Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

"Хятадтай тайван сайхан харилцаатай байгаа дээрээ өвөр монголчуудтайгаа ойртож, тэднийг ойлгож, таньж авах сан"


Сүүлийн үед ӨМӨЗО-ы зарим сургуулийн хичээлийн хөтөлбөр дэх монгол хэлний болон монгол хэлээр заадаг зарим хичээлийг хязгаарлах тухай шийдвэр гарч, монголчуудын дунд ч ярианы  халуун сэдэв боллоо. Өвөрлөгч ахан дүүс хэмээн бидний нэрийддэг тэд чухам хэн болох, тэдний бичиг соёлын асуудалд бид ямархуу хэр хэмжээтэй оролцож, ямар өнцгөөс хандах билээ гэхчлэн асуултад харуилт авахаар дараах эрхмүүдтэй уулзаж ярилцлаа. 

Өвөр Монгол судлалыг дэмжих “Соёмбо” төвийн тэргүүн Д.Базардорж: Тэрбум 400 сая хүний дотор өөрсдийн соёлоо хадгалж үлдэж чадсан өвөр монголчууд бол бахархам хүмүүс



- Өвөр Монгол судлал бидэнд ямар ач холбогдолтой зүйл вэ гэдгээс яриагаа эхэлье.

- За судлах шалтгаан бол олон бий дээ. Түүхэн явцад монголчууд хилийн наана цаана олон тасарлаа. Цаг хугацаа улиран одохын хэрээр элдэв шалтгааны улмаас бид хилийн цаадах монголчуудаасаа улам л холдож байна. Бид Монгол гэхээр ерөөсөө энэ сая таван зуун мянган км хавтгай дөрвөлжин дээр амьдарч буй гурван сая гаруйхан хүнийг л ойлгочих гээд байдаг болж. Хилийн цаад дахь монголчуудаа хаячхаад буй юм. Түүх ярьсан ч халхын түүх голчлон ярина. Яагаад гэвэл бид боловсролын системдээ сүүлийн хоёр гурван зуун жилийн түүхийг өргөн хүрээнд нь ярилгүй хаясан байна. Судалгаа ч хангалтгүй байна. Гэтэл Монголын тухай, монгол үндэстний тухай өргөн хүрээнд ярьж, судалдаг байх нь эх оронч ирээдүйг бэлдэхэд, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хамгийн их хэрэгтэй юм шүү дээ. 

Харамсалтай нь бусад монголчууд, тэр дундаа Өвөр Монгол гэж хэн бэ гэдэг талаар бидэнд бодит ойлголт, зөв мэдээлэл бага. Хэдэн судлаачид л элэг нэгт ах дүүс минь гэж ярьдаг. Ер нь тэд хэн юм бэ. Нийгэмд бараг ойлголт алга. Тэд бол өөрсдийгөө монгол гэж үздэг, наашаа гэсэн халуун сэтгэлтэй хүмүүс. Бидэнтэй маш дотно харилцах хүсэлтэй. Харин бидэнд тэдний тухай ойлголт хомс. Сав л хийвэл хужаа гэж ад үзэх шинжтэй. Зүрх рүү нь хутга шааж байгаатай адил юм даа. 

Хоёрдугаарт, Монгол, Хятадын хоорондох эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааны дийлэнх нь Өвөр Монголтой харилцах харилцаа байдаг. Газарзүйн байрлалаас шалтгаалаад гол гол хилийн боомтууд дандаа тэдний нутагтай залгаж байна. Хятадын төрөөс ч ялгаагүй манайтай харилцах дипломат бодлогоо хэрэгжүүлэх, дамжуулах хамгийн торгон цэг бол бас л Өвөр Монгол. 

Ингээд үзэхээр бид Бээжин гэхээс илүү Өвөр Монголтой харилцаж, түншилж буй болж таараад байна. Тиймээс тэднийг тусгайлан ярьж, судлан, хоёр орны харилцаанд гүйцэтгэж буй үүргийг нь илүү тодорхой болгох хэрэгтэй. 

- Төрийн бодлогын түвшинд Өвөр Монгол судлалыг чухалчилж үздэггүй хэрэг үү? Үгүй ядаж соёлын хувьд бидний мартсан, алсарсан зарим өв соёлыг одоо болтол тээж буй хүмүүс биш гэж үү?

- Энэ их санаа зовмоор л юм байгаа юм. Одоо болтол Өвөр Монголын асуудлаар тусгайлан ажилладаг судалгааны байгууллага гэж алга. Хэдий болтол бид мөнгө зоосны тухай ярианаас илүү гарахгүй явах вэ. Хилийн чанад дахь монголын асуудал гэдэг түүнээс чухал юм сан. Үүнээ ор тас хаячхаад явж байна. За би танаас нэг зүйл асууя. Та Өвөр Монголын Шилийнгол аймгийн тухай хэр мэдэх вэ? 

- Би үнэндээ их л сонсож байснаас сайн мэдэхгүй юм байна.

- Харин тийм, мэдье гээд хайсан ч монгол хэл дээр мэдээлэл хомс. Сөхөж харах, лавлах юм байхгүй. Хятад хэлтэй хүн бол Хятадын эх сурвалжаас мэдээлэл авч болох байх. Бидэнд бол байхгүй. Энэ тал дээр ядахнаа нэг хялбаршуулсан мэдээллийн сантай болох үүднээс бидний ажил эхэлсэн. Цааш гүнзгийрч, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, олон талын судалгаанууд эхлүүлэхийг эхлүүлж, зэхэхийг нь зэхэж байна. Ямар ч байсан БНХАУ-тай харилцах харилцаа тайван сайхан байгаа дээр өвөр монголчуудаа бүхий л талаар нь таньж, ойлгож, монголын нийгэмд таниулж авах сан. 

Одоо судлахгүй бол ер нь оройтох тийшээ болж байна л даа. Бид нэг бол тэднийг аваръя, авч ирье гээд байдаг, эсвэл хятад хужаа гээд тоодоггүй. Энэ бол бодит мэдлэг мэдээлэлгүйн шинж л дээ. Таньж мэдсэн нүдээр харж харилцвал нөхцөл байдал өөр. Олон монголчууд ингэж хоорондоо ойлголцож чадвал их л сайн хэрэг. Боломж бол байна. 

- Өвөр монголчуудын тухай бидний зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлийг товчхон нэрлээч гэвэл та юу хэлэх вэ?

- Мэдээж бидний мах цусны тасархай гэдгийг эрхбиш мэдэж буй биз ээ. Тэрбум 400 саяар тоологдох, зах хөвөөгүй хүн далай дунд өөрсдийн соёл, онцлогоо өдий болтол хадгалж чадсан нь бахархам юм шүү. Тэдний Монголоо гэсэн сэтгэл нь хадгалагдаж үлдсэний дээр тусгаар тогтнол гээч зүйлийн үнэ цэнийг биднээс илүү ойлгодог, өөрийн гэсэн монгол нийгмийг тэр том улсын дотор аваад явж чадаж буй ах дүү нар маань юм. Эднийг харах, ойлгох суурь ойлголт маань хаягдчихсан болохоор хоёр ард түмний хооронд үл ойлголцол гарах нь бишгүй л байна. 

Монголд очиж үзэх юмсан гэсэн өвөр монголчууд маш их бий. Ирээд Чингис хааны хөшөө энэ тэрт мөргөдөг хүмүүс үнэхээр бодит. Энэ бол тэд өөрийгөө монгол хэмээн үзэж буйн хамгийн том илрэл шүү дээ. Тиймээс бид тэднээ ойлгож, монгол гэх ойлголтоо өргөн хүрээнд хараасай гэж боддог юм. 

- Одоо яригдаж буй бичиг үсгийн асуудал, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудалд та хэрхэн хандаж байна вэ? 

- Аливаа улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших зарчмууд гэж бий шүү дээ. Ямар ч улс бай, их ч бай бага ч бай, бие биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй зарчим бол түүний нэг юм. Мөн улс орнууд хүний эрхтэй холбогдох аливаа конвенцид нэгдсэн бол үүнийхээ дагуу тодорхой үүрэг хүлээнэ, түүнээ зөрчихөд хүрвэл бусад субьект хяналт тавих, хөндлөнгөөс оролцох харилцааны нөхцөл бас үүсч болдог. Тэгэхээр үүнийг хоёр талаас нь тунгааж үзэх шаардлагатай юм.

Хамгийн түрүүн тэнд яг юу болоод байгааг ойлгох хэрэгтэй. Юу юугүй Өвөр Монголын бичиг үсгийг хориглоод, монгол соёлыг хүчээр устгах гэлээ гээд айж сүрдэх нөхцөл байдал үүссэн үү гэвэл тийм биш. Өө энэ чинь ганц нэгэн хичээлийн сургалтын хэлний өөрчлөлт юм байна, за ингээд болчих байлгүй гээд тайвшрах гэхээр бас тийм биш, цаашид урхагтай, их төвөгтэй асуудал. 

БНХАУ-ын төр засгаас хос хэлний бодлоготоо хөдөлгөөн оруулаад эхэлсэн нь ер нь нэлээн хүчээ авсан. Нэг давалгаа нь л Өвөр Монголд ирж буй нь энэ юм. Гэхдээ тэд энэ ажлыг албан ёсоор зарлан шийдвэрлээд, бид ийм ажил хийж байгаа шүү гэж огт хэлээгүй. Тэгсэн атлаа муж, өөртөө засах орон болон, яам тамгууд, дунд болон түүнээс бага нэгж байгууллагууд аль хэдийн идэвхийлэн ажиллаад галт тэргийг хөдөлгөчихсөн. Ингээд харахад энэ асуудал хуулийн дагуу байна уу, үндэстний цөөнх, бага ястнуудын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна уу, үгүй юу гэдэгт хариулт эрэлхийлэх ёстой мэт. Нөгөө талаас Өвөр Монголчууд тэртэй тэргүй энэ их том соёлын дунд байгаа учир хүссэн хүсээгүй аажимдаа монгол соёл, заншил, хэл бичиг хумигдсаар л байгаа, ингэж ч явж ирсэн. Бараг үүнтэйгээ эвлэрээд байв. Ийм үед сургалтад нь өөрчлөлт оруулна гэснээр харин ч тэднийг хэн гэдгийг сануулсан, сэрээсэн үйл явдал болох шиг боллоо. 

- Тэгэхээр бид юу хийж чадах вэ? 

Бид ӨМӨЗО-нд нөхцөл байдал ямар байна гэдгийг хэний ч суртал ухуулгагүйгээр өөрсдөө харж ойлгодог чадвар, мэдлэгтэй байх ёстой л доо. Тэрнээс энийг улс төрийн асуудал болгож, хурцаар илэрхийлэх нь хэр ухаалаг болохыг мэдэхгүй. Ямар ч байсан эхлээд бусад монголчуудаа бид сайн таньж, ойлголцох хэрэгтэй. Одоо энэ Хорчингууд гэж хэн юм гэхэд манай жирийн иргэдийн олонх нь мэдэхгүй байх жишээний. Хэл аялгыг нь сонсоод адлах шинжтэй. Тэднээ мэддэг таньдаг болоод ирэхийн цагт аандаа дараа дараагийн асуудал яригдах биз. Тэрнээс биш эднийгээ хэн гэдгийг нь мэдэхгүй байж өнөөдөр их дуугаар дуугарах хэрэггүй юм.  

Аливаа юм ер нь дандаа сайхнаараа эсвэл дандаа муугаараа байгаад байдаггүй. Монгол Хятадын харилцааны түүх ч үүнийг харуулдаг. Бүрхэг үе байна, бас сайхан цэлмэг, нартай үе ч байна. Одоо бол их л сайхан нар гарсан мэт цаг үе таарч байна шүү дээ. Энэ завшааныг ашиглаж, Өвөр Монголчуудаа таньж мэдэх, тэднээ судлах, сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж бодож явдаг даа. Энэ чиглэлээр судлаачид, сэхээтнүүд маань хүчээ нэгтгэж ажиллая гэж уриалмаар байна. 

Үндэсний номын сангийн сэргээн засварлагч Г.Ням-Очир: Өвөр монголчуудын болон хүний эрхийн тухай бидний ойлголт үнэхээр хоцрогджээ



- Та өвөр монголчуудын асуудлаар нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй санал бодлоо илэрхийлж харагддаг. Олон ч өвөр монгол хүнтэй найз нөхөд гэж дуулсан. Ямар сэжимээр тэдэнтэй холбоотой байдгаа танилцуулаач. 

- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хүрэлбаатар гэж сайхан багш маань байлаа. Багш маань хэл шинжлэлийн ажлаар өвөр монголчуудтай холбогдоно, нааш цааш явж судалгаа ч их хийнэ. Дараа нь 2000-2004 онд Токиогийн Гадаад хэлний их сургуульд зочин профессороор ажиллаж байхдаа тэнд байсан нэлээд өвөр монголчуудад хичээл заасан. Одоо тэр залуучууд Өвөр Монгол, Хятадын Монгол судлалын салбарыг авч явж буй том том эрдэмтэд болсон. Би багшаараа дамжуулж тэр хүмүүстэй танилцаж, нөхөрлөсөн түүхтэй. Бас зах зээлийн үед манайд ирж сурч байсан залуучуудтай ч оюутайн ахуйдаа танилцаж, нөхөрлөж явлаа. 

- Бид хэзээ өвөр монголчуудад албан ёсоор хилээ нээж, тэндээс наашаа хүмүүс ирэх болов?

- 90-ээд онд нэлээд олон өвөр монгол залуу Улаанбаатарт оюутан болж ирснээр анх албан ёсны урсгал тавигдсан болов уу. Тэдэн дунд монгол хүнтэй гэр бүл болж, амьдрал зохиосон хүмүүс ч байна. Миний мэдэх цөөнгүй хүмүүс бий. 1991 онд Түнляогийн Монгол хэлний дээд сургуулийн Жамбаа гэж багш ирсэн, тэрний дараа Цахар Мөнхөө гэж залуу, мөн Бээжингийн үндэсний их сургуулийн эрдэмтэд бас ирж байлаа. Голцуу буддын шашны уран зохиол судалдаг хүмүүс ирж, би тэдэнтэй танилцаж байв. Олон жил найзалж нөхөрлөж, дандаа холбоотой явлаа шүү дээ.

За тэгээд эрт 1990 онд орж ирсэн тэднийг 2010 оны үед эргээд харахад Монголын иргэн ч болж чадаагүй, гэр бүл нь салж сарниад, хүүхдүүд нь өнчрөөд, өөрсдөө Монголоос явж ч чаддаггүй, байж ч чаддаггүй нэг тийм хувь заяаны шоглоом шиг дүр зураг олон харагдаж байсан юм. Миний л тооцоолсноор ардчилал гарснаас хойш 1000 орчим өвөр монголчууд манайхаар дамжин баруун руу гарсан байх ёстой. Энд байсан өвөр монгол залуус мөн нэг л мэдэхэд цөөрөөд, ихэнх нь явчихсан байсан. Одоо бол миний мэдэж буйгаар 20, 30-хан хүн энд иргэн энэ тэр болоод үлдсэн. Уг нь бол манай иргэн болоё гээд хүсээд ирдэг гэвч манайх тэр бүр авдаггүй. Хятад гэтэл өөрөө тэрбум дөрвөн зуун саяулаа атлаа нэг боловч иргэнээ алдахгүйн төлөө явдаг гээч.

- Таныг судалгаа шинжилгээний ажлаас гадна эндхийн өвөр монголчуудад тусалж дэмжих зорилгоор төрийн бус байгууллага ажиллуулдаг гэх юм. 

- Тийм ээ, уул нь би чинь Төвөд судлаач л даа. Тэгээд ажил мэргэжлийн хүрээнд ч, ахуйн хүрээнд ч өвөр монголчуудтай харилцаж, нөхөрлөж явахдаа ойлгосон нэг зүйл бол Төвөд ч байна уу, Өвөр Монгол ч байна уу, тэднийг сайтар судлах нь бид өөрсдөндөө учирч болохуйц эрсдлийг судалж, урьдчилан сэргийлж, эсвэл таньж мэдэх ач холбогдолтой юм аа гэж. Тэгээд олон л өвөр монгол хүмүүсийн эрх зөрчигдөхөд тусалж явлаа. “Монгол хүн монгол хүндээ тусалъя” гээд төрийн бус байгууллагатай.

- Өвөр монголчуудын эрх Монголд зөрчигддөг гэж үү?

- Тэгэлгүй яах вэ. Монголд тэдний эрх маш их зөрчигддөг гэж боддог шүү. Хүмүүс тэр бүр мэдэхгүй л болохоос. 

Вьетнам хүний эрх зөрчигдвөл Вьетнамын элчин араас нь хөөцөлддөг. Хятад хүний эрх зөрчигдвөл Хятадын элчин сайдын яам араас нь явна. Харин өвөр монгол хүний эрх зөрчигдөхөд хэн явдаг вэ? Хятадын элчин тэднийг хятад хүн шиг хэмжээнд үздэг үү? Бас бид тэднийг монгол хүний хэмжээнд үзэх үү? гэдгээс эхлээд янз бүрийн зөрчилтэй асуудал гарна.

 Манай Гадаадын иргэн харьяатынхан гэхэд бас л тэднийг дээрэлхэх хандлагатай. Хууль хүчнийхэн бол аливаа шалтгаанаар өмч хөрөнгийг нь хурааж аваад, албадан гаргах гэж их оролдоно. Тэгж гарсан хүмүүс буцаад эндхийн засаг төртэй зарга хийх боломж байдаггүй. Иймэрхүү хэрэг явдалд ч гэсэн оролцож, тусалж л байлаа. Ерөнхийдөө тэд наашаа ихэд тэмцэж ирдэг атал манай хууль, хүчний байгууллагынхан хүлээж авах их дургүй, болж өгвөл буцааж хүлээлгэж өгөх сонирхолтой байдаг даа.

- Монголд оршин суудаг хүмүүс нь ямар шугамаар оршин сууж байна? 

- Монгол хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болоод түр оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс байна. Иргэн болсон улсууд ч байна. Гэтэл сар болгон Хятадын хилээр гараад буцаж орж ирэх маягаар олон жил амьдарч байгаа хүн ч байна. Тэд бүгд л Монголд амьдрах хүсэлтэй. Аль болох наашаа л ирэхийг хичээдэг шүү. Энд харин бидний өвөр монголчуудын тухай болон хүний эрхийн тухай ойлголт нэлээн хоцрогдсон байна уу гэж харж байна. 

- Өвөр монголчуудтай харилцаатай, санал бодол солилцох боломжтой байдгийн хувьд та монгол хэл бичгийн сургалтанд өөрчлөлт оруулсан тухай ямар мэдээлэлтэй байна вэ? 

- Ер нь бол би энд тэнд хэлээд, бичээд л байгаа. Соёлын хувьсгал гэж харанхуй он жилүүдэд өвөр монголчууд өөрсдийн сургуульдаа сурах байтугай монгол хувцсаа өмсөж, монголоор ярих эрхгүй л байлаа. Соёлын хувьсгалын дараа хятад монголгүй бүгдийг нь нэг сургууль, нэг ангид сургаад хятад хэлээр хичээл заахаар хоорондоо таарахгүй, аргагүйн эрхэнд ялгаж, тус тусад нь сургаж эхэлсэн юм. 

Тэр үед сурах бичиг энэ тэр байхгүй манайхаас ном сурах бичиг авдаг байж. За тэгээд түүнээс хойших 40 жилд боловсрол дээрээ үндэслэн хэл соёлоо хамгаалж, сэргээж явсаар одоо монгол угсаатнуудын соёлын өргөн харилцаа нээгдэх түвшинд хүрч, хэн гэдгээ мэдэцгээдэг болсон байна шүү дээ. Хятад бол агуу том орон. Хүссэн хүсээгүй соёлын бодлого янз бүрийн түвшинд баримтлан явуулсаар ирсэн. Энэ мэт зүйл болсоор л байдаг. Бодлогоо нэг чангалаад л, нэг суллаад л байдаг онцлогтой. Гагцхүү би энэ удаа болж өгвөл хүний амь бүү хохироосой гэж л бодож сууна даа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.29
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
санал болгох
1
21 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0