Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

ХАРГИС ҮНЭНИЙ ДУУЧ КИМ КИ ДУК | Tegshee's Movie Corner


Солонгосын найруулагч Ким Ки Дукыг эх оронд нь төдийлөн ойшоож үздэггүй ч сайртаж хагарсан хөлөөрөө жирийн арьсан гутлын арыг дарж өмсөөд Каннын кино наадмын улаан хивсэн дээгүүр хэнэггүй алхаж явсан энэ тагжгар солонгос эр л эх орныхоо нэрийг дэлхийн кино урлагийн тавцанд харамгүй мандуулаад байгаа билээ. Тэрээр Венец, Берлиний кино наадмын дээд шагналыг зэрэг хүртсэн анхны Солонгос найруулагчаар тодроод байна.

Солонгос гэхээр хэрүүл уруул, ахуйн өш хонзонтой олон ангитууд нь бидний толгойд хамгийн түрүүнд бууж, зарим нь ярвайж, заримынх нь харшил хөдөлж ч мэдэхээр болсон энэ үед Солонгос гэх орны кино урлагийн хөшгийг арай лавхан сөхөөд харвал артхаус киноны дэлхийн хэмжээний найруулагч тун даруухан байдлаар аж төрж, бүтээлээ завсаргүй туурвиж яваа дүр зургийг олж үзнэ. Кино зохиолоо цөмийг өөрөө бичиж, хямд зардлаар туйлын хүчтэй, онцгой өнгө аяс бүхий бүтээл туурвиж чаддаг энэ найруулагчийн намтар түүх харин кинонууд шиг нь ярвигтай бус.

Киноны олонх цахим хуудсуудад түүний намтарыг ганц л догол мөрөнд багтаасан байдаг:

1960 онд Өмнөд солонгост төрсөн. 1990-1992 онд Парист зураачаар суралцаж байсан. Эх орондоо эргэж ирээд кино зохиол бичих хоёр тэмцээнд түрүүлсний эцэст 1996 онд “Матар” (Crocodile) нэрт анхны киногоо хийсэн. Түүнээс хойш 2014 оны хүртэл 21 кино бүтээл туурвисан бөгөөд Берлин, Венец, Каннын кино наадмын шагналт Солонгосын арт хаус найруулагч.

Товчхондоо ингээд л гүйцээ. Анхны киногоо хийсэн 36 наснаас өмнөх амьдрал нь тодорхойгүй. Үгүй ядаж 30 настайдаа Парисыг зорих хүртлээ энэ эр юу хийж, хэрхэн амьдардаг байсан тухай хаа ч үгүй. Гэтэл орчин цагийн арт хаус, минималист киноны хамгийн цуутай найруулагчдын нэг тэрбээр өмнөд Солонгосын буйдхан тосгонд төрж, ердөө 10 жилийн боловсрол эзэмшсэн, 30 хүртлээ элдэв үйлдвэрээр хэсүүчлэн ажилладаг хар ажилчин байсан нь саяхны нэгэн ярилцлагаас нь тодорхой болов. Барууны цуутай найруулагчдын намтарт түгээмэл дурьдагддаг өндөр кино боловсрол, үгүй ядаж хар багаасаа кинонд эргэлтгүй татагдаж өдөрт хэд хэдэн кино угсруулан үзэж өөрийгөө боловсруулах боломжит амьдрал, киноны өлгий орнуудын давуу тал болох чанартай сургалт, кино соёл, нүсэр кино театрын аль нь ч Ким Ки Дук гэх энэ тэрсүүд эрд байсангүй. Тэр жилд нэгээс хоёр кино алдаг оног үздэг байснаа дурсан ярьсан байдаг. Түүний хатуу хөтүү, борог буйд амьдралд байсан урлагтай холбоотой цорын ганц орон зай гэвэл ердөө түүний зурах хүсэл, гойд биш ч гологдохооргүй зургийн авьяас байжээ. Энэ л хүсэл нь хар ажилчин залууг Парис руу хөтөлж, тэнд л анх кино хийх хүсэл зүрхэнд нь бадамлажээ. Цөөнгүй кино шүүмжлэгч Ким Ки Дукын дүрслэлийн онцгой хараа, нарийн мэдрэмжийг магтдаг. Түүний зурах төрөлх авьяас, амьдрах гэж гүрдийтлээ зүтгэх учиртай эгэл бор амьдралын нийлэмжээс бидний энэ цаг үед ийм нэг жигтэй, ахуйлаг, харгис, зовлонт, сэтгэцийн, найраглаг, абстракт, зүүд зөнгийн, “дорнын” кинонууд төржээ.

КИМИЙН МУУ ЗАЛУУС

Ким Ки Дукын дунд үеийн бүтээлүүдэд гол төлөв гардаг сюрреалист элемент, дүрслэлүүдийг хальтхан харсан үзэгчид найруулагч нь тун жигтэй, оюунлаг бүтээл туурвигч юм гэсэн сэтгэгдэл төрж болох юм. Харин түүний эхэн үеийн бүтээлүүд тэс өөр түүх хүүрнэнэ. Найруулагчийн анхны кинонд Хан мөрний эрэгт амьдардаг, гүүрнээс үсэрч амиа хорлогчдын цогцосноос хэтэвч, зүүлт сэлтийг нь тонон амь зуудаг “Матар” хочит эрийн бараан амьдрал өрнөдөг. Сайхь киног 1991 онд бүтээгдсэн “Гүүрний дурлалт хос” (The Lovers on the Bridge) нэртэй франц киноноос сэдэвлэн бүтээсэн гэхэд болно. Гэвч Ким Ки Дукын хувилбар ялангуяа ази хүмүүст илүү амьд, илүү бодитой, илүү золгүй, илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.

Анхны киноноос нь жилийн дараа хийгдсэн Зэрлэг амьтад (Wild Animals, 1997) киноныхоо зургийг Парист авчээ. Киноны төвд Парист хараар ажиллахаар ирсэн зураач болох хүсэлтэй шалихгүй хулгайч, биеэ цагаан будгаар будаж олны хөлийн газар хөшөө болон өдөржин зогсож хэдэн төгрөг олдог, харгис нөхөртөө хөлдүү загасаар үе үе зодуулчихдаг франц эмэгтэй, бадриун биетэй ч ов заль муутай солонгос залуу өөрөөр хэлбэл амьдрах гэж ядаж, зүдэрч яваа нийгмийн төлөөлөл болсон дүрүүд. Уг бүтээлээс нь хожим Кимийн өнгө аясыг бүрдүүлэгч гол элементүүд нь цухалзаж эхэлснийг төвөггүй харж болно.

2001 онд бүтээгдсэн Муу залуу (Bad Guy) кинонд ахиад л үл бүтэх залуу, биеэ үнэлэгчид гэхчлэн нийгмийн доод давхарга гол дүр болон гарч ирнэ. Гудамжинд царайлаг бүсгүйд доромжлуулсан үл бүтэх залуу өнөөх бүсгүйн амьдралыг орвонгоор нь эргүүлж янханы газарт зарж дөнгөдөг. Их сургуулийн оюутан, үерхдэг залуутай, сайхан царай зүстэй энгийн сайхан амьдралтай байсан охин гэнэт л янханы газрын биеэ үнэлэгч болох  огт итгэмээргүй гэмээр эргэлтийг найруулагч харин тун гарцаагүй байдлаар хийсэн байдаг. Ерөнхий өрнөл нь жигтэй энэ киноны цаана харин нийгмийн анги хоорондын ялгаа, зүүд зөнгийн сюрреалист чанар, тодорхой нөхцөл байдалд л өрнөх боломжтой жигтэй хайр гэхчлэн давхар шугамууд бий.

Кимийн кинонд гарах амьдралын ёроолд хаягдсан, үл бүтэх залуусын дүрийг гол төлөв Солонгосын жүжигчин Чо Жа-Юн бүтээдэг. Түүнийг Ким Ки Дукын зэвсэг гэх нь ч бий.

Жүжигчин Чо Жа-Юн


Чо Жа-Юн найруулагчтай бараг л нэг үеийнх бөгөөд бага нас нь Сөүлийн ядуу дүүрэгт өнгөрсөн, хийх юмгүй хүү гэрийнхээ ойр орчмоор тэнүүчлэн хэрэг төвөгт орооцолддог байжээ. Чо Жа-Юн зураач болох хүсэлтэй байсан ч элсэлтийн шалгалтанд тэнцээгүйн улмаас арван жилээ төгсөлгүй гэрээсээ оргосон аж. Гэвч Пусанд хар бор ажил хийн ганцаар амь зууж, бие даан ерөнхий боловсролын шалгалт өгч гэрчилгээ авч, улмаар их сургуульд театр, киноны судлалаар элсэж чадсан байдаг. Хомс, бараан амьдралаас өндийн босож нэртэй жүжигчний энд хүрсэн нь Чо жүжигчин, Ким найруулагч хоёрын амжилттай хамтран ажилладаг шалтгаан байж болох юм.

КИМИЙН “…” БҮСГҮЙЧҮҮД

Ким Ки Дукын хувьд жүжигчид нь “Кадр дундуур гүйж яваа нохойноос өөрцгүй”  гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа хэлжээ. Тэр жүжигчдээсээ баримтат киноны зураг авахуулж байгаа юм шиг бодитой жүжиглэхийг, угтаа бол кино зураг авалтын үеэр дүрийнхээ амьдралаар амьдарч өөрийгөө ор тас мартахыг шаарддаг байна.

Түүний кинонд гарах эмэгтэй дүрүүд ганцаардаж шаналсан, дарлагдаж зовсон, сэтгэл санааны гутрал, жигтэй нөхцөл байдалд эзлэгдсэн эгэл бус эмэгтэйчүүд байдаг.

Арал (The Isle, 2000) киноных нь хутга шиг харцтай, цөөвөр чоно шиг ганцаардмал эмэгтэй хайртай хүнээ явуулахгүйн тулд үтрээ лүүгээ загасны дэгээ хийгээд ус руу үсэрчих яахаас буцахгүй ч цөхөрсөн дүр байдаг бол, Эзэнгүй айл (Three Iron, 2000) киноны нөхөртөө зодуулдаг, нөхрөөсөө зугатан танихгүй эртэй эзэнгүй айлаар хоног төөрүүлэн явдаг, уйтгар гуниг нэвт шингэсэн нүдтэй эмэгтэй ч тэр киноны туршид ганц үг хэлдэггүй. Амьсгал (Breath, 2007)киноны нөхөртэй, охинтой, энгийн сайхан амьдралтай гэрийн эзэгтэйн шоронгийн хоригдолд дурладаг жигтэй түүх, Самаратиян охин (Samaritan girl, 2004) киноны биеэ үнэлдэг найзыгаа золгүй байдлаар алдсанаас хойш найзынхаа үйлчлүүлэгчтэй унтаж, тэднээс авсан мөнгийг нь эргүүлэн өгөх болдог өсвөр насны охин гээд Ким Ки Дук найруулагчийн кинонууд “жигтэй” эмэгтэйчүүдээр дүүрэн. Эмэгтэйчүүдийг үргэлж ийм гутаасан өнгө аясаар үзүүлдэг хэмээх шүүмжлэлийн эсрэг Ким Ки Дук “Тухтай амьдрал, өөгүй үнэлэмжийн нүдээр өнгөн хэсгийг нь харвал тэгж бодох нь аргагүй. Гэтэл биеэ үнэлэгч эмэгтэйчүүд үнэндээ амьдрах өөр аргагүй болоод л биеэ үнэлж байдгийг ойлгох нь гутаалт биш” гэж хариулсан байдаг.

НИЙГЭМЧ КИМ

“Үнэндээ миний кино болгон улс төрийн агуулгатай” гэж сурвалжлагчийн асуултанд хариулсан нь түүний үзэгчдийн гайхашралыг багагүй төрүүлжээ. Түүний кинонд хувь хүний мухардал, цөхрөл, ганцаардал голчлон гардаг ч хэний ч тоож шагайдаггүй ядуу өрхийн хаалгыг үзэгчдийн өмнө цэлийтэл нээж, нийгэмд шаарлагдаж гологдсон хүмүүсийн өмнөөс амьдралыг нь хүүрнэдгээрээ түүний кинонууд улс төрийн далд хэв маягтай болдгийг үгүйсгэх аргагүй юм.

Заримдаа тэр нийгмийн аль нэг үзэгдлийг шууд л барьж аваад өөрийн онцгой хэв маягт хувирган кино хийж орхидог.

2006 онд бүтээгдсэн Цаг хугацаа (Time) хэмээх кино нь Солонгосын нийгэмд ихэд дэлгэрээд байгаа гоо сайханы мэс засалд дөрөөлөн хувь хүний давтагдашгүй хувь чанарын тухай сюррелист маягийн эргэцүүлэл, өгүүлэмж гэж болно.

Хаяг тодорхойгүй (Address Unknown, 2001) хэмээх эхэн үеийн бүтээлдээ харин Америк цэргийн баазын ойролцоох буйд тосгоны амьдрал, америк цэргүүдийн солонгос эмэгтэйчүүдэд үйлдсэн хүчирхийлэл, зүй бус харилцаа, Америк цэргээс хүүхэдтэй болоод нутагтаа үлдсэн эмэгтэйн гаслант амьдралыг нэлээд ширүүн, харгис, бодитой байдлаар үзүүлдэг.

ДОРНЫН КИМ

Золгүй бодит байдал, зүүд зөнгийн гэмээр хийсвэрлэл уулзах цэгт Ким Ки Дук найруулагчийн ихэнх кино бүтдэг боловч түүний кинонуудад дорнын шинж чанар ер бусын онцгой өнгө аяс оруулдагт хэн ч маргахгүй.

Зэн буддизмын мөн чанар, яруу найраг мэт үзэсгэлэнт зураглал нүднээ тодрох “Хавар, зун, намар, өвөл…дахиад хавар” (Spring, Summer, Autumn, Winter…and Spring, 2003 )  кинонд нь дорнын өнгө аяс хамгийн тод илэрдэг. Агуулгын хувьд өмнө туурвиж байснаас эрс шинэчлэлт хийсэн түүний сайхь бүтээлийг Ким Ки Дукын оргил бүтээл гэж зарим судлаачид дуу нэгтэй батлах нь бий. Манай үзэгчид ч энэ бүтээлийг нь сайн мэдэх тул олон зүйл нуршин чилээгээд яахав.

Харин бидний төдийлөн сайн мэдэхгүй өөр нэгэн онцлууштай бүтээл нь 2005 онд бүтээгдсэн “Нум” (The Bow) кино юм.

Их далайн дундах загасчны завин дээр нэгэн өвгөн, залуу охин хоёр амьдарна. Өвгөн охиныг 6 настайд нь олж завин дээрээ 15 жил өсгөн өдий болгожээ. Гэхдээ охиныг 16 нас хүрэхэд гэрлэхээр тохиролцсон байдаг. Өвгөн завиараа хүмүүс загасчлуулж, залуу охиноо завинаас унжуулсан савлуур дээр суулган савлах зуур нь арын бурхны хөрөг рүү харваж мэргэлэх зэргээр мөнгө олж амин зуулгаа залгуулдаг. Охиныг 16 нас хүрч гэрлэх өдрийг өвгөн хоног тоолон хүлээж хуримын хувцас сэлт бэлдэн хөгшин зүрх нь хэрэндээ догдолж байтал нэгэн өдөр завин дээр нь загасчлахаар ирсэн оюутан залуугаас болж өвгөн, охин хоёрын аминч, амгалан амьдрал доргиж орхино.

Кинонд эгшиглэх дорнын хөгжим, уур амьсгал сайхь киног тун өвөрмөц болгосныг үзсэн хэн бүхэн анзаарах нь дамжиггүй биз.

МЯТРАШГҮЙ КИМ

Өдгөө 54 нас зооглож буй Ким Ки Дук 21 кино бүтээл туурвиж, дэлхийд нэр мандсан найруулагч болжээ. Гэвч тэрээр бага зардлаар, минималист маягаар туурвидаг өөрийн арга барилаасаа хэзээ ч урваагүй юм. Карьерынхаа түүхэнд ашиг орлого хөөсөн арилжааны кино нэгийг ч бүтээж байсангүй. Гадны уран бүтээлчидтэй ч хамтран ажилласангүй. Зураг авахаар сонгож авсан орчиноороо л үзэгчдэд бодит бус абстракт маягийн уур амьсгалыг мэдрүүлэхээс бус хэзээ ч хиймэл график дүрслэл ашиглаж байсангүй.

2008 онд “Зүүд” киноных нь гол дүрийн жүжигчин эмэгтэй эрсдэлтэй зурагт авалтын үеэр амиа алдах шахсанаас болж цочирдсон найруулагч нэгэн буйдхан байшинд даяаншин амьдарч гурван оныг үджээ. Ким Ки Дук энэ үеийн амьдралаа харуулсан “Ариранг” (Arirang, 2011) хэмээх баримтат бүтээл туурвиж, кино ертөнцдөө шуугиантайхан эргэн ирэв. Сөжү архиндаа халаад Солонгосын Ариранг дууг дуулж суугаа Ким найруулагч амьдралын тухай, кино урлагийн мөн чанарын тухай чимэг хачиргүй, агсамнах, учирлахын завсар ярьж гардаг. Дараа нь уг бичлэгээ үзээд биеэ шоолж буй нь ч уг баримтат бүтээлд гарна.

Үүний дараахан 2012 онд Солонгос киноны үндсэн өгүүлэмж болох өш хонзонгийн архетипийг хурцаар харуулсан “Пиэта” (Pieta) киногоо бүтээсэн нь Венецийн кино наадмын дээд шагнал алтан арсланг түүнд авчирав. “Пиэта”-г Ким Ки Дукийн нийгмийн хүчирхийлэл, муу залуустай киноны оргил гэх нь бий. Харин түүний өнгөрсөн онд бүтээсэн “Мёбиус” (Moebius) киноноос 12 жилийн өмнө бүтээсэн “Муу залуу” киноных нь ёгтлолыг ахин харж болно. Гэхдээ энэ удаа тэр хүний хүсэл тачаалын тухай тусгайлан өгүүлэхийг хичээсэн нь үзэгчид, шүүмжлэгчдээс тийм ч таатай үнэлгээ аваагүй юм. Тийм хэдий ч дэлхий даяар улам бүр газар авч буй Ким Ки Дукын шүтэн бишрэгчид түүний шинэ бүтээлийг тэсэн ядан хүлээж, киноны туршид ган хийж үг дуугарахгүй хэрнээ хүний анхаарлыг дэлгэцээс хором ч үл холдуулах Кимийн баатрууд, түүний энэ ертөнцөд дэлгэн харуулахыг хүссэн орчин цагийн эмгэнэл төгсөөгүй, улам бүр хүчтэй болно гэдэгт итгэсээр.

“Үнэний тухай, мөн чанарын тухай, хүний амьдрал хичнээн үгээгүй өчүүхэний тухай  өгүүлэхэд надад мухар харандаа, ам дөрвөлжин цааснаас илүү юу хэрэгтэй юм” гэсэн суут найрагч Шарль Бодлерийн үгийг Ким Ки Дукийн бүтээлүүд эрхгүй сануулна. Сайн кино хийхэд мөнгө хүрэлцээгүй, сайн зохиол байхгүй, техник, тоног төхөөрөмж дутагдалтай, үзэгчид боловсроогүй зэрэг бидний улиглан тоочдог бүхэн ердөө л шалтаг төдий болохыг Ким Ки Дук хэмээх солонгос эрийн амьдрал, бүтээлүүд бэлхнээ нотолно. ♦

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
12
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.06.27 203.98.76.173

Ingeed bidniig orhiod ywj bolokuuu bzdee oodgui er mini

0 Хариулах


Зочин 2021.06.06 150.129.142.91

Rip kim ki duk❤

0 Хариулах