UBLife Logo
Эрүүл мэнд

Коронавирусийн халдвартай нь бүртгэгдсэн 16 тохиолдол 11-65 насны хүмүүс байна

Коронавирусийн халдвартай нь бүртгэгдсэн 16 тохиолдол 11-65 насны хүмүүс байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 212 оронд коронавирус бүртгэгдсэн байна. Ковид-19-ын халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88405 хүн нас барж, 339731 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байна.

АНУ, Итали, Иран, Испани, Герман, Швейцар, Их Британи, Турк, Франц улсад халдвар эрчтэй тархсан хэвээр байгаа аж. БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн 61 тохиолдол шинээр бүртгэгджээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр ДЭМБ-ын хурал боллоо. Шинэ коронавирустай дэлхий нүүр тулаад 100 дахь хоногоо үзэж байна. Цаашид энэ вирус хэрхэхийг таамаглахад хэцүү байна. Тиймээс нэгдүгээрт, улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн орон, бүс нутаг, иргэд өөрсдөө эв нэгдэлтэй байхгүй бол үл ойлголцлын цоорхойгоор энэ вирус орж ирж аюул тарих болно гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом онцолсон бөгөөд “Энэ вирус дэлхийтэй дайн зарлаж байна. Энэ үед анхаарлаа сулруулж огтхон ч болохгүй. Өчүүхэн төдийд анхаарлаа сулруулахад бид дайнд ялагдах болно” гэсэн” гэлээ.

Манай улсын хувьд 16 хүн халдвар авсан нь тогтоогдсоноос дөрвөн хүн эмчлэгдэж, эмнэлгээс гараад сувилалд ажиглалтад орсон. Үлдсэн 12 хүн нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Манайд коронавирусийн халдвартай нь тогтоогдсон 16 хүний нас 11-65, дундаж наслалт нь 33.5 байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 1570 хүн байна. Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарчээ. Эрүүл мэндийн 310 ажилтан, албан хаагч ажиглалтад байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.  

Тархвар судлалын заалтаар ямар хүнийг ажиглалтад, ямар хүнийг нь тусгаарлахыг тус тусад нь заасан байдаг. Тусгаарлалт, ажиглалт гэж хоёр өөр ойлголт гэдгийг ЭМЯ-наас онцлов. Тодруулбал, тусгаарлалтад байгаа хүмүүст давтан шинжилгээ хийдэг бол ажиглалтад байгаа хүмүүст тархвар судлалын заалтаараа ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн болон хавьтал болсон тохиолдолд шинжилгээ хийдэг байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг хүн сэжигтэйд тооцогдон тусгаарлагдсан. Өчигдөр нийт 38 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өчигдөр ирсэн хүмүүсээс 83-ыг нь ХӨСҮТ-д тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Сэлэнгэ аймагт байсан коронавирусийн халдвартай нь тогтоогдсон хүнийг ХӨСҮТ-д авчирж тусгаарлсан. Мөн ойрын хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа” гэлээ.

“Өчигдөр тусгаарлагдсан нэг иргэний сурч байсан газарт өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан. Тиймээс дотроосоо өвчлөлийг алдсан юм байхгүй. Мөн хамт байсан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаад байгаа. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм. Тухайн иргэнтэй машинд хамт ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн нэгдүгээр хавьтлын 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.