Луйзиана мужийн захирагч Трампын зурагтай оймс өмссөнөө өөрт нь харуулжээ
Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, шингэрүүлсэн байгалийн хийг экспортлох асуудлаар ярилцахаар өнгөрсөн мягмар гарагт Луйзиана мужийг зорьжээ. Түүнийг Лейк Чарльз хотод газардахад Луизиана мужийн захирагч Билли Нангессер угтаж авсан бөгөөд энэ үеэр Нангессер Ерөнхийлөгч Дональд Трампын зураг, үс бүхий өвөрмөц оймс өмссөнөө төрийн тэргүүндээ харуулсан байна. Ерөнхийлөгч эл үйлдлийг хошигнон хүлээж авсан ба хэвлэлүүд ч тэр даруй Ерөнхийлөгчийн зураг, шаргал үс бүхий оймсны талаар бичиж байна.
Business Insider сайтын мэдээлснээр уг оймсыг Gumball Poodle хэмээх жижиг компаниас гаргажээ. Тус компанийг үүсгэн байгуулагч Эрика Изли 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Брак Обамагийн өмссөн оймсыг худалдаж авахаар шохоорхож, хайсан боловч олж чадаагүй гэнэ. Эцэст нь тэрээр өвөрмөц өнгө, загвар бүхий оймс хийхээр шийдэж компаниа байгуулсан аж.
Харин өчигдөр Билли Нангессер тэдний үйлдвэрлэсэн оймсыг олон нийтэд 'алдаршуулсны' дараа тэд вэб сайтынхаа нүүр хуудсанд Ерөнхийлөгчийн Трампын зурагтай баннер байршуулжээ. Энэ оймсыг тус сайт руу хандаж эсвэл Амазоноос захиалж авах боломжтой гэнэ.
Харин олон нийт Луйзиана мужийн захирагчийн уг үйлдэлд өөр өөр сэтгэгдэл хэлж байна. Тухайлбал, CNN агентлаг захирагч Билли Нангессер, Ерөнхийлөгч Дональд Трамп нарын зургийг сошиал хуудсандаа оруулсан бөгөөд түүний дор хүмүүс "Дотуур хувцастайгаа ч гэсэн хосолж байгаа гэдэгт итгэж байна", "Бүгд биднийг шоолж байна. Дэлхий даяараа биднийг шоолж байна, хүмүүсээ!", "Энэ оймсыг Хятадад үйлдвэрлэсэн байж таарна" гэх зэрэг сэтгэгдэл бичжээ.
Эх сурвалж: Business Insider