Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Хүүхэд хүнстэйгээ биш зардалтайгаа төрдөг


Би 22 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн юм. Тэгэхэд их сургуулиа дөнгөж төгсчихсөн тогтмол орлого ч гээд байх юмгүй, сард алдаг оног гурав, дөрвөн зуун мянган төгрөгөөс илүү мөнгө олж үзээгүй охин байлаа. Сургууль төгсөнгүүтээ жирэмсэлж, өөрсдийгөө эцэг эх болоход бэлэн гэж хэт романтик бодлоор итгэн, өөрийн гэр бүлтэй болоход яарч явсан байх юм. Аав ээждээ бие давхар болсноо хэллээ. Хорь гарсан улстай тэд юу ч ярих вэ дээ. “Хүүхэд гэдэг бол гарч ирээд өөрөө өсөж, хүмүүжээд хүн болчихдог юм биш, адгийн наад зах нь та нар хүүхдийнхээ төлөө өөрийн хүссэн зүйлсээсээ татгалзах шаардлага гарна. Бүх зүйл чинь наад хүүхдийнхээ сайн сайхны төлөө чиглэх ёстой. Тэгээд хэдхэн жилийн дараа цэцэрлэг, сургуульд орно. Мөнгө төгрөг хэрэг болно. Бэлэн үү та нар?” гэж асуусныг нь бол санаж байна. Дотроо бэлэн л гэж бодож суусан байх даа хөөрхий. 

Ингээд хүүхэд төрөв. Үнэндээ тээж төрүүлэх нь над дээр, тэжээж тэтгэх нь аав ээжийн нуруун дээр буулаа. Өнөө үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилая гэдэг шиг төрүүлээд өглөө одоо цаашид яахыг та нар мэд гэсэн шиг л. Яалт ч үгүй эхний хэдэн сар хөхүүлснээрээ би хооллосон гэж хэлбэл улайм цайм худал ярьсанд тооцогдохгүй л байх. Харин өнөөх маамуу чинь хөхний сүүндээ цадахгүй нэмэлт тэжээл ууна бас живхний хэрэглээ өндөртэй. Ингээд хорвоод мэндэлсэн эхний хоромдоо л хэрэглээний нийгмийн хүндэт гишүүн болж, “хэрэглэгч” статустай болж байгаа юм. Бор хоолонд орохын үестээ нухаш, ээдэм, тараг, хүүхдийн зутангаас авахуулаад тусгай хэрэгцээгээр идэж ууна. Хувцас хунар өмсөнө. Хүүхдийн ор, дэр, тэрэг, хоолны ширээ сандал гээд бүх зүйл хэрэг болно. Айлын анхны зээ учир аав ээж маань бүхнээ зориулж, хошуугаа дэвссэн. Харин би бол асрах сувилах, хооллох ундлахаас хэтрэхгүй. Өөрийн гэсэн орон байр ч байхгүй, аав ээжийнхээ дэргэд хүүхэдтэйгээ хамт тэжээлгээд л байж байлаа. 

Хүүхэд ой гарантай болоход би гадаад явж сурах юм болов. Аав нь охиноо хэдэн сар харж, дараачаар нь ээж минь ажлаасаа жилийн чөлөө авч зээгээ харж, хоёр дахь жил нь хөдөөнөөс сургууль завсардсан хүүхэд авч ирж харуулж, за тэгээд хамаатан садан, хэн хүнгүй харалцаж тусалсны хүчинд би сургууль төгсөж ирэв ээ. Хүүхэд төрөх нэг хэрэг, төрсний дараа хүүхдийг харах гэдэг бас нэг өөр харэг. Ялангуяа манайх шиг цэцэрлэг, өдөр өнжүүлэх хүрэлцээгүй оронд хүүхэд харж асрах хүнтэй байж байж л учраа олно шүү дээ.

 Охин 3 нас хүрээд гэрийнхээ хажуугийн хувийн цэцэрлэгт сарын 300 мянган төгрөг төлж явна. Би ирээд хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг ч төлөх чадваргүй байх нь мэдээж. Ажилд ороод хагас жил болж байж сая төгрөгийн цалинд хүрэх жишээний. Тэр болтол үлгэн салган өдрийн хоол, унааны мөнгөө л болгож явав. Ингээд бараг хүүхдээ 5 хүртэл эцэг эхдээ дараа болж байж арай хийн хоолны захад хүрч, тусдаа гарч, мөнгө төгрөг гуйхгүй шиг амьдралаа залгуулахтайгаа боллоо. Тэр жилээ ахин хүүхэдтэй боллоо. Энэ удаа өмнөхөө бодвол орлоготой, орох оронтой, өөрөө хүүхдээ харах боломжтой сэтгэл арай тэнэгэр байв. Гэхдээ төрсний дараах сэтгэл гутрал гэдэг зүйлтэй тулгарч, тэрийгээ мэдэхгүй хоёр жил шахуу явсан бас нэг адал явдалтай. Ерөөсөө л сэтгэл санаа таагүй, зовиуртай, уцаартай, ойлгох хүн байхгүй мэт, ганцаараа л нэг хүнд ачаа үүрчихсэн юм шиг яваад байсан. Гэхдээ энэ цаг үеэ ардаа орхиж чадсан. Ээж хүнд дэмжлэг, туслалцаа, анхаарал маш их хэрэгтэй байдаг. Эргэн тойрны хүмүүсээсээ тусламж дэмжлэг авсны хүчээр бүүдгэр бүрхгээсээ гарсан. Хүүхэд төрүүлнэ гэдэг бол хүүхдээ төрүүлээд л болчих зүйл биш юм байна гэдгийг тэгэхэд ойлгож билээ. Бие махбод, сэтгэл зүй, санхүү, нийгмийн болон гэр бүлийн харилцааны гээд маш их ачаалал ирдэг л дээ. Хүмүүс хүүхдээ хараад л жаргаад л, уяраад л, бахархаад л сууж байдаг гэж боддог шиг. 

Нөгөөтэйгүүр жирэмсэн болсноос хойш хүүхэд овоо том болох хүртэл эх хүүхэд хоёр эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авах шаардлага маш их гарна аа. Зориод очсон улсын эмнэлэг оочер дараалал ихтэй, танил тал эмч сувилагч хайгаастай, хэл ам татлаж, стресс нервээ бараастай. Эмнэлэг явна гэхээр үстэй толгой арзайдаг. Том охин дээрээ улсын эмнэлгийн туршлага хангалттай судалсан учир бага хүүхдээ дан хувийн эмнэлэг, хамгийн сайн гэсэн хүүхдийн эмчид үзүүлж ирлээ. Ханиад шуухинаа, халдварт өвчин, бөөлжих суулгах гээд л хүүхэд юу эсийг тусах вэ, тэр бүрт мөнгөгүй байсан ч асууж сураад хувийн эмнэлэг явах үе байв. Хувийн эмнэлэг ч дараалал ихтэй хэдэн цаг хүлээх нь бий. Яая гэх вэ, ямар нийгэмд амьдарч буйгаа мэдсээр байж л хүүхэд төрүүлсэн юм хойно. 

Тэгж байтал том маань сургуульд орлоо. Улсын сургуульд өгөх сонирхол байсангүй. Нэг ангид 50, 60 хүүхэд суугаад хичээллэхэд багш хэдэн хүүхдэд хүрч ажиллаж чадах вэ гэдгээс авахуулаад л бодож эхлэв. Яаж ийгээд цөөн тооны стандарт сурагчтай, хүүхэд сурах тав тухтай цэвэр цэмцгэр орчин бүхий сургуульд л өгнө гэж зорьлоо. Нэгэнт хүүхэд төрүүлсэн бол яаж ийгээд байж болох хамгийн сайныг тэр хүүхдэд зориулах ёстой гэж бат итгэдэг. Судлаж, хүүхдээ шалгуулж явсаар нэгэн хувийн сургуульд жилийн 6 сая төгрөгийн төлбөртэй сургав. Бидний төлж чадах хэмжээ л энэ юм. Ямартай ч сургалтын төлбөрийг нь графикаар яс төлж, төлбөр нь ч жил ирэх бүр нэмэгдсээр энэ жил дөрөвдүгээр ангийн нэг сурагчтай, цэцэрлэгийн насны нэг жаалтай. Аль аль нь хувийн боловсролын байгууллагаар хүмүүжиж байна. Жилд 8 орчим сая төгрөг тэдний төлбөрт зарцуулна. Төлбөргүй, улсын сургууль, цэцэрлэгт хүүхдээ явуулдаг хүмүүсийн хувьд өндөр өртөг. Амьдралын боломж сайтай улсад бол юухан хээхэн. Тэгэхээр хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулж буй манай зардал дундаж хэрийн юм уу даа. Энэ зардал хүүхдүүд томрох тусам улам л ихсэнэ. Тэдний хэрэгцээ шаардлага, коллеж, их сургуулийн төлбөр зэргийг олж, хангахын тулд нөхөр бид хоёр орлогоо жил ирэх тусам нэмэгдүүлж явах бодит шаардлагатай тулгарч буй юм. 


Улсын сургууль, цэцэрлэг хүртээмжтэй, чанартай бол заавал хувийн, төлбөртэй юм руу зүтгэж яах билээ. Гэтэл улс орон маань “Монголын үрс маш олон болтугай” гэчихээд тэднийгээ суулгах байр, хүмүүжүүлэх боловсон хүчин дутуун дээр байгаа хэд нь зөв менежмент, тав тух, үр ашигтай үндэсний сайн хөтөлбөр ч байхгүй нь үнэн юм. Хүүхэд төрүүлж, өсгөхөд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, аюулгүй амьдрах орчноос эрхэм чухал юу байх вэ? Гэтэл энэ бүхэн бол манайдаа тансаг хэрэглээ шүү дээ. Бүгдийг нь худалдаж авах шаардлага тулгардаг. Багш, эмч, хүүхдийн аюулгүй орчин гурвыг эцэг эхчүүд худалдаж авах хэрэгтэй болдог. Энд өвөл утаанаас зугтаж ийш тийш явах, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй байлгах гэж дугуйлан секцэнд хамруулах, органик эрүүл хүнсээр хооллох, өвдсөн үед нь хүнээр харуулах, хичээлийн дараа өдөр өнжүүлэхэд явуулах, гадаа аюулгүй тоглох зам, талбай бүхий орон сууцанд амьдрах гэх мэт бусад “тансагийн тансаг” хэрэгцээнүүдийн тухай огт дурдахгүй байгааг анзаарна уу. Зөвхөн хүний үндсэн хэрэгцээ болох эрүүл аюулгүй аж төрөх, боловсрол эзэмших тухай л ярихад ийм юм. Тэгэхээр хүүхэд өсгөнө гэдэг, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн систем нь уруугаа эргэсэн манайх шиг газар хүүхэдтэй болно гэдэг нь шууд хөрөнгө оруулалт хийж, бодит зардал гардаг ажил юм аа. Хүүхэд хүнстэйгээ ирэх байтугай шууд зардалтайгаа төрдөг юм аа. 

Манайх дундаж орлоготой, эхнэр нөхөр хоёул ажил хийдэг айл. Хоёр хүүхэдтэй. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хэн нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харах, эсвэл хүүхэд асрагч хөлслөх шаардлага тулгарсан. Энэ бол мөн л сүүлийн үед тулгарсан эдийн засгийн дарамт. Харин монголд дундаас доош орлоготой, олон хүүхэдтэй айл хэд байгаа вэ? Тэд яаж амь зууж, аж төрж байна вэ? Хүүхэд хэмээх тасралтгүй зардал шаардагдах хүндэт хүмүүсийг бид хэрхэн хүлээж авч, өсгөж хүмүүжүүлж байна? 

Хүүхэд төрөх бүрт тухайн гэр бүлийн санхүүд ямар ачаалал ирж буйг судалсан олон судалгаа бий. Эх хэдэн жил хүүхэд асарна төдий хувиар орлого нь буурч, түүнээ нөхөхөд дахиад тэдэн жил шаардлагатай гэсэн нарийвчилсан эдийн засгийн судлагаанууд ч бий. Олон хүүхэдтэй айлд, зөвхөн өөрт ногдох ёстой анхаарал халамжийг хангалттай мэдэрч чадахгүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн гэмтээдгийг бас л судалж. Айлын хэд дэх хүүхэд байхаас хамаарч архи, тамхинд донтох, зан төлвийн доголдолтой байх магадлал, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хэр байдгийг ч бас судалсан. Ядуу гэр бүлд төрсөн хүүхдүүд ядуурлын гинжин хэлхээг хэдэн үеэрээ цааш нь үргэлжлүүлэх магадлал өндөр байдгийг, олон дүү нар төрөх тусам ах эгч нарын хүртэх ёстой халамж анхаарал, боломж бололцоо шударга бусаар багасч байдаг тухай гэхчлэн энэ дэлхий дээр Монголоос бусад оронд социологийн болон социоэкономикийн судалгааг гайхалтай хийжээ. Нийгмийн нэг эд эс болох тэр нэгэн хүүхдийн амьдралын чанар, боловсролын чанар, хэн болох, хэрхэн амьдрах нь төр засагтаа тийм л чухал хамаатай ажээ. 

“Монголын үрс маш олон болтугай” гэх их зохиолчийн алдарт үгийг лоозон болгосон манай улс "Алдарт эхийн одон" тарааснаа хүн амын өсөлтийг дэмжих бодлого гэж эндүүрч байвал үгүй юм. Энэ бол хоосон сурталчилгаа, хэлбэр төдий хуучин цагийн ухуулга. Бодлого гэдэг бол тэр олон хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд үйлчлэх талаар ул суурьтай бодож гаргасан шийдвэр байх ёстой. Эхийн одон эдгээр асуудлын нэгийг ч болов шийдэх үү?

Манай төр засаг төрөлт, нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн оновчтой бодлогогүй, дээр нь олон хүүхэд л төрүүлээд бай хэмээн сурталдахаас өөр юмгүй. Хэдэн ч хамаагүй насандаа хэнээс ч хамаагүй хүүхэдтэй болоод л бай гэж байгаа юм шиг сонсогддог. Харин бүсгүй хүн, залуу гэр бүл та өөрийгөө болон ирээдүйн хүүхдээ бодоод нөхөн үржихүйн асуудлаа төлөвлөх хэрэгтэй, хүүхэд гэдэг бол дуусашгүй их хариуцлага бөгөөд нэгэнт хариуцлага хүлээвэл замын дундаас буцаж болдоггүйг хэн ч хэлэхгүй байна. Тооноос илүү чанарт анхаарч дэг журамтай, эр зоригтой, үнэнч шударга иргэн хүмүүжүүлээрэй гэж хэн ч хэлэхгүй байна. Орох оронтой болчихоод хүүхэд төрүүлэхээс гадна, амьдралын наадах цаадхыг ойлгож, төлөвших насандаа хүүхэдтэй болох тухай бас л ярихгүй байна. Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг байтугай өөрийнхийгөө ч ойлгохгүй, хариуцлага хүлээх чадваргүй байхдаа хүүхэдтэй болсноос үүдэн гэр бүл салах, хүүхэд өнчрөх эрсдэл их байдаг. Энэ бүгдийг нийгмийн хөгжлийн бодлого, хүн амын бодлого, хүүхэд хамгааллын бодлого шийдвэрээр дорвитой өөрчлөх сөн гэж мөрөөдөх юм.

Судалгаагаар нийгэмд хүйсийн тэгш бус байдал үүсэхэд нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол эмэгтэйчүүд төрж, хүүхэд харж нийгэм, эдийн засгийн амьдралаас алсрах практик гэж тодорхойлдог. Гэтэл бид хар залуудаа алдарт эх болсон хүнийг нийгмийн амьдралаас холдож, хувь хүнийхээ хувьд бусдаас санхүүгийн хараат болж буй үзэгдлийг нь магтаж урамшуулах дуртай байгааг ойлгохгүй юм. Магадгүй боломжтой айлын эзэгтэй, эхнэр байх л даа. Харин тэр ээж 20 насандаа дөрөв, таван хүүхэд хүмүүжүүлэх хэмжээнд төлөвшиж амжсан уу? Биологийн чадавх нь хэчнээн өндөр хөгжлөө гэхэд хүн дор хаяж 25 нас хүрч байж нийгмийн харилцааны, хөдөлмөрийн, сэтгэл зүйн дархлал чадвар тогтоно. Үүнээс өмнө сэтгэл хөдлөлөөр бүхнийг шийдвэрлэх хандлагатай. Ажил амьдрал, хайр дурлал ялгаагүй. Энэ дунд хүүхэд орж ирэхээр гэр бүл салалтын хохирогч болох магадлал ихсэнэ. 

Манай нийгмийн баян ядуугийн ялгаа гаарч, хүн амын 40% орчим нь ажилгүй, эдийн засаг доройтсон энэ цаг үед ядуурал, архидалт, хүчирхийлэл дунд төрж, өсөж байгаа гэм зэмгүй хэдэн мянган хүүхдийн тухай энд огт дурдсангүй зөвхөн өнгөцхөн, өөртөө тулгардаг зүйлсээ л ярихад ийм байна. Товчхон ойлгомжтой хэлэхэд, нэгдүгээрт хүүхэд бол тогтвортой орлоготой, тэжээх чадалтай хүний бодож төлөвлөх зүйл. Хэдий олон хүүхэдтэй болмоор байна төдий баян байх шаардлагатай. Хоёрдугаарт хүүхэд төрснөөр тухайн гэр бүлийн бүх хүний амьдралд том өөрчлөлт гарна. Тэр өөрчлөлт, ачааллыг эрсдэлгүй дааж чадах сэтгэл зүй, бие махбодийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Ерөнхийдөө төлөв төвшин, тэвчээр хүлээцтэй, сэтгэцийн хувьд эрүүл хүн мөн үү гэдгээ бодож үзэх хэрэгтэй. 

30 настай, хоёр хүүхдийн ээж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
1
7
0
1
0
2
0

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zevka yambaa 2023.04.02 202.9.46.50

hend ch busdiig shuuh erh bhgui. zevka

0 Хариулах


хр 2020.08.25 172.69.45.135

Та хэд бас бүр хэт 1 талаа бариад байнаа. Алдарт эх группт 6 хүүхэдтэй 6лаа хувийн сайн сургуульд явдаг ээж гялалзсан кар.ертай ээжүүд бас байна. Олон хүүхэдтэй гэхээрээ ядуу анхааралгүй хаясан өлөгчингүүд гэж бодохоо болиоо.

4 Хариулах


Зочин 2020.08.26 162.158.119.212

Ter chin tsoonh ni

0 Хариулах


Johny 2020.08.25 141.101.77.53

Er n zaawal huuhedtei boloh ch albagui shde. Bi bol huuhed gargahiin esreg bna. Ylanguya Mongol shig aimar gazar ur udmaa uldeene gej bodhoor barag tgj hun zowoosnoos turuuleegui bsn n deer ch biz. Eswel gadaadruu garch huuhedtei boloh ch ymuu buur bolohgui bol urguj l awna. Uuriinhu buteesen mah tsusni tasarhaigaa Mongoliin har niigemd law usguhgui

0 Хариулах


tsatsaa 2020.08.23 172.69.45.135

ene unen shuu ooroo sanhuugiin haraat bus baidaltai bolj huuhed osgoh chadvartai boljeej huuhedtei bolno gej bodoj bgaa ternees omno ooriinhoo bolovsrold anhaarah heregtei l gej bodoj bn daa

0 Хариулах


Зочин 2020.08.21 162.158.118.47

Өөрийнхөө арчаагүйг бусдад нялзаасан л бна.

12 Хариулах


Зочин 2020.08.22 172.69.33.36

dongoj garaad torj baigaa humuusiin hed ni huuhdee tejeeh orlogotoi baigaa bol ene bol harin ch archaatai hun yum bishu

0 Хариулах


Ариун 2020.08.21 172.69.45.137

яаг л бодит үнэнийг бичсэн байна

0 Хариулах


Зочин 2020.08.21 162.158.118.47

Yag unen saikhan bichjee

0 Хариулах


и 2020.08.21 188.114.103.104

Яаг үнэн. Юу юучгүй байж хүүхэд цувуулаад байдаг хүүхнүүдийг ойлгохгүй юм. Би лав 35 хүрж байж гэрлэж хүүхэдтэй болно гэж боддог. Хүүхэдгүй байсан ч ер нь яахавдээ

0 Хариулах


Зочин 2020.08.20 162.158.118.99

Yag bidnii l amidral bnaa

0 Хариулах