Таны хэдхэн минут ашиглаад хаясан нэг удаагийн аяга, гялгар уут, сав хаашаа очдог, эцсийн цэг нь хаана хүрч дуусдаг тухай бодож байсан уу? Эсвэл, хог хаягдлаа багасгах талаар тунгааж байв уу? Хэрэв тийм бол Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны хүрээнд бэлтгэн хүргэх цуврал нийтлэлийг алгасалгүй уншаарай. Энэ удаа хогоо ангилахын ач холбогдлын талаар хүргэж байна.
Хүмүүс өөрт хэрэггүй бүхнийг хог хаягдал гэж үздэг байсан цаг саяхан. Тэгвэл орчин үед хогийг дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн ашиг тус хүртэж, эх дэлхийгээ хамгаалах боломжийг эрэлхийлдэг болсон.
Орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 0.376 кг (зуны улиралд), жилд 137 орчим кг хог хаягдал гаргадаг гэсэн тооцоо гарчээ. Эдгээр хаягдлыг зүгээр л ганцхан хогийн сав руу хийгээд, дүүрэнгүүт нь хогийн цэг рүү ачуулчихаж болно. Гэвч яагаад тэгж болохгүй вэ, бид яагаад хогоо ангилах ёстой гэж?
1. Байгаль орчныг бохирдуулахаас сэргийлнэ
Энэтхэгийн Ассам мужийн нэгэн сургууль сургалтын төлбөрийн оронд пластик хог хаягдал авч эхэлжээ.
Улаанбаатар хотын нэг жилийн хог хаягдлын хэмжээ 1.1 сая тоннд (2017 оны байдлаар) хүрсэн бөгөөд тэдгээрийн ердөө 50 хувь нь хогийн цэг рүү ачигдаж үлдсэн нь ус, агаар, хөрсөнд шингэж, хүрээлэн буй орчныг бохируулж байна. Хэрэв айл өрх, албан байгууллагууд хог хаягдлыг ангилж хэвшвэл цаас, шил, мод, яс, хуванцар зэргийг дахин боловсруулах, дахин ашиглах боломж бүрдэх юм.
2. Эрүүл мэндээ хамгаалах чухал алхам
Хуванцар бүтээгдэхүүнийг дотор нь 7 ангилдаг бөгөөд тус бүрийг нь өөр өөр технологиор дахин боловсруулдаг. Тиймээс хогоо ангилахдаа хуванцар бүтээгдэхүүнийг нийтэд нэг ангилалд оруулж болохгүй байх нь
Ил задгай хаясан хог хаягдал нь гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, бөөм, татран тарах эх үүсвэр болдог. Мөн хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулдаг бөгөөд хуванцрын бүтцэд орсон "Бисфенол А", хар тугалга гэх мэт хортой бодисууд нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, эдгээр хорт бодис нь үргүйдэл, үр зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн согог, хөх, уушгины хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэйг баталсан байдаг. Түүнчлэн хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй бөгөөд хорт бодисууд нь аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг.
3. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулна
Монгол Улсад түгээмэл ашиглаж буй хог хаягдлыг булах, шатаах арга нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд тийм ч ээлтэй технологи биш юм. Жишээ нь, химийн хорт бодис агуулсан ганцхан ширхэг хуруу зай нэг метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулахаас гадна бохирдсон хөрснөөс ургасан ургамлаар дамжин хүн, амьтны эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Тиймээс ийм төрлийн хог хаягдлыг тусад нь ангилж, зориулалтын газар хүргэх нь чухал. (Жич: Та хэрэглэсэн зайгаа Засгийн газрын ордны зүүн талд байрлах City Tower-ын 12 давхарт байрлах Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооны 1204 тоотод тушаах боломжтой)
4. Нөөц баялгийг хэмнэнэ
Испанийн нийслэл Мадрид хотод байдаг Beach Garbage нэртэй зочид буудлын хана, эд хогшил зэргийг хог хаягдлаар бүтээжээ.
Хүмүүс аливаа нөөц баялаг хязгаартай гэдгийг мэддэг ч өдөр тутмын амьдралдаа үүнийг төдийлөн ухамсарладаггүй. Хувцас хуучирвал шинийг авчихна, хоол ихэдвэл асгачихна гэх мэт хэрэглэгчийн сэтгэхүйгээр ханддаг. Гэтэл ганцхан ширхэг жинсэн өмдийг зайлж, бэлэн болгоход 7000 литр ус зарцуулдаг тухай та сонсож байсан уу? Энэ нь нэг хүний 5-6 жил уух ус юм. Хэрэв бид хуучин хувцсаа ангилж, хэрэгтэй газарт нь хандивлаж эсвэл дахин боловсруулж чадвал тэр хэмжээний эрчим хүч, ус, энергийг хэмнэнэ гэсэн үг юм.
5. Хог хаягдлыг бүтээгдэхүүн болгох боломжтой
Цаас, шил, мод, яс, хуванцар зэргийг хүмүүс хог гэж хардаг ч дахин боловсруулагчдын хувьд энэ нь түүхий эд юм. Өмнө нь бид Булган аймгийн Хишиг-Өндөр суманд амьдарч, хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Г.Нарантуяатай ярилцаж байсан билээ. Тэрбээр хуванцар дахин боловсруулах бага оврын машин бүтээж, шөлний нэг удаагийн саваар сандал хийж байгаа юм. Иргэд хогоо ангилж, түүхий эд болох хуванцрыг үйлдвэрлэл эрхлэгчдэд цэвэрхэн очих нөхцөлөөр хангаж чадвал энэ мэтчилэн хог хаягдлыг төрөл бүрийн бүтээгдэхүүн болгох боломжтой.
6. Ахиц дэвшил гаргах хөшүүрэг болно
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 24 аж ахуйн нэгж хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч ангилсан хогийг системтэйгээр ачих үйлчилгээ бүх нийтэд хараахан нэвтрээгүй байна. Хэрэв хог хаягдлаа ангилдаг иргэдийн тоо нэмэгдвэл үйлчилгээний байгууллагууд, үйлдвэрлэгчид сав, баглаа боодолдоо анхаарч, дахин боловсруулсан түүхий эд ашиглах хөшүүрэг болно. Мөн шийдвэр гаргагчид хогны менежментийг сайжруулахад түлхэц болох нь гарцаагүй. Хэрэв та хог хаягдлаа багасгаж, ангилан ялгахаар зорьж байгаа бол “Хогоо багасгая”, “Zero waste community of Mongolia” зэрэг группуудэд нэгдээрэй.
7. Хүн бүрт ашигтай
Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг “The Green Vic” паб ажилчид, бүтээгдэхүүний түүхий эд, хог хаягдал гээд бүхнийг эх дэлхийд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой байхаар шийдсэн нь ижил төрлийн бизнес эрхэлдэг хүмүүст үлгэр жишээ болж байна.
Хог хаягдлыг ангилж, дахин боловсруулах нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд ч ашигтай байдаг. Учир нь, шинээр материал үйлдвэрлэх, худалдаж авахаас илүү дахин боловсруулсан бүтээгдэхүүн ашиглах нь өртөг хямд, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм. Тухайлбал, Үлэмж Органик бүтээгдэхүүнийхээ шилийг ЭНЭ цэгүүдэд хүлээн авдаг.
8. Хог хаягдал зөвхөн таны асуудал биш, дэлхий нийтэд тулгамдсан аюул
Хог хаягдал хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй дэлхийн цаг уурын өөрчлөлтөд ч нөлөөлж байна. Хэрэв хүмүүс өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбарын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл 49 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс ангилан ялгаж, дахин боловсруулахын оронд шинэ хувцас худалдан авсаар байвал төдий хэмжээний нүүрстөрөгч агаарт ялгарч, дэлхийн дулааралд нөлөөлнө гэсэн үг.
Хогоо хэрхэн ангилах вэ?
Хэрэв одооноос хог хаягдлаа ангилж эхлэх гэж байгаа бол дараах байдлаар хувааж болох юм. Жишээ нь,
Ногооны хаягдал
Хоолны хаягдал
Хуванцар (Хуванцар бүтээгдэхүүнийг дотор нь 7 ангилдаг бөгөөд тус бүрийг нь өөр өөр технологиор дахин боловсруулдаг. Тиймээс хогоо ангилахдаа хуванцар бүтээгдэхүүнийг нийтэд нэг ангилалд оруулж болохгүйг санаарай)
Цаас
Шил
Лааз
Хувцас
Аюултай хог хаягдал (хуруу зай, аккумулятор, тормозны шингэн, накладка гэх мэт)
Тэгвэл дахивар хогийг хаана тушаах вэ?
"Эко Бин'' ХХК хог хаягдлыг төлбөртэй хүлээн авагч RVM машин бүтээжээ. Иргэд уусан ундааны саваа уг автомат машинд хийгээд автобусны картаа цэнэглэх боломжтой аж. Одоогоор хэрэглээнд хараахан нэвтрээгүй байгаа юм.
Дээр дурдсанчлан манай улсад ангилсан хогийг ачих нэгдсэн үйлчилгээ одоогоор байдаггүй тул дуудлагаар дахивар хог тээвэрлэдэг үйлчилгээ авах эсвэл хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдэд хүргэж өгч болно.
- Иргэдийн сайн дурын санаачилгаар үүссэн Царцаа ногоон дуудлагын үйлчилгээ таны ангилсан хогийг 5000 төгрөгөөр гэрээс тань очиж аваад, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэж өгдөг.
- ЭНД дарж дахин боловсруулах хог хаягдал худалдан авах 30 цэгийн байршлыг мэдэж аваарай.
- Мөн ЭНД дарж хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдийн хаяг, утасны дугаарыг олж аваарай.