Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоод хамтран Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан сонгодог хөгжмийн анхан шатны мэдлэг олгох сургалт, тайлбарт тоглолтыг өнөөдөр (2019.09.25) Сонгинохайрхан дүүргийн 67, 76 дугаар сургуулийн нийт 200 гаруй хүүхдийг хамруулж, амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн 67 дугаар сургуулийн хүүхдүүдэд дэлхийн сонгодог хөгжмийн сод бүтээлчид болох Моцарт, Бетховен, Мендельсон зэрэг хөгжмийн зохиолчдын алдартай хөгжмүүдээс толилуулж, хүүхдүүдэд сонгодог урлагийн талаарх анхан шатны мэдлэгийг олголоо. Харин нийслэлийн 76 дугаар сургуулийн хүүхдүүдэд Оросын алдарт хөгжмийн зохиолч Прокофевийн "Петер ба чоно" жүжгийн сонгодог модон үлээвэр найрал хөгжимтэй хоршуулан тоглов.

Уг сургалт, тайлбарт тоглолт нь “Урлаг Хөгжлийн Төлөө” урлагийн боловсролын төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цаашдаа хотын төвөөс алслагдсан сургуулиудад хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа ажээ.
“Урлаг Хөгжлийн Төлөө” төсөл нь МУЗ-ийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг төслүүдийн нэг юм. Хөтөлбөрийн зорилго нь хүүхэд залуучууд, олон нийтэд урлагийн боловсрол олгох, соёлын өвөө өвлүүлэн үлдээх, урлагаар дамжуулан тогтвортой хөгжил, ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх оршиж байна.
