Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хүмүүсийн дундах есдүгээр сарууд


“Бид хэдий удаан ингэж яваа аж дээ” гэж ээж сануулна. Өмнө нь бол аргадах мэт сонсогддог байсан энэ үг одоо цээжний гүнд сонсогддог болж. Аав чимээгүйхэн алсыг ширтэж явна. Харцных нь гүнд холын бараа биш бидний амьдрал л жирэлзэж буй нь харваас илт. Энэ хоёр хүний сэтгэлд бид, бидний амьдрал, бидний үр хүүхэд, бидний ирээдүйгээс өөр юу ч багтаах аргагүй пиг дүүрэн байдаг нь илэрхий. Бид гэдэг нь хамгийн бага нь 30 гарч, том нь 40 насны босго давсан гурван хүү, нэг охин. 

Есдүгээр сар. Зуны нарны сүүлчийн илч, намрын салхины үзүүр уулзаж хүний сэтгэлийг найгуулах гэгэлгэн улирал. Д.Нацагдорж намрыг шүлэгтээ найган найгах улирал гэж ямар гоё хэлээ вэ. Хот сууринд хөл хөгжөөн болж, хүн бүхэн хаа нэг тийш яарч явдаг цаг болохоор анзааралгүй өнгөрөх нь бий. Харин хөдөө бол намар нүв нүцгэн төрхөө энэрэлгүй харуулж ирнэ. Бүх зүйлийн дуу тод болж, ертөнц чимээ анираа дотогш хурааж зөвхөн бидний юу гэж шуугихыг сонсох гэсэн шиг аниргүйд хувилна. Бүх зүйл буцаж, хариг хатуу цаг дөтлөн ирж буйгаа өдөр бүр сануулсаар намар ирж байгааг харахаар гуниг төрнө.

Зуны шуугиан татарч, ирсэн улс буцаж, гол ус эзгүйрч, хаашаа л харна харлаж бараантсан нутаг, ганц хоёроороо мал, буцахдаа бэлдээд сүрэглэн нисэх шувууд, тэртээд зуны ирсэн зочид давсан зам зурайдаг хөдөө нутгийн намрын гуниглуун дүр зургийг мартахын аргагүй. Найман настай би яг л тийм намрын өдрүүдээр төрсөн гэрээ орхиж мордсон юм. Орхиод очих газар нь 20-иод километрийн цаана байх хуучин суурингийн туурь. Хүмүүс тарж бутраад хаягдал болсон уурхайн хаягдал тосгон. 

Тал болохоор далд ортол удаан явна. Эргэж харах бүрийд холдох гэрийн бараа, гадаа нь торойх хоёр бараан юм. Холдох хэдий ч бараа нь үл тасрах тал гэдэг уужим, даажигнаад байх шиг урт, есдүгээр сарын тэнгэр бачимдмаар анир чимээгүй. Тосгоны бараа харагдаж, сургуулийнхаа гадаа буутал нүдэндээ нулимстай. Хүүхдүүдийн шуугиан, модны үнэр, сургуулийн байрнаас ханхлах будгийн үнэр, хаа нэгтээ давхих мотоциклын дуу хүртэл гэрээ санасан надад дургүй хүрмээр санагддаг сан. Тэр дурсамжаас болоод одоо ч би тэр бүхэнд тавгүйтдэг хэвээр. Ээжийнхээ өврөөс, бүр мээмнээс гараагүй сургуульд орсон надад туулсан бүхэн минь хэцүү санагддаг байснаас тэр байх. Хүнд төрсөн гэр гэдэг юу юунаас чухал сайхан, төрүүлсэн эцэг эх хэн хэнээс илүү дотно байдаг нь мэдээж. Энгийн малчин айлын хүүхдэд сургууль соёлын мөр хөөнө гэдэг ээжийнхээ өврөөс холын аянд дөрөөлнө гэсэн үг. Тив алгасаж нисээгүй, улс дамжиж амьдраагүй ч төрсөн гэртээ зуны хэдхэн хоног үдлээд буцдаг надад тэр бүхэн минь харуусалтай. Загнуулж зэмлүүлж, сайндаж муудаж үргэлж хамт байдаг ах эгч нартаа атаархах сэтгэл үргэлж тээж явах нь зүдэргээтэй. Гэлээ гээд хэнд ч хэлсэнгүй ээ. Тэдний сайн сайхныг хүсэн үдсэн тэр л замаар алхаж яваа. Ийм л хөндүүрийг есдүгээр сар авчирдаг. 

Намайг буцахад гэрийнхээ гадаа торойн үлддэг ээж аавын бараа 22 жил яг л тэр хэвээрээ. Юу ч өөрчлөгдсөнгүй. Гагц өмнө нь би л гэрээ саналаа хэмээн уйлж унжсаар хоног тоолон ирдэг байсан бол одоо ээж аав хоёр маань намайг ирэх сургийг хүлээн зуны эхэн сар гарав уу, үгүй юу утас цохих нь ойртдог болсон. Одоо тэд намайг бас надтай адилхан гэгдэх нэг жижигхэн хүнийг, бас бэрээ хүлээдэг болжээ. Цаг хугацаа энэ дүр төрхийг чимээ имээгүй өөрчлөхөөр урагшилж буйг бодохоор сэтгэлд хөндүүр. Бага ангидаа хичээлдээ явахдаа нүдэндээ доголон нулимстай, ах эгч нараараа хүртэл аргадуулж морддог байсан бол дунд ангид ороод бусдаас нууцаар уйлж буцдаг болсон сон. Одоо бол өмнөх замаа ширтэж байгаа дүр үзүүлж машины толинд торойн торойсоор далд орох гэрийнхээ барааг харсаар холддог болжээ. Би ч бас тэдний зовуурийг тэнжээлэн үүрэх насанд ирсэн шүү дээ. 

Тэр алсрах бараан дунд сүүмийн зогсоо хоёр бараан цэг бол энэ амьдралдаа миний үзсэн хамгийн сайхан есдүгээр сарууд. Илч гэрлээр нь дутаагүй, салхины үзүүрт нь даараагүй, ойрхон юм шиг хэр нь алсран холдож яваа миний есдүгээр сарууд гэрийнхээ гадаа торойн байгаа. 

“Бид хэдий удаан ингэж яваа аж дээ” гэж ээж сануулна. Өмнө нь бол аргадах мэт сонсогддог байсан энэ үг одоо цээжний гүнд сонсогдоод байх шиг санагдана. Аав чимээгүйхэн алсыг ширтэж явна. Харцных нь гүнд холын бараа биш бидний амьдрал л жирэлзэж буй нь харваас илт. Энэ хоёр хүний сэтгэлд бид, бидний амьдрал, бидний үр хүүхэд, бидний ирээдүйгээс өөр юу ч багтаах аргагүй пиг дүүрэн байдаг ч болов уу даа. Эмнэлэгт үзүүлээд буцсан аав ээжийг хүргэхээр нутгийн зах руу ороход ийм яриа өрнөсөн. Тэд маань хэдий удаан бидний дэргэд үлдээ аж дээ. Яг есдүгээр сар шиг. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.