Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хаягдалгүй амьдрал гэж юу вэ? (Цуврал №1)


Таны хэдхэн минут ашиглаад хаясан нэг удаагийн аяга, гялгар уут, сав хаашаа очдог, эцсийн цэг нь хаана хүрч дуусдаг тухай бодож байсан уу? Эсвэл, хог хаягдлаа багасгах талаар тунгааж байв уу? Хэрэв тийм бол Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны хүрээнд бэлтгэн хүргэх цуврал нийтлэлийг алгасалгүй уншаарай. Бид Zero Waste буюу хаягдалгүй амьдралд суралцахад тань туслах сонирхолтой, өгөөжтэй нийтлэлүүдийг хүргэх болно.


Хаягдалгүй амьдралын хэв маяг Беа Жонсон хэмээх эмэгтэйгээс эхэлжээ

Тэг хаягдал (Zero waste) гэдэг нь аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл, хогийг газарт булахгүй, шатаахгүй, далайд асгахгүй байхад чиглэгдсэн бүхий л үйл ажиллагааг үүнд хамруулан ойлгож болно. 

Анх АНУ-ын Калифорни мужид амьдардаг Беа Жонсон хэмээх эмэгтэй хаягдалгүй амьдралын хэв маягийг гэр бүлдээ нэвтрүүлж, 2009 оноос Zero Waste Home блогоороо дамжуулан туршлагаа хуваалцаж эхэлсэн нь дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөний эхлэл болжээ. Тэрбээр 2013 онд “Хаягдалгүй гэр бүл: Хог хаягдлыг багасгах замаар амьдралаа хялбарчлах шилдэг гарын авлага” нэртэй номоо хэвлүүлсэн нь 27 хэл рүү орчуулагдаж, олон улсын бестселлер болсон юм. Эдүгээ дэлхий даяар тархан суурьшсан олон сая энгийн иргэнээс эхлээд Unliever, Procter & Gamble, Subaru, Xerox зэрэг томоохон үйлдвэрлэгчид хүртэл байгаль болон хүний биед хоргүй, органик, дахин ашиглах боломжтой материалыг хэрэглээнд нэвтрүүлэхэд анхаарал хандуулах болжээ. 

Хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулдаг

Хог хаягдлын нэг төрөл болох хуванцар ямар сөрөг нөлөөтэйг авч үзье. Хүн төрөлхтөн жилд ойролцоогоор 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргадаг ба тэдгээрийн дийлэнх хувийг хуванцар материалын үлдэгдэл эзэлдэг. Анх 1950 онд өргөн хэрэглээнд нэвтэрснээс хойш хуванцар материалын хэрэглээ хурдтай нэмэгдэж байна. Статистик мэдээллээс үзвэл, сүүлийн 65 жилд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл 200 хувиар нэмэгдэж, 2015 оны байдлаар жилд 381 сая тонн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. 

Хамгийн аюултай нь, хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулдаг бөгөөд хуванцрын бүтцэд орсон "Бисфенол А", хар тугалга гэх мэт хортой бодисууд нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, эдгээр хорт бодис нь үргүйдэл, үр зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн согог, хөх, уушгины хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэйг баталсан байдаг. Түүнчлэн хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй бөгөөд хорт бодисууд нь аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг ажээ. 

Саяхан Австралийн Ньюкасл Их сургууль 50 гаруй судалгааны бүтээлд анализ хийж хүний биед хэр их хэмжээний хуванцар хог хаягдал нэвтэрч байгааг тодорхойлсон байна. Уг судалгааны үр дүнгээс үзэхэд, нэг хүн долоо хоногт дунджаар 2000 ширхэг бичил хуванцар буюу нэг ширхэг пластик карттай тэнцэх хэмжээний хогийг биедээ нэвтрүүлж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс хоол хүнс, ус, амьсгалын замаар дамжуулан сард 20 грамм, жилд 250 грамм хуванцар хог хаягдал "идэж" байна гэсэн үг юм. 

Хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй бөгөөд хорт бодисууд нь аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг.

Түүнчлэн дэлхий нийтийн хэмжээнд түгээмэл ашиглаж буй булах, шатаах, далайд цутгах зэрэг хог боловсруулах арга техник нь хөрс, ус, агаарыг бохирдуулахын зэрэгцээ хүлэмжийн хийг ялгаруулж, хүрээлэн буй орчны экосистемийг мөхөлд хүргэж байна. 

Иймд цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг тэмцэх, эрүүл мэндээ хамгаалахын тулд хийж болох хамгийн үр дүнтэй алхмын нэг бол хаягдалгүй амьдралын хэв маягт шилжих юм. Мөн энэ нь эдийн засгаа хэмнэх, тогтвортой хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг билээ. 

5R буюу хаягдалгүй амьдралыг бий болгох 5 энгийн алхам  

Беа Жонсон “Хаягдалгүй гэр бүл: Хог хаягдлыг багасгах замаар амьдралаа хялбарчлах шилдэг гарын авлага” номондоо хаягдалгүй амьдрал руу шилжих 5R зарчмыг танилцуулжээ. 

  1. Татгалзах (Refuse)

Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юу”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж хэвшээрэй. 

  • Гялгар уут худалдаж авахын оронд даавуун тор хэрэглэх.
  • Өөрийн усны савтай болох 
  • Нэг удаагийн аяга, халбага, сэрээнээс татгалзах  гэх мэт.
  1. Хэмнэх (Reduce)

Хог хаягдал зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж хог хаягдлыг бууруулж чадна. 

  1. Дахин ашиглах (Repair, Repurpose)

Сошиал медиа, телевиз, сонин сэтгүүлээр дүүрэн буй зар сурталчилгаа нь бидний шуналыг хөдөлгөж, чухал шаардлагагүй зүйлсийг худалдан авахыг уриалдаг. Бодоод үз л дээ. Ердийн чанар, эдэлгээтэй хувцсыг хүн дунджаар 50 гаруй удаа өмсөж, нэг жил хадгалдаг бол фаст фэшн хувцсыг ердөө таван удаа өмсөж 35 өдөр л хадгалдаг гэнэ. Та иймэрхүү чанаргүй, хямд хувцсыг худалдан авахаас татгалзсанаар юунаас ч хоцрохгүй, хэнээс ч дутахгүй. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо удаан хэрэглэх, эдэлгээ сайтайг нь сонгож байгаарай. Мөн хэрэглээд дууссан сав, баглаа боодлыг хог руу хаяхаас өмнө өөр зориулалтаар дахин ашиглаж болно. 

  1. Дахин боловсруулах (Recycle)

Хогийг дахин боловсруулах хамгийн эхний шат бол гэрээс гарч буй хогоо ангилж, ялгах юм. Монгол улсад дахин хог хаягдлыг боловсруулах 24 үйлдвэр байдаг бөгөөд хаягдал төмөр, хөнгөн цагаа, гялгар уут, хуванцар сав, цаас, шил зэргийг дахин боловсруулдаг. Мөн Хогоо багасгая фэйсбүүк групп, Царцаа ногоон дахивар хогийг тээвэрлэх үйлчилгээ зэрэг иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болгосон нэгдлүүд ч бий. 

  1. Задалж бордоо болгох (Rot)

Хог хаягдлыг байгалийн аргаар эсвэл химийн бодис ашиглан ялзмаг болгох боломжтой. Тухайлбал, зарим нэг байгууллага, айл өрхүүд чийгийн улааныг үржүүлэн ахуйн хог хаягдлыг бордоо болгож байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
12
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.