Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

КИНО: Сахиусан тэнгэрийг харсан хүн

Хэдэн жилийн өмнө үдшийн харанхуй нөмрөх цагаар Хонг Конгийн Ковлүүн дүүрэгт хөл тавьж билээ. Бүгчим нозооронг уур амьсгал, хувцас чийгтэж биед наалдсан чийглэг улирлыг харанхуй нөмрөөд ч өөрчилж чадсангүй ээ. Тийш зорих гэнэтийн шалтгаан гарсан ч гэлээ Вон Кар Вайгийн кинонд гардаг алдарт Чангкины орон сууцнуудыг харах, алдрын гудамжин дахь түүний дурсгалыг үзэх нь л сонин байлаа.


Хэдэн жилийн өмнө үдшийн харанхуй нөмрөх цагаар Хонг Конгийн Ковлүүн дүүрэгт хөл тавьж билээ. Бүгчим нозооронг уур амьсгал, хувцас чийгтэж биед наалдсан чийглэг улирлыг харанхуй нөмрөөд ч өөрчилж чадсангүй ээ. Тийш зорих гэнэтийн шалтгаан гарсан ч гэлээ Вон Кар Вайгийн кинонд гардаг алдарт Чангкины орон сууцнуудыг харах, алдрын гудамжин дахь түүний дурсгалыг үзэх нь л сонин байлаа. Хямд бараа, дэн буудал, түрээсийн байрнаас бүрдэх, шилэн цонх бүхий асар том барилгууд Хонг Конгийн цохилох зүрх нь санагдсан. Тэрнээс үнэтэй бараа зардаг худалдааны гудамжууд, тансаг харш бүхий далайн эргүүд л лав биш. Энд солонгон гэрлийн сүүдэрт нуугдах Хонг Конгийн нууц бүхнийг “шивнэлдэж” болох юм шигээ. Энэ хөл хөдөлгөөнтэй, жоом нь зам дээр дэржигнэн гүйж, шөнө дунд хархнууд нь үүрнээсээ гарч сэлгүүцэх замь дүүрэгт Вонг Кар Вайгийн хүүхэд нас өнгөрсөн гээд бодохоор хот тэр чигтээ өнгө, гэрлийн гоёмсог нийлэмж мэт санагдана. 

Вонг Кар Вай тэр өнгө гэрлийг харж, түүнийгээ дэлгэцэнд киноны хэлээр хүүрнэж, киног нь үзсэн нэгэн монгол Чангкины гудамжинд алмайран зогсоно гэдэг хэзээ, хаана зурсан хувь тавилангийн хэрээдэс юм бүү мэд. Гэхдээ би яг энд, сахиусан тэнгэрийн харсан хүний өсөж төрсөн газар зогсож байна гэж өөртөө хэлсэн юм даа. 

Зоргоороо өдрүүд 


Вон Кар Вайг кино руу орж ирэхэд кино театрууд гэмт хэргийн сэдэлтэй кинонуудаар хахаж байлаа. Харин Вон кино театрын үүдэнд дугаарлаж зогсохын оронд тэс өөр бүтээл хийхээр эргээд алхжээ. Түүнийгээ ч гүйцээж чадсан нь “Зоргоор өдрүүд” (Day of Being Wild). 

Вон Кар Вайгийн “чөлөөт гурвал” киноны эхнийх нь энэ байлаа. 1960-аад оны их хотын залуусын амьдралын утгагүйтэл, хайр сэтгэл, нөхөрлөл. Гэхдээ найруулагчийн хэл дүрүүдийн харилцан ярианд бус хөгжим, тамхины утаа, бүүдгэр гэрлүүд, бүжгийн хөдөлгөөнд буй. Вон Кар Вайгийн цаг хугацааг ухрааж харсан “Зоргоор өдрүүд” нь тэр. Гэмт хэрэг, харанхуйн дуулал болсон  “Сахиусан тэнгэрийн буулт” Хонг Конгийн харанхуй, бүдэг бүрхэг, далд нууц талыг дэлгэцийн хэлээр хүүрнэсэн хүүрнэл. Үйл явдал нь ихэнхдээ харанхуйд өрнөх уг бүтээл Вонгийн давхар өгүүлэмж бүхий арга барилаар бүтээгдсэн гэдэг. Дээрх хоёр бүтээл бол Хонг Конгийн амьдралаас Вонгийн олж харсан гэрэл сүүдэр байлаа. Дараагийнхаа хоёр бүтээлд тэр илүү шугаман өгүүлэмж, тогтсон сэдэв дээр төвлөрөхийг хүссэн нь мэдрэгддэг. 

Хайрын сэтгэл


Хайр сэтгэлийн сэдэвт кинонуудаас зөвхөн Вонгийн гэмээр өвөрмөц хийцийг “Хамтдаа жаргалтай”, “Хайрын сэтгэл” хоёр бүтээлээрээ тамгалсан юм. Өмнөх бүтээлүүдээсээ хийцээрээ ялгарах, цөөн дүр, өгүүлэмжийн нэг шугам бүхий эл хоёр бүтээл ижил хүйстний хайр дурлал, эр эмийн хайр сэтгэлийн талаарх романс гэлтэй. Хонг Конгод төдийлөн ярьдаггүй асан ижил хүйстний асуудлыг хөндөж, тэдний харилцааг эсрэг хүйстний түвшинд гаргаж тавьснаараа, зургаа гаднын улсад авч, олон улсын кино наадмуудад амжилттай оролцсоноороо дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн билээ. Тэгвэл ижил хүйстний романсыг эсрэг хүйс дээр тавьж үзүүлсэн нь “Хайрын сэтгэл”. Дэлгэцийн яруу найраг, дэлгэцэнд өгүүлэх симфони, дэлгэцийн уран зураг гэж болохоор энэ киноны өнгө будаг, хөгжим, үйл хөдлөл нь хайрын романсыг дүрээр дамжуулан хүүрнэдэг. Хоёр дүрийн тодорхой шийдэлгүй байдал, үг хэл багатай, тэвчээр барам хөдөлгөөн киног илүү хөглөдөг гэж болно. 

Жан Имоу, Жиа Жианкэ зэрэг хятад найруулагчдын адил Вон жүжигчдээ солих дургүй. Ихэнх кинонд нь Лесли Чун, Тони Люн, Мэгги Чун гэсэн гурвал дүрийг нуруундаа үүрээд гардаг. Вонгийн гэмээр өнгө, хөдөлгөөн, дүрийг ч тэдэнд зориулж бүтээсэн мэт байдаг нь сонин. 


Бидний хөхөмдөг үдшүүд

Вонгийн ази маягийн романтизм европ руу гарсны илрэл нь “Эрос”, “Миний хөхөмдөг үдшүүд” хоёр кино. Гэхдээ үүнийг ярихаасаа өмнө “2046” бүтээлийг нь ярих хэрэгтэй. Энэ бол өнгөрсөн рүү харуулж тавьсан толь юм. Өнгөрсөнд бид юу хийсэн ирээдүйд түүний үрийг хүртэнэ гэх дорнын философи уу эсвэл “нэг улс, хоёр хот” гэх Хятадын бодлогын шүүмж үү? Үзэгчид янз бүрээр л хүлээн авч, шүүмжлэгчид тал бүрээс нь мушгиж байлаа. Үйл явдлыг ярьж, утгыг алдуулахын оронд ингээд орхисон нь дээр биз. 

“Эрос” антологид багтсан Вон Кар Вайгийн нэгэн сонин бүтээл. Стивен Собелберг, Микеланжело Антонино, Вон Кар Вай гэсэн гурван өөр ертөнцийн нэгдэл. Уг антологид Вон Кар Вай “Гар” киногоо зориулсан. “Хайрын сэтгэл”, “Хамтдаа жаргалтай” зэргийг бодвол физилогийн асуудлыг нэлээд гүн оруулснаараа ялгаатай. Ер нь дээрх хоёр бүтээлийн богино хувилбар ч гэж болно. 


Цэцэгсийн үнэр 


Вонгийн бүтээлээс мэдэхэд гэмгүй бүтээлүүдийг нэрлэлээ. Одоо харин хүлээлт үүсгэж буй “Цэцэгс” (Blossoms) киноны талаар ярилцъя. 2020 онд дэлгэцэнд гарах сурагтай шинэ бүтээлийг “2046”, “Хайрын сэтгэл”-ийн трилоги болно гэсэн бол зарим нь “Зоргоор өдрүүд” энэ трилогит багтаж буй хэмээн маргаж байна. Ямартай ч трилоги болох нь ойлгомжтой. Вонгийн өсвөр насаа үдсэн Шанхайн гурван өөр үеийг, гурван өөр дүрээр харуулна хэмээн найруулагч ярилцлагадаа дурдсан байна. Кино бүхэнд нь багтдаг 1960 он, Соёлын хувьсгалын төгсгөл үе, тэгээд 1990-ээд он гэсэн гурван цаг хугацааг хамарна. Хэрэв “Хайрын сэтгэл”, “Зоргоор өдрүүд”-тэй трилоги болвол уянгын, найраглаг уур амьсгалтай бүтээл болох нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0