UBLife Logo
Миллениал

Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг тэргүүлэгч Жошуа Вонгийн тухай 8 баримт

Б.Саруул
Б.Саруул
Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг тэргүүлэгч Жошуа Вонгийн тухай 8 баримт

Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг манлайлж буй залуусын төлөөлөл болох Жошуа Вонг, Агнес Чоу нарыг баривчилсан тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэднийг хууль бус жагсаал зохион байгуулсан, уриалсан, оролцсон гэх үндэслэлээр баривчилжээ. 

Хонконгчууд гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн өнгөрсөн зургаадугаар сарын 9-өөс эхлэн тэмцэж байгаа юм. Хонконгийн хууль тогтоох байгууллага уг хуулийн төслийг буцаан татсан боловч хонконгчуудын тэмцэл намжих төлөвгүй байна. Тэд иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг хараат бус шүүхээр шүүлгэх, гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн зогсоох, Бээжингээс томилсон Хонконгийн захирагч Кэрри Ламыг огцруулах, ардчилсан шинэчлэл хийх гэсэн шаардлагуудын тавьж байгаа аж. 

Энэхүү тэмцлийг 20 гаруй насны залуучууд манлайлж, жагсагчдын дийлэнхийг миллениалууд бүрдүүлж буй болохыг Хонконгийн дөрвөн их сургуулийн хамтран хийсэн судалгаанаас харж болно. Түүнчлэн оюутан байхдаа буюу 2014 онд “Шүхэртэй хувьсгал” хэмээх томоохон тэмцлийг тэргүүлж байсан 22 настай Жошуа Вонг, 22 настай Агнес Чоу, 26 настай Натан Лоу нар энэ удаагийн тэмцэлд ч тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. 

Жошуа Вонг бол 2014 онд “Шүхэртэй хувьсгал”-ыг тэргүүлж байсан оюутнуудын нэг. Тухайн үед тэрбээр дөнгөж 18 настай байв. Эдүгээ дэлхий нийт түүнийг Хонконгийн ардчиллын төлөө тууштай тэмцэгч, залуу удирдагч хэмээн харж байгаа юм. Бид түүнтэй холбоотой баримтыг уншигчдад хүргэж байна. 

Хонконгод өрнөж буй үйл явдал хийгээд түүхэн сурвалжийн талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл "Иллюстрэйшн: Хонконгийн түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 25 түүхэн үе" нийтлэлийг уншаарай. 


1. Жошуа христийн шашинтай гэр бүлд төрж, өсчээ. Эцэг Рожер Вонг нь IT-ийн салбарын мэргэжилтэй бөгөөд хүүгээ багаас нь нийгмийн амьдралтай танилцуулж, амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай хүмүүсийн гэрт очихдоо түүнийг дагуулж явдаг байсан аж. 

2. Тэрбээр 14 настай сурагч байхдаа хэсэг нөхдийн хамт "Сколаризм" хөдөлгөөнийг бий болгож, хичээлийн хөтөлбөрт Хятадын коммунизмын шинжтэй “тархи угаах” мэдээлэл байсныг эсэргүүцэн жагсаал хийж байжээ. 

3. Жошуа нэгэн ярилцлагадаа "Би 13 настай байхдаа ядуу нэг амьдралтай айлд очиж байснаа санадаг юм. Бид шашны номлол, сургаал айлдаж, тэдний төлөө залбираад буцсан. Нэг жилийн дараа дахиад тэр айлдаа очлоо. Тэгэхэд л би ганц залбирах нь хангалтгүй, өөрчлөлт авчирахгүй юм байна гэдгийг ойлгосон. Өөрчлөлт хийхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй гэдгийг ухаарсан" хэмээн ярьжээ. Ийнхүү тэрбээр итгэгчээс тэмцэгч болох сонголтыг хийсэн байна. 

4. 2014 онд Хятадын хууль тогтоох байгууллага Хонконгод нээлттэй сонгууль явуулахыг журамласан ба эх газрын Хятадад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л улс төрийн томоохон албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн тусгажээ. Үүний улмаас “Шүхэртэй хувьсгал” хэмээх томоохон тэмцэл өрнөжээ. Жошуагийн тэргүүлсэн  "Сколаризм" хөдөлгөөн Хонконгийн сонгуулийн системд шинэчлэл хийхээр төлөвлөгөө боловсруулж, эрх баригчидтай хэлэлцээр хийхээр тэмцэж байжээ. Тэрбээр “Шүхэртэй хувьсгал”-ийн нүүр царай болж, дэлхийд танигдсан залуухан тэмцэгч юм. Тухайн үед Жошуа дөнгөж 18 настай байв. 

5. “Шүхэртэй хувьсгал”-ийн үеэр түүний гүйцэтгэсэн үүрэг, тэмцлээс нь улбаалж Time сэтгүүл Жошуаг 2014 оны хамгийн нөлөө бүхий өсвөр үеийнхний жагсаалтад багтааж, Оны онцлох хүний номинацид нэр дэвшүүлжээ. 2015 онд Fortune сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн алдартай лидер хэмээн нэрлэж байсан бол 2017 онд Жошуаг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлж байсан юм. 

6. "Сколаризм" хөдөлгөөнийг татан буулгасны дараа буюу 2016 онд тэрбээр "Демосисто" улс төрийн намыг үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж эхэлжээ. Жошуа болон түүний нөхөд ойрын арван жилийн дотор Хонконгод бүх нийтийн санал хураалт явуулж, 2047 онд “нэг улс, хоёр систем” загвар дууссаны дараа ямар замыг сонгохоо шийдэх эрхийг иргэдэд олгох зорилгоор уг намыг үүсгэн байгуулжээ. 

7. Netflix 2017 онд түүний амьдралын түүхийг харуулсан Joshua: Teenager vs. Superpower баримтат киног гаргажээ. 

8. Тэмцлийнхээ улмаас тэрбээр хэд хэдэн удаа хоригдож байсан юм. Тухайлбал, 2017 оны наймдугаар сард Жошуа Вонг, Агнес Чоу, Натан Лоу нарыг хууль бус жагсаал зохион байгуулсан, уриалсан гэх үндэслэлээр буруутгаж 6-8 сарын хорих ялаар шийтгэж байв. Мөн 2018 оны нэгдүгээр сард Жошуаг 2014 оны "Шүхэрт хувьсгал"-ын тэмцлээс үүдэн дахин 3 сарын хорих ялаар шийтгэж байжээ. Мөн БНХАУ руу нэвтрэхийг хориглож, Малайз руу нэвтрүүлэхээс түдгэлзүүлж, Тайландад очих үеэр нь түр саатуулан хорьж байсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
0
27
1
0
2
13
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.