Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хариулт хайсан Ливанчууд: Бейрутад юу болов?


2013 онд Бейрутын боомтод зүүн Европын нэгэн ачааны хөлөг онгоц ирж зогсжээ. Тус онгоц газар тариалангийн бордоо болон тэсрэх бодисын үйлдвэрлэлд хэрэглэдэг аммонийн нитрат 2750 тонныг ачсан байж. Гүржээс Мозамбекийг зорьж явсан онгоц замдаа санхүүгийн хүндрэл болон эд ангийн доголдол үүсч хүрэх газраа хүрч чадалгүй Ливанд зогссон нь тэр байв. Онгоцны эзэн ахмаддаа Суэцийн сувгаар дайран өнгөрөхөд төлдөг хураамжийг төлж чадахгүй болсон тул Ливанд очиж зогсохыг тушаажээ. “Росус” нэртэй, орос эзэнтэй, Молдавын далбаа бүхий энэ онгоц аяллаа цааш үргэлжлүүлэлгүй 7 жил боомтод зогссоны эцэст Бейрут хотын талыг газрын хөрснөөс арчихын наагуур дэлбэлж, Газар Дундын Тэнгисийн үзэсгэлэнт хотыг уй гашуу, уур хилэнд живүүлж орхилоо. 

2014-2017 оны хооронд Ливаны гаалийн албаныхан шатаж тэсрэх өндөр аюултай энэ их химийн бодисыг яах талаар чиглэл асууж засгийн газартаа дор хаяж 6 удаа хандаж, захидал илгээсэн боловч үүнд нь хэн ч хариу өгөөгүй аж. Аммонийн нитратыг дахин экспортлох эсвэл Ливанийн армид тушаахыг санал болгосон захидлууд ч илгээж байж. Шүүхээс онгоцны ачааг агуулахад шилжүүлэх нэг удаагийн захирамж ирснээс өөр эрх баригчид нэг ч удаа шийдтэй хариу өгөөгүй тухай боомтын ерөнхий менежер Хассан Корайтем хэвлэлд өгүүлжээ. Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахин баримталж, арга хэмжээ авсан бол ийм аймшигт зүйл тохиохгүй байсан гэж хэн бүхэн халаглаж байна. 

Үндэсний хэмжээнд гамшиг, онц байдал авч ирсэн энэ дэлбэрэлт чухам яг юунаас анх үүдсэн болохыг одоогоор тогтоогоогүй байна. 135 хүний аминд хүрч, 4000 гаруй хүн шархдуулж, хотын байшин барилгын талыг сүйтгэсэн энэ дэлбэрэлт газарт 3,3 магнитудын чичиргээ үүсгэж, 150 бээрийн алс дахь Кипрт хүрч мэдрэгдсэн байна.

 Судлаачид дэлбэрэлтийн хүчийг Нагасакийн цөмийн бөмбөгнөөс 10 дахин бага байсан хэмээн тооцоолжээ. Эрэг дагуух амралт, аялал жуулчлалын бүс тэр чигтээ газартай тэгширсэн тухай Нью Йорк Таймс өгүүлж, нураагүй байшин барилга үлдсэн бол цонх хаалгагүй балгад болсон хэмээв.

                                                                                                                гэрэл зураг: The Times of Israel

Ихэнх хотуудад цахилгаан тасарсны улмаас аврах ажиллагааг харуй бүрүйн цагаар явуулж чадахгүй байгаа аж.  Нар ургахтай зэрэгцэн сураггүй болсон хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагаа эхэлж буй юм. Ливаны эрүүл мэндийн сайд эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тухай BBC агентлагт ярьсан бол Бейрут хотын захирагчийн өгүүлснээр 300 мянган хүн орох оронгүй болоод байна. Энд хүнс, хувцас, хоргодох байр, материаллаг тусламж маш их хэрэгтэй байгаа тухай албаныхан хэлж байна. Улс орнууд ч хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд буй. Гамшигт өртөөд буй тус улсад хандив тусламж үзүүлэх хүсэлтэй хэн бүхэнд боломж бий. Монголоос бид НҮБ-ын Хүүхдийн сангийн хандивын хуудсаар дамжуулан хандив өгснөөр Бейрут дахь гамшигт өртсөн хүүхдүүдэд таны тусламж шууд хүрэх боломжтой. 

Ливаны ард иргэд уурсан хилэгнэж, гамшгийн хариуцлагыг холбогдох хүмүүст шуурхай хүлээлгэхийг шаардаж байна. Засгийн газрын кабинетын хуралдааны дараа тус улсын Мэдээлийн сайд Манал Абдел Самад аммонийн нитратыг боомтод хадгалсан явдлыг шалгаж буй бөгөөд, холбогдох хүмүүсийг баривчлана гэж мэдэгдэв. Гэвч ливанчуудын хувьд энэ мэдэгдэл тайвшрал авч ирсэнгүй. Энэхүү дэлбэрэлт бол эрх баригчдын он удаан жилийн хайхрамжгүй байдал, авилгад идэгдсэн тогтолцооны нэгэн тод жишээ бөгөөд ард иргэдийнхээ эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх хүн олон байна. Дэлбэрэлтээс ч өмнө тус улсын эдийн засаг сайнгүй байж, иргэдийн гар дэр бэлэн мөнгө байхгүй, банкууд хадгаламж эзэмшигчид, харилцагчдынхаа мөнгийг хүртэл хязгаартай өгч байсан ба энэ хүнд хэцүү цагт ийм гамшиг тохиосон нь Ливан улс дараагийн хэдэн жилд сэхэж чадах эсэхийг тун бүрхэгдүүллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
11 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
37
1
3
3