Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"Хувийн тэтгэврийн тухай хууль"-ийн талаар таны мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


Өдгөө хөдөлмөр эрхэлж буй бүх иргэн сар бүр орлогоосоо тогтмол 24 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байна. Гэвч өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээ 350 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь насаараа нийгмийн даатгал төлсөн ч тэтгэвэрт гарахдаа цаашдын амьжиргаа, хэрэгцээгээ хангах боломж хомс байгааг илтгэж буй үзүүлэлт юм. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар “Хувийн тэтгэврийн тухай хууль"-ийн төслийг өнгөрсөн тавдугаар сард өргөн барьж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны уржигдрын хуралдаанаар хэлэлцэв. “Хувийн тэтгэврийн тухай хууль"-ийн төслийг УИХ хэлэлцэх эсэх, ажлын хэсэг байгуулан хөгжүүлэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. 

Энэ хууль юугаараа ач холбогдолтой байв, яагаад дэмжигдсэнгүй вэ, та бид яагаад үүнд онцгой анхаарал хандуулах ёстой вэ гэдгийг цөөн баримтаар тайлбарлая. 


МОНГОЛД ЯМАР ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО ҮЙЛЧИЛДЭГ ВЭ? Манай улс тэтгэврийн нэг тулгуурт системтэй бөгөөд иргэн төлсөн бүх шимтгэлээ улсад тушаадаг. Нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал гэж таван төрөлтэй. Тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17 хувийг нь авдаг атлаа жил бүр алдагдалтай ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд энэ алдагдлыг нөхөхийн тулд шимтгэлийн хувь хэмжээ болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Иргэд өндөр насалсан ч тэтгэвэр авахын тулд үргэлжлүүлэн ажиллахаас өөр сонголтгүй болж байна. Тиймээс цаашид олон тулгуурт систем рүү шилжих хэрэгцээ шаардлага нэмэгдсээр буй. Ингэснээр иргэд ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэх аж.

Тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17 хувийг нь авдаг атлаа жил бүр алдагдалтай ажиллаж байна.

Олон тулгуурт гэдэг нь улсын, компанийн болон хувийн даатгалын системийг бий болгоно гэсэн үг. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хувийн тэтгэврийн санг зохицуулах хууль гарч, эрх зүйн орчин бүрдснээр олон тулгуурт систем бий болох, шимтгэлийг хуваарилдаг бус хуримтлуулдаг тогтолцоо руу шилжих боломж бүрдэнэ. Товчоор, “Хувийн тэтгэврийн тухай хууль" батлагдвал тэтгэврийн шинэчлэлийн хамгийн чухал хоёр алхам хийгдэнэ гэсэн үг.

ОДООГИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН ЯАГААД АШИГГҮЙ БАЙНА ВЭ? Энэ тухай ярихын тулд тэтгэврийн даатгал, тэтгэврийн сан гэх ойлголтуудын ялгааг тодорхойлох шаардлагатай юм. Даатгал бол эрсдэлийг хаах зорилготой бүтээгдэхүүн. Тухайлбал, хүн хэзээ өвдөх, өвчлөх, осол гэмтэлд орох, ажилгүй болохыг тааварлах аргагүй учраас эрсдэлийг хаах үүднээс даатгалд хамрагдах нь зүйн хэрэг. Гэтэл тэтгэвэр нь гэнэт үүсдэг эрсдэл биш юм. Учир нь иргэд хэзээ, хэдэн настайдаа тэтгэвэрт гарахыг манай холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. Иймд энэ хоёр ойлголтыг зааглах, тэтгэврийн даатгалын санг нийгмийн даатгалаас салгаж, шинэчлэл хийх шаардлагатай гэж “Хувийн тэтгэврийн тухай хууль"-ийг санаачлагч, дэмжигчид үзэж байна. 

Үүнээс гадна өнөөгийн тэтгэврийн даатгалын сангийн хамгийн том сул тал нь өвлөгддөггүй, хүү болон үр өгөөж тооцогддоггүй байдал юм.

ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАГААД ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? Шилжилт хийх шаардлагатай олон хүчин зүйл байгаа ч нэн тэргүүнд Монгол Улсын хүн амын насны бүтцийг анзаарах хэрэгтэй. Одоогийн байдлаар нийт хүн амын 70 орчим хувийг 35-аас доош насныхан эзэлж байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 хүн, 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоо гарчээ. Одоогоор хүн амд залуучуудын эзлэх хувь давамгайлж байгаа ч Тэтгэврийн даатгалын сан жил бүр дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Цаашид ахмадуудын тоо нэмэгдэхийн хэрээр нөхцөл байдал хүндэрнэ. 

Одоогоор хүн амд залуучуудын эзлэх хувь давамгайлж байгаа ч Тэтгэврийн даатгалын сан жил бүр дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Цаашид ахмадуудын тоо нэмэгдэхийн хэрээр нөхцөл байдал хүндэрнэ.

Нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөөтэйгүүр насжилт хурдсах үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй байна.

"ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-Д ЯМАР ЗОХИЦУУЛАЛТУУД ТУСГАГДСАН БЭ? Өргөн барьсан хуулийн төсөлд хуримтлал суурьтай хувийн тэтгэврийн тогтолцоо буюу тэтгэврийн хуримтлал үр хүүхдэд нь өвлөгддөг, үр өгөөж нь тооцогддог байх гэх мэт тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүд тусгагджээ. 

Түүнчлэн хувийн тэтгэврийн сангуудын эрсдэл даах чадвар сайн, үйл ажиллагаа ба засаглалыг тогтвортой байлгах үүднээс холбогдох зохицуулалтыг оруулсан байна. Тухайлбал:

  • Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хувийн тэтгэврийн сангийн тоо дээд тал нь тав байхаар заажээ. Мөн тухайн хувийн тэтгэврийн сан монгол эзэмшигчтэй буюу зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой. 
  • Нэг хуулийн этгээд(компани)хувийн тэтгэврийн сангийн дээд тал нь 10 хувийг л эзэмших эрхтэй.
  • Тухайн хувийн тэтгэврийн сангийн эхлэл хөрөнгө нь хамгийн багадаа 20 тэрбум төгрөг байх ёстой.
  •  Нэг компанид нийт тэтгэврийн сангийн хөрөнгийн дээд тал нь 1 хувийг л хөрөнгө оруулна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн сангийн хөрөнгийг хамгийн багадаа 100 компанид хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм. Ингэснээр цөөн хэдэн компаниас хараат болох эрсдэлийг хааж байгаа аж. 

ИРГЭН ШИМТГЭЛИЙНХЭЭ ХЭДЭН ХУВИЙГ ХУВИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ? Тэтгэврийн даатгалын санд иргэд 17 хувийн шимтгэлийг сар тутам өгдөг. Үүнээс иргэн өөрөө 8.5 хувийг, аж ахуй нэгж нь 8.5 хувийг төлдөг. “Хувийн тэтгэврийн тухай хууль"-д эхний ээлжинд шимтгэлийн 4 хувийг иргэн хувийн тэтгэврийн санд сонгон байршуулж болохоор тусгасан байна. 

ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ЮУ БОЛОХ ВЭ? Мэдээж хэрэг шимтгэл төлөгч бүх иргэн нэг дор хувийн тэтгэврийн сан руу шилжихгүй. Ойролцоогоор 10 хувь нь шилжлээ гэхэд 20 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа аж. Гэтэл Тэтгэврийн даатгалын сан өнгөрсөн жил л гэхэд 600 тэрбум төгрөгийн алдагдлыг улсын төсвөөс нөхсөн. Хэрэв шинэчлэл хийгдэхгүй бол энэ алдагдал жил тутам 100 тэрбум төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЯАГААД ДЭМЖСЭНГҮЙ ВЭ? УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төсөл олонхийн дэмжлэгийг аваагүй. Тодруулбал, санал хураалтад 14 гишүүн оролцсоны долоон гишүүн нь дэмжиж, дөрвөн гишүүн нь санал хураалтын үед чуулганы танхимд байгаагүй тул татгалзсан саналд тооцогдож, нэг гишүүн кнопоо андуурч дарсан, хоёр гишүүн татгалзсан санал өгснөөр 7-7 гэсэн саналын харьцаатай тэнцжээ. Нийт гишүүдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд оруулж ирж буй саналыг дэмжээгүйд тооцдог журамтай аж. 

Санал хураалтад оролцсон УИХ-ын гишүүдээс Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ц.Сандагдорж, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар дэмжсэн бол С.Ганбаатар, С.Чинзориг нар татгалзсан санал өгчээ. 

ОДОО ЯАХ ВЭ? Яг одоо УИХ-ын чуулганаар Байнгын хороодын шийдвэрийг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн олонх “татгалзсан” хариу өгвөл “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төсөл эргээд Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдэх юм. Харин Байнгын хорооны шийдвэрийг УИХ-ын гишүүд олонхоороо “зөвшөөрвөл” хуулийн төслийг хэлэлцэх дахин хугацаа хойшилж, тэр хэрээр тэтгэврийн шинэчлэл хойшлогдох нь ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.