Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ХОББИ | Шидтэний ертөнцийн "цуглуулагч" К.Ану


Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. UB LIFE сайт та бүхэндээ нэгэн шинэ, тун сонирхолтой буланг хүргэхээр бэлдсэн нь энэ юм. Долоо хоног бүр шинэ содон, өвөрмөц цуглуулга, хоббитой хүмүүсийг та бүхэндээ танилцуулахаар бэлдээд байна. Ийнхүү энэ удаагийн нийтлэлдээ "Харри Поттер" зохиолын үнэнч шүтэн бишрэгч, Шидтэний ертөнцийн цуглуулагч К.Ануг танилцуулж байна.


Костягийн Ану (26 настай)

Монгол-Хятад судлаач мэргэжилтэй. "Potterheads of Mongolia" группийг үүсгэн байгуулагч. 

Хобби: Шидтэний ертөнцтэй холбоотой зүйлсийг цуглуулдаг.

-Анх Шидтэний ертөнцийг сонирхох болсон түүхээ хуваалцаач?

Нэгдүгээр ангид сурдаг байхдаа “UBS” суваг дээр Харри Поттерын эхний ангийг үзэж байсан. Хүүхэд байсан болохоор тэр үедээ нэг их ач холбогдол өгөлгүй мартчихсан байсан л даа. Тэгж байтал 2006 онд дөрөвдүгээр анги нь “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн. Тэнд үзсэн цагаас хойш би өөрийгөө “Potterhead” мөн юм байна гэдгийг ойлгож, амьдрал минь тэр чигтээ өөрчлөгдсөн. 

Тайлбар: (Potterhead - Поттер толгойтон. Энэ нь Харри Поттерын ном, кино, ертөнцөд үнэхээр их хайртай хүнийг илэрхийлдэг үг)

-Хэзээнээс эхэлж цуглуулсан бэ? Цуглуулгын эхлэлээ хэрхэн тавьж байв?

Дөрөвдүгээр анги нь кино театрт гарсан байсан тул хүмүүс мэддэг болчихсон байсан. Тийм болохоор би ээжийгээ дагуулан Нарантуул зах руу ороод бараг бүх лангуугаар явж, Харри Поттертой холбоотой бүх л зүйлсийг цуглуулж байсан. Ихэнх нь шугам, өнгийн харандаа, тодруулагч, үзэг зэрэг хичээлийн хэрэгсэл байсан л даа. Тэр болгоноо аваад хичээлдээ очиход манай ангийн хүүхдүүд “Чиний дотуур хувцас чинь бараг Харри Поттертой юм биш үү” гэж шоолж байсан. Үнэндээ долоо хоног өмсөх долоон өөр өнгийн “Харри Поттер”-ын зурагтай дотуур хувцастай байсан л даа.   

Киног нь үзсэний дараа номыг нь уншмаар санагдаад эхэлсэн ч тэр үед ном нь жаахан үнэтэй байсан. Би мөнгөө сайн цуглуулж байгаад 25 мянган төгрөгөөр “Харри Поттер”-ын зургаадугаар бүлгийн номыг авч байсан. Анхнаасаа миний сонирхлыг ээж минь үнэхээр их ойлгож, түүндээ дурлан цуглуулах эхлэлийг тавьж байсан болохоор үнэхээр их талархдаг. Хүүхдийнхээ сонирхлыг ойлгож, дэмжинэ гэдэг үнэхээр гайхалтай шүү дээ. Би орос, англи, монгол, хятад хэлээр номыг нь цуглуулж байгаа.

“Эцэг эхчүүд хүүхдээ эд материалаар дутуу өсгөж болох ч, хайраар дутуу өсгөж болохгүй.”

-Цуглуулгаасаа хамгийн содон түүхтэй олдсон эд зүйлсийг онцолбол?

Миний одоо өмссөн байгаа Хогвартсын жанч, хоёрдугаар номын зурмал хувилбар. Учир нь манай группийн хүүхдүүд миний төрсөн өдрөөр үүнийг бэлэглэж байсан. Тэр үнэхээр гайхалтай мөч байсан шүү. Би бараг 30 минут уйлсан байх аа. Мөн дурсгал болгон өгсөн номон дээрээ ирсэн бүх хүүхдүүд гарын үсгээ зурсан нь маш дурсгалтай. Үнэхээр төсөөлөөгүй байсан болохоор догдолж, гайхширсан.

-Хамгийн үнэтэй цуглуулга тань аль вэ?

- Бэлгэнд авсан ном минь худалдаанд 90-100 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг байх шүү. Мөн Англид сурдаг сайн найзын маань явуулсан Харри Поттерын цуглуулганууд надад их үнэ цэнтэй санагддаг. Өөрөө Харри Поттерт дургүй, Нарутод л хамгийн дуртай гээд ярьдаг, огт сонирхдоггүй байсан ч надад зориулж тэр холоос тор дүүрэн гоё бэлэг авчирсанд нь би маш их баярласан. Гадаадаас ирэхдээ гэр бүлийн гишүүдээсээ гадна өөр хүнд зориулж бэлэг сэлт авчирна гэдэг чинь үнэхээр их сэтгэл шүү дээ.

Ер нь би “Харри Поттер” гэдэг бичгийг хүртэл их хайрладаг. Наадаг зургийн цуглуулгадаа би их хайртай. Миний мөрөөдөл Харри Поттерын зургуудыг хайчлан, цуглуулж бүр олон гоё юмтай болж байгаад ямар нэгэн сэтгүүл, хэвлэлийн газар ярилцлага өгөх байсан. Одоо ч гэсэн биелээд явж байна.

-“Potterheads of Mongolia” группээ танилцуулаач?

Миний цуглуулгаас хамгийн үнэ цэнтэй нь гэж хэлж болох өөр нэгэн зүйл бол манай фэйсбүүк групп. Анх нээхдээ одоогийн хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлж байгаагүй. Хүмүүс ер нь багаасаа л сонирхол сонирхлоороо бие биетэйгээ дотносдог шүү дээ. Тухайн үед надад бусадтай ижил сонирхол байгаагүй болохоор цөөхөн найзтай байсан юм. Тийм болохоор надтай ижил сонирхол, хоббитой хүмүүстэй нөхөрлөхийн тулд энэ группээ нээсэн гэж хэлж болно. Нээхдээ 100 хүн байвал их юм гэж бодож байсан ч бага багаар нэмэгдсээр байгаад нэг мэдэхэд маш том болсон байсан. 

Одоо гишүүдийн тоо тун удахгүй 8,000 хүрэх нь. Бид хүмүүс нэмж авсныхаа дараа яг Хогвартс шиг 4 тэнхим рүү хуваарилдаг байгаа. Дотроо их нөхөрсөг, дулаан уур амьсгалтайгаас гадна янз бүрийн сонирхолтой эвент, тэмцээн уралдаан ч их зохиогддог. Өнгөрсөн ням гарагт буюу 6 сарын 21-нд бид групп үүсгэн байгуулагдсан өдрөө тэмдэглэсэн. 

-"Харри Поттер" таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

- Хамгийн түрүүнд гадаад хэл минь их сайжирсан. Би хятад, орос, англи хэлтэй л дээ. Илүү сайн сурахад ном их тус болсон. Мөн ижил сонирхолтой олон найз нөхөдтэй болсон гээд бүх талаараа л надад эерэг нөлөө үзүүлсэн. Өөрийн сонирхолдоо үнэнч байна гэдэг ямар их таашаал өгдөг билээ дээ. Миний амьдрал ид шидийн ертөнцөөс холдож салах аргагүй болсон доо.

-Хэрвээ Хогвартс сургуульд очвол хамгийн түрүүнд юу хийх бэ?

-"Шаардлагатай өрөө" буюу "Room of requirement"-д орохыг л их хүсдэг дээ.

-Ямар дүртэй нь илүү дотносож найзлах байсан бэ?

-Одоогоор миний хамгийн дуртай дүр бол Рон. Номыг нь уншихад Харригийн дүр ер нь л жаахан хэцүү шүү дээ. Түүний тэр муухай ааш, тогтворгүй байдлыг тэвчин хамт байдаг, наргианч зангаа гээдэггүй байдал, түүний гэр бүлийн гишүүд, тэдний байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг, бие биенээ гэсэн сэтгэл зэрэг чанар нь надад үнэхээр их таалагддаг.

-Одоо таны хамгийн их хүлээж байгаа зүйл юу вэ?

-Би ажил ихтэй байдаг учир группийн үйл ажиллагаандаа их оролцохоо больсон. Удахгүй манай группийн гишүүд подкасттай болох төлөвлөгөөтэй байгаагаа надад танилцуулсан. Түүнийг их хүлээж байна даа. Мөн “Гайхамшигт амьтад”-ын гуравдугаар анги гарахыг хүлээж байна. Бас Ж.К.Роулингтай уулзах өдрийг хамгийн ихээр хүлээж байна даа. Ирээдүйд цуглуулгаа байрлуулах булан бий болохыг ч мөн хүсэж байгаа. 

-Энэ бүх хүсэл нь тун удахгүй биелнэ гэдэгт итгэлтэй байна! Баярлалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
15
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.