Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Humans of [Д]Улаанбаатар: Хотын хамгийн "дулаан" хүмүүсийн 5 төлөөлөл (№3)


Шинэ жилийн баярын хамгийн гоё нь юу гээч? 

Өнгө өнгийн чимэглэлтэй гацуур мод, албан байгууллага хамт олны ар араасаа дараалсан үдшийн цэнгүүн, хайртай хүмүүстээ өгөхөөр тэсэн ядан хүлээдэг нандин бэлгүүд мэдээж гоё байлгүй л яах вэ. Гэхдээ жилийн хамгийн завгүй хэрнээ догдлол дүүрэн сард гудамжаар өнгөрөх хүмүүсийн яаруу алхаа, тэдний нүүрэнд тодрох бяцхан баярын мишээл  энэ баярын утга учир болсон, хамгийн гоё мөч шүү дээ. Хажуугаар зөрөн өнгөрч буй хүн бүхнээс мэдрэгддэг баярын тэр дулаахан, догдлол дүүрэн илчинд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотыг “[Д]Улаанбаатар” болгох ид шид нуугдаж байдаг юм шиг санагддаг юм. "Ulaanbaatar Passport"-ийн хамт олонтой цуг бэлтгэн хүргэдэг Улаанбаатарын хамгийн дулаахан хүмүүсийн түүхийг хүүрнэх шинэхэн нийтлэлийг хүлээн авна уу.

Нийтлэлийг: Э.Бөртгөлжин

Гэрэл зургийг: Suniko.b

Б. Жамъяндорж  (20 настай)

Монголын анхны “Parkour” спортын тамирчдын нэг /ШУТИС-ийн 3-р курсийн оюутан 

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Миний өдөр тутмын амьдрал их сургууль, бэлтгэлийн заалны хооронд л өрнөдөг дөө. 7 жилийн өмнө “District B13” хэмээх Францын action киног үзэж “Parkour” спортын талаар анх олж мэдэж, цаашлаад хичээллэж эхэлсэн түүхтэй. Хөндлөнгийн хүмүүсийн нүдээр бэртэж гэмтэх магадлал өндөртэй, эрсдэлтэй спорт шиг харагддаг ч эрсдэлийг давж гарах нь миний хамгийн гол зорилго шүү дээ. Өвөлдөө Монголд цорын ганц байдаг гимнастикийн зааланд, харин зундаа байшингийн дээвэр, зүлэг ногоо гээд аль болох Улаанбаатар хотын хамгийн гоё газруудад хөгжмөө тултал нь чангалж байгаад л бэлтгэлээ хийдэг. Эрх чөлөө бол энэ спортоос надад өгдөг хамгийн том таашаал. Юунд ч баригдалгүй, өөрийн биеэ хүссэнээрээ ашиглаж байгаагаа мэдрэх нь, биеийн аль хэсгээ хөдөлгөх вэ, агаар дээр ямар поз авах вэ, хэд эргэх үү, хэд мушгих уу гээд бүх зүйлсийг дотроо тооцоолох тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэхийн аргагүй. 

Би сүүлийн үед “Parkour”-аас гадна “Capoeira” хэмээх Бразилын боолуудаас гаралтай тулааны урлагаар давхар хичээллэж байгаа. Хальтхан харахад бүжиглээд ч байгаа юм шиг харагддаг нөхөрсөг тулааны урлаг л даа. Агаар дээрх эргэлтүүд, акробатын хөдөлгөөнүүдээрээ энэ хоёр спорт хоорондоо тун төстэй.

 -Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Яг үнэндээ бол Улаанбаатар тийм ч дулаахан, сайхан мэдрэмж төрүүлдэг газар биш л дээ. Гэхдээ хүмүүс өөрсдийнхөө хүсэж байгаа тэр дулаахан хотыг бий болгохын төлөө яг л "Grinch" кинон дээр гардаг хүмүүс шиг хичээх хэрэгтэй байх. Хотын хамгийн сайхан санагддаг хэсэг нь Фантамын ойр орчим. Зуны дулаахан орой тэр хавиар бэлтгэлээ хийх, хөгжим сонсоод алхах үед хамгийн дулаахан мэдрэмж төрдөг юм байна.

-Шинэ жилтэй холбоотой хамгийн онцгой дурсамж?

Хэдэн жилийн өмнөх шинэ жилээр гэрийнхэн маань он гарахаас хорьхон минутын өмнө талбай орохоор шийдээд шууд л гэрээсээ гүйгээд гарч байсан түүх их хөөрхөн. Гэрийнхэн бүгдээрээ гар гараасаа хөтөлчихсөн чадахаараа хурдан гүйгээд л, ээж хүртэл он гарахаас өмнө талбай дээр амжаад оччих гээд тэрүүхэндээ амьсгаадчихсан гүйж явсан тэр дүр зураг ерөөсөө мартагддаггүй юм. Жирийн үед ээжийгээ тэгээд сандарчихсан гүйж явахыг хэзээ ч харахгүй шүү дээ. 

Б. Сарантуяа ( 26 настай)

“The Nomadic Soul” компанийн үүсгэн байгуулагч/ UB Passport эзэмшигч

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Яг одоогийн байдлаар би Зүүн Өмнөд Ази, Кавказын орнуудаар аялах оны сүүлчийн үүргэвчтэй аяллынхаа төлөвлөгөөг боловсруулаад сууж байна. Аялалд тэр тусмаа үүргэвчтай аялалд татагдсан түүх маань 4 жилийн өмнө Индонезийн Бали арал дээр аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байх үеэс эхлэлтэй. Сургуулиа төгсөөд Монголдоо эргэн ирсний дараа миний толгойд хэрхэн цаашдаа улам илүү олон орноор аялах вэ гэсэн бодол л эргэлддэг байлаа. 2016 онд хямд зардлаар олон газраар аялах боломж байдаг юм байна гэдгийг мэдэж авсныхаа дараа яг над шиг аялах хүсэлтэй байгаа үеийн залуучуудтайгаа хамтдаа аялбал ямар вэ гэсэн бодлоос л миний одоо эрхэлж байгаа бизнесийн санаа урган гарсан. Түүнээс хойш сүүлийн 3 жил тасралтгүй үүргэвчтэй аялал зохион байгуулж байна. Миний ажлын хамгийн жаргалтай хэсгүүд нь очиж байгаа газрууд, хамтдаа аялж байгаа хүмүүс маань. Ихэвчлэн 18-35 насны залуучууд манай аялалд хамрагддаг. Бие биенээ огт мэдэхгүй хүмүүс дунджаар 14 хоногийн турш дөрвөөс зургаан улсаар аялах хугацаанд маш олон төрлийн зүйлс тохиолдох нь ойлгомжтой. Адал явдалтай зүйлс ч, хэцүү ч зүйлс ч зөндөө тохионо. Гэхдээ энэ бүхний дараа хамт аялсан хүмүүс маань нэг нэгэнтэйгээ хэзээний сайн найзууд болцгоочихсон, надад чин сэтгэлээсээ “баярлалаа”  гэж хэлэх үед л хийж буй ажлаасаа би хамгийн ихээр урам зориг авдаг. 

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Манай гэр. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд би сардаа дунджаар 14 хоног аялсан байдаг. Зарим үед бүр нэг хоёр сараар ч аялсан түүх бий.  Урт аяллын дараа гэр шиг сайхан газар хорвоогийн хаана ч байхгүй юм шиг санагддаг шүү. Бас “M Space” Co-Working Space их дулаахан мэдрэмж төрүүлдэг. Тэнд хамт ажиллаж байгаа нэг үеийн, хүсэл эрмэлзэл ижил залуусын уур амьсгал, нээлттэй байдлаас их эрч хүч авдаг даа. 

 -Шинэ жилтэй холбоотой хамгийн онцгой дурсамж?

2012 онд төрсөн жаахан дүү, хамгийн дотнын хоёр үеэлтэйгээ цугтаа Төв талбай дээр шинэ оноо угтаж байсан тэр дурсамж хамгийн нандин санагддаг. 

Д. Дагиймаа (45 настай)

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл харилцаа, менежментийн сургуулийн захирал, доктор, профессор 

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Дөнгөж их сургуулиа төгсөөд л туршилтын багшаар сургуульдаа үлдсэнээс хойш 25 жилийн турш тасралтгүй сэтгүүлзүйн чиглэлээр багшилсан байна. Эргээд харахад амьдралынхаа талаас илүү хугацааг багшилж өнгөрүүлжээ. Багшийн ажлыг оюутнуудын өмнө яриад л болчихдог их хялбархан ажил гэж харах хүмүүс бий. Гэтэл тэр ярих зүйлийг бэлдэхэд өчнөөн их цаг хугацаа шаардагддаг, дээрээс нь олон хүний өмнө тасралтгүй ярих чинь өөрөө их энерги зарцуулдаг ажил шүү дээ. Гэхдээ манай үеийнхний онцлог ч юм уу, би хийж буй ажилдаа хэзээ ч түүртэж, ялархаж үзээгүй. Гэртээ аяга угааж, хоол хийхээс илүүтэй багшийн ажлаасаа, оюутнууддаа хичээл заах тэр мэдрэмжээс л амьдралынхаа таашаалыг авдаг учраас мэргэжилдээ үнэхээр хайртай. Намар бүр шинэхэн хүүхдүүдтэй танилцах, төгссөн шавь нарынхаа амжилтаар бахархах гээд зөвхөн багш хүний л мэдэрч болох тэр нандин зүйлсээс урам зориг авч, илүү ихээр хөглөгддөг. Сэтгүүлчийн мэргэжил өөрөө их үнэ цэнтэй, нийгэмд нөлөөлж чадахуйц хариуцлагатай ажил. Гэвч сэтгүүлзүйн үнэлэмж одоогийн нийгэмд тэр чигтээ унасан байна. Энэ цаг үед багш хүний үүднээс ирээдүйн сэтгүүлчдийг илүү ёс зүйтэй, хүн чанартай байгаасай гэж хүссэндээ “soft skill”-үүд дээр нь анхаарч ажиллахыг зорьж байна даа.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Би хотод орж ирснээсээ хойш одоог хүртэл их сургуулийн гудамжинд бүх насаа өнгөрүүлж байгаа хүн. Энэ жижигхэн тойргоосоо хэзээ ч гарч үзээгүй. Тийм ч болохоор МУИС-ийн нэгдүгээр байрнаас хоёрдугаар байр хүртэлх зам, замын хажуугийн модод надад хачин дотно, дулаахан мэдрэмж төрүүлдэг. Намрын навч хагдарч унаад л, бороо орчихсон бүүдгэр өдөр яг энэ гудамжаар алхаж явсан хориод жилийн өмнөх дурсамж саяхных юм шиг л тодхон санаанд бууж байна шүү. 

 -Шинэ жилтэй холбоотой хамгийн онцгой дурсамж?

18 настайдаа хөдөөнөөс хотод орж ирсний дараах анхны шинэ жилийн дурсамж их онцгой. Улаанбаатар хот надад тэр үед яг л гацуур модны гэрэл шиг нүд гялбам газар мэт санагдаж байсансан. 

А.Аварзэд (29 настай)

“Cielo food n bar”-ийн бартендер

 

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Бартендерын мэргэжил бол цэвэр харилцааны урлаг. Дэлхийн бүх ажил мэргэжлийг робот хийдэг болсон тэр цагт зөвхөн бартендер л үлдэнэ гэдэг шог яриа хүртэл байдаг шүү дээ. Харилцааг юу ч орлуулж чадахгүй гэх утгаар л энэ үгийг хэлсэн байх. Найман жилийн өмнө анх үйлчилгээний байгууллагад зөөгч хийдэг байх үедээ бартендерын ажлыг сонирхож, түүнээс хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллахдаа өөр зүйл сонирхох нь битгий хэл өдөр ирэх тусам мэргэжилдээ дурлаж, хайртай болсоор байна. Зарим хүмүүс ажлынхаа стрессийг өөр газар очиж тайлдаг бол би харин ч эсрэгээрээ ажлаа хийж байх үедээ амьдралынхаа стресс, бухимдлыг тайлчихдаг онцлогтой. Дуртай зүйлээ өдөр бүхэн хийдэг учраас ямар ч асуудлыг хөнгөхөн даваад гардаг. Ажлаа ажил гэж харахаас илүү миний биеийн нэг хэсэг гэж төсөөлөх дуртай. Бид нар өөрийнхөө гарыг зөвхөн юм авах л зориулалттай хэрэгсэл биш, миний биеийн нэг эд эрхтэн гэж хардагтай ижил би өөрийнхөө мэргэжлийг ч биеийнхээ нэг том хэсэг нь гэж боддог. Мэргэжил маань миний гэр бүлийн дараа орохуйц үнэ цэнэтэй, чухал зүйл. 

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Би хөдөөний хүүхэд л дээ. Намайг бага байхад бид захын хорооллоос Нэгдүгээр хороолол руу нүүж байсан юм. Тухайн үеийн гэр хорооллын хүүхдэд шил шилээ дарсан орон сууцны барилгууд, тэр хавийн залуучуудын хэрэглээ, хотын соёл, хоорондоо ярьж буй яриа нь хүртэл өмнө нь амьдарч байсан газраас ондоо санагдаж, тэс өөр ертөнцөд хүрээд ирчихсэн юм шиг л мэдрэмж төрүүлсэн. Тийм ч болохоор Нэгдүгээр хороолол одоог хүртэл миний хувьд энэ хотын хамгийн дурсамжтай, сайхан газар шиг санагддаг. 

 -Шинэ жилтэй холбоотой хамгийн онцгой дурсамж?

Арван жилд байхад хичээлийнхээ дүнгээр таван хошуу цуглуулаад сургуулиасаа шагнал авдаг байсан тэр дурсамж шинэ жилтэй холбоотой хамгийн нандин дурсамж юм уу даа. 

Б.Болорцэцэг (23 настай)

"Shoppy.mn" онлайн худалдааны байгууллагын Харилцагчийн менежер

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Өнөө өглөө манай ажлынхан бөөнөөрөө хуралдаж суух үедээ намайг анх ажилд орсныхоо дараа ямар их уйлдаг байсан талаар инээлдээд л ярьж байлаа. Тухайн үед онлайн дэлгүүрийн талаар хүмүүсийн мэдлэг муу, манай компани дөнгөж л салбартаа бүх зүйлийг шинээр нэвтрүүлж байсан учраас алдаа гаргах үе зөндөө, ойлгохгүй зүйлс ч маш их байсан. Байсхийгээд л нэг зүйл буруу хийгээд, захирлынхаа өөдөөс хараад уйлаад суучихна. Захирал маань харин тэр болгонд намайг зэмлэхийн оронд  урам өгдөг байсан нь одоо бодоход хамгийн сайхан санагддаг. 

Үйл ажиллагаа нь нэгэнт тогтчихсон газруудад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хийх зүйлс, үүрэг хариуцлага нь ч тодорхой байдаг бол бидний хувьд хүмүүсээс нэг алхам заавал түрүүлж, тэдний огт олж хараагүй зүйлсийг хамгийн эхэнд санаачилж хийдгээрээ онцлогтой. Старт-Ап компанид асуудал гээч зүйл алхам тутамд гарч ирдэг, тэр асуудал болгон цоо шинэ байдаг. Нэг талаараа надаас өөр хэнд ч тулгарч байгаагүй цоо шинэ зүйл учраас зөвлөгөө авах хүн байхгүй хэцүү санагдах үе байдаг ч, ард нь даваад гарсны дараа нэг тийм сэтгэл дүүрэн, өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг шүү. 

 -Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Их дэлгүүрийн урд хэсэг байх. Оюутан ахуй цагийн хамгийн гоё дурсамжуудтай холбоотой учраас. 

 -Шинэ жилтэй холбоотой хамгийн онцгой дурсамж?

Оюутан байх үедээ нэг шөнийн клубд цагийн ажил хийдэг байлаа. Яг он солигдох үед ажиллахаар болж таараад шөнийн клубд он гаргаж байсан түүхтэй. Өмнө нь жил болгон Дарханд төрсөн гэртээ шинэ жилээ тэмдэглэдэг байсан надад ганцхан удаа гэрийнхнээсээ хол он гаргасан тэр дурсамж их сонин, онцгой санагддаг юм. 

Дулаан бүхэн ЭНД

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.