Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдээ хэрхэн амжилттай, сэтгэл хангалуун хүн болгож өсгөх тухай Харвардын судалгаанаас...


Эцэг эх бүхэн үр хүүхдээ аз жаргалтай амьдарч, амжилттай хүн болоосой гэж хүсдэг. Өөр өөр арга барилаар хүмүүжүүлж байвч эцсийн зорилго нь бүгд л ижил. Орчин цагт судалгаа шинжилгээний аргаар хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан арга барилыг тодруулж, хүүхдийн хөгжилд тустай стратегиудыг таниулдаг болжээ. Үүний нэг нь Харвард болон Массачусетс, Пенсилванийн их сургуулиудын хамтарсан судалгаа юм. Судалгааны багийнхны 2016 онд тайлагнаснаар хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүдийн хийж чадах хамгийн чухал, үр дүнтэй зүйл бол тэдэнтэй тогтмол харилцан ярилцах ажээ. Харилцан ярилцах! Өөрөө яриад л байх биш, хүүхэдтэйгээ санал бодлоо солилцон ярилцах. 

Аль болох багаас нь, ялангуяа 4-6 настайд нь харилцан яриагаар тэднийг нээж өгөх нь амжилттай амьдралын үндэс болох харилцааны чадвар суулгаж, олж авсан чадвараа хөгжүүлж явахад нь маш том түлхэц болдог байна. Хүнтэй харилцан ярилцаж, өөрийгөө ойлгуулж, бусдыг сонсож чаддаг хүүхэд өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн асуудалгүй бие хүн болж төлөвшдөг бөгөөд насанд хүрээд гэрлэлт болон харилцаа нь тогтвортой, амьдралын сэтгэл ханамж, ажлын амжилт өндөр байдаг аж. 

Харвардын бас нэгэн судалгаагаар харилцах чадварт суралцсан хүмүүс ихэвчлэн маш сайн хэлэлцээр хийгч болдог гэнэ. Хэлэлцээр хийх гэдгийг зөвхөн ажил бизнесийн агуулгаар бус амьдралын алхам бүрт тулгарч буй үйл явдал, хүмүүсээр жишиж бодоорой. Сайн хэлэлцээр хийгч гэдэг бол хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг сайтар ойлгож, ширээн дээрх бялууг шударга хуваарилах ухаантай нэгэн юм шүү дээ. 

Харилцан ярилцахын гайхамшиг

Бид хүүхдүүдтэйгээ байнгын харилцаанд байдаг л даа. Нааш ир, энд суу, хоолоо ид, тэрийг болохгүй, энийг болно гэхчлэн цаг үргэлж тэднийг харж хандаж, харгалзаж байдаг. Гэвч энэ нь харилцан ярилцахаас өөр юм. Хүүхдүүдийн тархийг соронзон хэт авианы төхөөрөмжөөр зургийг нь авч харьцуулахад эцэг эхтэйгээ ярилцдаг хүүхдийн тархины Брокийн төв буюу хэл ярианы хөгжлийн төв маш идэвхтэй ажиллаж байгаа нь ажиглагджээ. Тархины энэ хэсэг хөгжснөөр хүн хэл зүйн дүрэм сурах чадвар өндөр, ярианы чадавх сайтай болдог. 

Тэгэхээр гэр бүлийн доторх харилцан яриа, хүүхэдтэйгээ санал бодлоо солилцох энгийн үйлдлүүд хүүхдийн тархины хөгжилд ямар их ач тустай байх нь вэ. Тархины биологийн хөгжил ямар байх нь ерөөсөө эцэг эхээс шалтгаална гэж хэлж болох нь. Эцэг эх боловсролтой эсэх, нийгмийн гарал ямар байх нь үүнд хамаагүй гэж эрдэмтэд тэмдэглэжээ. 

Санал бодлоо солилцож, биендээ ярих боломж өгч, нэгнээ сонсож ярилцахын тулд заавал гүн ухааны дуусашгүй урт сэдэв, мэтгэлцээн байх албагүй. Хүүхэд тэртэй тэргүй ямар нэг зүйл асуух юм уу, аливаа сэдвээр өөрийгөө илэрхийлнэ. Тэр үед яриаг цааш үргэлжлүүлээд л байх нь чухал. Эцэг эх өөрийн бодлоо хэлж, буцаагаад хүүхдийнхээ бодлыг асууж, тэдний асуултанд хариулж гэхчлэн энэ тийм хэцүү зүйл огт биш. Интерактив харилцаа ирээдүйн амжилттай бие хүний суурь болдог гэдгийг марталгүй тэдэндээ цаг гарга. Хүүхдийн чинь амьдрал, аз жаргалд бусад материаллаг дэмжлэгээс илүүтэй тэр л бяцхан харилцан ярианууд чухал үүрэгтэй байх нь. 

эх сурвалж: cnbc.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
16 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.