Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Халх голын дайны тухай яруу найрагчдын 6 шүлэг


Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож буй. Тус ойг тохиолдуулан Халх голын дайны тухай яруу найрагчдын бичсэн зургаан шүлгийг хүргэж байна. 

А.Эрдэнэ-Очир- Цээжний алс

Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй
Цээжний минь алсад эх орон бий...

Д.Пүрэвдорж- "Хар цас" найраглалын хэсгээс

Орос цэрэг өнөр олуулаа
Ой мод шиг өндийн босож
Бохирч сөхрөх өвдөггүй юм шиг
Босоогоороо үхэж байсан юм
Бод л доо тэр дайны талбарт
Борооны дусал газарт уналгүй
Шивээлсэн жадны үзүүрт бутарч
Шинелийн хормойд хатаж байсан юм
Өвс ногоо тэр газар
Өлмий дороос өндийх завгүй
Хаврын цэцэг зуур хатаж
Халуун зунаар шувуу буцсан юм
Өрнө европыг шир шир хийтэл
Өлмий дороо хэрчиж байсан
Гурав дахь рейхийн төмөр цэргийн
Гутлийн ул улаан байсан юм.
Хар арми, фашистийн арми
Хар үхлээр тугаа тахиж
Дайзтай сумаа амиар солин
Дайсан тэгэхэд давшиж байсан юм
Хад хүртэл хайлж шатсан
Халуун төмрийн үер дунд
Хаалга бүхнийг үхэл балбасан
Харанхуй тэр аймшигт шөнө
Эрсдэн унасан орос цэрэг
Эрэлхэг Брестийн  хананд харин
“Эх орныхоо төлөө” гэж
Эцсийн цусаараа бичиж билээ...

Д.Нямаа- Аав дайн хоёр

Аавыг минь дайн аваад явсан
Аав минь
Дайныг аваад явсан
Аав ч ирэхгүй
Дайн ч ирэхгүй
Аав дайн хоёр
Аль алиныгаа
Амьд үлдээгээгүй...

Яруу найрагч О.Цэнд-Аюуш- Сашагийн захиа

Сайн байна уу? Орос цэргийн ээжээ
Олон жилийн өмнө та нэг хүүтэй байсандаа
Одоо л тэр ачлалгүй хүү чинь
Ээжтэй байснаа гэнэт санасан юм шиг
Энэ захиаг бичиж байна
Нөхөд минь миний дэргэд хэвтээд
Нөгөө л нэг гунигтай Орос дуунуудаа
Нөмөрсөн шинелийнхээ цаанаас дуулж байна
Орос дуу шиг ийм сайхан дуу
Ондоо байдаг болов уу ээжээ
Дүү нар минь том болсон уу? ээжээ
Дүүрэн цэрэг ачсан галт тэрэгнүүд, ялалтын дараа
Дүүлэн, дүүлэн төмөр зам дээгүүр давхиж очиход
Дүр төрх нь аавтайгаа л адилхан болсондоо гэж
Өртөөн дээр та минь цэцэг бариад
Өдөржин зогссон уу? Ээжээ
Өөдөөс чинь бууж очоогүй болохоор
Өнчирсөн үү ээжээ?
Монголоос очсон галт тэрэгнүүдийн
Модон бүхээг рүү та өнгийсөн үү ээжээ?
Эсвэл би хүүгээ танисангүй гээд
Эр цэрэг болгоныг эгцэлж харсан уу ээжээ?
Энэ миний хүү биш байна гээд
Эмгэн болтолоо намайг хүлээсэн үү ээжээ?
Хүү чинь тулалдаанд түрүүлж орж
Хүрзний толгой шиг улайдсан ширэм дундуур давшиж
Хаана ч байхгүй
Хатуу өргөстэй бэхлэлтийг шүдээрээ тасдаж
Дайзтай сумаа дуустал
Дайсантай дайтсан ээжээ
Бууныхаа хошуунд жадаа өлгөж
Бууж өгөхгүй эцсээ хүртэл тулалдсан
Төрсөн бие минь хүнд шархадхаас өмнөхөн
Төмөр жад минь нугарсан ээжээ
Амь үрэгдсэн нөхрөөсөө
Авсан сумаараа буудах гэтэл
Гол тасрахын өмнөхөн
Гох хугарсан ээжээ
Урдуур, хойгуур улилдаж байсан
Улаан ширэмнүүд гарыг минь авсан ээжээ
Дайсны пулемётын суманд
Дайруулсан хөл минь
Уг нь ногоон байсан ч
Улаан болсон өмдөн дээрээ тогтож байхад
Үлдсэн ганц гараараа хүү чинь дуулгаа далайгаад
Үхлийн өмнөхөн давшиж байсан ээжээ
Халхын голоос одоо та хүүгээ
Харьж ирнэ гэж битгий хүлээ, ээжээ
Буудай шиг шаргалхан үстэй Сашаа чинь
Буудуулчихсан юмаа, ээжээ
Одоо та намайг эндээс
Олохгүй л байхдаа ээжээ
Оросынхоо газар шороонд л
Очиж хэвтэх юмсан, ээжээ

Ш.Сүрэнжав- Ерэн баатрын дууль

Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүрсэнгүй
Свердловскийн гудамжаар
Аавтайгаа хөтлөлцөөд
Сэргэлэн оддын учрыг
Асууж явсан орос хүү
Севастополийн цэцэрлэгт
Амрагтайгаа болзоод
Сэтгэл шигээ цагаахан
Алчуур солилцсон хар хүү
Цэргийн шинель өмсөж
Галт тэргэнд суухдаа
Цэцэн буу мөрөвчилж
Газрын холыг зорихдоо
Цэнхэр униарт талын
Наран мандах зүг рүү
Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ
Насандаа марташгүй харсан юм
Ханан дахь хуанлын тоо
Гучин есийг зааж
Харандааны үзүүр зураг дээр
Халх голыг зурж
Хайлааст манханы оройгоор
Дарийн утаа маналзаж,
Хатуу хилэнт өдрөөр
Дайсанд үхэл зарласан
Яг тэр мөчид
Ерэн баатар төржээ
Ялалтын тугаа өргөхөд нь би
Эхэлж хорвоод мэндэлжээ.
Ерэн эрийнхээ хойноос
Ерэн эхнэр уйлж
Ерэн эцгийнхээ хойноос
Ерэн хүүхэд сарвайж
Ерэн хүүгийнхээ хойноос
Ерэн эх шаналж
Хичнээн ерэн зүрх
Хэн, хэний зүрх
Хэдий болтол шархалж
Хэцүү бэрхээр өнчрөв
Свердловскийн буудлаас
Ачийгаа үдсэн өвгөн
Севастополийн цэцэрлэгээс
Амрагаа мөрөөдсөн бүсгүй
Москвагийн сургуулиас
Аавыгаа хүлээсэн хүү
Монголоос ирэх шууданг
Хичнээн их харуулдаа бол!
Нижигнэсэн бууны дуугаар
Ерэн баатар төрөхөд
Нэг насаа олоод
Ирж байсан хүү би
Нинжин сэтгэлтний хагацлаас
Уйлах гэж хожимдсонгүй
Нижгэр их ялалтыг
Дуулах гэж хожимджээ.
Гайхамшигт алдры нь дуулъя гэж
Үгээ бодлоо
Гандашүй гавьяагий нь дурсая гэж
Үзгээ авлаа
Хорвоод дуурстал аялая гэж
Хоолойгоо заслаа
Хойч үедээ дурсгая гэж
Сэтгэлээ өглөө
Идэмхий дайсныг хяргасан
Сүрт зэвсэг дотроос нь
Илд буу хоёрыг нь
Сүлд болгон зөрүүлж
Египтийн хааны босгосон
Пирамидаас өндөрт
Ерэн баатрын хөшөө
Эгц дээшээ мандаж байна.
Рябцев В.И 1939-8-25
Степанюк М.С 1939-8-25
Жлудков А.В 1939-8-28
Прядко А.Н 1939-8-30
Энэ олон нэр.
Ерэн баатрын нэр!
Нэр бүхний хойноос
Өнчирч уйлсан нүд
Нэр бүхний цаанаас
Өрөвдөж хайрласан зүрх
Дээгүүр нь үүл нүүж байна.
Дэргэдүүр нь ус урсаж байна.
Хажуугаар нь ой шуугиж байна
Харин эд чив чимээгүй!
Харьтныг алхуулаагүйдээ
Уужирч амарсан юм шиг
Халх голыг өгөөгүйдээ
Сэтгэл нь ханасан юм шиг
Харуулын албандаа
Үнэнч цэрэг хэвээрээ…
Хязгаарын газартаа
Үлдэж хоцорч дээ…

Д.Цоодол- Харамчийнхны дууль

Айхавтар, гар чангатай ах дүү хоёр байлаа
Адлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүргэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнхны хот айл
Үүл мэт навсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжөө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ
Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
"Гал гаргадаггүйөдөр" өө гээд халгаахгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав
Халх гол уруу агт туух юм болж
Хагийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв
Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ
Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа
Бузар дайсныгаа намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр арамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм
Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг
"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж
Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
19 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
10
0
5
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.