Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдүүд байгаа газарт цирк мөнх


Орчин үеийн хүүхдүүдийг “өөр” гэж бодох болсон юм. Юунд ч тэгтлээ баярлаж хөөрдөггүй, бас дурладаггүй. Хүмүүст, гадаад орчинд анхаарлаа төвлөрүүлж чадах хугацаа нь ахархан. Интернэтээс хойш хүүхэд гэлтгүй бүх ертөнц өөрчлөгдсөн байхад аргагүй мэт, жам ёс мэт хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Гар утас, дэлгэцийн цаадах супер баатрууд л биш бол тэднийг маань гайхашруулах, шимтээх зүйл ховорхон буйд бодит биш ертөнцийн “хий үзэгдлүүдэд” гомдоллодог ээж нарын нэг билээ, би.    

Гэтэл... Өнгөрсөн амралтын өдөр манай гэрт гайхамшигт явдал болов. Үеэлүүдтэйгээ цирк үзэхээр явсан охин маань үзвэрээ дуусгаад ирлээ. Нүдэнд нь гал асчихсан. “Циркээ үзчихлээ” хэмээн бараг хашгирах шахам орж ирсэн. Т үсэг шиг гараа алдлаад хивсний захын шугам дээгүүр өлмий дээрээ алхалж, газар хэвтэн цагариг болж, сандал давхарлан дээр нь гарч Т үсэг шиг зогсож, үдэш унтах хүртлээ циркчин болж тоглолоо. Хамгийн сүүлд хүүхдүүддээ хэдийд цирк үзүүлснээ нэхвэл 2016 онд Улаанбаатарт болсон “Дэлхийн цирк Монголд” тоглолт юм байна. Тэгэхэд охин гурван настай байсан болохоор санаанд нь хамт зургаа авахуулсан сармагчинаас өөр дурсамж үлдээгүй аж. 

Хүүхдийнхээ баяр хөөрт сэтгэл хөдлөлийг хараад би ч бас өөрийнхөө цирктэй бага насыг саналаа. Цирк үзэхээр гэрээс гарах, замдаа яарах, үүдэнд нь дугаарлахаас эхлээд цирк үнэхээр баяр хөөр, том үйл явдал байдаг. Үзвэр эхлэхийн өмнө дүнн, дүнн, дүнн гэж гурвантаа дуугардаг хонх. Шаагилдаж байсан хүүхдүүд бүгд дугуй тайз руу чимээ аядан ширтэх мөч. Гэрэл унтрахад манежийн тоонон дахь толин бөмбөлгөөс ойсон одод өвөр дээгүүр гүйдэггүй юү. Ингэж тоглолт эхэлнэ. Агаарын гимнастик, үсрэлт, утсан дээгүүрх тэнцвэр, уран нугаралт, илбэ, жонглёр, алиалагчид, сургуультай морьд... Хүний боломж, чадвараас давсан мэт үзүүлбэрүүдийг жүжигчид инээмсэглэн гүйцэтгэх нь, гэнэт алиалагчид орж ирээд нөгөөх гайхамшгуудтай өөрсдийн “хэлээр” харилцах нь үнэхээр сонин, бас гоё.   

Цирк үзэлгүй уджээ. Хүүхэд байхаа л больчихсон хэрэг шүү дээ. Монгол Улсад циркийн урлаг үүссэний 80 жилийн ой ирэх онд тохионо. Орчин үеийн циркийн байртай болсны дараах 70-80-ад оны монгол хүүхдүүдийн бага насыг цирк хөгжилтэй, сонирхолтой болгосон шигээ урлаг, гоо зүйн боловсролыг ч бас олгож чадсан юм. Багадаа мэлхий болж нугардаггүй охин, акробат, жонглёр оролдоогүй хөвгүүн ховор биз ээ. Өнөөдрийн хүүхдүүд, ялангуяа циркэд хамгийн их хорхойсон дурлах 4-10 насныханд энэ хорвоо дээрх хамгийн мундаг нь хүн, түүний бүтээж чадах гайхамшиг гэдгийг харуулж чадах зүйл бол цирк хэвээр юм байна. Тэнд бүх үйл явдал нүдний өмнө болж, үеийнхэнтэйгээ хамт гайхан биширч, инээлдэн хөгжилдөж, алгаа ташиж болох бодит ертөнц бий. Өөртэй нь л адилхан хүмүүс тааз шүргэм өндөрт үсэрч, үегүй мэт нугарахыг харах урлагийн гайхамшиг, гоо сайхан, авхаалж самбаа, урам зориг, бас сайхан сэтгэл, хөгжүүн инээд, ухаалаг наргиа тэнд л бий. 

Цирк үзсэн бага насны мэдрэмж амьдралаас арчигдан мартагддаггүй шиг хүн төрөлхтний эртний урлагуудын нэг цирк Монголд ч бас мөхөхгүй юм байна. Улаан цутгалан, Чулуутын хавцал, Урт цагааныг олсон дээгүүр алхан туулж буй “хүн-аалз” Монголд байхад дэлгэцийн цаадах зургуудыг л ширтсээр суух нь хоосон, бас гунигтай биш гэж үү?  

2018. “Есөн өрлөг” хамтлаг БНХАУ-ын Ухань хотод зохиогддог олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээнд акробат, шидэх банзны төрлөөр оролцож, алтан цомын эзэд болсон.  

2019. БНХАУ-ын Учао хотноо хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээнээс Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ. 

2020. Гайхамшиг үүнээс өмнө ч байв. Мэдээж үргэлжилнэ... 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.