Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хуурамч мэдээлэл тараадаг 7 ТӨРЛИЙН ХҮН


Итгэхэд бэрх инээдтэй цуурхлуудаас эхлээд үнэн ч байж магадгүй юм гэж бодохоор янз бүрийн мэдээлэл цахим орчинд үе үе тардаг. Тэгвэл энэ мэдээллийн цаана хэн байдаг бол, яагаад ийм мэдээлэл тараадаг юм бол?  

BBC цар тахлын үеэр цахим орчинд гарсан олон зуун ташаа болон хуурамч мэдээллийг эрэн сурвалжилж, түүний ард хэн байгааг тогтоохыг зорьсон байна. Мөн тэд судалгаандаа үндэслэн хуурамч мэдээлэл тараадаг долоон төрлийн хүнийг нэрлэжээ. Таны эргэн тойрны хүмүүс, сошиал найзууд дунд ийм хүн байгаа юм биш биз?   

Холбоотой мэдээлэл: Коронавирус: Хуурамч мэдээлэл хэрхэн вайрел болдог вэ?

Жокер

"Засгийн газар лондончуудыг хооллохын тулд Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд аварга том лазанья хийж байна" гэх WhatsApp-ийн дуут мессежинд хэн ч итгэхгүй гэж та бодож магадгүй. Гэвч зарим хүн наргианыг үнэхээр ойлгодоггүй. 

Жишээ дурдахад, засгийн газрын баримт бичгийг скрин шот хийсэн мэт хуурамчаар үйлдэж, гэрээсээ олон удаа гарч явсан хүмүүсийг торгож байна гэдэг хуурамч мэдээллийг нэгэн этгээд инстаграмд тарааж. Гэтэл төд удалгүй уг мэдээлэл фэйсбүүкийн группүүдээр тарж, зарим иргэн уг шийдвэрт санаа зовж байгаагаа илэрхийлжээ. "Би хүмүүсийг сандаргая гэж үнэхээр бодоогүй. Хэрэв хүмүүс сошиалд явж байгаа скрин шотод итгэж байгаа бол интернэтээс мэдээлэл авахдаа ч анхаарах хэрэгтэй" хэмээн уг мэдээллийг анх тараасан хүн ярьжээ. 

Эндээс харахад хэн нэгнээр тоглоом тохуу хийх гэсэн, хөгжилдөхийг хүссэн хүмүүс заримдаа өөрсдөө ч мэдэлгүй хуурамч мэдээ түгээх нь бий. 

Ашиг хонжоо хайгч

Цар тахлыг далимдуулж ашиг хонжоо, мөнгө олох гэсэн хүмүүс Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын нэрийг барьж хуурамч мэдээ тараадаг. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард "Засгийн газар иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон тул дансныхаа дэлгэрэнгүй мэдээллийг илгээнэ үү" гэх луйврын шинжтэй мэдээлэл цацагджээ. 

Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард "Коронавирусийн эсрэг эмчилгээний үр дүнг энд дарж үзээрэй" гэсэн хуурамч холбоосыг хүмүүс рүү и-мэйлээр илгээсэн хэрэг гарсан байна.

Улстөрч

Хуурамч мэдээлэл зарим тохиолдолд улстөрчдөөс гардаг. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар авсан хүмүүсийг хэт ягаан туяагаар шарах, ариутгалын бодис тарих нь коронавирусийг эмчлэхэд үр дүнтэй байж мэднэ хэмээн ярьсан юм. Дараа нь тэр уг тайлбараа зүгээр л егөөдөж хэлсэн хэмээн мэтгэжээ. Гэтэл Трампыг ингэж ярьсны дараа эрүүл мэндийн байгууллагын лавлах утас руу ариутгалын бодисын талаар лавлаж асуусан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. 

Мөн Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч коронавирусийг Америкийн армийнхан Ухань хотод санаатайгаар тараасан байж болзошгүй гэх таамаглалыг дэвшүүлсэн юм. Үүнээс улбаалан Оросын төрийн телевиз уг хуйвалдааны онолын талаар оргил цагаараа хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

 Хуйвалдааны онолч

Коронавирусийн талаар хангалттай сайн судалгаа хийгдээгүйн дээр олон нийтийн дунд тодорхойгүй байдал, эргэлзээ давамгайлж байгаа нь хуйвалдааны онолууд гарч ирэх үндэс болж байна. "Коронавирусийн вакцин тариулсан эхний хүн нас барсан" гэх цуурхал бол вакциныг эсэргүүцэгч хуйвалдааны онолчдын гаргасан хуурамч мэдээний нэг жишээ юм. 

Түүнчлэн хуйвалдааны онолч Дэвид Иккетэй хийсэн хэд хэдэн ярилцлага YouTube-д тавигдсан (сүүлд устгасан) бөгөөд уг ярилцлагадаа тэрбээр 5G сүлжээг коронавирустэй холбон ярьсан байжээ. Мөн фэйсбүүкээс түүний пэйжийг "хүний бие махбодод хор хөнөөл учруулж болохуйц эрүүл мэндийн холбогдолтой ташаа мэдээлэл нийтэлсэн" гэх үндэслэлээр устгажээ. 

Мэргэжлийнхэн

Заримдаа эмч, профессор, эмнэлгийн ажилтан гэх мэт найдвартай эх сурвалжууд ч хуурамч мэдээлэл тараах нь бий. Тухайлбал, Их Британийн Кроли хотод амьдардаг эмэгтэй хүмүүсийг сандралд оруулсан дуут мессежийг тараажээ. Тэрбээр залуу, эрүүл чийрэг хэрнээ коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо бодитой биш гэж бодож байгаагаа ярьсан байв. Мөн тэр түргэн тусламжийн албанд ажиллаж байхдаа олж авсан дотоод мэдээлэлд үндэслэж ийм таамаглал дэвшүүлсэн гэжээ. 

Уг эмэгтэй BBC-ийн сурвалжлагчдад аль эрүүл мэндийн байгууллагад ажилладгаа хэлээгүй аж. Юутай ч түүний ярьсан мэдээлэл худал гэдгийг эрэн сурвалжлагч сэтгүүлчид баталж байна. 

Хамаатан садан

Зарим хүн хэн нэгнээс ирсэн мэдээллийг үнэн, худлыг ч ялгаж амжилгүйгээр дотны хүмүүс рүү явуулдаг. Тэдний нэг бол дөрвөн хүүхдийн ээж Даниэль Бэйкер. Тэрбээр фэйсбүүк мессенжерээр ирсэн мэдээллийг "юмыг яаж мэдэх вэ, үнэн байж магадгүй" гэж бодоод дүү рүүгээ илгээжээ. "Эхэндээ танихгүй эмэгтэйгээс ирсэн зурвасыг хараад нэг их тоогоогүй. Гэхдээ дараа нь би тэрийг дүү рүүгээ явуулсан. Бид ойролцоо насны хүүхдүүдтэй юм л даа. Тийм болохоор санаа зовоод, юмыг яаж мэдэх вэ гээд явуулчихсан" гэжээ. 

Хэн ч дотны хүмүүстээ муу зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй. Гэвч хуваалцсан мэдээлэл чинь хуурамч, баталгаагүй байвал харин ч эсрэгээрээ тус биш, ус болж мэднэ. 

Олны танил хүн

Дуучин M.I.A., жүжигчин Вуди Харрелсон зэрэг олны танил хүмүүс "5G сүлжээ коронавирус тараадаг" гэх цуурхлыг сошиалын олон мянган дагагчдадаа тараажээ. 

Ройтерс хүрээлэнгийн саяхан хийсэн судалгаанд дурдсанаар, алдартнууд цахим орчинд хуурамч мэдээлэл газар авахад гол үүргийг гүйцэтгэж байна гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.