Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

LITTLE WOMEN кино ревью | Tegshee’s Movie Corner


Юнивишнийн Видео сангийн “40k бэлэгтэй кино” цэсэнд байгаа LITTLE WOMEN киноны бичвэрээ хуваалцаж байна.


“Little Women” кино бол Луиза Мэй Олкоттийн ижил нэрт романаас сэдэвлэн хийсэн долоо дахь кино бүтээл юм. Найруулагч Грета Гервигийн эл хувилбар гэхдээ элдвээр чамирхаагүй шулуухан, хүнлэг, торгон найруулгын шийдлээрээ онцгойрч байна.

Мег, Жо, Бет, Эми дөрөв бол нэгэн гэр бүлийн үе тэнгийн шахуу тэрсгэн охид. Аав нь америкийн иргэний дайнд татагдан яваад эзгүй байх тул ээжтэйгээ тавуул хоцорсон “Бяцхан авхай нар”.

Мег (Эмма Уотсон) бол эелдэг, зөөлөн, уламжлалт, үзэсгэлэнтэй, тухайн цаг үеийн нүдээр бол сайн эхнэр болох төгс шахуу охин. Жо (Сирша Ронан) харин эршүүд, зөрүүд, эмэгтэй хүнийг үзэх тухайн нийгмийн нийтлэг хэв шинжтэй санал нийлдэггүй, эцгийгээ эзгүйд хүүхдүүдэд багшилж гэр бүлээ тэжээхэд хувь нэмэр оруулдаг, зохиолч болох ирмүүн хүсэлтэй нэгэн. Эми (Флоренс Пью) хор шартай, тэмцэгч чанартай бол Бет (Элайза Сканлен) зөөлөн, дулаан, бүрэг, хэврэг охин. Нэгэн цаг үе, нэгэн гэр бүлд өсөж буй ч хэн хэнээсээ мөн чанар, ертөнцийг үзэх үзэл, зан төлвөөрөө эрс ялгаатай ийм дөрвөн охин өсөж томрон өөр өөрсдийн амьдралын замыг туулах нь сонирхолтой.

“Little Women” өнгөрсөн жилийн Оскарын шагналын Шилдэг кино, Шилдэг эмэгтэй жүжигчин (Сирша Ронан) зэрэг 6 төрөлд нэр дэвшсэнээс Шилдэг хувцас загвар төрөлд шагнал хүртсэн. Үнэхээр ч кино тухайн цаг үеийн байдал төрх, хувцаслалтыг үнэмшилтэй харуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн ч цаг үе нь л Америкийн иргэний дайны үе болохоос дүрүүдийн зан төрх, тэдэнд тулгарч буй асуудлууд нь өнөө ч буй орчин үеийн нийгэм болоод хувь хүний нийтлэг агуулгатай.

Дөрвөн охины хоёр том нь бүжигт үдэшлэгт явах, охидууд гэртээ тоглож наадах, бужигнах, Жогийн бичсэн жүжгийг гэртээ театрчилж тавих, зул сарын зоог бөөнөөрөө барих зэргээр киноны эхлэл хэсэг энгийн амьдралтай хэн бүхний туулдаг зүггүй, зугаатай, гэнэн, элдэв нарийн зөрчил тэмцэлгүй хүүхэд нас шиг л налайх бол охид өсөж томрохын хэрээр кино дунд хэсгээсээ насанд хүрсэн хүний амьдрал шиг л ярвигтай, хурдтай өрнөж эхэлнэ. Охидын хүүхэд нас, насанд хүрсэн амьдралыг илт ялгаа, зааггүйгээр сөөлжүүлж шигтгэн үзүүлсэн найруулагчийн шийдэл охидын хувь тавилан урьдаас огт зурагдаагүй, барьцгүй, болзоогүй шинжтэй гэдгийг үзэгчдэд тойруугаар мэдрүүлэх шиг болно.

“Little Women” киноны хурангуйлсан санаа: Own your story. Махчилж орчуулбал “Өөрийнхөө түүхийг эзэмш” гэсэн үг. Кинонд нийгэм, цаг үе, “бусад” нь эмэгтэй хүнийг юу гэж тодорхойлж, ямараар жаазалж харахаар шахаж бай хамаагүй хүн өөрийнхөөрөө байх, өөрийнхөөрөө амьдрах тухай хэт дэврүүлэн чухалчлалгүй, эгэл даруугаар, дүрүүдийнхээ ямар нэг оршихуй, сонголтыг шүүж чичилсэн маяггүй хөндсөн нь олзуурхууштай.

Өөрийг нь алдартай жүжигчин болно гэж итгэдэгтээ хуримынх нь өмнө эгчийгээ аваад зугтая гэж зүтгэх Жо дүүгийнхээ өмнөөс Мег “Миний мөрөөдөл чинийхээс өөр болохоороо чухал биш гэсэн үг биш” гэх хариулт хэлдэг. Мег тухайн нийгмийн арааманд яв цав нийцэж, тухайн нийгмийн эмэгтэй хүний нийтлэг дүр төрхөөс гажилгүй, тухайн цаг үеийн эмэгтэй хүнд чухалчлан оноосон ойлголтууд болох гэр бүл, хайр сэтгэлийг эрхэмд үзэн сонгосон байлаа гээд аялдан дагалдагч эсвэл сул дорой нэгэн болохгүй. Мег ердөө тэгж амьдрахыг л хүссэн хэрэг.

Зохиолчийн карьер хөөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд бие даах амаргүй зорилго тавьсан Жо амьдралд бачимдан цөхрөхдөө “Эмэгтэй хүн ганц зүрх сэтгэлээс гадна, оюун ухаан, мэдрэмжтэй. Эмэгтэйчүүд ганц гоо сайхнаас гадна хүсэл зорилготой, авьяас чадвартай. Хайр л бүх эмэгтэйд таарах эцсийн ганц хариу гэж үздэг хүмүүсээс залхаж байна” гэж хашгирдаг.

Нийгэм дээр Мег, Жо хоёр шиг эсрэг тэсрэг дүрүүд өөрсдийн амьдрал, сонголтын ялгаатай хэв маягийг хамгаалсан, толхилцсон, заримдаа нэгнээ үгүйсгэсэн, харьцуулагдан жишигдсэн янзтай байдаг. Мег, Жо хоёр хэдий ялгаатай ч хэн хэндээ хайртай эгч дүүс болохоор амархан ойлголцдог, хэн хэнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Юутай ч эл агуулгаараа “Бяцхан авхай нар” маань үзэгчдийг бусдын ялгаатай байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, ойлгох, энэрэх “том” агуулга руу түлхэж байна.

Хэврэг, зөөлөн Бетэд харин нийгэмтэй тэмцэн тэрсэх, нийгмийг аялдан дагах ойлголтын аль нь ч падгүй, тэр өөрийн сайхан сэтгэлдээ амар тайван, өөрийн ертөнцдөө дүүрэн амьдардгийг анзаарч болно. Зураач болох, баян хүнтэй гэрлэх зэрэг тухайн нийгэмд эмэгтэй хүний хүсэж болох хамаг л өндөр зорилгыг тээсэн Эми эцсийн бүлэгт ямар сонголт хийв?

Өөрийн нөхөр, “Marriage Story” киноны найруулагч Ноа Баумбахтай хамтран зохиолыг нь бичиж, өөрөө гол дүрд нь тоглосон “Frances Ha” киноноос нь эхлээд чухлаар хөндөгддөг урлагийн хүн байх буюу урлаг бүтээх зуураа хэрхэн ахуйгаа, аж амьдралаа зохицуулж амьдрах, олон нийтийн хүсэж буйг урлаг болгох, эсвэл өөрийн хүссэнээр урлагийг бүтээх хоёрын дунд тэлчлэх, оновчтой хувилбарыг эрэлхийлэх асуудлыг найруулагч Грета Гервиг Жогийн дүрээр ахин анхааралтай хөндөхийг хүссэн нь ажиглагдана. Оскарын шилдэг найруулагчид нэр дэвшсэн, анхны бүрэн хэмжээний “Lady Bird” киноноос нь л эхлээд анзаарагдсан цомхон, шулуухан, оновчтой найруулгаараа Грета Гервиг онцгойрч байна. Түүний асуудлыг хэтэрхий сүржигнүүлж, байгаагаас нь томруулж, элдвээр аягладаггүй шулуухан хэв маяг нь тун ч таалагддаг. “Little Women” киноны Эми “Би ухаантай байх гэж дүр эсгэдэггүй, гэхдээ юмсыг анзаардаг” гэдэг үг найруулагч Грета Гервигт өөрт нь л тун тохирмоор. Үзэгчид “Lady Bird” хийгээд “Little Women”-ийг үзэх явцдаа өөрсдөө эрхгүй анзаарах биз.

1868 онд хэвлэгдсэн гарсан “Little Woman” роман тухайн цаг үедээ уран зохиолд олон зуун жилээр ноёлсон, эмэгтэйчүүдийг эрчүүдийн өнцгөөр л дүрсэлж өгүүлдэг үзэгдлийг халж эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ тухай буюу эмэгтэй хүн өөрсдийнхөө тухай энгийн, үнэнээр өгүүлснээрээ үнэлэгдэж байсан бүтээл. Ийм сонгодог зохиолыг манай цаг үед эмэгтэй найруулагч дэлгэцийн бүтээл болгон хөрвүүлсэн нь бас нэгэн учир холбогдол юм. Юутай ч “Бяцхан авхай нар” бүтээл энэ цагийн өсөж яваа эмэгтэй найруулагчийн “том учир холбогдол” бүхий тэнцвэртэй, хүнлэг, сонирхолтой бүтээл байлаа.

ЭНД дарж сонирхоно уу.

холбоотой мэдээ
1
2020.04.03
"Нам гүм амьдрал" (A Hidden life) кино шүүмж | Tegshee's Movie Corner
2
2020.03.26
JOJO RABBIT кино ревью | Tegshee’s Movie Corner
3
2019.11.05
LookTV-ээс 1 төгрөгөөр үзэж болох 8 гайхалтай кино I Tegshee's Movie Corner
санал болгох
1
1 цагийн өмнө
Сурагч охины төгсөлтийн баяртаа зориулж урласан 'корона' даашинз
2
2 цагийн өмнө
Халдвараас сэргийлэхийн тулд 4000 долларын үнэтэй алтан маск хийлгэжээ
3
3 өдрийн өмнө
Маргааш бүтэн өдрийг "өнгө нэмж" өнгөрүүлээрэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.