Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Лим Сан Сан: Байж боломгүй муухай эсвэл сайхан, сэтгэл хөдөлгөсөн аливаа мэдээллийг заавал нягталж сурах хэрэгтэй

Гэхдээ хууль, эрх зүйн зохицуулалт нь эргээд үг хэлэх эрх чөлөөтэй холбогддог учраас болгоомжтой байх, мэдээлэл бүтээгчид тэр дундаа технологийн шийдлүүдийг санал болгохыг анхаарах, мөн боловсролыг үр дүнтэй, системтэй олгох гэхчлэн нарийн авч үзэх ёстой.


Хуурамч мэдээлэл гэх үг хэллэг бидний өдөр тутмын ярианд хэдийнэ хэвшил болжээ. Цахим орчинд элбэг таарах болсон санаатай, санаандгүй түгээсэн хуурамч мэдээллийг ялгаж, таних ур чадварт суралцах нь орчин цагийн мэдээллийн нийгэмд заавал эзэмших чадвар болоод буй. 

Тэгвэл энэ ажлыг Сингапурт хэрхэн зохион байгуулдаг талаар тус улсын Хэвлэл, мэдээллийн боловсролын зөвлөлийн гишүүн, Сингапурын Дизайн, Технологийн сургуулийн Хүмүүнлэг, нийгэм судлалын тэнхимийн эрхлэгч, Парламентийн томилогдсон гишүүн профессор Лим Сан Сантай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр залуус төдийгүй өрх гэрийн амьдралд, цаашлаад нийгмийн харилцаа, соёлын хэм хэмжээ тогтоход технологи ямар үр нөлөө үзүүлдэг талаар Сингапур төдийгүй Их Британд 20 орчим жил судалгаа хийж буй эрдэмтэн юм. 

-Таны хувьд Сингапурт хэвлэл мэдээллийн боловсролыг түгээх ажилд ямар хэлбэрээр оролцож ажилладаг вэ? 

-Судлаач хүний хувьд судалгааны ажил нь нийгэмд ямар ач холбогдол, үр нөлөө бий болгож байна вэ гэдэг чухал. Миний хувьд залуу судлаач байхаасаа л Үндэсний цахим хэрэглээний зөвлөлд ажиллаж эхэлсэн. Тухайн үед мэдлэг, мэдээллийн интернэт гэх зах хязгааргүй өргөн суваг дөнгөж бий болж, хэрхэн зохистой ашиглах вэ гэдэг асуудал хөндөгдөж байлаа. Улмаар олон нийтийг хамарсан боловсролын асуудал гэх тодорхой өөрийн гэсэн хамрах хүрээтэй асуудал болсон. Энэ нь өргөжсөөр 2012 онд Сингапурын Хэвлэл, мэдээллийн боловсролын зөвлөл (Media Literacy Council) гэж байгууллага болсон юм. Энэ бол хамгийн олон талт оролцогчдыг хамруулсан хэвлэл, мэдээллийн боловсролын төлөөх санаачлага гэж болно. Ялангуяа, цахим орчин дахь санаатай болон санаандгүй түгээсэн хуурамч мэдээллийн асуудал анхаарал татах болсон энэ үед үнэхээр чухал ажлуудыг хийж буй. Бид жил бүрийн хоёрдугаар сард аюулгүй интернэтийн төлөөх кампанит ажилд нэгдэж арга хэмжээ зохион байгуулахаас гадна өдөр тутамдаа иргэд, олон нийтэд зохист хэрэглээг сурталчилж, таниулсан сургалт, хөтөлбөрийг хийдэг. Тэр дундаа цахим орчны дээрлэхэлт, төхөөрөмжийн хэрэглээ ба аюулгүй байдал, цахим орчны зөв дадал гэхчлэн асуудлууд байгаа. 

-Олон талт зөвлөл гэдгийг онцлон хэллээ. Тухайлбал ямар салбарын төлөөллүүд энд багтдаг вэ? 

-Мэдээллийн бэлтгэлт, түгээлт, дамжуулалт гээд үүнтэй холбоотой бүхий л талуудыг хамрахыг анхаарч ажилладаг. Үүнд, медиа компаниуд, StarHub, Singtel зэрэг Сингапурын тэргүүлэх харилцаа, холбооны компаниуд, судлаач, эрдэмтэд, залуусын төлөөх олон нийтийн байгууллагууд, дунд сургуулийн багш нар, сэтгэл зүйч, эмч нар гэхчлэн өргөн бүрэлдэхүүнтэй. Ингэснээр хаана асуудал байгааг судалгаанд үндэслэн тогтоож, иргэд мэдээлэлтэй харилцах үйл явцыг бодитоор гүйцэтгэгч компаниуд анхаарлаа хандуулж, түүнийг хэрхэн залруулах, боловсруулах асуудлыг багш, эмч нар авч үздэг. Энэ утгаараа манай зөвлөл асуудлыг олон талаас харж, бодитоор шийдвэрлэх гаргалгаануудыг санал болгож, ажиллаж чаддаг гэсэн үг. 

-Зөвлөлийг байгуулах санаачлага хаанаас гарсан бэ? Сайн дурын нэгдэл үү, эсвэл төрийн ямар нэг оролцоотой юу? 

-Засгийн газрын хэрэгжүүлэгч Мэдээлэл харилцаа, медиа хөгжлийн агентлагийн бодлогын хэлтэс гэж бий. Тэд энэхүү зөвлөлийг байгуулж, үйл ажиллагаанд нарийн бичгийн статустайгаар оролцдог юм. Ингэж зохион байгуулалтад орсон ч бид бодлого тодорхойлох үүрэг байхгүй харин түүнийг олон нийтэд хүргэх, эргээд санал, зөвлөмжөөр хангах хэлбэртэй. Хэрэв дунд сургуулийн хөтөлбөрийн агуулга хангалттай мэдлэг олгохгүй байна гэж үзвэл бид энэ саналаа хүргүүлж, хэрхэн сайжруулах талаар авч хэлэлцдэг гэсэн үг. Түүнчлэн номын сангууд хэвлэл, мэдээллийн боловсролыг дэлгэрүүлэхэд онцгой үүрэгтэй ч хэрхэн ажиллах тухай арга зам нь дулимаг байдгийг бид засаж, зөвлөж байна. Энэ мэтчилэн бодлогын хэрэгжилтийг анхаарч, эргэх холбоо болж ажилладгийнхаа хувьд бид төрийн бус байгууллаг гэж болно. Харин үйл ажиллагааны зохион байгуулалтыг төрийн байгууллага хариуцдаг учраас эргээд бодлого тодорхойлогчдод хүрч ажиллахад хялбар, дөхөм байдаг шүү. 

Мөн миний хувьд парламентийн томилогдсон 9 гишүүний нэгээр ажилладаг. Сингапурт олон нийтийн үйл ажиллагаа эсвэл өөрийн судалгаа шинжилгээ гэхчлэн салбараа төлөөлж чадахуйц хүмүүсийг парламентад гишүүнээр томилж дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэх боломж олгодог юм. Ингэснээр хуурамч мэдээлэл, мэдээллийн орчин, боловсролын асуудлаар эрх мэдэлтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж ажиллах болоод байна. 

-Хуурамч мэдээллийн үр нөлөө Сингапур улсад ямар түвшинд байна вэ? 

-Зарим улс оронтой харьцуулбал бидэнд тулгарч буй асуудал тийм ч хүнд биш л дээ. Учир нь урьдчилан сэргийлэх, авч болох арга хэмжээнүүдийг бид хангалттай бэлтгэсэн. Жишээ нь, би Засгийн газраас гэсэн нэртэй, ямар нэг хураамж төлөх тухай зааварласан захидал авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд шууд төрийн аль ч агентлаг, цагдаа, хороо руугаа залгаад ямар учиртай болохыг асууж тодруулах боломжтой. Сингапурын хувьд “No wrong door” гэсэн “хууль” үйлчилдэг буюу төрийн ямар ч байгууллага руу залгаад тулгарсан асуудлаа хэлэхэд тэд зохих хүмүүстэй заавал холбож өгөх үүрэгтэй. Өөрийн хамаарах асуудал биш байсан ч хаагуур, хэрхэн дамжиж орж ирснээс үл хамаараад зайлшгүй туслах ёстой учраас иргэд хуурамч мэдээллийг дор бүр нь нягтлаад байх боломжтой. 

-Тэгвэл Сингапурт хэн, ямар зорилгоор хуурамч мэдээлэл бэлтгэж хийгээд байна вэ? 

-Олон шалтгаан бий л дээ. Саяхан Худалдааны Яамнаас иргэдийг нэгэн санд хөрөнгө оруулаад ашиг хүртээрэй гэсэн утгатай хуурамч мэдээлэл цацсан байсан. Хүний анхаарал татахуйц, ашиг амласан, сэтгэл хөдөлгөсөн ийм мэдээ цацаж хандалтаа өсгөж, даралтын тоогоор орлогоо нэмэгдүүлэх гэсэн нэгэн сайтын оролдлого байсан нь илэрсэн. Тэгэхээр энэ мэтчилэн даралтын тоо, түүнийг дагаад ирэх ашиг, хонжооны төлөө хуурамч мэдээлэл тараах нь бий. 

Бас нэг шалтгаан нь дэлхий даяар тулгараад буй нийтлэг тохиолдол гэж болно. Зөвхөн Сингапур гэлтгүй АНУ, Их Британи, Франц гээд олон улсад нийгмийн мэдээллийн дотоод орчинд гадны “тоглогчид” байгаа нь илэрхий болсон. Бидний хувьд Малайз, Снигапурын мэдээллийн орчинд хуурамч хаягууд сэтгэгдэл үлдээж, мэдээлэл түгээж олон нийтийн санаа бодлыг сэтгэл хөдлөлөөр чиглүүлэх оролдлогууд хийж байгааг тогтоосон. Энэ бидний асуудал болоод байгаа учраас жил гаруйн өмнөөс үүнтэй тэмцэх алхмуудыг хийж эхэлсэн. Улмаар шийдвэр гаргах түвшинд ажлын хэсэг байгуулж хоёр долоо хоногийн турш хэвлэл, мэдээллийн боловсролын талаар нийтийн сонсгол хийж миний бие төдийгүй олон судлаач, эрдэмтэд энэ асуудлыг хөндөж хэлэлцсэн юм. 

-Хэвлэл, мэдээллийн боловсрол нь дээрх шиг улс төр, нийгмийн зорилготой хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд дангаар үр нөлөөтэй юу? 

-Мэдээж олон дэд хэсгээс бүрдэнэ. Өмнө дурьдсан нийтийн сонсголын үеэр бид мэдээллийн орчин, тулгарч байгаа асуудлуудаа тодорхойлж нарийн судалгаа хийж хэлэлцсэн. Эндээс үүдэж хуурамч мэдээллийн эсрэг хууль гарсан шүү дээ. 

Тэгэхээр гадны нөлөөтэй хуурамч мэдээлэлтэй зөвхөн нэг төрлийн аргаар тэмцэх боломжгүй. Үүнд хууль, эрх зүйн зохицуулалт, мэдээлэл бүтээгчдийн оролцоо, мэдээллийн боловсрол гэсэн гурван төрлийн арга нэгдэж байж үр дүнгээ өгнө. Гэхдээ хууль, эрх зүйн зохицуулалт нь эргээд үг хэлэх эрх чөлөөтэй холбогддог учраас болгоомжтой байх, мэдээлэл бүтээгчид тэр дундаа технологийн шийдлүүдийг санал болгохыг анхаарах, мөн боловсролыг үр дүнтэй, системтэй олгох гэхчлэн нарийн авч үзэх ёстой.

-Хэвлэл, мэдээллийн боловсрол гэхээр хүмүүс явцуу хүрээнд харах нь бий. Харин танай туршлагыг харахад хүүхэд, залуус, насанд хүрэгчид, ахмадууд гэхчлэн бүлэг тус бүрт тусгайлан авч үздэг юм шиг анзаарагдлаа. Онцлог нь юу вэ? 

-Тийм ээ, надад асуулт тавьдаг ихэнх хүн ахмадууд энэ ур чадварт суралцахын тулд юу хийх ёстой вэ гэдэг. Гэтэл хуурамч мэдээлэлд яг үнэндээ бид бүгдээрээ л автаж байна. Учир нь хуурамч мэдээллийг ялгаж, танихад улам бэрх хийц, хэлбэр нь улам л “төгс” болоод байна шүү дээ. Тэд ямар үг хэллэг, дүр дүрслэл ашиглавал бид бодох завдалгүй шууд л сэтгэл хөдлөлдөө автаж, мэдээллийг түгээж, нийтээрээ “доргихыг” мэддэг болчихсон. 

Эндээс харвал залуу хүмүүст ихэвчлэн амьдралын туршлага дутагдаж байна гэж болно. Байж боломгүй, итгэхэд дэндүү сайхан зүйлсийг хараад эргэлзэх, ийм байх учиргүйдээ гэх бодол тэр бүр төрдөггүй гэсэн үг. Түүнчлэн үүнийгээ дагаад сэтгэл хөдлөл ихтэй, хурц, шийдэмгйй байдаг нь нөлөөлдөг. Тэгвэл насанд хүрэгчид, ажил эрхлэгчдийн хувьд мэдлэгтэй, туршлагатай, хэлэлцээд ярилцах хүрээлэлтэй боловч цаг хугацаа дутмаг байдаг. Маш олон тооны и-мейл, сонордуулгууд ирдэг тэр бүрийг нягталж шалгана гэвэл бүх өдрийн амьдралаа зориулах болно байх. Тиймээс сонирхолтой зүйл харагдмагц шейрлээд орхих, эсвэл бусдад санал болгож илгээх гэхчлэн хуурамч мэдээллийг түгээгч болчихдог. Харин ахмадуудын хувьд цаг хугацаатай боловч хүрээлэл бага учраас аливаа мэдээллийг хэлэлцэж, ярилцах боломжгүй байдаг. Ямар нэг сенсацитай мэдээлэл хармагц эргэцүүлж, ярилцах хүнгүй учраас итгээд гэр бүлийнхээ хүрээнд ч тэр цахим хаягаараа шейр хийх тохиолдол бий. 

Энэ утгаараа насны өөр, өөр бүлгүүдэд өөр өөрийн шалтгаан нөхцөл байна. Тиймээс хуурамч мэдээлэл бид бүгдийн хувьд асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч болгоомжтой, мэдээлэлд шүүмж сэтгэлгээтэй хандаж сурах нь чухал. Түүнчлэн өөрийн итгэж хүлээж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуудсуудыг дагах гэхчлэн өөртөө тодорхой дагадаг, хэвшил болсон сувгуудыг бий болгож болно. Бас мэдээлэл үнэн эсэхийг нягталж өгдөг сайтууд бий. Тэдгээрийг ашиглаж сурах нь чухал юм. Ер нь товчхондоо итгэмээргүй, байж боломгүй муухай эсвэл сайхан гэхчлэн сэтгэл хөдөлгөсөн аливаа мэдээллийг заавал нягталж сурах хэрэгтэй. 

-Хуурамч мэдээлэлтэй холбоотой нөхцөл байдал Азийн орнуудад ер нь ямар түвшинд байна вэ? 

-Дээр хэлсэнчлэн дэлхий даяар л асуудал болоод байна. Ялангуяа, Филиппин улсыг аваад үзвэл маш том асуудал болчихсон. Хүн амын маш олон хувь нь Facebook ашигладаг, энд нь олон талын оролцогчид улс төрийн нөхцөл байдлыг тогворгүй, будлиантай харагдуулах, болгох үүднээс янз бүрийн хуурамч мэдээлэл үйлдвэрлэж буй. Энэ бүхэн нь аливаа асуудлын ач холбогдлын эрэмбэ, дарааллыг алдагдуулах, хэн нь сайн, хэн нь мууг ч ялгахад хэцүү нөхцөл үүсгээд байгаа. 

Харин энэ үед иргэний нийгмийн байгууллагууд нь идэвхтэй ажиллаж олон нийтэд боловсрол олгох, хуурамч мэдээлэлтэй тэмцэх төрөл бүрийн аргыг эрэлхийлж байгаа нь олзуурхууштай. Нэг талаар олон нийтэд тустай, нөгөө талаас эрх мэдэлтнүүдэд энд асуудал байна аа гэдгийг хэлж, анхаарал хандуулах шаардлагатайг сануулж, тулгаж байна.

-Хэвлэл, мэдээллийн боловсролын аливаа хөтөлбөрийн үр нөлөөг хэрхэн хэмжиж дүгнэдэг юм бэ? Та бүхний хувьд сурагчдаас эхлээд ахмадуудад хүртэл олон ажил хийж байна шүү дээ. 

-Мэдээж хэмжиж болохуйц зүйл нь юу вэ гэдгээс эхэлнэ. Бидний хувьд хэдэн хүнд хүрч очиж байна вэ гэдгээрээ үр дүнгээ тооцож байгаа. Сургалтын тараах материал, сургалт, зөвлөгөөнүүд гэхчлэн олон хүнтэй харилцаж хүргэж буй. Тиймээс энэ тоонд л тулгуурлаж байгаа. Хүн нэг бүрт үзүүлэх үр нөлөөг тооцно гэвэл маш их цаг хугацаа, нөөц шаардагдах байх. Харин олон нийтийн хуурамч мэдээлэлд үзүүлж буй хариуг судалсан өргөн хүрээний судалгаанууд бол бий. Тухайлбал, Сингапурчуудын хувьд хуурамч мэдээллийг таних өөрийн чадвартаа харьцангуй итгэлтэй гэж хариулсан дүгнэлтүүд гарсан байсан. 

Түүнчлэн хүмүүс мэдээлэлд илүү болгоомжтой, анхааралтай ханддаг болсон нь илт анзаарагдаж байна. Жишээ нь, Facebook-ийн алгоритм миний сонирхол, дуртай зүйл, зан хэвшил гээд олон зүйлийг тооцож түүнд тохирсон контент харуулж буй. Хэрэв би нэг эктримист бүлгийн видео үзлээ гэж бодъё. Тэгвэл надад энэ төрлийн видеог улам илүү олон давтамжтайгаар харуулах болно. Энэ үед түр азнаад тэнцвэргүйгээр орж ирж буй ийм мэдээллийн урсгалыг тогтож харах, өөрийн медиа хэрэглээндээ анхаарал хандуулах ёстой болж байгаа юм. 

-Танай улсын хувьд хэрэгжиж буй хуурамч мэдээллийн эсрэг хуулийн хамгийн гол заалт нь юу вэ? 

-Нөхцөл байдал харьцангуй гайгүй ч бид урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү хуулийг санаачлан, нийтийг хамарсан өргөн хэлэлцүүлгийн дүнд баталсан. Энэ мэт зохицуулалтууд дэлхийн оронд хийгдэж, бид санал солилцох болсон. Сингапурын онцлох, бусад оронд давтагдахгүй нэг заалт нь хуурамч мэдээллийг бид цахим орчноос устгаад зогсохгүй, залруулга оруулах заалтыг оруулсан юм. Хүмүүс тухайн мэдээллийг хожим хайхад зөвхөн харагдахгүй, илэрцгүй байх нь хэрэглэгчид бүрэн ойлголт, мэдээлэл болж очихгүй. Тиймээс энэ нь худал, хуурамч мэдээлэл байсан юм гэдгийг хэлэх, залруулах шаардлагыг бид технологийн компаниудад тавьж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.