Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүүхдийнхээ интернэт хэрэглээг хэрхэн зохицуулах вэ?

Технологи хөгжсөн энэ эринд хүүхдийнхээ хэрэглээг хянаж, зохистой ашиглах ур чадвар суулгах нь яах аргагүй чухал болсон.


Хүүхэд тань дэлгэцнээс холдохоо байж үргэлж утас, iPad болон бусад төхөөрөмжүүд ширтэж байна уу? Технологи хөгжсөн энэ эринд хүүхдийнхээ хэрэглээг хянаж, зохистой ашиглах ур чадвар суулгах нь яах аргагүй чухал болсон. Тэгвэл хүүхдэдээ шаардлага тавихдаа юуг анхаарах тухай дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Дэлгэц удаан ширтэх нь ямар нөлөөтэй вэ?

Хүүхдэд интернэт хэрэглэх тохиромжтой хугацааг зааж өгөхийн өмнө удаан хугацаагаар ухаалаг төхөөрөмж ашиглахын үр нөлөөг сайтар ойлгох хэрэгтэй. Энэ нь бие махбодь, сэтгэл зүйд нөлөөлдгийг олон судалгаа баталсан бөгөөд цаашлаад ой санамж муудах, нойргүйдэх зэрэг сөрөг тал ч бий. Хэрэв хүүхэд тань Instagram гүйлгэнгээ даалгавраа хийвэл урт хугацаанд төвлөрч ажиллах чадвар нь алдагдаж байна гэсэн үг. Амралтын өдрөө цуврал кино үзээд л өнгөрүүлдэг бол өөртөө хяналт тавих, хувийн зохион байгуулалт нь мөн л муудаж байгаагийн илрэл. 

Тархины үйл ажиллагааг судалдаг эрдэмтдийн хэлж байгаагаар ухаалаг гар утас эсвэл iPad-ний гялгар дэлгэц нь бидэнд таатай, баяртай мэдрэмж тодорхой хэмжээгээр өгдөг байна. (Кардарас, 2016) Ингэснээр насанд хүрэгчид ч дэлгэцэнд донтдог бөгөөд хүүхдийн хувьд сэтгэл зүйгээ жолоодож сураагүй байдаг нь илүү донтоход нөлөөлдөг аж. Улмаар гадаа тоглох, бусадтай харилцах зэрэг нь хүүхдийн харилцааны ур чадварыг хөгжүүлдэг бөгөөд үүнийг алдсанаар том болоод сошиал медиад автах нь улам нэмэгддэг байна. 

Нөгөө талаас ухаалаг төхөөрөмж ашиглах нь бүхэлдээ муу зүйл бас биш. Тоглоом тоглох, цуврал кино үзэх зэрэг нь хөдөлгөөнтэй хүүхдийг хэсэг ч болов зугаацуулдаг шүү дээ. Мөн хэрэгцээтэй хичээл үзэж, үг цээжлэх гэхчлэн үр ашигтай тал бас бий. 

Тиймээс эцэг, эхчүүдийн хувьд давуу, сул талыг нь үнэлж шийдвэрээ гаргах нь чухал. Америкийн хүүхдийн эмнэлзүйн академиас 2-5 насны хүүхдэд өдөрт нэг цаг чанартай хэрэглээг санал болгодог жишээ бий. 

Миний хүүхэд донтсон уу? 

Эргэн тойрны хүмүүс чинь Netflix-д донтчихлоо, өсвөр насны хүүхэд маань Instagram-аас салахаа байлаа, бага хүүхэд маань Baby Shark-д донтчихоод байна зэрэг яриаг та элбэг сонссон байх. Гэвч энэ бүхэн зүгээр л яриад өнгөрөх биш үнэхээр чухлаар анхаарах ёстой асуудал юм. Түүнчлэн донтолтыг зөвхөн зарцуулж байгаа хугацаагаар хэмжинэ гэвэл бас өрөөсгөл. 

Америкийн сэтгэлзүйчдийн эвлэлээс хэлэхдээ өдөр тутмын амьдралын хэвшилд буюу унтаж амрах, бусадтай харилцахад нөлөөлж эхлэхүйц байвал донтолт гэж үздэг байна. Тухайлбал,

  1. Өдөр бүр хичээл, ажлын зорилгоор 5 цаг аливаа төхөөрөмж ашиглах ба хичээлээ таслаад таван цаг компьютер тоглох нь ялгаатай ойлголтууд билээ. 
  2. Унтахдаа утсаа оролдсоор бас сэрээд шууд оролдоно гэдэг бол асуудалтай байгаагийн шинж. Нүдний хараанд бас гүн нойр авахад энэ нь нөлөөлдөг ч хараахан донтолт гэж хэлж болохгүй. Харин унтахаа умартаж утсаа оролдож байвал яах аргагүй донтсоны шинж юм. 
  3. Хүүхдүүд хичээлийн дараа найз, нөхөдтэйгээ видео дуудлага хийж, чаталж байвал хэвийн боловч өөр бусадтай харилцан яриа өрнүүлэхдээ ч утаснаасаа холдохгүй байвал асуудал мөн. Энэ нь донтолтын эхний үеийн шинж юм. 
  4. Интернэтэд донтсон хүүхдүүдийн түгээмэл шинж нь сэтгэлзүйн хувьд эрүүл биш яарч санадарсан, депрэссдсэн маягийн болдог. Улмаар өдөр тутмын хэвийн амьдралаасаа уйдах, сэтгэл санаа нь огцом өөрчлөгдөх, аажмаар жин нэмэх эсвэл хасах нөлөөтэйг эмч нар хэлжээ. 

Тооноос чанар чухал уу?

Хүүхдээ ном уншдаг хүн болгох нь мэдээж чухал. Гэхдээ онлайнаар ном унших ч бас зүгээр шүү дээ. Тэгэхээр хүүхдэд зориулсан, насанд нь тохирсон контентийг үзүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. 

  1. Контентийн ангиллыг шалгаж үзэх: Тоглоом, кино зэргийг сонгохдоо насанд нь тохирсон эсэхийг анзаарч байгаарай. Тухайлбал, G ангиллын контентууд ерөнхийдөө бүх насныханд гэгддэг бол PG13 нь 13-аас доош насны хүүхэд эцэг, эхийн зөвлөмжтэйгээр үзэх гэсэн байдаг. 
  2. Дүрүүдийн онцлог: Тухайн контентийн дүрүүд зөв үлгэр, дууриалтай эсэхийг хянахад гэмгүй. Учир нь, насанд хүрэгчид хүртэл үзсэн, харсан дүрүүдээ даган дууриадаг шүү дээ. Тийм болохоор хүүхдэдээ хичээл зүтгэлтэй, хүмүүст тусалдаг гэхчлэн эерэг дүртэй контентуудыг санал болгох нь зүйтэй. 
  3. Олон талт байдлыг таниулах: Арьс өнгө, хүйс, үзэл хандлагын талаар хэвшмэл ойлголт түгээдэг медиа контентуудыг аль болох үзүүлэхгүй нь дээр. Оронд нь ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг, нийгмийн олон талт байдлыг тусган харуулдаг контентуудыг эрж хайгаарай. 
  4. Үнэн, бодит байдлыг эрэлхийл: Хэрэв тухайн контент нь жинхэнэ амьдралыг үзүүлж байгаа бол үйл явдал нь ч амьдралд нийцтэй байгаа эсэхийг анхаараарай. Шуудхан машин булаагаад, эсвэл шинжлэх ухаан, газар зүйн талаар буруу ойлголт өгөхүйц байвал дараа нь хүүхдийн ойлголтыг залруулахад амаргүй. 

Хүүхэдтэйгээ мөрдөх дүрэм гаргах хэрэгтэй юу? 

Дэлгэцийн хэт их хэрэглээг хязгаарлах нэг арга нь гэр бүлдээ тохирсон дүрэм гаргах. Гэхдээ ингэхдээ сайн хүүхэд байсны төлөөх шагнал нь интернэтэд орох гэсэн маягаар битгий хандаарай. Учир нь, мөхөөлдөс үргэлж авдаггүй учраас хааяа идэх нь маш амттай санагддаг. Үүн шиг интернэт ямар нэг онцгой, хааяа л ашиглахад хосгүй зүйл мэт төсөөлөл бий болговол улам л хүсэж тэмүүлэх, донтох суурь болно. Үүний оронд хүүхэдтэйгээ ярилцаж хэрэглээгээ зохицуулах нь хэвийн л зүйл гэдгийг ойлгуулах нь чухал. 

Түүнчлэн Kaspersky Safe Kids эсвэл Apple төхөөрөмжийн Screen Time ашиглаж хүүхдийнхээ хэрэглээг хөндлөнгөөс хянах боломжууд бийг санаарай. Хүүхдэдээ энэ тухай мэдэгдэж зохистой хэрэглээнд сургахын тулд хийж байгааг хэлэх нь зүйтэй. 

Өөрөө хэрхэн үлгэрлэх вэ? 

Аав, ээжүүдийн хувьд хүүхдэдээ зохистой хэрэглээг хэвшүүлэхдээ өөрөө зөв үлгэр дууриал үзүүлэх нь чухал. Хүүхдүүд аав, ээжийгээ л харж, дагадаг шүү дээ. Тиймээс: 

  1. Хоолны үеэр утсаа хол тавьж хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай. 
  2. Гадуур зугаалахдаа ч утсаа аль болох ашиглахгүй байхыг хичээгээрэй. Зураг авч чадахгүй өнгөрч мэдэх ч, утасгүйгээр зугаатай байж болно гэдгийг харуулах нь тустай. 
  3. Орой унтахдаа утсаа унтлагын өрөөнд авч орох хэрэггүй. Нойроо сайн авах нь илүү чухал. 
  4. Бусадтай ярилцаж байхад мессеж эсвэл сошиал медиа сонордуулга ирвэл эхлээд яриагаа дуусгаж байж утсаа шалгаж байгаарай. Хамт байгаа хүн чинь илүү үнэ цэнтэй шүү дээ. 

Интернэт төхөөрөмж огт ашиглахгүй байх уу? 

Сөрөг нөлөө ихтэй, донтох магадлалтай зэргийг нь бодвол хүүхдээ том болтол ямар ч төхөөрөмж хэрэглүүлэхгүй байх нь дээр ч юм шиг. Гэвч технологийн энэ эрин зуунд та хориглосон ч, хүүхэд алхам тутамдаа ухаалаг төхөөрөмжтэй харилцах л болно. Тэгэхээр ядаж гэр бүлийн хүрээнд зөв дадлыг бий болгох хэрэгтэй. 

  1. Зурагтаа унтрааж байх: Хоол идэхдээ, гэр бүлээрээ тоглож, ярилцахдаа зорьж үзэх зүйлгүй л бол зурагтаа унтрааж байх. 
  2. Ухаалаг төхөөрөмжийг үр ашигтай хэрэглэх: Хөгжим тоглох, юм унших, үг цээжлэх гэхчлэн тоглоом тоглохдоо ч аль болох хэрэгцээтэй, өөрт тустай апп ашиглах. 
  3. Ямар ч төхөөрөмжгүй чөлөөт цагаа өнгөрүүлэх: Гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн орох, музей үзэх гэхчлэн ухаалаг төхөөрөмж, интернэт шаардлагагүйгээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг эрэлхийлээрэй. 
  4. Медиаг хамтдаа ашигла: Хүүхэдтэйгээ хамт тоглоом тоглож, цуврал кино үзэж болно. Ингэснээр интернэт ашиглах нь заавал өрөөндөө ганцаараа хийдэг зүйл биш хамт ч хийж болох зүйл гэсэн ойлголт өгөхөд тусална.
холбоотой мэдээ
1
2020.06.19
"Зэрэглээ" наадам цахимаар зохион байгуулагдана
2
2020.06.15
Сошиал медиад дагагчдынхаа тоог "огцом" ихэсгэх 17 нууц
3
2020.05.05
Бодит мэдээллийн төлөө шийдэмгий өөрчлөлт хийхийг Пичай, Цукерберг, Күүк зэрэг эрхмүүдэ...
санал болгох
1
6 цагийн өмнө
Арчаагүй хүмүүс ядуу байдаг уу? Эсвэл ядуурал хүнийг гарцгүй байдалд хүргэдэг үү?
2
8 цагийн өмнө
Гэрээсээ ажиллаж буй хүмүүс хиймэл оффисын орчны чимээг сая саяараа сонсож байна
3
Уржигдар
Шинэ Зеланд нэмж нэг ч халдвар бүртгэгдэлгүй 100 хоног болсноо тэмдэглэж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.