дэлгэнэ. Энэ бүхэн сарьсан багваахай үүрлэж байсан модыг тайрч, гахайн саравч барьснаас үүдэлтэй болохыг харуулдаг. Сарьсан багваахай нисэх үед газарт унасан гадилыг гахай идэж, вирусийн халдвартай гахайн махаар хоол хийсэн тогооч гараа угаалгүй Элизабеттэй (Гвинет Пэлтроу) гар барьснаар вирус тархах нөхцөл бүрдэнэ. 

Эл дүрслэл нь амьдралд ойр, бодитой байж болохыг Жоржтаун их сургуулийн Глобал эрүүл мэндийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын төвийн захирал Ребекка Катц хэлжээ. Тэрбээр "Би хүрээлэн буй орчин, хүн, амьтны харилцан хамаарлыг харуулахын тулд киноны сүүлийн хэдэн минутыг оюутнууддаа үзүүлсэн. Хэрэв хүн модыг огтолбол сарьсан багваахайн зан байдлыг өөрчилнө. Улмаар сарьсан багваахай гахайд ойртож вирусийг халдаана. Улмаар хүмүүс халдвартай гахайг хүнсэнд хэрэглэдэг. Энэ бол вирус амьтнаас хүнд халдварлах олон тохиолдлуудын нэг юм" гэжээ. 

Халдвар авсан хүмүүсийг олж тогтоох тухайд

Халдварын сэжигтэй тохиолдлууд илэрч эхэлмэгц Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) Халдварт өвчлөлийн тандалт, судалгааны албаны (EIS) цэргүүдийг дэгдэлт гарсан бүс рүү илгээж, халдвар авагсдыг олж тогтоохоор ажиллаж эхэлдэг. Үнэн хэрэгтээ, Халдварт өвчлөлийн тандалт, судалгааны алба (EIS) нь бодит байгууллага бөгөөд кинонд гарсан дүрслэл тун үнэмшилтэй байсан гэж EIS-д ажилладаг мэргэжилтэн ярьжээ. 

Кинонд нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тогтоож, тэдний зорчсон газар, харьцсан хүмүүсийг "ангуучилж", халдвар авсан болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлана. 

Энэ талаар Нью-Йорк хотын Монтефиорын эрүүл мэндийн төвийн тархвар судлаач Тереза Мадалин "Энэ бол эпидиомологийн зарчим, практикт нийцсэн аргачлалууд" гэсэн юм. Мөн ямар ч халдварт өвчлөлийн үед яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай байдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Харин Харвардын их сургуулийн эпидемиологийн дэд профессор Уильям Ханейж "EIS-ийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, үнэнч байдлыг маш бодитой харуулсан. Манай төгсөгчдөөс EIS-д ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Тэд үнэхээр ядрахыг үл хайхран ажилладаг. Халдварт өвчлөлийн тандалт, судалгаа бол сэтгэл татам гэхээсээ чухал ач холбогдолтой ажил юм" гэж ярив. Кинонд Кэйт Уинслет EIS-ийн халдварын тархвар судлаачийн дүрийг бүтээдэг билээ.

Шинэ вирус хэрхэн тархдаг вэ? 

Fomite гэх үгийг өргөн хэрэглээнд төдийлөн хэрэглэдэггүй боловч халдвар өвчний болзошгүй тархалтын үед эпидемиологичдын ашигладаг чухал нэр томьёо юм. Fomite гэдэг нь халдварт өвчний нян, вирус, мөөгөнцрийг агуулж буй амьгүй объект юм. Харин хүний хувьд арьсны эс, үс, хувцас, ор дэрний хэрэгсэл зэрэг нь нян, вирусийг тээгч байж болдог аж. Contagion кинонд  Fomite гэж юу болохыг сайн тайлбарласан гэж МедСтар Вашингтон эмнэлгийн Халдварт өвчний төвийн захирал Гленн Уортманн ярьсан байна. Тухайлбал, захиалга авахад ашигладаг рестораны мэдрэгчтэй дэлгэц, Элизабетийн (Гвинет Пэлтроу) кредит карт, хүүгийн сургуулийн хаалга гэх мэт амьгүй объектууд өвчний вирусийг тээгч, дамжуулагч болж байгааг кинонд тодорхой харуулдаг. 

"Өвчний вирусийг тээж буй эдгээр гадаргууд хүрсэн хүн халдвар авах өндөр эрсдэлтэй. Тиймээс гараа тогтмол угаах нь чухал" гэж Уортманн NPR-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Гэхдээ кинонд гарсан зарим үйл явдал бодит байдлаас зөрүүтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Жишээ нь, Элизабет халдвар авсныхаа дараа казинод очиж, улмаар вирусийг бусад хүмүүст халдварлуулж буйгаар гардаг. Судлаачдын хэлж буйгаар, халдвар авсан хүн тэр даруйдаа бусдад халдаах боломж бага гэнэ. Учир нь, вирус амьсгалын замаар эсвэл шүлсээр дамжиж гадагшлах хүртэл багадаа хэд хоног зарцуулдаг гэж судлаач Тереза Мадалин тайлбарлажээ. 

Өөрөөр хэлбэл, хүний биед нэвтэрсэн вирус юун түрүүнд өөрийгөө олон дахин хувилж олшруулах үйлдлийг хийдэг бөгөөд энэ нь ханиалгах, найтаах зэрэг дархлааны системийн хариу үйлдлийг өдөөдөг байна. 

"Харин БНХАУ-аас гаралтай коронавирусийн тухайд, халдвар авсан хүн 5-6 хоногийн дараагаас эхлэн бусдад халдварлуулж байгаа нь ажиглагдсан" гэж Жонс Хопкинсийн их сургуулийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн ахлах эрдэмтэн Амеш Адалжа ярив. 

Халдвараас урьдчилан сэргийлэх тухайд 

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, лабораторийн судлаачид вирусийн халдвар авахаас сэргийлэх нь маш чухал юм. Киноны зарим хэсэгт эмнэлгийн ажилтнууд вирусээс хамгаалахын тулд тусгай өмсгөл өмсдөг нь бодит практикт нийцэж байна гэж мэргэжилтнүүд хэлжээ. 

Харин нисэх онгоцны буудалд сувилагч эмэгтэй халдвар авсан хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ ердөө бээлий, маск өмссөнөөр гардаг. "Том дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд урьдчилан сэргийлэх, хамгаалах зааварчилгааг бүрэн мөрдөхөд хүндрэлтэй байдаг. Кинонд энэ "цоорхой"-г илэрхийлэхийг зорьсон бололтой" гэж судлаач Уортманн ярилцлагадаа дурджээ. 

Халдвараар нас барсан хүмүүсийн цогцсыг булах нь хэр зөв шийдэл вэ? 

Бодит байдал дээр энэ нь вирусийн халдварыг түгээх эрсдэлтэй үйлдэл гэж судлаачид үзэж байна. Тийм ч учраас 2014-2015 онд Өмнөд Африкт эбола вирусийн халдвар гарахад нас барсан хүмүүсийн цогцсыг бөөнөөр нь булахаас зайлсхийж байсан аж. 

Вакцин

Вакцин гаргаж авсан эрдэмтэн үр дүнтэй гэдгийг батлахын тулд өөртөө тарьж буйгаар кинонд гарна. Хэдийгээр энэ зөвхөн кинонд л гарч болох эрсдэлтэй алхам юм шиг санагдаж болох ч үүнтэй төстэй тохиолдол гарч байжээ. Тодруулбал, хеликобактер ходоодны шархлаа үүсгэдэг гэдгийг батлахын тулд Австралийн судлаач Барри Маршалл бактерийг өөртөө тарьж байсан аж. Тэрбээр уг шинжлэх ухааны ололтоороо 2005 онд Нобелийн шагнал хүртжээ. 

Гэхдээ вирусийн эсрэг вакцин гаргаж авахад ийм туршилт эрсдэлтэй бөгөөд үр нөлөө багатай гэжээ. Вакцин аюулгүй, үр дүнтэй гэдгийг батлахын тулд нэг биш, доод тал нь хэд хэдэн хүн дээр туршиж үзсэн байх шаардлагатай гэж судлаачид хэлж байна. 

Төгсгөлд, гараа тогтмол угаах, халдварлах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчтэй хүнтэй харилцах, ойр байхаас зайлсхийх нь 'Contagion' кинонд гарсан, бодит амьдралд хэрэгжиж буй аргууд юм гэжээ. 

Эх сурвалж: NPR

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Joker: Folie à Deux киноны эхний трейлер цацагдлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.