Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨ: Бид хоёр Мюнхенд л уулзах хувь тавилантай байж гэж боддог


Бусад хүмүүс ярихаас үргэлж санаа зовж, хаалганы цаана л үлдэх ёстой гэж бодсоор ирсэн сэдвийг тэд хөндөн подкаст хийж эхлээд нэг жилийн ойтойгоо золгож байна. Сонсогчид ярьсан сэдвээс нь сэдэл авч сэтгэлгээний хүлээснээсээ тайлагдаасай, дахин тунгаагаасай гэж хүсдэг хэмээн тэд ярилаа. 

“Хүлээлгийн өрөө” подкастыг санаачилж, хөтлөн явуулж буй М.Аззаяа, Ц.Ариунаа хоёртой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.


- Ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Юун түрүүнд, өөрсдийгөө товч танилцуулаач. Германд ирээд хэр удаж байгаа вэ? 

- Заяа: Би МУИС-ийн хэл, уран зохиол судлалын ангийг төгсчихөөд тэр жилдээ Герман руу явахаар шийдсэн юм. Ирээд 7 жил болж байна. Нийгмийн ажилтан мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа төгсөх курсийн оюутан. Сурахын зэрэгцээ мэргэжлийнхээ дагуу ажилладаг. 

- Ариунаа: Харин би МУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Монголд байхдаа мэргэжлээрээ хэд хэдэн газар ажиллаж байсан. Монголд сэтгүүлчээр ажиллахад хувь хүний зан чанартай зөрчилдөх зүйл их ажиглагдсан л даа. Тэгээд яаж хөрвөж болох уу гэж бодож байгаад PR-ийн чиглэлээр сурахаар шийдээд Германд ирсэн. 

- Хоёулаа хэл, бичгийн хүн болоод л подкастдаа алдаатай бичдэг эрчүүдэд дургүй гэж ярьсан байх нь (инээв). “Хүлээлгийн өрөө” подкастыг сонсоход олон жил нөхөрлөсөн, маш дотны найзууд ярилцаж байгаа юм шиг санагддаг. Та хоёрын анх танилцаж, нөхөрлөсөн түүх сонирхолтой санагдаж байна? 

- Ариунаа: Найзлаад жил гаруй л болж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сард танилцаж байсан. Харин подкастын эхний дугаар маань аравдугаар сарын 12-нд цацагдаж байсан. Ярилцаж үзээд хэн хэнийгээ “манай сувгийн хүн” гэдгийг мэдсэнээс хойш нөхөрлөж эхэлсэн гэж хэлж болно (инээв). Яаж танилцсан бэ гэж хүмүүс их асуудаг. Энэ ярилцлага дээр анх удаа тэр тухайгаа ярих гэж байна. Өмнө нь хүмүүс асуухаар бид хоёр Мюнхенд ирээд танилцсан л гэж хариулдаг байлаа. Би  урьд нь Германы Аахен гэдэг хотод амьдардаг байсан. Мюнхенд өнгөрсөн жилийн гуравдугаар сард нүүж ирсэн юм. Хоёулаа оюутан болохоор цагийн ажил хийх шаардлага гардаг л даа. Бид монголчууд их ажилладаг фестиваль дээр анх танилцаж байсан. Энэ хүн намайг эхлээд их сонин харцаар харж байсан хөгтэй тохиолдол бий бий.(  ) Яагаад гэдгийг нь ярих уу? 

- Заяа: Хамаг юмаа ярьчихсан юм чинь ярь ярь. Наадах чинь одоо асуудал биш ш дээ. (инээв)

- Ариунаа: Манай нэг багын найз Мюнхенд амьдардаг юм. Тэр найзын нөхөр нь Заяагийн экстэй найз болж таарав аа. Болоогүй ээ, Заяагийн экс найз залуу нь тэр газар ажилладаг байсан. Би болохоор найзынхаа найзаар дамжуулж ярьж байгаад тэнд ажилд орсон байдаг. Тэгсэн Заяа намайг экстэй нь үерхдэг байсан гээд буруугаар ойлгочихсон байсан. Анх хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл гүйлгэж хараад л (инээв). Одоо би хаяа тэрийгээ ярьж шоолдог юм. Анх чи намайг тэгж харж байсан, одоо надтай хамт суугаад секс ярьж байгаадаа итгэж байна уу гэж асуудаг. 

- Заяа: Харцаараа илээд явуулсан байдаг юм.   

- Ариунаа: Ингэж танилцсан хүмүүсийн нөхөрлөл бат бөх байдаг гэдэг үнэн ч юм шиг. 

"Иймэрхүү сэдвийн талаар Монголд хүмүүс нэг их ярьдаггүй, эмэгтэйчүүд их хаалттай байдаг юм байна. Сексийн тухай хоёр галзуу хүүхэн яриад үзвэл яадаг юм гэж бодоод л эхэлсэн."

- Сонирхолтой санагдлаа. Тэгээд бүр танилцаад удаагүй хэрнээ подкаст хийж эхэлсэн байна шүү дээ. Бэлгийн амьдралын талаар ярилцдаг подкаст хийж эхлэхэд юу нөлөөлж, зоригжуулсан бэ? 

- Заяа: Бүр яг нэг шөнө яриад шийдчихсэн ш дээ. Өнгөрсөн жилийн өдийд юмаа. Нэг орой ажлаа тараад эмэгтэй найзуудтайгаа юм яриад сууж байлаа. Бид хоёрын ам халаад, яриа нийлж байгааг хэлэх үү. Тэдэн дунд 30,40 гарчихсан хүүхнүүд ч байсан. Гэтэл зарим нь амьдралдаа нэг ч удаа өөрийнхөө бэлэг эрхтнийг харж байгаагүй гэж ярьдаг юм байна. Чиний биеийн нэг хэсэг байтал өдий 40 нас хүртлээ яагаад хараагүй байдаг юм бэ гээд бид хоёр их гайхсан. 

- Ариунаа: Тухайн үед бид хоёр сексийн тухай ярьдаг Германы нэг подкастыг хоёулаа сонсдог болж таарсан. Тэр подкастын хөтлөгчид ч бас өөрт тохиолдсон явдлууд дээр тулгуурлаж ярьдаг галзуу хүүхнүүд байдаг юм. Хоёулаа ийм подкаст монгол хэлээр хийж үзэх үү гэж тэр шөнө яриад өнгөрсөн. Тэгснээ маргааш нь шууд ярьсан юмаа хийе гэж тоглож байгаад сүүлдээ тэр нь жинхэнэ ажил хэрэг болсон доо. 

- Заяа: Иймэрхүү сэдвийн талаар Монголд хүмүүс нэг их ярьдаггүй, эмэгтэйчүүд их хаалттай байдаг юм байна. Сексийн тухай хоёр галзуу хүүхэн яриад үзвэл яадаг юм гэж бодоод л эхэлсэн.  

- Ариунаа: Манай подкастын нэг жилийн ой удахгүй болох гэж байна. 

"Идэвхтэй амьдралын хэв маягтай байж байгаад гэнэт гэртээ суухаар ер нь жаахан стресстэх хандлагатай болдог юм билээ. Аз болоход подкаст маань байсан болохоор энэ цаг үеийг амжилттай даван туулж байна."

- Ингэхэд та хоёрын амьдарч байгаа хотод цар тахлын нөхцөл байдал ямархуу байна вэ,  коронавирус гарснаас хойш та хоёрын амьдралд ямар өөрчлөлт оров? 

- Заяа: Хоногийн 24 цаг маш завгүй ажиллаж, суралцдаг байсан хүн гэнэт ажилгүй, хичээлгүй болчхоор их цочирддог юм билээ. Яваандаа харин ажил, хичээлээ нийцүүлж, дасан зохицсон доо. Коронагийн үеэр хоол их хийж иддэг болсон (  ). Өөрөө өөртөө цаг гаргаж, дасгал хөдөлгөөн хийдэг болоод байгаа. Өмнө нь урлагийн эвэнт зохион байгуулдаг ажилтай байсан ч цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээ явуулах боломжгүй болсон учраас ажлаа ч сольж таарсан. Миний амьдралд нэг иймэрхүү өөрчлөлтүүд гарсан даа. 

- Ариунаа: Охинтойгоо илүү сайн “танилцсан” нь цар тахлаас үүдэж миний амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүдийн нэг. Германд ирээд хоёр жил охиноосоо тусдаа амьдарсан болохоор жаахан холдчихсон байсан. Харин коронагийн үеэр хоёулаа гэртээ гацаж таарсан учраас бие биенээ илүү сайн таниж, дутуугаа нөхсөн. Сөрөг тал гэхээр, идэвхтэй амьдралын хэв маягтай байж байгаад гэнэт гэртээ суухаар ер нь жаахан стресстэх хандлагатай болдог юм билээ. Аз болоход подкаст маань байсан болохоор энэ цаг үеийг амжилттай даван туулж байна. 

- Би төрөл бүрийн монгол подкаст сонсдог л доо. Ажиглаад байхад эмэгтэй хөтлөгчтэй подкастууд контентоо тогтсон өдөр, тууштай цацаж, дугааруудаа ч нарийн төлөвлөдөг юм шиг харагдсан. Та хоёр цагаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

- Ариунаа: Энд бүх зүйл минутын ч зөрүүгүй цагтаа явдаг болохоор тэрийг дагаад хичээж л явна. Бас хүмүүс урт хугацаагаар ажил, амьдралаа төлөвлөдөг байдал ч нөлөөлж байгаа байх. Даваа гарагт ямар дугаар орох вэ гэдгээ 14 хоногийн өмнөөс шийдчихсэн байдаг. Гурван хүн нэг дор сууж ярилцах цаг гаргана гэдэг бага зэрэг ярвигтай. Гэлээ ч бид хоёр суралцаад л явж байна даа. 

- Заяа: Унаасаа нэг минут хоцорсон бол дараагийн унаа иртэл 20 минут хүлээх хэрэгтэй болно. Тэгэхээр надтай уулзахаар болзсон хүн бас 20 минут хүлээнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас нийгмийн шаардлагаа дагаад цагаа маш сайн баримталдаг болсон. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж, төлөвлөөд л явдаг. 

"Германчууд санал, шүүмжлэлийг илэн далангүй, зөв илэрхийлж чаддаг хүмүүс."

- Өрнө, дорнын хүмүүсийн амьдралын хэв маяг, соёлын ялгаа та хоёрт ажиглагдсан л байх. Анх Германд ирэхэд юу нь сонин содон санагдаж байв? 

- Ариунаа: Өөрт сонирхолтой санагдсан зүйлсээ мартахгүйн тулд би тухай бүрт нь тэмдэглэж авахыг хичээдэг. Нэг удаа пэйж дээрээ “Эндэхийн хүмүүс надад хамааралгүй зүйл их ярих юмаа” гэж бичиж байсан (инээв). Хотын хүмүүс өнөө цагт хөрш айлаа ч бараг таньдаггүй болсон шүү дээ. Гэтэл энд хөрш маань намайг юу хийж байгааг маш сайн мэддэг, хоорондоо ойр зуурын юм ярьж, түүнээсээ таашаал авдаг. Автобусны буудал дээр зогсож байхад танихгүй эмээ хүрч ирээд өнөөдөр цаг агаар ийм байна гэж ярих жишээний. Тухайн үед би германчуудыг ганцаарддаг болохоор ингэдэг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл одоо өөрөө яг тийм болчихсон. Сонин юу байна гээд асуувал далан булчирхайгаа тоочно гээч. (  )

- Заяа: Дөнгөж Германд газардчихаад тэндээсээ галт тэрэгний буудал руу явж байтал танихгүй хүн надтай мэндлэхэд гайхсандаа таньдаг хүн байсан юм болов уу гэж бодож байв (  ). Миний хувьд тэр хамгийн анхны соёлын шок байсан. Германд таньдаг, таньдаггүй хамаагүй хүн чиний нүд рүү харсан бол соёлтой мэндлээд өнгөрөх ёстой. Тэр хүн чамаас ямар нэг хариу нэхэж байгаа хэрэг биш, зүгээр л мэндлэхийг хүссэн учраас асууж байгаа гэдгийг яваандаа ойлгосон. Тэрнээс гадна германчууд санал, шүүмжлэлийг илэн далангүй, зөв илэрхийлж чаддаг хүмүүс. 

- Өрнө, дорно гэснээс бэлгийн боловсрол, сексийн амьдралын талаарх хандлага улс бүрт харилцан адилгүй байх. Та хоёрын ажигласнаар барууны орнуудад хүмүүс энэ тухай ярилцахад яаж хүлээж авдаг вэ? Хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдэд энэ талын мэдлэгийг хэрхэн олгодог бол?

- Заяа: Энд бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг хүүхдүүдэд дөрөвдүгээр ангиас нь системтэйгээр олгож эхэлдэг. Мөн эцэг эхийн хурал дээр яригддаг зүйлс манайхаас их ялгаатай. Жишээ нь, хүүхэд тань хүнтэй үерхэж эхэлбэл нээлттэй хүлээж ав, өрөөндөө ямар нэгэн байдлаар эрхтнээ оролдож байвал загнахын оронд тайлбарлаж, ойлгуул гэх зэргээр эцэг эхчүүдэд боловсрол олгох, хүүхэдтэйгээ яаж харилцахыг заадаг. Аль аль тал нь мэдлэгтэй болоод ирэхээр хүүхэд тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьдаг, эцэг эх нь ч түүнийг аль болох зөв, аюулгүй байлгах талаас нь зааж, зөвлөдөг юм билээ. 

"Подкаст хийгээд эхэлсэн чинь “Хүүш ээ, чи чинь ийм айхтар нээлттэй хүн байсан юм уу” гээд олон жил хамт ажилласан хүмүүс маань гайхаж асууж байсан."

- “Хүлээлгийн өрөө”-ний хоёрдугаар бүлгийн төгсгөлд сонсогчдынхоо сэтгэгдлийг нэг дугаар болгож оруулсан байна лээ. Олон хүн бэлгийн амьдралын талаарх хандлагаа өөрчилж, илүү нээлттэй болсноо дурдсан байсан. Ингэхэд подкаст хийж эхэлснээс хойш та хоёрын амьдрал, үзэл бодолд ямар өөрчлөлт орсон бэ? 

- Заяа: Би хэл уран зохиолын мэргэжилтэй болохоор гол төлөв уншдаг, төдийлөн ярьдаггүй хүн байлаа. Подкаст хийж эхэлснээс хойш нэг талаар ярих ур чадвараа хөгжүүлсэн. Нөгөөтэйгүүр подкастаа бичихийн тулд уншиж судлах, дотроо тунгаах шаардлагатай байдаг. Энэ сэдвийн талаар би яг ямар бодолтой явдаг билээ, сэдвээ ямар өнцгөөс хэрхэн дэлгэрүүлж ярих вэ гэхчлэн эргэцүүлдэг. Тэгэхээр энэ цаг хугацаанд би өөртэйгөө их ажилласан гэж бодож байна. 

- Ариунаа: Урьд нь намайг мэддэг байсан хүмүүс өөр нүдээр харсан нь хамгийн эхний өөрчлөлт юм болов уу. Гадаад хэргийн яаманд ажилладаг байхад намайг ажлын хэнээтэй гэж боддог хүмүүс байсан. Подкаст хийгээд эхэлсэн чинь “Хүүш ээ, чи чинь ийм айхтар нээлттэй хүн байсан юм уу” гээд олон жил хамт ажилласан хүмүүс маань гайхаж асууж байсан. Тэр утгаараа хүмүүст өөрөөр танигдаж, өөрийгөө нээлттэй илэрхийлж эхэлсэн. Бас манай подкастыг сонсоод хүмүүсийн амьдралд өөрчлөлт гарч буйг мэдэх үнэхээр сайхан байдаг. Бидний амьдралд амт нэмж буй зүйлийн нэг яах аргагүй подкаст болж хувирсан. Өглөө утсаа нээгээд харахад тасралтгүй гарч ирдэг мессеж, хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншаад өдрийг их гоё эхлүүлдэг дээ. 

"Зарим сэдвийг бид хоёр нийгэмд сэдэл болоосой гэж бодож ярьдаг. Хэрэгтэй хүмүүс нт сэдэл авч, сэтгэлгээгээ өөрчлөөсэй, тэр талаар дахин тунгаагаасай гэж хүсдэг."

- Сексийн тухай илэн далангүй ярилцсаар ирсэн ч одоог хүртэл ярьж зүрхлэхгүй байгаа, ярих юмсан гэж боддог сэдэв та хоёрын хувьд юу вэ? 

- Ариунаа: Ярихыг хүссэн сэдэв дуусахгүй, ундраад л байгаа. Бид хоёр оройд сэдвийн санаа ярьж, зүүмээр “хурал” хийдэг ажилтай (инээв). Сонсогчдоос ирсэн санал бас их тус болдог. Подкастын нэгдүгээр бүлгээ өсвөр үеийнхэнд, хоёрдугаар бүлэг 18-аас дээш насныханд зориулж хийсэн. Гуравдугаар бүлэг өөрийгөө хайрлах гэсэн сэдэвтэй. Энэ бүлэгт сексээс гадна харилцааны асуудлыг хөндөхийг зорьж байгаа юм. Ер нь бид секс гэдэг үгнээс ичиж цэрвэхээ больчихлоо шүү дээ. Тийм болохоор дараагийн ээлжинд харилцаандаа ахиц дэвшил гаргахад анхаарах хэрэгтэй гэж үзээд энэ сэдвийг сонгосон. 

- Заяа: Зарим сэдвийг бид хоёр нийгэмд сэдэл болоосой гэж бодож ярьдаг. Германд байгаа хоёр хүүхэн шууд өөрчлөлт бий болгож чадахгүй шүү дээ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэлгийн амьдрал, араар тавилт гэх мэт асуудлуудыг хөндөж, сонсогчид сэдэл авч, сэтгэлгээгээ өөрчлөөсэй, тэр талаар дахин тунгаагаасай гэж хүсдэг. Бид хоёрын цаашид төлөвлөж буй зүйлс удахгүй нэг нэгээрээ ил болно. (  )

- Подкастын хувьд ямар төлөвлөгөөтэй байгааг сонслоо. Тэгвэл хувийн амьдрал, карьерынхаа тал дээр та хоёр ойрын үед болон урт хугацаандаа юунд зорьж байна вэ? 

- Заяа: Юун түрүүнд хажуудаа 37 градус олж авна даа (  )... за худлаа ярьсан юмаа. 

- Ариунаа: Гэхдээ үнээн… (  )

- Заяа: Одоо суралцаж буй бакалаврын сургуулиа дүүргэчихээд дараа нь сайн дурын ажлаар өөр тийшээ явах бодолтой байгаа. Бүх зүйл төлөвлөснөөр болбол энэ өвөл сургуулиа төгсөнө. Мэдээж хэрэг коронавирусийн цар тахал ямар байхаас юмс шалтгаална л даа. Ер нь ирэх гурван жилд сайн дурын ажил хийнэ эсвэл магистртаа суралцана гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр ирэх жилүүдэд Монгол руу бараг очихгүй байх. 

- Ариунаа: Зорилго гэвэл Заяаг авч, Монголд очих (инээв). Худлаа худлаа. Миний хувьд сургуульдаа ороод удаагүй байгаа учраас дахиад хэдэн жил эндээ суралцаж, амжилттай төгсөхийг зорьж байна. PR-ийн чиглэлээр нэлээд том карьер төлөвлөж, түүндээ зорьж байгаа. Юуны төлөө Монголд эхлүүлсэн бүх карьераа орхиод ирлээ дээ. Тиймээс амжилт үзүүлэхийн төлөө л шамдана. Туршлагатай, өөрийн гэсэн PR-ийн арга барилтай болсон хойноо Монголд очно гэж боддог. 

- 37 градус гэснээс “Хүлээлгийн өрөө”-г сонсогчид та хоёрын одоогийн харилцааны статусыг сонирхож байгаа байх? 

- Ариунаа: Одоогоор бид хоёр хоёулаа ганц бие байгаа. Магадгүй тийм болохоор л нээлттэй ярьж чаддаг байх. Ер нь ирээдүйд подкастыг маань сонсох дуртай, дэмждэг залуутай сууна гэж боддог. 

- Заяа: Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж чаддаг. Надтай өнөөдөр танилцсан бол өнөөдрийн байгаагаар минь хүлээж авдаг хүнтэй танилцаж, сууна даа.

"Үнэхээр уулзах хувь заяа нь тохиосон бол Монголд ч бид хоёр танилцах боломжтой байсан. Гэтэл Монголд бид бие биенээ ерөөсөө харж байгаагүй. Тэгсэн мөртлөө хаа байсан Мюнхенд ирээд, цагийн ажил хийж байхдаа танилцсан."

- Одоо байгаа тухтай орон зайнаасаа гарч, сэтгэлгээгээ тэлэхийн тулд хүн тодорхой хэмжээгээр эрсдэл гаргах, үүрэх зоригтой байх хэрэгтэй болов уу. Заяа, Ариунаа хоёрын хувьд амьдралдаа хийж байсан хамгийн эрсдэлтэй боловч ихийг ойлгуулсан, сургамжтай, том өөрчлөлт авчирсан үйл явдал юу байсан бэ?

- Ариунаа: Мюнхенд нүүж ирсэн нь миний хувьд маш том өөрчлөлт байсан. Тухайн үед охиноо авчирна гээд ярьчихсан, бүх амьдрал Аахенд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч бүгдийг нь орхиод Мюнхенд ирж амьдрах шийдвэрийг гэнэт гаргасан. Одоо бодохнээ энэ хүнтэй л уулзах гээд байж (  ). Мэдээж өөр хот руу шилжин суурьшихад нэлээд их зардал гарсан ч тэр шийдвэр би огт харамсдаггүй. 

- Заяа: Чамтай уулзах гэж ирээ биз дээ гээд зардлаа нэхээд байдаг ш дээ. (  )

- Ариунаа: Чиний хувьд?

- Заяа: Германд ирсэн нь хамгийн зоригтой, эрсдэлтэй, тэнэг алхмуудын нэг байсан гэж боддог. Тэр үед дөнгөж их сургуулиа төгсчихсөн байсан. Ажилд орж карьераа хөөгөөд Монголдоо сайхан амьдрах боломжтой байсан л даа. Гэтэл л надад ерөөсөө гадагшаа гарч, шинэ зүйл үзэх хэрэгтэй гэсэн бодол төрж, хүнээс мөнгө зээлээд Германд ирж байлаа. Тухайн үед эрсдэлтэй байсан ч эргээд бодоход зөв зүйтэй алхам байсан гэж боддог. Мэдээж үүнд цаг хугацаа их орсон ч өнгөрсөн жилүүдэд өөрийгөө шинээр нээж, хөгжиж одоогийн Заяаг бий болгож, ирээдүйн Заяаг бүтээж явна. 

- Ариунаа: Сонин зүйл нь юу вэ гэхээр, бид хоёр нэг сургуульд сурдаг, дундын найзтай байсан гэдгээ сүүлд мэдсэн. Их сургуульд байхдаа найзалж байсан сайн найз маань оюутны байранд Заяатай нэг өрөөнд амьдарч байсан. Үнэхээр уулзах хувь заяа нь тохиосон бол Монголд ч бид хоёр танилцах боломжтой байсан. Гэтэл Монголд бид бие биенээ ерөөсөө харж байгаагүй. Тэгсэн мөртлөө хаа байсан Мюнхенд ирээд, цагийн ажил хийж байхдаа танилцсан байдаг юм. Тэгэхээр бид энд л уулзах хувь тавилантай байж гэж боддог. 

- Ярилцсанд баярлалаа. Та хоёрт амжилт хүсье.

холбоотой мэдээ
1
Өчигдөр
The Media Show | Б.Энхцэцэг: Хүний амьдрал өөрөө утга уянгын шүү дээ
2
2020.11.10
The Media Show подкаст | Баримтыг шүтэж, сэтгэл хөдлөлөө даръя
3
2020.11.03
Подкаст тойм | Ч.Лодойсамбуу: "Улаан бал" нэвтрүүлэг 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн
санал болгох
1
9 цагийн өмнө
СУДАЛГАА: 2050 он гэхэд дэлхийн хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй болно
2
10 цагийн өмнө
"Black Panther" киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх онд эхэлнэ
3
11 цагийн өмнө
Ачааны гадаргуу дээрээс арчдасын шинжилгээ авах үүрэг өгөв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
16
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Betty 2020.09.15 172.69.45.137

Маш их шимтэн сонсдог шүү.

0 Хариулах


Зочин 2020.09.13 173.245.54.118

үргэлжлүүлээд олон зүйлийн талаар асууж ярилцах байх гэсэн нэг л дутуу дуусгачихсан байна даа

0 Хариулах


Болд 2020.09.12 172.69.45.135

Сексийн тал дээр нээлттэй байна гэдэг нь эсэн бусын эрчүүдтэй энгэр зөрүүлээд явахын нэр биш. Эмэгтэйчүүдийн хувьд заяагаа зөв байлгая гэвэл намтараа ариун байлгах хэрэгтэй. Одоо ч, олон жилийн өмнө ч тийм л байсан. Энэ бол байгалийн хууль. 21р зуун гарлаа гээд энэ хууль хүчингүй болчихдог юм биш шүү, бүсгүйчүүдээ.

6 Хариулах


Зочин 2020.09.13 162.158.167.59

Yag naad jijigkhen setgej bgaagaa setgelgeegee l jookhon tomruulchikh kheregtein bgaa shtee. Er ni erkhetnee khaa saigvi khiigeed yawj boldog em bi baigaliin khuuli geed l khawchaad bj bkhuu vgvi shtee khuldvv tums mini

1 Хариулах


Moog 2020.09.12 172.69.252.151

Hoorhon 2 shu

0 Хариулах