Хайх зүйлээ бичнэ үү

“Ковид-19” буюу коронавирусийн халдвар тархаж байгаа энэ үед хүмүүс хэрхэн эрүүл ахуйдаа анхаарч, уг өвчнийг тусахаас сэргийлэх талаар Анагаах ухааны доктор, эрүүл ахуйч их эмч Х.Жамбалмаатай ярилцлаа.

-Коронавирусийн халдвар богино хугацаанд дэлхийн бараг бүх оронд тархлаа. Манай улсад ч хэдэн тохиолдол бүртгэгдлээ. ЭМЯ-наас иргэдийн анхаарал, болгоомж суларч байгааг сануулаад байна. Иймд яагаад анхаарлаа сулруулж болохгүй тухай манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?    

-Энэ бол үнэхээр аюултай вирус, өвчин юм.  Маш олон өвчин байдаг ч яагаад энэ коронавиурст дэлхий даяараа анхаарлаа хандуулж байна вэ? Ковид нь цар тахал гэж зарлагдсан өвчин. Цар тахал гэхээрээ нэг өвчин нэг цаг дор эхлээд цаг хугацаа, орон зайг эзлэн  маш олон улсад тархаж удаан үргэлжилнэ гэсэн үг юм. Гэхдээ нэг цаг дор зогсоно. 

Цөөхөн хүн амтай Монгол Улсад онцгой анхаарах нийгмийн эрүүл мэндийн асуудлууд байдгийг энд хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, жилд 30, 40 мянган осол гарч гурав, дөрвөн мянган хүн гэмтэж байна. Өдөрт дунджаар 10 хүн гэсэн үг шүү дээ. В, С гепатит байна, дэлхийд толгой цохино. Хүн амын арав гаруй хувь нь энэ өвчнөөр өвдөж үүнээс болж элэгний хавдар өвчин дэлхийн дунджаас монгол эрэгтэйчүүдийн хувьд 8 дахин их, эмэгтэйчүүдийн хувьд 16 дахин их тохиолддог гэсэн тоо баримт бий. Нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж, зүрх судасны өвчний дараа ордог. Манай улсад бол энэ өвчин эндемик буюу энэ газар нутагт л голлон мөн “тахал” хэлбэрээр тархдаг гэсэн үг, эпидемик гэхээрээ олон улсад тархаж байгааг нь хэлдэг юм. Үүнтэй харьцуулахад манайд 11 хүн өвчилсөн гэхээр гайгүй юм шиг зарим хүнд санагдаж байгаа байх. Гэхдээ энэ өвчин үүнээс цааш голомтлон тархвал хэдэн мянган хүн  нэг зэрэг өвдөж ч болно. Өвчлөхөөс гадна маш их үхлийн аюултай. Өвчин гарч байгаа улсуудын жишгээс харахад өвчилсөн нийт хүмүүсийн 2 хувь, зарим оронд  түүнээс дээшээ буюу  8-10 хувь нь, жишээлэхэд дөрвөн мянган хүнд 400 гаруй  нь нас барах аюултай байна.

Хүмүүс аливаа зүйлд дасчихдаг болохоор сошиал болон төрийн байгууллагуудаас  хэчнээн анхааруулж, хэлсэн ч биднээс хол юм чинь гээд тоодоггүй.  Европ, Америкийн орнууд ч ийм алдаа гаргаад маш их хохирол амсаж байгаа шүү дээ. Хажууд байгаа хэн нэгэн, гэр бүлийнхэн нь халдвар аваагүй бол өөрөөс нь хол юм шиг санадаг. “Монголын хууль гурав хоног” гэдэг  ёж үгийн  үлгэрээр хөл хорионд ороод гурван сар болоод тайвшрах байдал ажиглагдаж байна. Халдварын аюул алга болоогүй. Манай улс эрт карантин тавьж, Засгийн газраас холбогдох арга хэмжээг яаралтай авсан тулдаа халдвар тусгаарлагдаж аюул харьцангуй гайгүй байна. Мөн манайхан Оросын соёлыг дагаж хөгжсөн учраас эрүүл ахуй, ариун цэврийн хувьд бусад Азийн орнуудтай харьцуулахад илүү байдаг нь халдвар тархахгүй байхад нөлөөлж байгаа байх. Гэлээ ч энэ өвчний аюул алга болоогүй.

-Хөл хорио тогтоох, хичээл сургуулийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг дахин нэг сараар хойшлуулсан. Дэлхий дахинд ч ийм дүр зурагтай байна. Вирусийн гаралтай өвчин дунджаар хэчнээн хугацаанд үргэлжилдэг вэ?

-2002 оны арваннэгдүгээр сард эхэлсэн SARS өвчнийг есөн сар гаруй үргэлжилсэн гэж тооцсон байдаг. Ямар ч тархвар, цар тахлын халдварыг эхэлж тархах, өгсөх, оргил үедээ хүрэх, үргэлжлэх, дуусах гэсэн циклээр нь тооцож, судалгаа хийдэг. Энэ халдвар 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн тул “Сovid-19” гэж нэрлэсэн. SARS-ын жишгээр бол 2020 оны долоодугаар сар хүртэл үргэлжилж болзошгүй.

“Ковид-19” нь илүү хоруу чанартай вирусээр дамжиж байгаа. Эхний хоёр сарын хугацаандаа SARS-aaс гурав дахин хурдан тархаж нас барсан хүний тоогоороо ч хэд дахин илүү байна. Зарим оронд халдварын  үзүүлэлт нь өгсөөд буурч байгаа бол Итали, Америкт огцом өсөж байна. Өвчин гарсан Хятадад дотоодын шинэ халдвар зогсох талдаа байгаа ч хоёр дахь давалгаа гаднаас зөөвөрлөгдөж орж ирэхээс онцгой сэргийлж байгаа. Тэгэхээр дэлхий даяар энэ өвчнөөс бүгд нэг мөсөн салж байж л аюулгүй болно. Өмнө нь тархаж байсан SARS, MERS, EBOLA зэрэг цар тахал нь тухайн  бүс нутагтаа илүү тархаж байсан учраас биднээс хол байсан. Харин коронавирус бол цаг агаарын  бүх нөхцөлд, улирал үл харгалзан  тархах чадвартай байна. Тийм болохоор энэ өвчин хэнийг ч ялгахгүй  бүх дэлхийн хүмүүст нэг  ижил гэдэг сургамжийг өгч байна.

-Халдвар хурдацтай тархаж байгаа үед хүмүүс эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, эрсдэлээс хол байх боломжтой вэ?

-Аливаа нэг халдварт  өвчин авахгүйн тулд хүн гараа л маш сайн угаах хэрэгтэй. Хамгийн энгийн зүйлийг тогтмол хийж  дадах нь юу юунаас илүү чухал байдаг. Дэлхий дахины бүх л улсад яг л ижил гараа сайн угаах тухай л шаардлага тавьж байгааг бид харж байна.

Энэ цаг үеэс хойш амьдарч байгаа бүх хүн дэлхий нийтийг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ийм хямрал, цар тахал зэрэгт нэг биш удаа өртөж болзошгүйг анхаарах цаг болсныг харуулж байна. Иймд энэ удаагийн нөхцөл байдлаас сургамж авч цаашид нийгмийн хөгжлийн хандлага, амьдралын хэв маяг, харилцаа холбоо бүх зүйл өөрчлөгдөж,  улмаар өөрчлөгдсөн дэлхий дахинд улс эх орноо хэрхэн яаж залж авч явах тухайд ч бодолцох хэрэгтэй болж байна. Нийгмийн эрүүл мэндийн хямрал цаашид эдийн засгийн хямрал болж өөрчлөгдөх нь шиг байна.

-Нийгмийн эрүүл мэндийн хямрал гэж юу вэ. Хямралд өртөхгүйн тулд иргэн бүрийн үйлдэл, хариуцлага чухал байх?

-Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нь өвчилсөн хүмүүсийг эдгээх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг бол Нийгмийн эрүүл мэндийн салбар нь эрүүл хүмүүсийг өвчлүүлэхгүй байхад анхаарч ажилладаг чухал салбар юм. Манай улсад Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбарын бүтэц алдагдаад байгаа нь маш харамсалтай. Хүнсний аюулгүй байдал, Орчны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүүхдийн эрүүл ахуй болон халдварт өвчин судлалын асуудлыг хариуцсан бие даасан яамны агентлаг байсан бол өнөөдөр энэ бүтэц Яамныхаа бүтцээс гарч эдгээр асуудлыг зангидах, нэгдсэн мэргэжил аргазүйгээр удирдах, зохицуулах тэр байгууллага дутагдаж байна гэж харж байна.

Бид нар 2000 он гарахад шинэ мянган эхэллээ, онцгой өөрчлөлтүүд болох байх гэсэн хүлээлттэй байсан боловч харьцангуй тайван байсаар 20 жилийг ардаа үджээ. Гэтэл яг одоо  энэ шинэ арванаас эхлээд нөхцөл байдал өөр болж байгааг дэлхий нийтээрээ харж мэдэрч байна. Аливаа аюулын өмнө дэлхий хэврэг байгааг харуулж байна л даа. Кинонд л гардаг аймшигт тахал, зөгнөлт зохиолд гардаг хажуу өрөөндөө байгаа хүнд мэйл бичиж, босоод өөр хоорондоо уулзаж, харилцдаггүй ганцаардсан, айсан хүмүүсийн дүр зураг бодит амьдрал дээр биелэлээ олчихлоо. “Хоёр хүнийг бөөгнөрөл” гэж үзнэ гэдэг чинь хоёр хүн ч хоорондоо уулзаж болохгүй, хорь гучуулаа хурал хийж огт болохгүй, гадагшаа, дотогшоо аялал юу ч байхгүй цаг үе. Ийм цаг үе ирсэнтэй нүүр тулж давж гарахын тулд өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө гараа сайн угааж, гэрээ цэвэрлэхээс эхлээд хүн бүхэн хариуцлагатай байх хэрэгтэй.

-Зарим оронд хүмүүс нь хэнэггүй, тоомжиргүй байснаар өвчин хурдан тархах шиг боллоо. Манайд ч гэсэн амны хаалт зүүхгүй явж байгаа хүмүүс мэр сэр харагдаж байна. Амны хаалтын ач холбогдлыг тайлбарлаач?  

-Америк, Герман зэрэг улсад  амны хаалт бүгдэд нь угаасаа хүрэлцэхгүй учир маск  зүүхийг зөвлөхгүй - байгаа гэж бичээд байна. Гэтэл манайхан олдохгүй бол өөрсдөө оёод л зүүж байгаа нь үнэхээр сайн. Амны хаалт нь маш чухал хоёроос гурван ач холбогдолтой.

Нэг талаас өвчтэй хүн халдварыг бусдад  түгээхээс хамгаална. Нөгөө талаас эрүүл хүн агаар дуслын замаар элдэв халдвар авахаас сэргийлж байна. N95 зэрэг сайн маск бол вирусыг шүүх чадвартай. Харин нэг удаагийн болон даавуун амны хаалт нь вирус, нян зэрэг бохир орчинд хүрсэн гараараа өөрийнхөө хамар, амандаа хүрэхгүй байхаас хамгаалж байгаа буюу ахуйн замаар халдвар тархахаас сэргийлж байгаа юм. Гэвч барууны орнуудад  амны хаалт зүүсэн хүнийг гадуурхах, муухай харах, зодох тохиолдол гарч байгаа нь вирус асар хурдтай тархах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд гадаадад байгаа монголчууд маань маск зүүх хэрэгтэй шүү.

-Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, хүмүүс олноороо агаар салхинд гарч байна. Энэ эрсдэлтэй юу?

-Хүн бүхэн агаарт гарахыг бодолгүй яахав. Гэхдээ бие биенээсээ зайтай гарах хэрэгтэй. Дээр дурдсан амны хаалт зүүх, гараа сайн угаах, бие биенээсээ даруй хоёр метрийн зайтай байх зэрэг зөвлөмжөө дагаж мөрдөх нь зүйтэй. Мөн дулаарч байгаа энэ цаг үед ариутгал, халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Яагаад гэвэл хөрсний бохирдол цасанд дарагдчихсан байгаад дулаарахаар ил гарч ус, агаар, орчныг огцом бохирдууулдаг.

Ер нь Ковид ч гэлтгүй элдэв халдварт өвчин авахгүйн тулд ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж гэр орон, байгууллага, орчны  цэвэрлэгээг сайн хийх шаардлагатай. Ариун цэвэр гэдэг маань хоёр үгээс бүрдэж байгааг ойлгох ёстой юм. Цэвэрхэн байх нь нүдэнд харагдах бохирдол байхгүй гэсэн үг бол ариун байна гэдэг нь нүдэнд үл харагдах бохирдолгүй байна гэсэн үг. Хангалттай  ариун цэвэр сахиж байгаа, эсэхийг мэдэхийн тулд  ариун цэврийн  тодорхой шалгуураад байдаг. Жишээлбэл, гэрийн шаахайны ул нь цэвэрхэн байгаа тохиолдолд шал цэвэрхэн байна гэсэн үг. Гэрийн хамгийн их зай талбайг эзэлж, хамгийн их бохирддог хэсэг  нь шал. Хүн гэртээ оронгуутаа гутлаа тайлаад гэрийн шаахайгаа өмсөх нь наад захын зүйл. Энэ нь гаднын бохирдлыг гэртээ оруулахгүйн тулд авч байгаа арга хэмжээ.  

Өөр нэг шалгуур нь шалны алчуур цэвэрхэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, шалны алчуур, нүүр гарны алчуурны өнгө ижилхэн цэвэрхэн байна гэсэн үг. Шалны алчуур өнгөгүй, тас хар  юм байвал сайтар угааж, ариутгаагүйн илрэл. Эдгээр нь энгийн боловч эрүүл ахуйн хувьд маш нарийн зүйлс. Мөн гарын болон гал тогооны алчууруудаа угааж, ариутгах нь чухал. Угаана гэдэг нь савандаад тос, хир буртгийг нь арилгаж байгаа бол харин ариутгана гэдэг нь алчууранд байх элдэв өвчин үүсгэгч нян, вирусыг устгахын тулд белизна, холораминтай усанд хийж буцалгасны дараа хэрэглэхийг хэлнэ. Ингэснээр алчуур цэвэрхэн бөгөөд ариун болно. Гараа сайн угаасан бол хумсны завсарт хир байхгүй, гар арчсан алчуур халтартах ёсгүй гэх мэт шалгуурууд байх жишээтэй. Гараа угааж, арчсаны дараа гар хуурай байх хэрэгтэй. Хэрвээ гар чийгтэй байвал нян үржих магадлалтай. Байгууллагад агаараас болон гадаргуугаас арчдас авахад тухайн өвчин үүсгэгч нян вирус илрэхгүй байх ёстой гээд халдвар хамгааллын нарийн шаардлагууд байгаа.

-Алчуураа усанд буцалгаж ариутгах боломжгүй газрууд бий шүү дээ. Ийм тохиолдолд яаж ариутгах вэ?

-Алчуур цэвэрхэн ч ариутгаагүй бол алчуур хүрсэн газар бүрт вирус, нян тарж байна гэсэн үг. Оффис, албан газрууд зэрэг алчуураа буцалгаж, ариутгах боломжгүй бол ариутгалын бодистой халуун усанд тодорхой хугацаанд байлгасны дараа хэрэглэхийг зөвлөе.  

-Хоёр хүнийг бөөгнөрөл гэж ДЭМБ-аас үзэж байна. Гэвч манай улсад нэг гэр бүл дор хаяж хоёр болон түүнээс дээш ам бүлтэй байгаа шүү дээ. Хэрвээ хэн нэгэн маань өвдвөл яах вэ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авбал зохилтой бол?

-Ерөнхийдөө онцын шаардлагагүй бол гадагш гаралгүй, гэрээсээ ажиллах нь тохиромжтой. Хэрвээ хэн нэгэнд маань ханиад томууны шинж тэмдэг илэрвэл гэрийн нөхцөлдөө ч тусгаарлах арга хэмжээг авах нь зүйтэй. Өвчтэй хүнийг гэр бүлийн зөвхөн нэг хүн нь асарч, ахмад настай болон жирэмсэн, бага насны хүүхдүүд нь хол байх шаардлагатай. Ихэнх ханиад томуутай хүмүүс хөнгөн хэлбэрээр өвдөх  тул заавал  эмнэлгийн тусламж, вирусын эсрэг эм хэрэглэх шаардлагагүй байдаг. Хэрэв танд  ханиадны шинж тэмдэг илэрвэл гэртээ үлдэж, эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд гаднын хүмүүстэй уулзахаас зайлсхийх хэрэгтэй. Сандарч айх шаардлагагүй, ханиад нь хатгаа буюу уушгины үрэвсэл болоогүй тохиолдолд ихэнхдээ амархан эдгэрдэг гэдгийг санах нь зүйтэй.

Гэртээ цэвэрлэгээг тогтмол хийж, чанарлаг хоол хүнс хэрэглэн дархлаагаа дэмжихийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Мөн сүүлийн үед 18-35 насны залуучууд нэлээд өвдөж байна. Тэд нар нэгдүгээрт, амны хаалт зүүхгүй байна. Хоёрдугаарт, үл ойшоосон хэнэггүй хандлагаас болж байгаа болов уу. Вирус бол вирус. Бүгдэд халдана. 

Хятадад хийсэн тархвар судлалын нэг судалгаагаар коронавирусийн халдвартай нэг хүн автобусны араасаа хоёр дахь эгнээнд суусан байгаа юм. Энэ хүнээс тухайн автобусанд зорчсон найман хүнд халдварласан бөгөөд нэг хүн нь 4-5 метрийн зайнд хол суусан байж. Ойролцоо сууж байсан хоёр хүн нь огт өвдөөгүй буюу шинж тэмдэггүй мөртлөө халдвар авсан байх жишээний. Ингээд тухайн хүмүүс автобуснаас буугаад 30 минутын дотор л дараагийн хүнд халдвар тарааж эхэлсэн байна. Ер нь бол халдвартай нэг хүн дунджаар 30 хүнд тараах эрсдэлтэй гэж үздэг.

-Манайд коронавирусийн халдвартай анхны тохиолдлоор бүртгэгдсэн хүн олон газраар явсан байсан шүү дээ. Нэг, хоёрдугаар хавьтлын хүмүүсээс шинжилгээ авахад халдвар аваагүй байсан. Энэ аз уу?

-Тэр хүний халдвар тараах цаг үе нь бүрдээгүй байж болох юм. Тархвар судлалд нууц үеийн хугацаа гэж байдаг л даа. Өөрөө өвдсөн ч халдвар тараах цаг нь болоогүй байж болзошгүй. Мөн онгоцонд агаар шүүдэг учраас хамт зорчсон хүмүүст халдварлаагүй байх гэж таамаглаж байна. Түүнээс гадна франц иргэн Монголд ирэх үед манайхан аль хэдийн амны хаалт зүүж, гараа угаах дадлыг хэвшүүлчихсэн болохоор халдвар тараагүй байж болох л юм. Таамаглаж байгаа юм шүү. Гэхдээ 14 хоногийн дараанаас өвдөж эхлэх магадлалтай болохоор одооноос эхэлж байж ч болно. Энэ өвчин намжих болоогүй. Маш бодитой, аюултай өвчин. Цар тахлын үеийн арга хэмжээ өөр өөр байдаг. Ямар арга хэмжээг хэзээ, хаана авах нь чухал. Өвчин үүсгэгчийг устгахад чиглэсэн арга хэмжээ, халдвар тараах замыг таслан зогсоох арга хэмжээ, өвчин туссан хүнийг олон нийтээс тусгаарлах, эмчлэх гэх мэтээр ялгагдана. Бид нар коронавирусээс айхаас илүү сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Коронавирусийн хэтийн төлөвийн талаар эрдэмтэн судлаачид олон таамаглал дэвшүүлж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирээдүйд коронавирус хүний бие организмд дасаж болзошгүй. Энгийн нэг тархдаг өвчний нэг болж ч болно. Ер нь цаашид бид нар ийм төрлийн цар тахал, нян вирусийн онцгой өвчин эмгэг эрсдэлтэй үед амьдрах нь байна шүү гэсэн цочроог өгч байгаа болов уу. Тэгэхээр бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Хөл хорионы энэ цаг үеийг ашиглаад хүмүүс эрүүл ахуйн сайн дадлыг хэвшүүлэхээс гадна өмнө нь цаг нартай уралдаж, ажлаас өөрийг боддоггүй байсан үедээ дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Дэлхий хүн төрөлхтөнд мессеж өгч байгаа ч юм билүү. Нэг хүн зөвхөн хажуудах хүндээ биш дэлхийн бүх хүнд нөлөөлдөг гэдгээ энэ удаагийн явдлаас ойлгосон байх. Бидний үр удам цаашид нэгэнтэйгээ уулздаггүй, гар барьдаггүй, хамт бүжиглэдэггүй нийгэмд амьдрахыг үгүйсгэмгүй болчихлоо. Энэ янзаараа дараагийн 10, 20 жилд юу тохиохыг бид мэдэхгүй.

Эрүүл саруул, урт удаан, сайхан амьдрахын тулд бид эх дэлхийдээ хэрхэн энэрэнгүй хандаж, цаашид  юу болж болзошгүйг эргэцүүлэн сургамж авч, өөрөөр амьдрах цаг болсныг ойлгуулж байна. Б.Бадарууган агсны дуулсан Г.Мэнд-Ооёо гуайн шүлэг “Дэлхий ээж тандаа хайртай болохоор Дэлхий ээж та мөнх настай”гээд гоё дуу байдаг шүү дээ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.03.28 172.69.252.151

Антиводка гэдэг хятдад үйлдвэрлэж монгол руу оруулж их хэмжээгээр зардаг байсан хятад архийг шинжлэн үзээд хилээр оруулахыг хориглох шийдвэр гаргуулж чадсан хүн бол Х. Жамбалмаа доктор юм шүү дээ. Ер нь хятдаас архи оруулах хориг ингэж эхэлсэн юм.

0 Хариулах


Зочин 2020.03.28 162.158.119.34

Анагаах ухааны доктор, эрүүл ахуйч их эмч Х.Жамбалмаадаа их баярлаж явдаг шүү. Энэ ташрамд өмнөх нийгмийн үед хийж байсан ажлаа эргэн санав: -Өмнөх нийгмийн үед Одоогийн "Махимэкс" ХК-ийн Хөлдөөгч том агуулахад хадгалж байгаа улсын нөөцийн хөлдүү гулууз мах, цөцгийн тос, өөхөн тосны хадгалалтын үеийн хадгалалтын арга, эрүүл ахуй-орчин нөхцөл байдлыг шалгаж хянахад бид цагаан нөмрөгтэй орж ихэд даардаг байлаа. Х.Жамбалмаа эрүүл ахуйч эмчээс зөвлөмж аваад лабораторийн шинжилгээнд хамруулан, бүтээгдэхүүний чанар, стандартын үзүүлэлтүүдийг тогтоолгож дүгнэлт гаргуулдаг байв. -Жич, Дугуй булант ногоон цайны дээжид цацраг идэвхт ба нян хөгц мөөгөнцөрийн шинжилгээ хийлгэхэд "юу ч илрээгүй". Гурил, будаанд шавж, авгалдай байгаа эсэхэд хорио цээрийн, бас цавуулаг, химийн бодис, пестицидийн үлдэгдэл байгаа эсэхэд, лаазалсан махан нөөшид агааргүйтэн, хүнд элемент байгаа эсэхэд лабораторийн шинжилгээг тэр үед хийлгэхдээ Үйлдвэр худалдааны яамнаас баталсан "Барааны тоо хэмжээ нь НУУЦЫН Зэрэглэлтэй журам, график"-ийг мөрддөг. -Энэ үндсэн дээр уг нөөцийн тухайн бүтээгдэхүүнийг шинэчилж нөхөн бүрдүүлэх журамдаа нэмэлт хасалт оруулдаг, тэр үеийн Яам, Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулдаг байв. Өмнөх нийгмийн үед ч, одоогийн нийгмийн үед ч эрүүл ахуй, ариун цэвэр гээд л амжилттай ажиллаж яваа Эмч Танд баяр хүргэж амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

0 Хариулах