Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Kids of Ulaanbaatar: Бидний баярын өдөр, бидний хүсэл мөрөөдөл


Өнөөдөр бол Хүүхдүүдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдээ баярлуулах, тэгээд аав ээж нараа ч бас хүүхдүүд нь баярлуулдаг ийм нэгэн онцгой өдөр. Энэ хотын гудамжийг хүүхдийн цангинасан инээд л дүүргэхгүй юм бол өөр юу ч чадахгүй гэдэгтэй та санал нийлж байгаа биз дээ? Үр хүүхэд бүр, гэр бүл болгон аюулгүй, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэн ерөөе. 


Х.Мишээл (7 настай)

Эрдмийн Өргөө Цогцолбор сургуулийн 1-р ангид 2 улирал сурсан.

1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамжаа хуваалцаарай.

-Хүүхдийн баяраар би аавынхаа ажилладаг кино театрт очоод кино үзэж, бас парк дээр зөндөө тоглоомоор тоглож байсан. 

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

-Хүүхдүүд баярладаг болохоор л.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ?

Хөл хорио гээд гэртээ байх үедээ би зурагт үзэж, хүүхэлдэйн кино ч гэсэн их үзэж байгаа. Би гурван барбитай. Гэхдээ бүгдээрээ эвдэрсэн.

4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ?

-Би эмч болохыг хүсдэг. (Хэдэн хормын дараа) Эмч биш юм байна. Би загвар өмсөгч болохыг хүсдэг шүү. 

5. Гадуур тоглож, сургууль цэцэрлэгтээ явахад ямар байдаг вэ? Явах зам хэр аюултай байдаг вэ? 

-Та асуултаа түр байж байгаарай. Би буузаа халааж идэнгээ хариулъя.

Манай байрны урд нэг зам байдаг. Хажуу тийшээ явахаар бас машин зам байдаг. Хойно харин амаргүй, амартай хоёр зам байдаг. Гэхдээ л би дандаа амаргүй замаар нь явдаг л даа. Манай байрны гадаа байдаг замыг засчихвал гоё л байна.

6. Хүүхдүүдийн төлөө юу хийж, юуг өөрчлөөсэй гэж хүсдэг вэ?

-Мэдкү.

Д.Тэнгэр (11 настай) 

84-р сургуулийн сурагч

1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамжаа хуваалцаарай.

-Хүүхдийн баяр болгон л гоё байдаг.

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

-Бэлэг авдаг бас зуны амралт эхэлдэг болохоор гоё.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ?

-Ном унших, лего тоглох, баримлын шавраар юм хийх дуртай.

4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ?

-Ургамал, амьтан судлаач, эрдэмтэн болохыг мөрөөддөг. Бас барималч болно.

5. Гадуур тоглож, сургууль цэцэрлэгтээ явахад ямар байдаг вэ? Явах зам хэр аюултай байдаг вэ? 

-Ганцаараа явдаггүй болохоор аюулгүй байдаг. Би гэхдээ нэг удаа ганцаараа гарцгүй газраар зам гарч байна гэж хар дарж зүүдэлсэн.

Д.Үүлэнхас (9 настай) 

84-р сургуулийн сурагч


1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамж

-Хүүхдийн баяраар аав, ээжийн ажил амардаг нь хамгийн гоё.

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

-Бэлэг авдаг учраас гоё. Эх, үрсийн эрхийг хамгаалдаг учраас чухал гэж бодож байна.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ?

-Зураг зурах, пэнниборд унах дуртай.


4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ?

-Хүүхэлдэйн кино хийхийг мөрөөддөг.

5. Гадуур тоглож, сургууль цэцэрлэгтээ явахад ямар байдаг вэ? Явах зам хэр аюултай байдаг вэ? 

-12 нас хүрээгүй болохоор сургууль ойрхон ч гэсэн аав, ээж ах бид хоёрыг өөрсдөө сургуульдаа явахыг зөвшөөрдөггүй. Би уг нь ганцаараа, эсвэл ахтайгаа сургуульдаа өөрсдөө явахыг хүсдэг. Гадаа пэннибордоо унах, тоглоход ойрхон тоглоомын гоё талбай байдаггүй болохоор өөр байрны гадаа очиж тоглодог.

У.Мишээл (10 настай)

79-р сургуулийн сурагч

1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамж

-Өнгөрсөн жил хүссэн газруудаараа гэр бүлийнхэнтэйгээ ханатлаа тоглож явсан.

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

Хүссэн бүх юмаа хийж чаддаг, бас гэрийнхэн хүслийг минь биелүүлж өгдөг нь сайхан.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ?

-Би бүжиглэж, дуу сонсох дуртай.


4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ?

-Мундаг жүжигчин болж амжилтад хүрэхийг хүсдэг. Бас том гэртэй болох.

5. Гадуур тоглож, сургууль цэцэрлэгтээ явахад ямар байдаг вэ? Явах зам хэр аюултай байдаг вэ? 

-Тоглох газар нээх их байдаггүй нь онцгүй. "Дунд зэрэг" аюултай байдаг гэж дүгнэдэг.

6. Хүүхдүүдийн төлөө юу хийж, юуг өөрчлөөсэй гэж хүсдэг вэ?

-Хүүхдүүдээ загнах биш, тэдэнд хэлж заадаг байгаасай гэж хүсдэг. Бас гадаадад байдаг шиг том парктай болоосой.

М.Энх-Учрал (8 настай)

Эрдэнэт хотын 5 сургуулийн 3в анги


1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамжаа хуваалцаарай. 

-Хүүхдийн баяраар ээж аавтайгаа тоглоомын парк очих хамгийн гоё байсан.

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

-Олон улсын хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг өдөр бас хүүхдүүдэд тоглох цаг зав их гардаг болохоор гоё санагддаг.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ? 

-Би усанд сэлэх бас зун болохоор голд орох дуртай. Хааяа зураг зурах бас дуртай.

4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ? 

-Би ирээдүйд эмч болно гэж боддог. Хүмүүсийг эмчлээд олон хүнийг инээлгэнэ гэж боддог. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй төрсөн хүүхдүүдийг харахаар эмчилмээр санагддаг.

5. Гадуур тоглож, найзуудтайгаа уулзаж, сургууль цэцэрлэгтээ явахад ямар байдаг вэ? Тоглох газар их байдаг уу? Явах зам хэр аюултай байдаг вэ?

-Сургуульдаа явахад гоё байдаг ч гэсэн явган хүний зам байдаггүй. Хороололд амьдардаг хүүхдүүдэд тэр нь хэцүү байдаг. Тоглох газар манай сургуулийн ард л байдаг. Гэхдээ л бид нар ихэнхдээ анги дотроо л тоглодог.

6. Хүүхдүүдийн төлөө юу хийж, юуг өөрчлөөсэй гэж хүсдэг вэ?

-Том хүмүүсийг хүүхдүүдийнхээ сургуультай гэрийг нь ойрхон байлгаасай гэж хүсдэг. Машинаа болгоомжтой бариад хүүхдүүдэд зам тавьж өгөөрэй. Бас зам гарахад цагаан зураас байдаггүй болохоор тэрийг зөндөө болгоосой гэж хүсдэг. 

Э.Инга, 4 сартай

Мөөм идмээр байна.

Б.Сүндэръяа, Б.Биндэръяа. (10 настай)

73-р сургуулийн сурагчид

1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамжаа хуваалцаарай. 

-8 насныхаа хүүхдийн баяраар эгчтэйгээ, ээжтэйгээ бас үеэл ахтайгаа цэцэрлэгт хүрээлэнд очиж байсан.

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

Сүндэръяа- Над шиг олон хүүхэд ээж, аавынхаа гараас хөтлөөд инээж байхыг харах гоё байдаг.
Биндэръяа- Ихэр эгчтэйгээ хамт парк, цэцэрлэгт хүрээлэн орох нь гоё санагддаг.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ? 

Сүндэръяа- Бүжиглэх дуртай, бас тоо бодох.
Биндэръяа- Бүжиглэх, хоол хийх дуртай.

4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ? 

Сүндэръяа- Хүмүүст зөв үлгэр дуурайлал болдог алдартай бүжигчин болохыг хүсдэг.
Биндэръяа- Кино зураг авалт яаж хийдгийг сонирхдог учраас найруулагч юм уу, тайзны заслаар ажилладаг, бас дандаа инээж явдаг хүн болно.

5. Гадуур тоглож, найзуудтайгаа уулзаж, сургуульдаа явахад ямар байдаг вэ? Тоглох газар их байдаг уу? Явах зам хэр аюултай байдаг вэ?

-Найзуудтайгаа тоглох дуртай, сургуульдаа явах гоё байдаг. Гэхдээ ганцаараа явахаас их айдаг. Сургуулийнхаа талбайд тоглодог, харин гэрийнхээ гадаа бол тоглохоос айдаг. Ихэртэйгээ явдаг болохоор сургууль явах зам тийм ч урт, аюултай биш юм шиг санагддаг. 

6. Хүүхдүүдийн төлөө юу хийж, юуг өөрчлөөсэй гэж хүсдэг вэ?

-Том болоод зөндөө олон хүүхдүүд инээлдэж байдаг тийм нийгмийг бий болгомоор байна. Бас ээж, аав нарыг хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцдаг байгаасай гэж хүсэж байна.


Б.Ундрам (14 настай)

24-р сургуулийн сурагч


1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамжаа хуваалцаарай. 

-2018 оны хүүхдийн баяр гэр бүлээрээ зугаалганд явсан тэр хүүхдийн баяр их гоё дурсамжтай.            

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

-Миний хувьд хүүхдийн баяраар уулзаж чаддаггүй хүмүүстэйгээ уулздаг болохоор их гоё байдаг. Эмэгтэйчүүдийн эрчүүдийн гээд том хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр л гэж байдаг байсан"Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байсан  Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болсон" энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохоор надад их чухал санагддаг   Тун удахгүй бяцхан үрсийн инээд цалгиж, ээж нарын магнай тэнийсэн Эх үрсийн баяр болох гэж байна. 6 дугаар сарын нэгэн “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 60 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ? 

-Ваттпад аппликейшнээр бичвэр унших, анимэ үзэх, ном унших, хоол идэх, "Bubble tea" уух, дуртай хамтлагуудийnхаа зургуудыг цуглуулах их дуртай                         

4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ? 

-Эмч болно гэж боддог. Энэ жаахан хол байгаа л даа. Том болоод гэр бүлээрээ их гоё байгальтай, хотоос зайтай газар амьдарч, хүүхэдтэй болоод зөв хүмүүжүүлж сонирхлыг нь дэмжиж, ярилцаж яг л найзууд шиг байхыг хүсдэг. Үүнийгээ заавал биелүүлнэ ээ.                          

5. Гадуур тоглож, найзуудтайгаа уулзаж, сургуульдаа явахад ямар байдаг вэ? Тоглох газар их байдаг уу? Явах зам хэр аюултай байдаг вэ?

-Гадуур найзуудтайгаа уулзаж тоглох гоё байдаг. Тоглох газар их байдаг л даа. Гэхдээ тоглоомын талбай их заваан бохир байдаг болохоор тоглож чаддаггүй. Найзуудтайгаа хамт байдаг болохоор сургуульдаа явах дуртай. Гэхдээ явах зам аюултай санагддаг. Орой ирэх үед гэрэлгүй, нохойнууд дайраад бас согтуу хүмүүс их байдаг болохоор үнэхээр аймаар байдаг.

6. Хүүхдүүдийн төлөө юу хийж, юуг өөрчлөөсэй гэж хүсдэг вэ?

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж, хүүхдээ ойлгож, илүү их цаг хүүхдэдээ гаргаасай. Бас хүүхдээ битгий зодож хүчирхийлж байгаасай гэж маш их хүсдэг.

Б.Хулан (15 настай) 

Их засаг лицей сургуулийн сурагч

1. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамжаа хуваалцаарай. 

-Хүүхдийн баяр гэхээр хамгийн түрүүнд тод буудаг нь магадгүй миний 6 нас хүрдэг жилийн баяр байх. Ээж гэнэт ажилтай болчихсон болохоор тэр өдөр аав дүү бид гурвуулаа л хүүхдийн баяраа тэмдэглэх болсон юм. Манай аав хүүхдийн баяр тэмдэглэх үнэхээр дуртай хүн болохоор энэ өдөр нэлээдгүй сүр дуулиантай болж өнгөрдөг юм л даа. Өглөөнөөс хойш усанд ороод л, хувцсаа сонгоод л, бөөн л юм болсон. Тэгээд үсэндээ тууз зангидах дуртай байсан болохоор аавыгаа боож өг гэж шалж уйлаад, уйлсаар байгаад бүр аавыгаа уйлуулчхаж билээ. Тэгээд аав хөөрхий минь хөршийн эмээгээр заалгаж аваад боож өгч байсан. Манайх Налайх хотод байсан үе л дээ. Баярын жагсаал манай гэрийн доогуур өнгөрөх болгонд цонхон дээрээ гарч зогсоод, аав эмнэлэг, гал команд, цэрэг, цагдаагийнхныг бүгдийг нь тайлбарлаж өгдөг байсан. Хүүхдийн баяр өөрөө хамгийн дурсамжтай, баяр жавхлан дүүрэн өдөр учраас амьдралд минь тохиосон 15 гайхалтай өдрүүд бүгд үнэ цэнтэй эрхэм байдаг.

2. Хүүхдийн баяр (6 сарын 1) яагаад гоё вэ? Юу нь чухал, онцгой вэ?

-Миний бодлоор хүүхэд гэдэг маш эгэл даруу мөртлөө, хорвоогийн хамгийн ариун нандин мөн чанарыг агуулдаг оршихуй учраас энэ баяраар тэр бүх бяцхан цэцэгс инээлдэж, баярлаж, хайртай хүмүүсээрээ хайрлуулж байдаг нь хамгийн онцгойг. Бэлэг авах нь гоё. Баярын жагсаал үзэх нь гоё. Зун байдаг болохоор гоё. Хүүхэд болгон хамгийн хөөрхөн байдаг болохоор хамгийн гоё нь.

3. Ямар хоббитой, юунд дуртай вэ? 

-Би хүмүүсийг ажиглаж, шинэ хүмүүстэй уулзах дуртай. Учирсан хүмүүс болгон надад маш үнэтэй зүйлсийг өгдөг учраас тэр. Хобби гэвэл зураг харж, дуу сонсох юм уу даа.

4. Ирээдүйд юу мөрөөддөг вэ? Ямар хүн болно гэж боддог вэ? 

-Маш олон хүмүүст сайнаар нөлөөлж чаддаг хүн болмоор байна. Би байгаагаараа хүмүүст өөртөө итгэх хүсэл зориг өгдөг байвал үнэхээр янзтай. Үхчихвэл үсрээд л 50 жил дурсагдах хүн болж дуусмааргүй байгаа учраас их үйл хэргийг бүтээмээр байна.

5. Гадуур тоглож, найзуудтайгаа уулзаж, сургуульдаа явахад ямар байдаг вэ? Тоглох газар их байдаг уу? Явах зам хэр аюултай байдаг вэ?

-Найзуудтайгаа байх үед жинхэнэ “би”-гээрээ байж болдог учраас найзууд хооронд байдаг тэр уур амьсгал хамгийн тухтай байдаг. Манай ойр орчимд сэргээн засварлалт хийгдсэнээс хойш найзуудтайгаа цуг байхад илүү догь, бас хөгжилтэй болсон. 

6. Хүүхдүүдийн төлөө юу хийж, юуг өөрчлөөсэй гэж хүсдэг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бидэн шиг тухтай хөгжилдөх орчинг бий болгож, тэд хаа ч явсан аюулгүй байдаг болоосой гэж л хүсэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.02 162.158.7.188

GEGEELEG HUURHUN YMAA

0 Хариулах