Хайх зүйлээ бичнэ үү

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бөх цоллооч, засуул Х.Пүрэвтэй ярилцлаа.

-Таны амьдрал хэрхэн бөхтэй холбогдсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?  

-Миний удам угсаа тэр аяараа спортын улсууд. Удам дамжсан бөхчүүд бий. Миний аавын төрсөн ах нь “Гандангийн улаан хүзүүт” хочтой Дэлэг арслан гэж эрэмбэ дээгүүр лам хүн байлаа. Бид нар Дагваалаа гэж авгайлдаг. Насан өөд болтлоо бидэнтэй ойр байсан даа. Миний төрсөн дүү бол Долгорсүрэн зааны эхнэр Х.Пүрэвбадам шүү дээ. Одоо хар л даа, ардын төрийн наадмыг чимж, түмэн олныг баясгасан, төр улсдаа зүтгэж яваа Д.Сумъяабазар, Д.Давгадорж, Д.Сэржбүдээ гээд л байна. Би эхээс наймуулаа, дөрвөн хүү, дөрвөн охин. Айлын ууган хүү нь би юм. Манай аав ээж бидэнд “Хүнд худал хэлүүзээ, хулгай бүү хийгээрэй. Малыг нь ойртуулаад өгөхөд хүн баярладаг юм шүү. Тустай явбал  түмэн хүрээлдэг юм шүү. Ядрах үе хүнд байдаг юм, хулгай хийснээс гуйж явсан нь үнэнд ойр” гэж захиж, хүмүүжүүлсэн. Бидний найман хүүхэд төрсөн тэр ам бол гайхалтай. Хоёр гавьяат төрсөн. Миний дүү ШУТИС-ийн КТМС-ийн тэнхимийн эрхлэгч Х.Пүрэвдагва бид хоёр юм. Төрсөн нутаг минь уул ус сайхантай, ургамал, амьтан элбэгтэй. Би нутагтаа үргэлж очиж, уул усандаа залбирч, аав ээжийгээ дурсдаг даа. Баян буурал хангай минь биднийг ачлал, ивээлдээ багтааж, төр түмэндээ хоёргүй сэтгэлээр сайхан зүтгэж явсны хүчинд өнөр өтгөн, сайн сайхан амьдарч явна. Манай аав хурдан морь уядаг, сайхан барилддаг хүн байсан.
Дагваалаа 1933 онд заан цол хүртээд дараа онд нь түрүүлж, 1936 онд шөвгийн дөрөвт үлдсэн. Тэр жил Гандангийн гурван лам, нэг хар хүн шөвгийн дөрөвт үлдсэн гэдэг. “Хумбан хар” гэж Дорнодын Балсан арсланг ах амалж авахад маршал Чойбалсан маш эвгүй харсан гэж ярьдаг юм. Ах өвдөг шороодсон нь учиртай юм билээ.  

-Ямар учиртай байсан юм бол. Х.Чойбалсангаас айсан юм болов уу?

-Мөнгөнморьтын Чимэд арслан, манай Дагваалаа, Дорноговийн Намжилваанчиг гурав лам, үлдсэн ганц хар хүн нь Балсан гуай байж. Ах “Ганц хар хүндээ өгөхөөс өөр аргагүй юм байна гэж бодоод өгсөн дөө” гэж ярьсан. Их ухаантай. Маршалыг 1952 оны өвөл нас барахад Дагваалаа аав бид хоёрыг Архангайгаас дагуулаад хотод ирж, салах ёс гүйцэтгэж байсан юм шүү дээ. Лам нарын их хэлмэгдүүлэлтийн үед Маршал амийг нь хэлтрүүлж байж. Хэлмэгдүүлэлтийн жил шилэн фордтой улсууд ах дээр ирж, ихэд дайлж цайлсан гэнэ лээ. Барилдах улс ирлээ гэж бодтол таныг баривчлах гэж ирлээ гэсэн байгаа юм. Ах “Би төрийн наадамд түрүүлсэн улсын арслан хүн. Намайг барь гэсэн Маршалын гарын үсэг хаана байна” гэтэл Маршалын гарын үсэгтэй бичиг үзүүлж. Тэгэхээр нь “За та нар наад бичгээ үлдээчих, би Маршалтай өөрийн биеэр уулзаад араас чинь очъё. Би худлаа ярьдаг хүн биш” гэхэд нөгөө улс нь бичгээ үлдээгээд явжээ. Ах хоногийн дотор 4 морьтой 360 км давхиад Их тэнгэрийн аманд иртэл хүлээж авах хүн байсангүй гэнэ. Болоогүй Маршалтай золгох гэж богцондоо нэг баранзад хадагтай. Тэнд нэг гэр байхаар нь хоночихоод хажуугийн горхинд нь очиж, толгой цээжээ сайхан угаагаад буцаад иртэл түмпэн мах, данх цай байхаар нь бүгдийг идээд нэг мэдсэн таг унтчихаж. Гэтэл хүн орж ирээд “Өнөөдөр Маршал таныг авахгүй юм байна” гэж хэлэхээр нь “Ер нь авна гэх юм уу, хүүхээ” гэтэл “Авна авна” гэхэд сэтгэл нь жаахан уужирсан гэнэ лээ. Тэгээд гурав хоногийн дараа дуудахад нь дээл хувцсаа сольж өмсөөд үүдэнд нь орой болтол сууж байж сая нэг оржээ. Ортол Маршал нүүр өөд харахгүй, хар цагаан дуугүй доошоо хараад суугаад байж. Тэгэхээр нь Дагваалаа “За ерөөсөө үнэн юм байна. Чамтай бодио хөтлөлцөнө өө, нэг үхэхээс хоёр үхэх биш” гэж бодсон гэдэг. Тийм зоригтой. Маршал удаж удаж царай нь их баргар өөдөө хараад “Сайн явж ирэв үү?” гэж. Тэгэхэд нь ядаж мэндийн зөрөөтэй л юм байна гэж бодоод хадгаа бариад золгосон байна. “Таныг зорьж явна. Та намайг барь гээ юү, яагаад лам нарыг тараав” гэж ах асуужээ. Маршал “Намайг барь гэсэн гэж хэн хэлэв” гэж сөргүүлэн асуухад нь “Таны гарын үсэгтэй бичиг энэ байна” гэж. Маршалын царай барсхийгээд үүднээсээ ногоон хувцастай хүн дуудаж ирүүлээд мөнөөх бичгийг чанга дуугаар уншуулсан байгаа юм. Тэгээд уншиж дуусахад нь “Би та нарт бүх ламыг барь гээ юү” хэмээн уурлаж гэнэ. Нөгөө улсууд нь гарч яваад түмпэн мах, шил архи, данх сайхан цай оруулж ирж. Дагваалаа “Амьд мэнд уулзсаных, энэ архийг олон таслаад яадаг юм, аяганд ганцхан хийгээд уучих уу” гэж. Маршал ч “Тэгье” гээд хоёр аяганд тэнцүү хуваагаад ах 2, Маршал 3 амьсгаагаар залгилсан гэдэг.

Дагваалааг буцаад ирэхэд жигтэйхэн гоё ширдэг, ортой гэрт оруулсан байгаа юм. Маргааш нь Маршалтай хотоор зугаалж, Гандангаар хүртэл орж, орой нь Бум хурандаа, Баяр дарга нартай ч уулзаж, хүлээн авалтад орсон юм шиг билээ. Хотод бараг 7 хоног болоод буцахад Маршал “Энэхүү Дэлэг арслан болоод лам бөхчүүдийг баривчилж болохгүй” гэсэн гарын үсэгтэй бичиг хийж өгсөн нь надад уламжлагдан ирсэн шүү. Балсан арсланд түрүүгээ өгсөн нь их зөв юм болсон. “Мөн ч хэцүү цагийг сайн давсан даа. Маршалын хүчээр амь гарсан” гэж ярьдаг юм.

-Та хар багаасаа хурдан морь унаж, хожим аймгийн алдарч уяач болсон хүн. Аавынхаа морь уях ухаан, авьяас чадварыг өвлөж авч шүү дээ?  

-Би Архангай аймгийн Өлзийт сумын унаган хүү. Зургаан наснаасаа эхлээд 16 хүртлээ хурдан морь унасан. 16 настайдаа сумын наадамд айргийн тавд орж байлаа. Манай нутгийн Өндөр Шагдар гэж хүн байв. Хөөрхий минь насан өөд болсны нь хойхно хурдан хүрэн азаргыг нь дүү нь уясан юм. Бага шиг хүүхэд унахаар амыг нь дийлэхгүй айл амьтан руу хадуурчихдаг болохоор дүү нь унуулах хүүхэд олдохгүй азаргныхаа дэл, сүүлийг боочихсон “Уралдуулчихмаар байдаг. Одоо яана даа, хүү минь” гэчихсэн явахаар нь би тэр чигтээ гутлаа тайлаад л, ээжийнхээ оёж өгсөн цагаан цамцыг өмсөөд, улаан алчуур толгойдоо боочихсон уналаа. “Хөгшин цэрэг” айлын гадна хурдалж яваад л айрагдсан. Наадмын хурдан морины уралдаан нүгэлтэй дэгтэй, маш сайхан сахилга баттай, хатуу шүү дээ. Морьд эргээд эхний хорин хэдэн км сайхан давхиж явсан юмаа. Хашир хүүхэд эхний 10-д морио багтаачихсан, үзэлцэхээ мэдрээд давхиж явтал сумын төв орохын даваан дээр өнөөх чинь гэнэт хадуурчихлаа. Гарын алгаа хуулартал жолоогоо татлаа. Давхиж яваад айлын гадна оччихож байгаа юм. Азарганууд ч алга боллоо. Арай гэж эргүүлээд явтал дахиад буруу тийшээ хадуурахаар нь ихээ урт бургасан ташуураараа түүшин дагуу нь ташуурдлаа гэтэл элэнцэг нь байхав нүдийг нь цохичихсон. Тэр нь ч сайн болсон шиг байгаа юм. Нөгөөх чинь улам цойлоод гол руу ороод бүр сэргэсэн бололтой тэр чигтээ хойшоо гараад элдчихлээ. Тэгж будилсан биш эхний морьд ойрхон харагдаж байна шүү. Үзэлцсээр байгаад урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй давхиад яг тавд орсон. Хөөрхий минь, азарганы эзний эхнэр, ахан дүүс бөөн уйлаан майлаан болж билээ. Би ч шалдан шахуу явсан хүүхэд бушуухан шиг хувцсаа өмсөхийн түүс, цамц өмд шалба нойтон арга байж уу. Миний бага нас тийм л хөгтэй.

Манай аав хурдан морийг айхтар шинжиж, олдог хүн. Уяж байсан морио тавьчихаад Годон Дамбий гэж хүний морийг уяж, Булган аймгийн наадамд морио түрүүлүүлж байсан. Аав минь насан өндөр болж, өөд болохоосоо өмнө надад “Төрийн наадамд манай зүгээс тоос босгосон юм. Миний хүү төрийн наадамд морь уралдуулчихвал зүгээрсэнж” гэж захисан нь ой тойнд минь тод үлдсэн. “Яагаад адуу морины тоос босгоорой гэж байгаа юм бэ” гэж лавлахад “Манайд бөх төрнө” гэж их бэлгэтэй үг хэлж байсан. Х.Пүрэвбадамаас бөх төрнө гэж шууд хэлж байсан юм шүү. Ухаандаа авга ах минь улсын арслан, бүсгүй дүүгээс минь улсын аварга төрлөө шүү дээ.

Аав, ахын захиасыг санан санан явсаар 1990 оны улсын наадмаар миний шүдлэн үрээ долоод, хойтон жил нь хязаалан болоод 9-д, 2007 онд 23-т давхисан хязаалан үрээ маань соёолон насандаа найм дээр давхисан даа. Урагшаа тав руу санаа байсан ч миний хоншоор тэр юм байгаа биз. Пүрэвээд болно л доо, арвын дотор гурван морь давхиулна гэдэг их юм. Хамгийн сүүлд 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсын наадамд хонгор морьтойгоо ирж, 530 мориноос 30-д давхиулсан. Аав, ах хоёрынхоо захиас, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлсэн гэж боддог доо.  

-Бөх, морь гэж явсан хүн яаж яваад засуул болов. Түүнээс ч өмнө Та их сургууль төгссөн геологийн инженер байсан гэх. Энэ түүхээсээ уншигчидтай хуваалцана уу?

-Би 1952 онд хотод ирж, аавтай явж байхдаа сургууль (нэгдүгээр сургууль) гэдгийг анх хараад ааваасаа сургуульд орж болох эсэхээ асуухад зөвшөөрч, намар нь сурагч болсон. Хөдөөгийн хүүхэд сургуульдаа монгол гутал, дээлтэй ирээд хүүхдүүдэд шоолуулж л байлаа. Гавьяат Цагаан, Буурал, Цэрэннадмид багш нар малчны хүүхдийг хариуцаж авсан даа. Маршал Чойбалсангийн охин Сувд, Намнандоржийн хүүхэд гээд л тухайн үеийн бүх сэхээтний хүүхдүүд тэнд сурдаг байсан юм шүү дээ. Аавын охин дүү хотод эмнэлэгт ажиллаж байсан болохоор эгчтэй хоёул амьдарна. Хавар хичээл тармагц шууд нутагтаа харьж , хурдан морио унана. Сургуулиа онц сайн дүнтэй төгсөөд их сургуульд элсэн орж Ашигт малтмалын эрэл хайгуулын геологийн инженер мэргэжил эзэмшсэн юм. Дорнодын геологийн удирдах газарт хуваарилагдсанаас эхлээд олон ч алба хашлаа. Хоёр жил гаруй хугацаанд гайгүй ажилласан юм байлгүй, Улаанбаатарт яам руу татагдаж ирсэн. Үйлдвэрийн хэлтэст ажиллалаа. Сайд М.Пэлжээ, орлогч сайд Ч.Хурц гуай хоёр нэг өдөр дуудаад ялаа бараг нисдэггүй Ардын хянан шалгах хороонд томилмоор байгаагаа дуулгав. Тэнд үйлдвэр хэлтсийн даргаар ажилласан. Дараа нь Ханын материалын комбинатад “Монгол тоосго”-д ерөнхий захирлаар очсон. Геологиос барилгын салбарт ч бас ажилласан минь тэр. Сүүлд нийтийн тээвэрт хүчин зүтгэж, 2001-2012 онд “Автобус-3”-т ашиглалтын албаны даргаар ажилласан даа. Ингэж явах завсартаа бөхийн удамтай юм болоод бөхөөс сэтгэл санаа огт салаагүй ээ.

Улсын наадмын комисст Ардын хянан шалгах хорооноос заавал хүн байдаг болохоор тээр жил даргаас гуйж байгаад ажлын хэсэгт багтаж орсон. Наадмын зохион байгуулалтыг ерөнхийд нь хянаж байгаа мөртлөө засуул хийгээд Дамдинжав даргадаа баригдаж билээ. Өмнө нь манайхаар цол гайхалтай дууддаг Дэгээ Гончиг, Говь-Алтайн Шаргын Лүгдэв, Булган аймгийн Хутаг Өндөрийн Пүрэвсүрэн, Баянхонгорын Халтмаа багш ирдэг байсан юм. Энэ багш нарынхаа гарт их нухуулсан даа. Эхний үедээ засуулын гар хөлийн үзүүрт зарагддаг байлаа. Нэг өдөр Лүгдэв, Халтмаа багш надаар Спортын ордонд цол дуудууллаа. Тэгсэн Лүүгээ, Халтмаа багш инээд алдаад л, Пүрэвсүрэн багш “Ёстой сайн” гэж байна шүү. Өөрт хоолой гарахгүй байгаа юм шиг л санагдсан. Тэгээд дараа нь улсын наадамд очоод Данидгай (Дамдин) аваргын цолыг дуудтал цэнгэлдэхэд байгаа хүмүүс тараад явчих шиг чив чимээгүй болж билээ. Их сайхан болсон юм билээ л дээ. Түүнээс хойш багш нарын санаа амарсан байх.

Ер нь геологийн салбарт ажиллах үедээ 1976 онд Бүх ард түмний урлагийн их наадам болоход Нямбуу, Баасанжав, Аюур бид дөрөв “Цэргийн нөхөр”-ийг маазраад дуултал цааш шалгараад Залуучуудын ордон, Дуурийн театрт концертод хүртэл оролцож, тэргүүн байр эзэлсэн. Тэр үед дөрвөл гэдэг чинь их сонин байлаа. Үүний дараа Улсын ардын дуу бүжгийн чуулгад уртын дуучдын курс зохион байгуулахад нь суралцаж төгсөөд Норовбанзад багшаас авсан гарын үсэгтэй үнэмлэх минь одоо ч бий. Тэр үед Дорждагва багш намайг “Чи дуучин болж чадна. Бөх рүү нэг очоорой” гэж хэлэхэд нь л бөх цоллосон шүү. Хүний явах замыг үнэн сайн багш нар хардаг юм билээ. Тэгж л миний засуул болох гараа эхэлсэн юм.

-Үүнээс хойш 40 жил засуул хийнэ гэдэг их урт хугацаа. Таны мөрнөөс гарч, заан, харцага, түрүүлж аварга хүртсэн бөх ер нь хэр олон бол?  

-Зүүний манлайд бөх засаад явахад 17 наадмын түрүү миний мөрнөөс гарсан. Үүний хамгийн олон нь Б.Бат-Эрдэнэ аварга ес, Өсөхбаярын дөрөв, А.Сүхбатын хоёр, Мөөеө, Баянаа, Цэрэнтогтохын нэг нэг түрүү бий. Тэр олон жил засуул хийхэд миний мөрнөөс заан, харцага цолтон төрөөгүй юм шүү дээ. Зүүний манлайд оччихоор эрэмбэ нь таардаггүй юм байна. Ганцхан начин төрсөн нь Сүхбаатар аймгийн харьяат Ц.Анхбаяр. Миний мөрнөөс Доржсамбуу, Н.Ганбаатар хоёр гарьд төрсөн. Д.Сумъяабазар дөрөв үзүүрлээд тав дахь удаагаа миний мөрнөөс гарч аварга болсон гэхчлэн сонин түүх их бий. Д.Сумъяабазар ээж дээр минь таван сартай байхдаа ирээд 16 нас хүртлээ цуг байсан. Ээжийг өөд болоход гэр орныг нь хураачихаад дүүдээ “Бид нар чамаас гэр орныг нь булаацалдахгүй. Эцгийн минь гал голомтыг сайхан арчилж яваарай” гээд хүлээлгэж өгсөн. Төр, түмэнд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад нь Д.Сумъяабазартаа баярлаж яваа.

Төрийн наадам, түмний цэнгэлээр би тоглодоггүй. Өөрт оногдсон мэдлээр будилаантуулж яасан ч болохгүй шүү дээ. Өрөөлийн юманд хошуу дүрэх эрхгүй. Хүний амьдрал их сонин юм. Соёлын гавьяат зүтгэлтэн засуулч болно гэж хэн өөрийгөө бодох вэ дээ. Удам угсаанаас улсын аварга төрнө ч гэж зүүдэлж явсангүй.

-Бөхийн од гийнэ гэж байдаг. Та тэр одыг харж байв уу. Наадмыг өнгөлөх бөхийн одтой хийморь гээч зүйл барилдаан эхлэхэд андашгүй байдаг уу?

-Харагдана шүү. Байж байгаа нь нэг л өөр, төрх байдлаасаа л харагддаг. Бөх хүн хэдий чинээ тайван байна төдий чинээ бие нь амарч байдаг. Хэвийн үеэсээ төрх нь, сууж байгаа байдал нь өөрчлөгдөөд тогтож чадахаа байчихаар л болдоггүй юм. Ямар сайндаа Э.Оюунболдын асуудал үүсэхэд намайг Хөлийн цэц дээр суу гэхэд нь би “Үгүй” гэсэн. Яагаад гэхээр нь “Энэ нэг л биш байна. Наад хүнийхээ сэтгэлийн хөөрлийг хар даа, та нар. Ингэж байл уу” л гэсэн. Бөхөө хаячихаад л хурдалж давхиад тэр дундуур туйлаад байгаагүй юү.

Энэ сайхан аварга, энэ сайхан залуу ингээд зүлэг ногоон дэвжээг орхичихдог юм байж гэж бодоод ёстой гол харлаад нулимс асгарчихсан

-Таны санаанаас ер гардаггүй гойд барилдааны дурсамжаасаа бидэнд яриач.

-Манай П.Сүхбат байна шүү дээ. 1991 оны Улсын баяр наадмаар О.Балжинням аваргатай үзүүр түрүүнд үлдэж, унасан. Түүний дараа жил долоогийн даваанд О.Балжинням аварга амласан юм. П.Сүхбат миний мөрөн дээрээс гарах боллоо. Тэгсэн нэг л биш ээ. Ирж яваа нь манаруулж байна шүү. Нүднийхээ булангаар хартал барилдаж чадах шинжгүй байна. Гэтэл нэлээн чанга “Хүүш, малгай аваатах” гэхээр нь юу ч болоогүй юм шиг зогсоод л байсан. Дараагийн засуулууд бөхөө гаргах гээд, би нөгөөхийнхөө сэтгэлийг жаахан дарчих санаатай засуулууддаа “Хүлээж бай. Та нар юунд яардаг юм. Барилдах гээгүй барилдуулах гэж байна. Та нар авч гарсан бөхөө унаасай гэж боддог уу, хаяасай гэж боддог уу” гээд эргэлээ. Тэгсэн “Пүрэв ах аа, та малгай аваадахаач” гээд хөөрөл нь нэлээд дарагдчихсан харагдахаар нь малгайг нь автал пирхийгээд л алга болж өглөө. О.Балжиннямын урд нь очоод яг л урд жилийнх шигээ оволзохоор нь “Чи барилдах гэж гарсан юмуу, унах гэж гарсан уу” гээд гуян дээр нь алгадтал жигтэйхэн хорссон бололтой муухай харж байна. “Чи намайг муухай харах яахав. Цаана чинь чамайг хаях гэж байна. Юу болж байгаа юм чи” гэчихлээ. Тэгж нэг сайхан, уран барилдаж даваад ирэхдээ баярлаж уйлаад “Бөх хүн засуулаа солиод гардаг байхад би засуулаа сольё гэж ноднингийн наадмаар яагаад хэлээгүй юм бол оо. Унах хүний ам тийм л үдээтэй байдаг юм байна” гэж билээ. Манай бөхчүүд “Пүрэвээ ах бөхөө дагуулаад гараад ирэхээр тэр бөх нь мартагдаад засуул нь харагдаад байдаг. Их эвгүй” гэж ярьдаг юм.

Наадмын зүлэг ногоон дэвжээнд их юм үзлээ. Бөх зодог тайлахыг, зодолдохыг харлаа, дээлээ сольж үзлээ, хууль хяналтын байгууллагад дуудагдаж үзлээ. Ярьвал их түүх бий. Бүгд л цагаанаар эргэсэн дээ. Өсөхөө, Сүхбат хоёр барилдаад Өсөхөө Жижигийг тийрчихээд Сүхбат тахимаа өгөхгүй, эмнэлэг яваад өгсөн хойгуур би талбай дээр малгай барьж зогсож ч үзлээ. Сурвалжлагч нар над дээр ирээд “Таны бөх хүн зодлоо...” гээд тайлбар авах гэж овоорчихлоо. Би тэгэхээр нь “Та нарт гурван л юм хэлнэ” гэчихээд засуулуудын өрөөнд ороод айраг ууж, сууж сууж гараад иртэл өнөө хэд байж л байна. Наадам засуул ч, бөх ч байхгүй баларсан. Тэгээд би сурвалжлагч нарт “Нэгдүгээрт, төрийн наадам бужигнасан гэвэл наадмыг зохион байгуулсан комиссоос асуу. Хоёрдугаарт, Өсөхбаяр хүн зодсон гэвэл цэнгэлдэх дүүрэн хэв журмын цагдаа нар байна, тэднээс асуу. Гуравдугаарт, хүн эрүүл мэндээрээ хохирсон гэвэл энд байгаа эмч нараас асуу. Надад өөр хэлээд байх юм байхгүй, түй” гэж хэлээд орхисон. Наадмын дараа шүүх сэргийлэхэд дуудагдаад бөөн л юм болсон. Шүүх дээр очоод “Эцсийн шийдвэр гарахад нь би ганц л юм хэлнэ. Та нар битгий санаа зов” гэтэл шүүгч “Та тэр үгээ одоо хэл” гэхэд нь “Асуудал шийдэгдсэн цагт хэлнэ” гэчихсэн. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй, хохироож болохгүй юм чинь. Гэнэт уур хүрээд утсаар А.Сүхбатыг дуудаад “Чиний засаа чинь хагараагүй биз” л гэлээ. “Эр хүн бол эр хүн шиг байгаарай. Төрийн наадам будилах асуудал чамаас болсон шүү. “Өсөхөө, Өсөхөө чи энэ жил надад өгчих. Хоёр жил дараалаад чи аваарай” гэж чи хэлээ биз дээ. Хэрвээ Өсөхөө буруутай бол зууны 70 хувь нь Жижигийн буруу. Түмэн олноо баясгахын оронд наймаа шиг юм яриад явж байдаг. Зүлэг ногоон дэвжээ цэвэрхэн байх ёстой” гэлээ. Тэр хоёр барилдаад Өсөхөө дөрвөн хөллөхөд Жижиг дээрээс нь дарангуут Өсөхөө уурлаад тийрчихсэн юм шүү дээ. Тэгсэн Жижиг “За Пүрэв ах аа, больё. Би өргөдлөө авъя” гээд түүнээс хойш журамтай болсон доо. Надад сайн байдаг юм, хөөрхий. Сая Цагаан сараар ирж золгоод л явсан. Би тэгж сайн санаалж хэлээгүй бол шүүхдээд хаа хаанаа заваарсан юм болохгүй юу. Шүүх дээр тэр хоёр очоод хэн хэнээсээ уучлалт гуйсан. Шүүхийнхэн ч надад талархсан байх.

-А.Сүхбат аварга хэн ч мэдээгүй, ямар ч хүлээлт үүсээгүй байхад гэнэтхэн зодог тайлсан наадмаар Та яг хажууд нь байсан юм билээ. Наадмын талбайд цуг гарахдаа зодог тайлах гэж байгааг нь Та ч бас огт гадарлаагүй байсан гэж үү?  

-Би А.Сүхбатыг зодог тайлах гэж байгааг нь мэдэлгүй малгайг нь барьсан хүн шүү дээ. Намайг дуудаад “Пүрэв ах аа, би туганд мөргөчихөөд ирье. Хоёулаа явъя” гэхээр нь юм бодсонгүй малгайг нь аваад очлоо. Тэгээд тугандаа мөргөөд адис авч, араар эргээд хормойгоо дэвсээд мөргөөд босоход нь л мэдсэн. Би ч бүр газар олж гишгэдэггүй. Энэ сайхан аварга, энэ сайхан залуу ингээд зүлэг ногоон дэвжээг орхичихдог юм байж гэж бодоод ёстой гол харлаад нулимс асгарчихсан. Долоогийн даваанд бөх цоллох гэсэн хоолой гардаггүй, өнөөх Сүхбат чинь Баянмөнх, Гантогтох эд нартай зүүн хойно очоод уйлаад суучихсан. Би ч засуулуудаас цаашаа гараад ганцаараа жаал суув. Ийм сонин явдлууд бөхийн дэвжээнээ гарсан даа, миний амьдралд.  

Удам угсаагаараа зүлэг ногоон дэвжээг шүтэж явсных надад хишиг буянаа заяасан. Төрийн дээд шагнал СГЗ хүртлээ, хөдөлмөрч уламжлалаараа явж байж Хөдөлмөрийн гавьяаны улаан туг хүртсэн. Болоо шүү дээ. Одоо би Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор л ганц удаа бөх засна. Тэгээд л болно. Тээврийн салбар, барилгын салбарт ажиллаж байсан намайг тэндээс гавьяатад тодорхойлоход нь би өөрөө “Миний удам цэвэрхэн юм. Төрийн наадмын түрүү бөх олон гарсан. Би засуулчаараа авъя” гэсэн хүсэлт тавихад зөвшөөрсөн. Монголын түүхэнд СГЗ цолтой бөхийн засуул хоёр хүн бий. Ар, Өвөр хангайгаас төрсөн дөө. Архангайгаас би, Өвөрхангайгаас Д.Цогзол. Хэдэн багш нараа бодохоор гавьяа шагналыг нь өгөөгүй юу хийсэн юм бол гэж харамсдаг. Халтмаа багш 73 нас хүртлээ засуул хийсэн хүн шүү дээ. Маш шударга, Халтмаа багш дээр бөх маргалдаад зогсож байхыг би мэдэхгүй. Хүнд тавилан гэж бий. Багшийн хүүхдээс төрийн дээд шагнал, цол тэмдэг аваад зогсоно гэж зүүдэнд ч орохгүй. Ямар сайндаа “Ааваар нь багшлуулж, хүүгээс нь цол тэмдэг авах хувь тохиол надад байж” гэж байхав.

-Засуул хүний бахархал юу вэ?

-Хүн болгон бөх болдоггүйтэй адил хүн бүхэн засуул болдоггүй юм. Манай дээд үе, гярхайчуул намайг энэ хүн бөхийн тогоонд буцалж болох юм байна гэж үзсэн бололтой. Халуун наранд хаширдаггүй, хүйтэн бороонд сандардаггүй хатуужлыг нь шалгаж, хардаг. 40 жил засуул хийхэд бороотой, нартай, цастай ч таарна. Сайхан, саар үетэй аль алинтай нь тулгарч явлаа. Би Бөхийн өргөөг барих их үйлсэд оролцож явсандаа баярладаг. Бөхийн өргөөг барих үед Ханын материалын комбинатад “Монгол тоосго” үйлдвэрт ерөнхий захирал байлаа. Сууринд нь хоёр сая шахам ширхэг тоосго орсон юм шүү дээ. Баянхонгор аймгийн харьяат аймгийн заан сарлаг Бадамсүрэн манай зуухын цехэд ажиллаж байв. Бадамсүрэн анх тоосго ачиж ирж байлаа. Тухайн үед хамаагүй хандив цуглуулж болдоггүй. Тэгэхээр нь Бадамсүрэнтэй ярьж байгаад хөдөлгөөн өрнүүлэхээр болсон. Бөхийн холбооны дэд тэргүүн Даваасамбуу гэж сайхан хүн байв даа. Бид нар ярилцаад бөхийн өлгий нутаг Булган аймгаас хандив эхлүүлэхээр болж, нийт аймгийн ард иргэдээсээ асар их хандив цуглуулсан. Дөрвөн жилийн хугацаанд 600 сая төгрөг ард түмнээс цуглуулж, улсаас 800 сая төгрөг гаргаж 1.4 тэрбум төгрөгөөр Бөхийн өргөөтэй болж билээ. Олны сэтгэлийн өглөг, түмэн олноо цэнгүүлсэн бөхийн хөлсийг үнэлж, Бөхийн өргөө төрдөө л үлдэх ёстой.

-Сүүлийн үед жудаг, ёсзүйн талаар бөхчүүдэд шүүмжлэлтэй хандах нь цөөнгүй болсон. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн 7-9 жилд л бөхийн жудаг ийм болчихсон. Үүнийг би засуулаасаа болж байна гэж боддог. Бөхчүүддээ үг хэлж чадахгүй, давсан хаясныг нь ч шийдэж чадахгүй, дунд нь хутгалдаж явдаг малгайны гол болчихоод байна. Дээр үед “Малгай барьсан махан мануухай” гэдэг байлаа. Манай багш нарын хатуу байдаг нь тэр. Бөхчүүдийг хооронд нь ч яриулдаггүй. Гэтэл одоо унасан, хаяснаа ч мэдэхгүй дэвж давхиад л. Төрийн наадмаар тэгж тоглож болохгүй ээ. Үнэн мөнөөрөө, сайхан барилдахыг л үзэгчид хүсдэг. Тэр улсын сэтгэлээр бид нар тоглож болохгүй биз дээ.

-Та засуулуудад юуг сургаж, зөвлөж байна. Ахмад хүний хувьд Та үг хэлнэ биз дээ?

-Тэр болгон очоод хэлэхгүй юм даа. Би “Бөхийг үнэгүй үзэхээр орж ирсэн хүнийг засуул гэдэггүй юм шүү” гэдэг. Түмний оргилсон их сэтгэлийн цэнгэлийг ганцхан барилдаанаар нам дарж болохгүй. Халтмаа багш “Барилдсан хоёр бөхийн хаясан, унасныг шийдэж чадахгүй бол битгий та нар талбай дээр гарч байгаарай” гэдэг байсан. Лүгдэв, Пүрэвсүрэн багш их хатуу шүү. Д.Цогзол бид хэд сайн багшийн гараар орсон доо. Тэр битгий хэл “Үлхийчихээд чи дээлээ засаач. Түмэн олныг доромжлоогүй биз. Дээлээ даахгүй байж энд яах гэж яваа юм. Олон түмэн чамайг харах гэж ирдэг шүү” гээд л загнуулна шүү дээ. Бид нар ч дээл хувцсаа аятайхан бүсэлж, дэвжээнд гардаг болсон. Өвгөн багшаа үргэлж дурсаж явдаг. Өөрийнхөө авч гарсан бөхийг давуулахын тулд цаад бөхийг ч судалсан байх шаардлагатай. Засуул хүний ухаан их нарийн. Тийм учраас Ц.Анхбаярыг Баатархүүтэй барилдахад гар нь цуцаад барьцаа авч чадахгүй байхад нь “Чиний хоёр гар муна юм уу, мөч юм уу” гэж хэлэхэд л цуцаа нь арилж байгаа юм. Хүний сэтгэл санаанд нөлөөлдөг байхгүй юү. Засуул болно гэдэг бөхөө судлахын нэр.

Бөхийн халуун амьсгаа хажууд ирэхэд засуул хүн аяндаа гунганаж байдаг. Их сонин.

-Сайхан жудагтай бөх гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Дээр үед нүнжигтэй сайхан бөхчүүд унасан, хаяснаа мэддэг байв. Улсын арслан Жалбуугийн Чойжилсүрэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Т.Дамдиндорж заан хоёр шиг сайхан барилддаг бөх үзээгүй. Унасан ч, хаясан ч тахимаа өгөөд инээгээд явдаг бөхчүүд. Хүнтэй дахидаггүй. Энэ сайхан жудгийг одоогийн бөхчүүд авахгүй юм. Одоо хар л даа, найрааны начингууд цолоо баталж чадахгүй явж л байна, ичмээр.

Ер нь “Унасан шиг уна”, “Унаж сураагүй бол битгий барилд” гэж ярьдаг. Ухаандаа битгий маргалд гэсэн үг. Хаяж чадаагүй байж сүүлд нь битгий гоншигно. Өвөг дээдэс шударга үгийг тийм хатуу л хэлдэг байсан юм.

-Дээр үеийн бөхчүүд жин багатай, шөрмөслөг байдаг бол орчин цагт бөхчүүд яагаад том гүзээтэй, тарган байдаг юм бэ?

-Бөхийн барилдааны дүрмэнд учир бий. “Үхлийн” барьцтай холбоотой. Монголын бөхийн түүхэнд байгаагүй муу юм гарч ирсэн нь барьц сонгуулдаг болсон явдал. Барилдахын оронд “үхлийн” барьцаа хүлээдэг болчихсон. Жижиг биетэй бөхийг том биетэй бөх барьц сонгохоор яах болж байна. Уна гэсэнтэй л адил. Хорьдугаар зууны төгсгөл, 21 дүгээр зууны эхэн үед бөхийн түүхэнд гарсан гутамшиг. Би үүнийг үздэггүй. Олон зууны турш барилдаж ирсэн дүрмээрээ яагаад бөхөө барилдаж болдоггүй юм. 21 дүгээр зуунд илүү боловсронгуй болгоод барилдаж чадахгүй ганцхан “үхлийн” барьцыг хүлээдэг болж. Хүний бие бялдар, гоо сайханд ч нөлөөлж байна шүү дээ. Жигтэйхэн цүндгэр том гэдэстэй бөхчүүд. Намайг засуул болж эхлэх үед Дэмүүл арслан хамгийн том гэдэстэй нь байсан. Гэтэл одоо гүзээгээ даахгүй шахуу бөхчүүд л байна. Ер нь туранхай бөхчүүд эхний 15-20 минутад үзэж тараад гүйцээгээд хаях ёстой.

-Та бөх сайхан цоллодог шигээ сайн дуулдаг уу. Дуулах, бөх цоллох хоёр ялгаатай юу?

-Дуучид нотоор дуулдаг бол үндэсний бөхийн цол дуудахад нот байдаггүй, задгай. Ард түмний жинхэнэ билгийн авьяас тэнд гарч ирдэг. Бөхчүүдийн чимэг дууны үг биш болохоор өөр байдаг. Шүлгийг нотонд оруулаад дуулдагтай адилгүй. Баянмөнх аваргынх гэхэд 24 чимэгтэй, лүд чинь (инээв). Маш хэцүү. Гагц үгээ тод хэлж, сайхан гаргахын тулд амьсгалаа зөв авах хэрэгтэй. Цолыг бөхийнхөө хөдөлгөөнд тааруулж дууддаг юм шүү. Оргилболдын цолыг дуудахад хэцүү. Том сарвуугаа эзэнгүй юм шиг мөрөн дээр хаячихна. Засуулын цол дуудалтын ньюанс, бөхийн дэвэлт хоёр яг таарах ёстой. Б.Бат-Эрдэнэ мөрөн дээр маш цэвэрхэн, ердөө гурван хурууныхаа үзүүрээр л дарна. “Баруун талын засуул сонс оо” гээд эхэлмэгц сэвээд л явчихна шүү дээ. Баянаа, Мөөеө ч ялгаагүй. Ёстой хүчтэй шувууд яаж дэвдэг байгаа юм түүн шиг л. Баянаа аварга сайхан дэвнэ. Цол дуудлагадаа уяраад хөдөлгөөн нь хөнгөн, хурдтай болчихдог.  

-Ер нь ингээд бодоход Таны мөр их шидтэй юм биш үү?

-Миний амны хишиг. Төрийн наадмын түрүү бөхчүүдийг мөрөн дээрээ түшүүлж гаргана гэдэг миний хишиг буян. Хүссэн болгон бөхөд гар хүрч чадахгүй. Бөхчүүд хэр барагтай хүмүүстэй уулзахгүй шүү дээ. Биедээ ч хүргэхгүй. Бөхийн халуун амьсгаа хажууд ирэхэд засуул хүн аяндаа гунганаж байдаг. Их сонин.

-Таны үүх түүхийг сонсоход их сайхан байна. Морь, бөх дагаж явсных одтой, хийморьтой амьдардаг юм байна гэж бодлоо.

-Их одтой, азтай. Би сугалаагаар “Citreon” гэж франц машин хожсон хүн шүү. 2007 онд байх. Наадмын үеэр их дэлгүүрээс тавгийн идээ, гурван архи л авсан. Тэгсэн боодлоотой сугалаа авчиртал нэг нь сугараад уначихлаа. Тэрийг аваад “Машиныг чинь би авчихлаа шүү” гээд тоглоод л гарсан. Наадмын дараахан Толгойтын тийшээ сугалааны тохирол болоход нь айраг, ганц шил юм аваад бөхчүүдтэй сууж байгаад “Хэдэн дүү нараа суулгах машинаа очиж авъя” гээд шил архиа задалж, өргөчихөөд нэг нэг хундага татаад очтол миний сугалааны дугаарыг яг дуудсан. Дүү нар “Энд байна” гээд намайг дээш нь өргөөд очиж, баталгаажуулсан чинь цугларсан хүмүүс шуугилдаад бөөн баяр. Хоёр дахь машины тохирлыг надаар хийлгэсэн чинь нэг эмэгтэй тодорч байлаа. Хүмүүс үнэмшдэггүй юм гэхээр нь жилийн турш азтаныхаа бичигтэй нь унасан. Надад ер нь гомдох өдөр таараагүй. Баярлах өдөр л олон таарч. Амьдралдаа илүү дутуу юм харж, билүү долоож явсангүй. Төр, түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж явсных хаана ч хүмүүс мэндтэй устай явдаг. Хорвоогийн жамыг маш сайхан, баян тансаг сэтгэлийн жаргалаар дуусгах юм байлгүй. Зөв явсных шүү дээ. Архи ууж, хулгай хийж явсангүй. Ээж аав, ард түмнийхээ буян заяаг дааж явсных байх. Аав ээж, багш нарын минь гавьяа юм даа.

-Энэ олон жилийн турш төр, түмэндээ зүтгэж явахад ар гэрийн ажлыг үүрч, сэтгэл амар ажиллахад тань ханийн нөмөр нөөлөг их байсан байх. Та гэргийгээ, үр хүүхдээ танилцуулаач?

-Намайг халуунд халж, хүйтэнд хөрж, цас, бороонд норж явахад гэр бүлийн хүний ач тус их. Бүх ажлаас намайг чөлөөлж, хиртэй хувцсыг минь угааж, ирэхэд цай, хоолыг минь бэлдэж байсан хүн бол Цэрэндоржийн Цэдэвмаа гэж Багшийн дээд сургуулийн Орос хэлний ангийг төгссөн хүн бий. Зүлэг ногоон дэвжээнд зүрх сэтгэлээрээ надтай адил барилдаж явлаа. Бид айл гэр болоод 50 гаруй жил болжээ. Гурван охин, нэг хүүтэй. Бага хүү минь ОХУ-д Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд эндээ ажиллаж, амьдарч байна. Хамгийн том охин, доктор Дуламрагчаа хоёрдугаар тусгай эмнэлэгт тасгийн эрхлэгч хийдэг. Дунд хоёр охин хувийн бизнес эрхэлдэг. Бид өнөр олуулаа болсон.

-Энэ жилийн түрүү бөхийн таамаг танд байна уу?

-Коронавиурс гээд энэ жил бөх үзээгүй болохоор таамаг алга. Түүнээс биш аравдугаар сараас эхлээд л мэдэгддэг. Бөхчүүд хөдөө гадаагаар хэсч, айраг цагаа ууж идээд жин нэмэгдчихээд ирдэг. Дараа сараас нь эхлээд хөөрхий амьтад муу ус нь шувтраад жинхэнэ хар махан дээрээ үлдэнгүүт наадмаар барилдах бөхчүүд аяндаа гараад л ирнэ. Хэн хэн начин, заан болж, хэн нь тэсгээхгүй гэдэг нь засуулд яг харагддаг юм.

Танд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.






Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
1
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (12)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.08 172.69.252.149

АСА-ын ээжийнх эгчийн хүүхэд нэг эмнэлэгт асрагч хийдэг их ядруухан амьдардаг. Аса-н ээжийг нь их муулж ярьдаг. Хүн муутай улс гэсэн

0 Хариулах


Зочин 2020.07.19 162.158.7.8

Хүн хэзээ үхэхээ хэзээч мэдэхгүй байж

0 Хариулах


зочин 2020.07.18 172.69.45.137

ёстой мангар өвгөн байна. бөгс долоогч юм уу. хутган үймүүлэгч үү. тийм л болж таарах нь. сүхбат аварга арай ч тийм юм болоогүй шүү. настай хүн байж яаж ингэж худлаа ярьж чадаж байнаа.

0 Хариулах


B.Gankhuyag 2020.07.18 172.69.252.151

Mundag hvn yum daa... shvtej amidarya.

0 Хариулах


Цэрэн 2020.07.18 172.69.252.137

Тэр "шахааны барьц сонгох" гэдэг чинь мнгл бөхийн түүхэнд гарсан ой гутмаар шийдэл дээ! Хэн гэгч эргүү дагз нь санаачилсан байдгым? Та 100 жилээр бөхөө засах юм бн ! Одоогийн Их хурлын зарим гишүүд хогын , хөгийн хууль нэртэй юм санаачилдагтай л адилхан санагддаг . Энэ тал дээр та санаа , оноогоо дэвшүүлээч ! Эрүүл энхийг хүсье ! Урт наслаж , удаан жаргаарай !

0 Хариулах


Зочин 2020.07.18 162.158.7.8

Пүрэв гуа танаас нэг юм асууе бөхиин өргөө 700 аас 800 мянган төгрөгөөр боссон гэдэг худлаа юмуу

0 Хариулах


ёба 2020.07.17 172.69.252.151

Пүрэв гэгч хор хутгагч шүү дээ сайндаа ч гавьяат болоогүй Асагийн буянаар нэг юм болсон юмаа мэдэх нэг нь мэднээ

0 Хариулах


Зочин 2020.07.17 172.69.252.137

Энэ мэт бөхийнхээ архивыг дэлгэнэ үү.

0 Хариулах


Зочин 2020.07.17 172.69.252.137

Ойрд ийм сайхан хууч уншаагүй юм байна. Барилддаг улсын дурсамж тэмдэглэл байдгаа байдаг. Засуулын ийм дурсамж ховор. Үе үеийн бөхчүүд, засуулыг холбосон гүүр болж байгаагийн хувьд нэг сайхан ном бичээч ээ. Хад мад, Тулгаа, Давгасүрэн, Дүвчин, Долгорсүрэн, Мөнгөн, Мягмар... за тэгээд тэдний өмнө ба залгасан үе үеийн бөхчүүдийн тухай ном бичээч. Наадам, наадмаар нь, он, оноор нь. Тэр бөх тэгсэн, ингэсэн. Халтмаа гуай, Лүгдэв гуай тэгэвч, ингэв гээд бичээд байвал. Засуулчийн харах өнцөг сонин, содон юм байна.

1 Хариулах


зочин 2020.07.17 172.69.252.149

өө А Сүхбат чинь даваа гуйсан хогийн амьтан байжээ.

0 Хариулах


Зочин 2020.07.22 162.158.118.183

бөхийн ам мэх гж бдг мэдэхгүй бол чимээгүй өнгөрч бай

0 Хариулах


Зочин 2020.07.15 172.69.252.139

Яамар сайхан ярилцдага вэ

0 Хариулах


Зочин 2020.07.11 172.69.252.149

Түүхийн мэдээ баримтаар баяжуулсанаас гадна ярилцагч хүнээ хөтөлж хөглөж удирдаж байгаа нь тухайн сэтгүүлчийн чансааг илтгэнэ. Маш их баярлалаа Сайхан ярилцлага болжээ Сайхан наадаарай

0 Хариулах