Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Хүчирхэг хүмүүсийн хэзээ ч хийхгүй 13 зүйл


Сэтгэл зүйч Эми Морины “Хүчирхэг сэтгэл зүйтэй хүмүүсийн хийхээс татгалздаг 13 зүйл” ном 2017 онд бестселлэр болж, дэлхийн 36 орны хэл дээр орчуулагдан, олон хүний амьдралд өөрчлөлт авчирсан юм. Хатагтай Морины үзэж буйгаар хүн бодол, үйлдэл, сэтгэл хөдлөл гурваа зөв хянаснаар хүчтэй сэтгэл зүйн дадлыг өөртөө төлөвшүүлдэг бөгөөд сэтгэл оюуны энэхүү эрүүл тэнцвэрт байдлыг яг л биеийн эрүүл мэнд шигээ хайхарч, хамгаалж явах ёстой аж.

Та өөрийн хэр хүчирхэг хүн болохоо дараах 13 зүйлийг хийдэг эсэхээр дүгнэж болох юм.

1. Тэд хэзээ ч өөрийгөө өрөвдөж сууддаггүй

Морины бичснээр хүн өөрийгөө өрөвдөх нь оршихуйгаа хорлон сүйтгэж буй явдал гэнэ. Биеэ хөөрхийлөн суух нь амьдралыг бүрэн дүүрэн туршиж, туулахад саад болж, сөрөг сэтгэл хөдлөлийг идэвхжүүлж, бусадтай харилцах харилцаанд сэв суулгадаг аж. Өөрийгөө ямар золгүй, үйлийн үртэй амьтан болохоо гайхаж, хичнээн их зовлон шаналлыг тэсэж тэвчин явж буйгаа ялархан бодож явдаг хүмүүс амьдралын сайн сайхан бүхнийг анзаарч, талархаж чаддаггүй тул асуудал бэрхшээлдээ гарц олох нь эргэлзээтэй байдаг. 

Хүн аливаад эмзэглэх, хүнд хэцүү зүйлтэй тулгарах нь зайлшгүй бөгөөд гагцхүү ийм тохиолдолд өөрийгөө хохирогч болсонд тооцож, өрөвдөн суух эсэх нь сонголтын асуудал юм. Магадгүй та хэзээ ч шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарч болно, харин өөрөө өөрийнхөө сэтгэл зүйд эзэн болох эсэх чинь бүрэн таны гарт байдаг юм шүү. 

Ийм үед та эерэг зүйлс дээр төвлөрч, өөрт байгаа бүхэндээ талархаж сураарай.

2. Бусдын нүдээр өөрийгөө хардаггүй

“Даргатаа шүүмжлүүлэхээр би хийж байгаа зүйлдээ итгэлгүй болдог.” эсвэл “хэн ч намайг ойлгохгүй байна.” гэхчлэн бид бусдын итгэл үнэмшлээр өөрийгөө тодорхойлж байдаг. Хэн нэгний хэлсэн үг, үзүүлсэн хандлага таныг захиран удирдах хүч болж, өөрөө өөрийнхөө эзэн байхад саад болох үе бий. Хэрэв үнэхээр таны бүх зүйл бусдын эрхэнд үйлдэгддэг юм бол таны амжилт, үнэт зүйлс ч таных биш болж таарна. Сэтгэл зүйн хувьд хүчтэй хүмүүс үүнийг эрт ойлгосон байдаг. Тэд нөхцөл байдлын эрхэнд биш өөрийн сонголт хэмээн бодож амьдралд ханддаг ба бүх хариуцлага ч минийх гэдгээ ухамсарлаж явдаг хүмүүс юм. 

“Амьдралын эрхэнд автаагүй, өөрийн хэн гэдгээ бусдаар заалгаагүй хүмүүсийн нэг бол Опра Уинфри юм. Тэр ядуу зүдүү амьдралаас тод гэрэлтэх од болж асаад бусдын замыг гэрэлтүүлсэн агуу хүчирхэг хүн билээ.” гэж Морин бичжээ.

3. Тэд өөрчлөлтөөс нүүр буруулдаггүй 

“Өөрчлөлтийн 5 үе шат байдаг. Өөрчлөлтийн тухай бодож эхлэхийн урьтал үе, бодож эхэлсэн үе, өөрчлөлтөд бэлдэх үе, өөрчлөлт хийх үе, дасан зохицох үе. Эдгээрийг хүн бүр шат шатаар нь туулж гардаг.“ гэж Морин бичжээ. Өөрчлөлт гэдэг айдас дагуулдаг боловч үүнээс зугтвал хөгжлийн хувьд гацаж зогсоно. Хүчирхэг хүмүүс үүнийг мэдэх тул өөрөө хөгжихийн тулд өөрчлөлтийг баяртай хүлээж авдаг. 

4. Бүх зүйлийг хянах гэж оролддоггүй

Олон зүйлийг мэддэг, чаддаг, удирддаг байх сайхан л даа. Гэвч зарим хүн бүх зүйлсийг хянаж мэдэх гэж оролдсноороо алддаг. Энэ нь ихэвчлэн сэтгэл зовнилын хам шинжийн хариу үйлдэл байх нь бий. Ийм хүмүүс эргэн тойрноо хянахаас илүүтэй өөрийн сэгтэл зүйгээ хянах шаардлагатай. Хүч хүрэхгүй зүйлсээс анхаарлаа холдуулснаар стрессийн түвшин буурч, баяр хөөр нэмэгддэгийг судалгаагаар тогтоосон байна. 

5. Бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх гэж хичээдэггүй

Хүмүүс намайг юу гэж бодох бол гэж санаа зовдог хүмүүст зөвлөх хоёр зүйл байна. Нэг дүгээрт бусад хүмүүсийн уурлах, урам хугарах зэргээс айх хэрэггүй, энэ бол хүний хэвийн сэтгэл хөдлөл. Хоёр дугаарт, чи дэлхийн бүх хүнд таалагдаж чадахгүй нь үнэн тул ингэж цагаа үрэхээ болих хэрэгтэй. Ингэснээр таны өөртөө итгэх итгэл, амьдралаас авах таашаал нэмэгдэнэ. 

6. Тэд эрсдлээс айдаггүй

Санхүүгийн, эрүүл мэндийн, сэтгэл зүйн, харилцааны, бизнесийн гэх мэт олон эрсдлээс бид айж явдаг. Харин эрсдлийг тооцоолж сураагүй байх нь айдаст хөтөлдөг гэж сэтгэл судлаачид үзэж байна. Аливаа зүйлсийн давуу болон сул талыг тооцоолж сурахын тулд дараах асуултуудыг өөрөөсөө асууж байгаарай.

  • Үүнийг хийснээр ямар гарз гарах вэ?
  • Үүнийг хийснээр ямар ашиг тустай вэ?
  • Үүнээс өөр сонголт надад бий эсэх?
  • Хамгийн сайн хувилбарыг төсөөлж үзэх
  • Хамгийн муу хувилбарыг төсөөлж үзэх
  • Муу хувилбарт хүрэхээс сэргийлэх арга замыг тооцоолох
  • Энэ шийдвэрийг гаргаснаар миний амьдралын дараагийн 5 жилд ямар нөлөөтэй вэ?

7. Тэд өнгөрсөнтэйгээ зууралддаггүй

Хүчтэй хүмүүсийн хамгийн сайн мэддэг зүйл бол өнгөрснийг ардаа үлдээх. Өнгөрснийг өөрчилж чадахгүйгээ мэдэх тул одоо цаг дээр төвлөрч дадсан байдаг. Харин өнгөрснийг бодох тусам л сэтгэл шаналж, харамсал харуусал дүүрч ирдэг хүмүүс үүнийг зуршил болохоос сэргийлэхгүй бол сэтгэл гутралд өртөх магадлалтай шүү. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийн өнгөрсөнтэйгээ эвлэрч, уучилж, мартаж сураарай. Энэ бол сэтгэлийн ачаагаа хөнгөлөх хамгийн зөв арга юм. 

8. Гаргасан алдаагаа давтдаггүй

Аливааг эргэцүүлж боддог хүмүүс нэг алдаагаа дахин давтдаггүй. Юу буруу болов, яаж сайжруулж болох вэ, дараагийн удаа хэрхэн өөрөөр хийх вэ гэдгийг бодох нь сэтгэл зүйн хувьд хүчирхэг хүний шинж бөгөөд гаргасан алдаандаа хариуцлага хүлээх чадвар өндөр байдаг нь ч үүнтэй холбоотой. Бусдын өмнө ичиж нэрэлхсэндээ шалтаг тоочин суух хүмүүс эсрэгээрээ сул дорой байх ба алдаанаасаа суралцах эрхэм чанараа бага багаар гээж байдаг. 

9. Тэд бусдын амжилтанд шаралхдаггүй

Өрөөл бусдын амжилт, баяр хөөрт хэтэрхий их анхаарал хандуулж, байн байн бодож, дургүйцэж ундууцах мэдрэмж танд төрдөг үү? Хэн нэгэн тушаал дэвшихэд атаархах, эсхүл найз чинь шинэ байранд нүүж ороход уур хүрэх мэтээр. Тийм бол энэ зуршил өөрт чинь хортой юм шүү. Бусдын амжилтанд шаралхаж сурсан хүн өөрөө хичнээн их амжилт гаргасан ч түүндээ үнэн сэтгэлээсээ баярлаж, бахархахаа нэгэнт больсон байдаг. Бусдаас илүү гарах гэсэн хор шар нь түүнийг үргэлжид хэмлэн зовооно. Ингэснээр өөрийн амгалан тайван байдал, үнэ цэн, авьяас чадвараа гаргуунд нь гаргаж, үнэт зүйлсээ хайхрахаа болих нь харамсалтай. 

10. Бүтэлгүйтлээс халширдаггүй

Бүтэлгүйтэл бол амжилтад хүрэх хамгийн дөт зам гэдгийг ухаалаг хүмүүс сайн мэддэг. Хэдий их унана төдий хүчтэй болж босч ирэх нь хүчирхэг менталиттай хүмүүсийн шинж юм. Олон алдартай зохиолчид хэвлэлийн компани бүтээлийг нь хэвлэхээс татгалзаж байсан тухайгаа хуучилдаг нь үүний жишээ. Өөртөө итгэдэг хүн өөртөө итгэсээр л байдаг. Хоёр дахь ,гурав дахь, хорь гуч дахь удаагаа оролдож үзсэн хүн улам хүчтэй болж, амжилт алдрын салхинд ч ганхахгүй бат болдог. 

11. Тэд ганцаар байхаас айдаггүй

Ихэнх хүн бусдыг хань татаж, ганцаардахгүйг хичээдэг бол дотоод зүрх сэтгэлдээ хүчтэй хүмүүс өөртөө ганцаар байх цаг заавал гаргадаг. Өөрийн бодол сэтгэлээ ажин таньж, өө рүүгээ хийх аялал нь тэдний хувьд хамгийн үнэтэй цаг хугацаа болно. Өдөр тутмын амьдрал, ертөнцийн чимээ шуугианаас завсарлага авч өөрийгөө сонсож сурсан хүн бусдыг сонсож, хүлцэхдээ ч сайн байдаг аж. Энэ бол сэтгэл зүйн маш өндөр чадваруудын нэг юм.

12. Дэлхий ертөнц түүнд ямар нэг өртэй юм шиг авирладаггүй

Болж бүтэхгүй зүйлсийн шалтгааныг хэзээ ч өөрөөсөө хайдаггүй хүмүүс байдаг. Хэн нэгэн өөр этгээд л энэ бүхэнд буруутай гэж үнэн голоосоо итгэх нь тэдний бүтэлгүйтлийн хамгийн том шалтгаан болдог. Ийм хүмүүс бусдыг өөрт нь өртэй мэт санаж, хүлээлт өндөртэй байх тул урам хугарах, сэтгэл тавгүйрхэх, гомдох зэрэг сэтгэл хөдлөл хүчтэй төрдөг. Ихэнх тохиолдолд би үүнээс илүүг хүртэх эрхтэй гэж боддог нь тэднийг үргэлжийн сэтгэл ханамжгүй байдалд хөтлөнө. Гэтэл амьдрал бол өгөх, авахын тэнцвэр бөгөөд бусдаас хүсдэг зүйлсээ өөрөө өгч чадаж буй эсэхээ дэнсэлж бодож байх хэрэгтэй. 

13. Тэд хоромхон зуурын үр дүнг хүлээдэггүй

Амжилт нэг шөнийн дотор ирдэггүйг хүчтэй хүмүүс сайн мэддэг. Бодит үр дүн урт хугацааны, тогтвортой үйл ажиллагаанаас гардаг тул тэд яарахыг эрхэм болгодоггүй. Харилцаа холбоо, ажил бизнес, хайр дурлал гээд бүхий л зүйл дээр хүлээцтэй байх нь элбэг. Гэтэл сул менталиттай хүмүүс өөрийн чадварыг хэтрүүлэн үнэлснээр, гадаад орчны хүчин зүйлсийг дутуу үнэлж, тэвчээргүй хандлагатай байх тул хормын дотор үр дүн харахыг хүснэ. Хүссэн үр дүндээ хүрж чадахгүй бол шантрах зам л тэднийг хүлээж байдаг. Харин урт хугацааны зорилго тавьсан хүмүүс хүрэх цэгээ сайтар тооцоолсон учраас замд таарсан бэрхшээлүүдийг алгуур давж урагшилсаар байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
3 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
3
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.