Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хятад улс коронавирусийн дэгдэлтийг хумихын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?


Коронавирусийн халдвар анх 11 сая хүн амтай Ухань хотоос илэрсэн бөгөөд албан ёсоор бүртгэгдсэн нийт халдварын 98 орчим хувь нь БНХАУ-д илрээд байгаа юм. Тиймээс Хятадын эрх баригчид вирусийн халдварыг хумихын тулд дараах томоохон арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

1. Хяналт - шинжилгээ 

Нэгдүгээр сарын 23-нд хөл хорио тогтоохоос өмнө Ухань хотоос гарсан бүх хүнийг бүртгэлжүүлж, эмнэлгийн хяналтад байлгаж байна гэж албаны хүмүүс мэдээлжээ. Ялангуяа, Хятадын өнцөг булан бүрээс Ухань хотод түр хугацаагаар ажиллахаар ирээд, Цагаан сарын амралтыг тохиолдуулан хотоос гарсан иргэдийг тогтмол хугацаанд эмнэлэгт үзүүлж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчилгээ хийлгэхийг шаардаж байна. Хөл хорио тогтоохоос өмнө 5 сая орчим хүн хотоос гарсан гэж Ухань хотын захиргаанаас мэдээлжээ. 

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ухань хотоос эргэж ирсэн хүн бүрийг 14 хоногийн турш гэртээ байж, халуунаа тогтмол хэмжих, ханиалга, халуун нэмэгдсэн тохиолдолд эмчилгээ хийлгэхийг Бээжингийн эрүүл мэндийн албаныхан зөвлөж байгаа аж. Түүнчлэн халдвар авсан хүнийг эрт илрүүлэхийн тулд олон улсын нислэгээр зорчиж буй, газраар хил давж буй иргэдийн халууныг хэмжиж, асуулга бөглүүлж байна. 

2. Халдвар авсан хүнтэй ойр байсан хүмүүсийг олж тогтоох 

Халдвар илэрсэн тохиолдолд тухайн иргэнийг эмнэлэгт тусгаарлаж, халдвар тархахаас сэргийлж байгаа юм. Мөн өвчний шинж тэмдэг илэрснээс хойш тухайн хүнтэй ойр байсан (2 метрээс дотогш зай) хүмүүсийг олж эмнэлгийн хяналтад авах, шаардлагатай нөхцөлд гэрийн хорионд оруулах арга хэмжээ авч байна. Хэрэв 14 хоногийн дотор ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол халдвар аваагүй хэмээн үзэж байна. (ДЭМБ-ын зөвлөснөөр, халдвар илэрсэн тохиолдолд, хамгийн түрүүнд гэр бүлийн гишүүд, нэг гэрт хамт амьдардаг хүн, хамт ажиллагсдыг шалгаж байгаа аж. Цаашлаад хөршүүд, хамт нийтийн тээврээр зорчсон, нэг арга хэмжээнд оролцсон, дэлгүүрт таарсан, нэг цагт эмчид үзүүлсэн хүмүүсийг халдвар авах эрсдэлтэй гэж үзэж байна.)

3. Тусгаарлах 

Одоогоор ихэнхдээ ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамжин вирус халдварлаж байна. Гэвч БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын захирал Ма Сяовэй нэгдүгээр сарын 26-нд хийсэн мэдэгдэлдээ "Бидний ажиглалтаас үзвэл, өвчний далд үед вирус халдварлах боломжтой" гэжээ. Өөрөөр хэлбэл, коронавирус 2-14 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болох ч энэ үед бусдад халдварлах боломжтой гэсэн үг юм. Үүгээрээ SARS буюу амьсгалын замын хурц халдварт өвчнөөс ялгаатай аж. Тиймээс халдвар авсан байж болзошгүй гэгдэж буй хүнийг нэн даруй тусгаарлах арга хэмжээ авч байна. 

4. Хөл хорио тогтоох

Хятадын эрх баригчид Ухань болон тус бүсийг тойрсон 10 гаруй хотод хөл хорио тогтоогоод байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, 50 орчим сая хүн уг хөл хорионд ороод байгаа аж. Цагаан сарын үеэр тус улсад 3 тэрбум орчим нислэг үйлдэгддэг учраас баярын үеэр вирусийн халдвар газар авахаас Хятадын эрх баригчид болгоомжилж байна. 

5. Судалгаа шинжилгээ, туршилт 

2002 онд SARS-ийн дэгдэлт гарахад вирусийн генийг гаргаж авахад олон сарыг зарцуулж байсан бол энэ удаа Хятадын эрдэмтэд коронавирусийн халдвар илэрснээс хойш хэдхэн хоногийн дотор вирусийн генийн онцлогийг тодорхойлж, 1-р сарын 10-нд судлаачдын өргөнөөр ашигладаг нийтийн мэдээллийн санд холбогдох мэдээллийг байршуулжээ. Уг мэдээллийг ашиглан Япон, Тайланд улсад илэрсэн вирусийн халдварыг богино хугацаанд тогтоож чадсан байна. 

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, халдвар авсан эсэхийг тогтоох нь ярвигтай үйл явц гэнэ. Юун түрүүнд, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан байж болзошгүй хүний хамар, хоолойноос арчдас авч, цусны дээжийг лаборатори руу илгээдэг байна. Гэвч уг шинжилгээг бие даан хийдэг лаборатори цөөн тул арчдас, цусны дээжийг лабораторид хүргэхийн тулд 4-6 цагийн зарцуулж байна гэжээ. АНУ-д л гэхэд Атланта дахь Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв л дангаараа уг шинжилгээг хийж байна. Тиймээс судлаачид өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжийг эрэлхийлж байна. 

6. Вакцин ба эмийн эмчилгээ

Лопинавир, ритонавир зэрэг бусад төрлийн коронавирусийн эсрэг эмийг шинэ төрлийн коронавирусийн (2019-nCoV) халдвар авсан хүнд хэрэглэж болох эсэхийг эрдэмтэд судалж байна. Мөн Moderna Inc, Novavax Inc зэрэг эмийн компаниуд коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах ажилд орсон гэж мэдэгджээ. Гэхдээ хүн дээр туршиж үзэх боломжтой вакцин гаргаж авахын тулд хамгийн багадаа гурван сарыг зарцуулна гэж судлаачид хэлж байна. 

Эх сурвалж: Bloomberg 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Өчигдөр
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Өчигдөр
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
3
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.