Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Хар Төөгөө: Хийж буйдаа дурлаад, хайртай хүмүүстэйгээ ойр байхад амьдрал чамайг зовоож хүчрэхгүй


Хар Төөгөө (Б.Төгөлдөр)-тэй уулзахаар “Comedy Lab”-ийн үүдэнд хүлээж байв. Тэр хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авч, гэртээ хүргэчихээд ирнэ гэв. 

Тоглолт эхлэх хараахан болоогүй, танхим нам гүм байлаа. Хотын төвийн хамгийн өндөр, хамгийн гоё үзэгдэх орчинтой энэ л өндөрлөгт “Comedy Lab”-ийн залуус ийм гоё клубийг тохижуулж, өөрсдийн хүчээр авч явж байгааг харахад бахархал төрнө. Тэдний нэг нь болох Хар Төөгөө удахгүй “Амьдрал” нэртэй бие даасан комеди шоугаа хийх гэж байгаа билээ. 

-Амьдрал ямар байна дөө, Төөгөө? 

-Амьдрал давгүй, бас завгүй байна. Хоёр ажил зэрэг амжуулж, өдөр нь реклам хийдэг бизнесээ явуулаад, орой “Comedy Lab”-аа хийгээд, хажуугаар нь хоёр хүүхдээ цэцэрлэгт нь өгч, авахаа зохицуулаад шахуу ч жаргалтай л явна. 

-Хоёулаа ахиад нэг “Амьдрал”-ын тухай ярих хэрэг гарах нь. Шоуны бэлтгэл нь хэр байна вэ. Комедианы хувиар бие даасан шоугаа хийнэ гэсэн санаа хэзээнээс төрөв? 

-Ер нь бодоод л явсан. Комеди хийгээд 5 жил боллоо. Өмнө нь клубийн хэмжээнд 100 гаруй хүний өмнө хоёр ч удаа бие даасан шоугаа хийж байсан. Хийж буйдаа донтох, автах гэдэгтэй төстэй мэдрэмж байдаг. Миний ярьсан хошигнолд хүмүүс нирхийтэл инээхийг харах, тэр тайзан дээр инээд хөөрийг нь мэдрэх, тэр л мэдрэмжийг дахин дахин авмаар болох… комедианы хувьд хамгийн сайхан “дон”. 

Би “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон дуучин Д.Болдын тоглолтын эхлэл дээр гарсан юм. Тэгэхэд танхим дүүрэн 13000 хүнийг инээлгэж, тэндээс их гоё энерги мэдэрсэн нь дотроос ер гараагүй, мөддөө арилаагүй. Ийм олон хүний өмнө комеди шоугаа хийвэл гоё байна байх даа, хичээгээд үзвэл яадаг бол гэж бодсон маань одоо ингээд ажил хэрэг болж байна. Мэдээж энэ удаа 13000 биш ч мянган хүнд бие даасан комеди шоугаа толилуулна гэдэг том хэрэг. Маш их хичээж, бэлдэж байна. 

-Комеди шоу бидний амьдралын, манай хотын гоё соёл, дулаан дотно зүйлсийн нэг болж амжлаа. Одоо бүр л төрөлжөөд, улам мэргэжлийн болж байгаа нь мэдрэгдэж байна. 

-Бид ямар ч багшгүй, анхан шатны ойлголтгүй шахам л эхэлж байсан. Өөрсдөө сураад, болох болохгүйтэйгээ нүүр тулаад л явсан. Одоо бол бид комеди урлагийн талаар суралцаж, ном үзэж, сургалт бичлэгүүд үзэж, ийш тийш явахдаа тогтмол шоу үзэж өөрсдийгөө хөгжүүлж байгаа. Одоо ч суралцаж яваа хүмүүс. Эллен Деженерес л гэхэд 20 жил комедиан хийсний дараа алдартай шоугаа эхлүүлсэн гэдэг. Харин бид одоо тав, зургаан жилийн л юм ярьж байгаа “пацаан”-ууд шүү дээ. 

Одоо бид дотроо сэдвээрээ төрөлжөөд явж байна. Комеди дотор ерөнхий найман дүр байдаг. Оптимист, пессимист, family guy, loser, devil гэхчлэн. Би бол family guy болоод, илүү ахуй, амьдралын юмнууд ярьдаг дүрийг сонгосон. Манай Хану бол роаст хийдэг, девил маягийнх нь. Миний дүр надад их ойрхон байсан л даа. 

Анх тайзнаа гарч байх үед манай Т.Түшиг мэндлээд удаагүй, хэдхэн сартай л байсан. Түшигийгээ яриад байж байтал хоёр дахь, гурав дахь гээд ар араасаа хүүхдүүд маань гараад, гэр бүлийн адал явдлууд нэмэгдээд, материалын олдоцын хувьд ч элбэг болсон (инээв). Гэр бүлийн харилцаа хүн болгоны амьдралд ойр. Манай үзэгчдийн ихэнх нь залуу, аав ээжүүд болохоор ч гэр бүлийн харилцаанд болж буй инээдтэй зүйлсийг ярихаар хүмүүст илүү хүрээд байх шиг санагдсан. Сүүлийн жил хагасаас эхлээд энэ сэдвээр голчлон ярьж байна. 

-Та хэд өөрсдийгөө суралцаж байна гэж хэллээ. Энэ зуур та бүхэнтэй хамт үзэгчид ч давхар бэлтгэгдэж, комеди үзэхэд, энэ соёлыг ойлгоход суралцаж байгаа. Энэ бүхэн хэцүү байв уу? 

-“From out of the blue” гэдэг үг байдаг даа. Монголд комеди оргүйгээс яг л тэгж эхэлсэн. Манай Батаа анх эхлүүлж, улаан хөшгөө чирээд энэ тэрүүгээр комеди ярьж эхлэхдээ пиво шидүүлэх үедээ шидүүлээд л явсан. Тэрнээс хойш бага багаар ахисаар, цөөнгүй хүмүүс нэмэгдээд явсан. Одоо бол үзэгчид ч төлөвшөөд, комеди шоу гэж ийм юм байдаг юм байна, яриаг нь хөнгөнөөр хүлээж авахад л болчих юм байна гэдгийг ойлгож эхэлсэн болов уу. Таван жилийн дотор хүмүүс долоо хоногтоо комеди шоунд ирж, тэнд мөнгөө төлж, тасалбараа авч, хошигнол ойлгож, эндээс таашаал авдаг боллоо. Анх бол их дайрдаг байсан даа. Амны салиа нь арилаагүй хүүхдүүд гээд л уурлана. Гэтэл одоо Монголд хоёр комеди клубт, долоо хоногийн хэдэн өдөр 100 гаруй үзэгч тогтмол ирж шоу үздэг болсон нь маш том амжилт. 

-Анх хүмүүс ойлгохгүй, хараалгаж загнуулаад явахад “Ер нь больчихдог юм билүү, хар лай” гэж бодсон үе бий юу. Та нарын хувьд анх бүгд л үндсэн ажлынхаа хажуугаар, цэвэр хоббигоороо л эхэлсэн биз дээ? 

-Тийм мөчүүд бий. Тийм бодлууд орж байсан гэвэл илүү зөв юм уу даа. Гэхдээ хэзээ ч энэ урлагт дурласан, комеди хийх хүслийг давж гарсан удаагүй. Хийж буйдаа дурлах, итгэл үнэмшилтэй байх тэр бадарсан мэдрэмжийг дарах хэцүү л дээ. Тухайн үед би банкинд боломжийн ажилтай байлаа, хүмүүс ойлгохгүй, элдвээр хэлэхээр “больдог ч юм уу” гэхэд эхнэр маань “Эхлүүлсэн бол эцсийг нь үзээч, яваандаа хүмүүс ойлгоод ирнэ” гэж урам зориг өгч байсан. Энэ үг их хүч болсон доо. 

-Монголд комеди урлаг ийм болтлоо хөгжих эргэлтийн цэг хэзээ нь байсан бэ? 

-Тэр мөчийг маш тод санадаг. Тулгаа маань “big show” хийе гэсэн санааг гаргаад, бид зардал мөнгө нь хямд заал хайж яваад “Архитекторуудын ордон”-г олсон. 250 хүний суудалтай заал. Тэгэхэд бид наймуулаа, хүн тус бүр 20 билет аваад зарах үүрэгтэй, заавал түүнийгээ зарж байж түрээсийн мөнгө өгнө гээд тооцчихсон. Ойр дотныхон, таньдаг мэддэг бүх хүндээ “шахсан”. За тэгээд 160 хүн бат ирэхээр боллоо, ирэхгүй байсан ч хамаагүй, мөнгийг нь авчихсан юм чинь гэж хоорондоо ярьж инээлдээд л…

Клубээсээ гараад “Архитекторуудын ордон” руу алхаж явахдаа өнөөдөр манай пэйжийн лайкийн тоо 2500 болчихлоо, ямар гоё юм бэ гэж хөөрөөд л… 

Тоглолт эхлэх болоод, 250 хүний суудлаа засчихсан дүүрэх болов уу гэсэн юм бодож байтал 300 гаруй хүн ирээд, зааландаа багтахгүй, хаалга үүд нь эвдэрчих гээд хамгаалагч дуудах хэрэг гарсан нь бидэнд их урам өгсөн. Тэр заал, тоглолтын уур амьсгал гээд бүх зүйл биднийг цэнэглэсэн. Хоёр ч удаа бид тэр зааланд тоглосон. Тэгтэл манай Хану санаачлаад, ерөөсөө Корпорейт-д, 1000 хүний өмнө тоглолт хийе гэсэн. 500 хүн лав ирэх нь тодорхой юм байна, тал заал нь тэгвэл хоосон л байна биз яадаг юм гээд. Тэгж бид зориглосон. Ханугийн тэр үеийн пост бий. “За бид гэрээгээ хийчихлээ. 1000 хүнд тоглоно гээд 7.5 сая төгрөгөөр заал түрээслэчихлээ. Та нар ирэхгүй бол бид шоронд орох гээд байна шүү” гээд пэйж дээрээ бичиж байсан. Гэтэл юу вэ, 1000 хүнтэй заал дүүрээд 30 мянган төгрөгийн билетийг үүдэнд хүмүүс 80 мянган төгрөгөөр шаглаж зарж байсан. Үүний дараа л бид эргэлт буцалтгүй шийдсэн дээ. Комеди хөгжих юм байна, би энийг жаргалтай хийх юм байна, миний амьдралын салшгүй хэсэг мөн байна гэж. 

-Тэгээд ажлаасаа гарсан уу? 

-Тийм ээ. 

-Банкны салбарыг орхиод комедиан болох шийдвэр амархан гараагүй нь лав. Гэхдээ цавын цаана чинь урлагт дуртай юм яваад л байж дээ… 

-Ажил дээр ч, оюутан байхад ч урлагийн үзлэгт хамгийн тэргүүн эгнээнд туг өргөөд гүйж явдаг байсан. “Чингис хаан” банкинд байхдаа долоон жил дараалан шинэ жил хөтөлж, зохион байгуулсан байдаг. Анх би СУИС-д сурах хүсэлтэй байсан юм. Гэтэл тэр үед урлагийн салбар бүхэлдээ уначихсан, ээж аав маань ч дэмий гэж зөвлөөд больж байлаа. Тэгээд банк санхүүгийн мэргэжил сонгоод явсан. 

Банкинд ажиллахын хажуугаар комедигоо хийгээд явахад аль аль ажил хариуцлагатай байх ёстой байдал хүндрэл үүсч эхэлсэн. Халтуур хийх саналууд ирнэ, заримдаа өдөр, зарим нь ажлын цаг дуусахаас өмнө байж таарна. Гэтэл өөрөө нөгөө комедигоо хийхдээ дуртай байгаад байдаг. Тэгээд л ер нь зүрх сэтгэлээ дагаад ажлаа өгсөн дөө. Тэр үед цаг мөч нь таараад багын найз Анхаатайгаа нийлээд рекламны студи байгуулж, хувийн бизнесээ эхлүүлсэн. Энэ шийдвэртээ одоо харамсдаггүй ээ. 

-Яг одоо бид та бүхний бүтээсэн “Comedy Lab” клубийн байранд ярилцаж байна. Хотын төв хэсэгт, хамгийн өндөрт байрлах энэ гоё клубийг өөрсдийн гараар бүтээж, босгосныг хараад маш их бахархлаа. Анх нээлтээ хийж, эхний шоугаа толилуулж байхдаа юу мэдэрсэн бэ? 

-Ийм өндөрт, ийм гоё байранд орж ирээд нисч байгаа мэт л баярласан даа. Клубийн нээлт болохоос долоо хоногийн өмнө ирж байраа үзсэн. Хэдэн талаас нь хотын гоё үзэмж нэвт харагдсан шилэн өрөөнд “Comedy Lab”-ийн том лого гялалзаад, тайзаа хараад, бидний логотой дэрнүүд өрсөн буйдангуудыг хараад хэлэх үггүй болтлоо баярласан. Хамгийн анхны шоундаа бид тусалж дэмждэг, ойр дотнын бүх хүн, найз нөхөд, гэр бүлээ уриад мартагдахгүй гоё оройг өнгөрүүлсэн. Бүгд нэгэн зэрэг кноп дарж логоны гэрлээ асаасан мөч бол бараг л кино… Биднийг анхнаас нь дэмжсэн найз нөхөд, дотнын хүмүүс маань урмын үг хэлж, “Ийм гоё юм хийж чадсан юм чинь өөр зөндөө гоё зүйл хийж чадна” гэсэн итгэлийг өгсөн. 

-Монголд ер нь комедианы карьер хөөгөөд, хангалуун амьдрах боломжтой юу? 

-Яг зуун хувь зориулаад явбал боломжтой. Одоогоор бид өөр өөрийн хувийн ажилтай, амьдралтай хүмүүс оройн цагаар л цуглаад явж байна. Бид өөрсдийгөө 100 хувь зориулж чадахгүй байгаадаа зэмлэнгүй, гэмшингүй яваа нь үнэн. Үзэгчид биднээс ихийг хүлээж байгаа. Одоогоор гэхдээ аль алийг нь амжуулаад чадахаараа л хичээж явна. 

Би гурван хүүхэдтэй, гэр бүлтэй учраас эрсдэлтэй зүйл хийх эрхгүй болчихоод байна л даа. Тэрнээс биш шинэ гарч ирж байгаа залуу комедианууд 100 хувь зүрх сэтгэлээ зориулаад хичээвэл бүрэн боломж бий. 

-Тайзан дээр нэг комедианд их цөөхөн минут оногддог. Агуулга, сэдэв их нягт, баялаг байх хэрэгтэй болно. Богинохон тэр хугацааг өөрийн болгож, байлдан дагуулахын тулд хэр их бэлддэг вэ? 

-Нэг хүнд 15 минут ноогдоно. Олуулаа байвал минут богиносно. Энэ л хугацаандаа чанартай юм ярьж хүмүүсийг инээлгэнэ. Зорилго нь тэр. Үүнээс бусад бүх цаг бэлтгэл гэж хэлж болно. Шөнө унтахын өмнө ч бодно, санаа орж ирвэл дор нь тэмдэглээд явдаг. Саяхан эхнэр маань зүүдэндээ яриад, шөнийн 03.00 цагт сэрээд хөгжилтэй санагдсан зүйлээ тэмдэглэж авсан. 

Би ихэвчлэн утасны notes-ийг ашигладаг. Санаагаа хамаа намаагүй тэмдэглэнэ, надаас өөр хүн бол ойлгохын эцэсгүй. Дараа нь тэр санаануудаа харж байгаад joke болгож бичнэ, ярьж үзнэ. Ажиллаж байвал авч үлдэнэ, болохгүй бол дахин засна. Хэт урт бол хасна, богино бол деталь нэмнэ. 

-Инээд наргиа болгох зүйл, болохгүй зүйлс гэж бий. Хэм хэмжээ давсан, хэн нэгнийг гомдоосон тохиолдол байдаг уу? 

-Ярьж байгаа зүйлсийн маань 30 хувь нь бодит тохиолдсон зүйлс, үлдсэн нь бид түүн дээр нэмж, ургуулсан нь. Хэрэв ингэсэн бол яах вэ гэсэн маягтай. Зарим тохиолдолд бидний ярьсан, нэмж ургуулсан зүйлс санамсаргүйгээр хэн нэгний амьдралтай давхацсан тохиолдол бий. Нэг эмэгтэй тоглолтын дараа ирж уулзаад “Чи яг л намайг ярьсан юм шиг боллоо” гэж хэлж байсан. Тэр эмэгтэй комеди үзэж сурсан, ухаалаг хүн байсан учраас бидэнд гомдоллоогүй ч амьдралынх нь бараан дурсамжийг сэдрээсэнд тааламжтай байгаагүйгээ хэлсэн нь тэр. Үүнээс хойш бид яриандаа хүний нэр, нарийн деталь оноохоос зайлсхийж, “Манай нэг найз...” гэдэг сайхан үгээр булзааруулдаг болсон. 

-Хамгийн сүүлд юу чамд инээд хөөр бэлэглэсэн бэ? 

-Өдрийн цайны цагаар гэртээ очиж, эхнэрийнхээ хоолыг идсэн. Дессерт болгоод нэг чихэр авч очсоноо хоолны дараа задлатал шажигнах дуугаар нь манай Хишиг (бага) алхаад хүрээд ирсэн. Хүүхэд маань хөлд орж байгаа нь энэ. Эхнэр бид хоёр баярлаад л, чихрээ идэж дуусаад “Алив энийг хаячих” гээд тоглоод өгтөл хогийн сав байдаг чиглэл рүү алхдаг юм даа. Тэгэхэд ёстой их инээсэн. Энэ маань бүр хүн болчихсон байна ш дээ гээд хоёулаа тачигнатал хөхөрсөн дөө. Манай Хишиг одоо ой нэг сартай. 

Ер нь би аз жаргал инээд хөөр дунд амьдардаг азтай хүн гэж өөрийгөө боддог. Хэдийгээр завгүй ажилладаг ч энэ бүгд инээд хөөр цалгисан орчинд өрнөж, гэртээ хариад гэр бүл, үр хүүхдээ хараад дахиад л аз жаргалтай орчинд очдог. Энэ бол амьдралаас авч болох хамгийн гоё таашаал. Тийм болохоор би ажилдаа ялархдаггүй, ядардаггүй. 

-Шоугаа яагаад “Амьдрал” гэж нэрлэхээр болсон бэ? 

-Би ер нь амьдралаа их ярьдаг. Машинаа солилоо, хүүхдүүд ингэлээ, өнөөдөр манай гэрт ийм зүйл боллоо гээд л. Тэгээд л тоглолтоо хийнэ, ямар нэр өгөх үү гэхэд “Амьдрал л ярих юм чинь “Амьдрал” гээд өгчихье” гэсэн. Нийтийн дууны тоглолт шиг нэртэй байна гэж зарим нь шүүмжлээд л байгаа (инээв). 

-Залуу насандаа ажил, амьдралын алтан заагийг олно гэдэг үргэлж хэцүү байдаг. Чиний хувьд гурван хүүхэдтэй, хоёр ажилтай, аль алийг нь мундаг амжуулаад явдаг нь бахархмаар санагддаг шүү. 

-Миний л бодлоор хүн дуртай ажлаа хийгээд, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсэн бол юу ч хэцүү санагдаж, зовоож дийлэхгүй байх. Гэр бүлийн хүн маань намайг ахуйн юманд оролцуулахгүй гэр орноо аваад явчихдаг нь нэмэр болдог. Гэхдээ би хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авах гээд өөр бусад зүйлсүүдээ амжуулна. Дургүй ажилдаа зүтгээд, түүндээ стрессдээд эхэлбэл бүх зүйлийн баланс алдагдана. Ажил дээрээ очоод ялархана, гэртээ ирээд бухимдана. Бүх зүйл утгагүй байх. Би одоо дуртай ажлаа хийгээд, өглөө босоод л “Энэ рекламыг ёстой алаад өгнө, хийсэн ажил маань хүмүүст эерэг сэтгэгдэл түгээнэ, орой ийм joke ярьж хүмүүсийг инээлгэнэ, гэртээ хариад хүүхдүүдтэйгээ тэгж тоглоно” гэсэн эерэг сайхан дунд явна. 

-Гэр бүлийн хүн чинь ярих зүйлд нь тусладаг уу? 

-Бид хоорондоо их зөвлөнө, надад сэдэв зааж өгнө. Заримдаа хэтэрхий зохиогоод ярихаар шүүмжилнэ, “Наадах чинь шал амьдралгүй юм, хэтэрхий худлаа юм дэмий шүү” гээд л. Удахгүй болох “Амьдрал” тоглолт дээр яригдах нэг сетийн санааг эхнэр маань өгсөн. Эхнэр маань дөнгөж төрөөд, хэвлий дээрээ цэв цэнхэр хүүхдээ хараад дараа нь төрөхийн өрөөнд зогсоо намайг хартал элгийн юм зогсож байсан гэсэн. Царай марай нь цайчихсан, тэрүүгээр нэг сандарч гүйгээд л гээд.

-Ээж, аав нь чамайг банкнаасаа гараад комедиан болох шийдвэрийг яаж хүлээж авсан бэ. Ямар нэг зүйл хэлсэн үү? 

-Анх бол нэг их дэмждэггүй, гэхдээ эсэргүүцдэггүй байсан. Фэйсбүүкээр хошигнолын сетний дор хүмүүс элдэв юм бичээд, хараагаад байхаар хүний л ээж болсон хойно сэтгэл нь өвдөөд, өмнөөс нь үг хэлмээр болоод “Миний хүү ингэж байхаар больчихвол яадаг юм” ч гэж хэлж байсан. Бид “Ub Comedy”-гийн таван жилийн ойгоор ээж, аав гэр бүлийнхнийгээ урьж хамгийн урд суулгаад шоугаа хийсэн. Хүүг чинь ийм олон хүн таньдаг, хүүгийн чинь ярьсанд хүмүүс ингэж инээдэг шүү гэдгээ харуулахад ээж, аав маань маш сайхнаар хүлээж авч, бахархаж буйгаа хэлсэн. Одоо бол тоглолт, шоуны бүх зарыг фэйсбүүктээ шэйрлээд л суудаг. Ойрд харин “Ээжийгээ бага яриарай” гээд байгаа.  

-“Comedy Lab”-ийнхан их зохион байгуулалттай харагддаг. Дотроо хэн нь юугаа хариуцдаг вэ? 

-Өмнө нь зохион байгуулалтад тэр бүр ордоггүй, манай Батаа ихэнх зүйлээ зохион байгуулаад явдаг байсан. Одоо хүсэл сонирхлоороо нэгдээд бид 7 гарч ирээд явж байна. Бүх зүйлээ хувааж аваад, хариуцсан ажлаа маш сайхан хийгээд явдаг гоё баг. Амараа ерөнхийд нь ахлаад явж байгаа. Хану шинэ залуу комедиан гаргаж ирэх ажлыг дааж авсан, маркетингийг Ганга, сошл медиа хөгжүүлэлт, пэйжээ Мөнхжин хариуцдаг. Би контентоо шинэчлэх, сайжруулахыг хариуцдаг. Амаржин ажил нь их учраас тухай бүрт нь даалгасан зүйлээ хийгээд л явдаг. 

-“UB Comedy”-гийн хэдтэйгээ холбоотой байгаа юу? 

-Тийм ээ. Бид тухайн үед санал бодол зөрөлдөөд хоёр тийшээ болсон, одоо бол нэг зах зээлд өрсөлдөөд явж байгаа өрсөлдөгч найзууд. Энд тэнд таарахдаа мэндийн зөрүүтэй, ажил амьдралаа яриад л явдаг. Манай Батаа бидний нээлт дээр ирж, одоо энэ тайзан дээр байгаа гол микрофоныг бидэнд бэлэглэсэн. 

-“Ub Comedy” хоёр хуваагдсаныг хүмүүс янз янзаар л хүлээж авсан. Мэдээж олон шалтгаан байсан нь лав, тийм үү? 

-Тухайн үед Батаагийн үзэл бодол өөрт нь зөв байсан. Биднийх ч мөн адил. Одоо хоёр талд адилхан шоугаа хийгээд, комеди урлагийг хөгжүүлээд явж байна. Эндээс үзэгчид хамгийн их хожсон болов уу. Хоёр талд өөрсдийн гэсэн клубийн орчин, тохь тух, контентийн чанараараа өрсөлдөж, хүнээ татахын тулд хичээж, өрсөлдөж байна. Комеди хөгжлийн хувьд энэ бол зөв алхам. Хожим хэдэн хөгшин өвгөн тойрч суугаад энэ түүхээ сайхан дурсах биз ээ. 

"Амьдрал" тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу. 

холбоотой мэдээ
1
2020.04.02
Амраг минь, дуугаа дуулаач
2
2020.03.06
Хатагтай нарын урлангийн нууц: Алис Мүнро, Марина Абрамович, Симон дэ Бовуэр
3
2020.02.20
Урлахуй хийгээд бясалгахуй: Б.Санжаа, С.Нямдорж
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо суралцах боломжтой СОНИРХОЛТОЙ 10 онлайн сургалт
2
3 цагийн өмнө
Хөл хорионы үеэр онлайнаар авч болох 8 үнэгүй үйлчилгээ
3
3 цагийн өмнө
Хөл хорионы үед эморлоо даван гарахад туслах 8 "хөөрхөн" зөвлөгөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0