Эрдэмтэд дэлхийн дахинд аль хэдийн 20 сая хүнийг халдварлуулж, 755 мянган хүний аминд хүрээд буй коронавирусийн эсрэг үр дүнтэй вакцин гаргаж авахын тулд идэвхтэй ажиллаж байна. Наймдугаар сарын 11-ний байдлаар олон улсын хэмжээнд нийт коронавирусийн эсрэг вакцины 165 төсөл хэрэгжиж байна (31-ийг нь хүн дээр туршсан). Үүнээс 135 нь клиникийн өмнөх туршилтын шатанд яваа бол 20 нь нэгдүгээр шатны туршилт, 11 нь хоёрдугаар шатны туршилт, 8 нь гуравдугаар шатны туршилт, хоёр нь хязгаарлагдмал хэмжээнд ашиглах зөвшөөрлөө аваад байна.
Ашиглах зөвшөөрөл аваад байгаа хоёр вакцины нэг нь БНХАУ-д бүтээсэн Ad5-nCoV вакцин, нөгөө нь ОХУ-д гаргасан Sputnik V нэртэй вакцин юм. ДЭМБ эдгээр вакцинуудад албан ёсны баталгаа гаргахгүй байгаа ч өмнөд, хойд хөршийн эрх баригчид хэдийн улс дотроо вакциныг хэрэглэж, туршиж байгаа билээ.

Гурав дахь шатны туршилтаа гүйцэтгэж байгаа буй вакцинуудын тухайд коронавирусийн эсрэг үр дүнтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эсэх нь ирэх 2-3 сард тодорхой болох юм. Тухайлбал,
АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, Америкийн биотехнологийн Модерна компанийн хамтарсан вакцин долоодугаар сарын 27-нд гурав дахь шатны туршилтаа эхэлжээ. Энэ шатанд тэд АНУ-ын 89 өөр бүсэд амьдарч буй 30 мянган эрүүл хүнд вакциныг турших ба арваннэгдүгээр сард эцсийн үр дүнгээ зарлах гэнэ. Хэрэв туршилт амжилттай болвол АНУ 100 сая тун вакцин худалдаж авах захиалга өгөөд байна.
Германы BioNTech, Хятадын Fosun Pharma нарын хамтарсан mRNA вакцины хөгжүүлэлт долоодугаар сарын 27-нд хоёр, гурав дахь шатны туршилтад шилжжээ. Энэ шатанд АНУ, Аргентин, Бразил, Германд байгаа 30 мянган хүн сайн дураараа вакцины туршилтад хамрагдах гэнэ. Хэрэв албан ёсоор зөвшөөрлөө авч чадвал mRNA вакциныг 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэжээ.
Их Британи-Шведийн АстраЗенека групп болон Оксфордын их сургуулийн хамтран хөгжүүлж буй ChAdOx1 вакцин Англи, Энэтхэгт хоёр, гурав дахь шатны, Бразил, Өмнөд Африкт гурав дахь шатны туршилтаа хийж байгаа бөгөөд есдүгээр сард эцсийн үр дүнг зарлахаар төлөвлөж байна. Хэрэв амжилттай болвол аравдугаар сар гэхэд вакциныг үйлдвэрлэж эхлэх боломжтой хэмээн хөгжүүлэгчдийн зүгээс мэдэгджээ.
Нэг, хоёрдугаар шатны туршилт амьтан болон цөөн тооны хүнийг хамруулдаг бол гуравдугаар шатанд халдвар өндөр тархсан бүс нутгийн 20-40 мянган хүнийг сайн дураар вакцины туршилтад хамруулсны үндсэн дээр зах зээлд албан ёсоор гаргах эсэхийг шийддэг. Олон улсад ихээхэн найдвар төрүүлж буй АНУ, Герман, Их Британийн төслүүдээс гадна манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ мөн тус тусын вакцины төсөл дээр ажиллаж буй.
Хөрш орнуудын хөгжүүлж буй вакцины талаар бид юу мэдэх вэ?

ОХУ: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг Орос улс бэлэн болгож, албан ёсоор бүртгүүлсэн хэмээн мэдэгдлээ. Sputnik V нэртэй уг вакциныг Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн (RDIF) санхүүжилтээр Москвагийн Гамалейн нэрэмжит хүрээлэнд бүтээжээ. Гэхдээ ДЭМБ болон барууны эрдэмтэд одоогоор ОХУ-ын гаргаж авсан Sputnik V вакцинд баталгаа өгч чадахгүй байгаа юм. Учир нь, ОХУ вакцины туршилт, хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг ил болгоогүйгээс гадна гуравдугаар шатны туршилтад олон мянган хүнийг хамруулах шаардлагатай атал ОХУ ердөө 2000 хүнд л туршилтын вакциныг хийж, Ойрхи Дорнод, Латин Америкийн хэд хэдэн улсад туршилтыг эхлүүлсэн гэж мэдэгджээ.

БНХАУ: Тэгвэл өмнөд хөрш хэд хэдэн өөр вакцины төслийг хэрэгжүүлж байна. Хятадын CanSino Biologics компани Цэргийн анагаахын шинжлэх ухааны академитай хамтран Ad5-nCoV вакциныг хөгжүүлж буй. Хятадын эрх баригчид өнгөрсөн зургаадугаар сард туршилтын шатанд яваа уг вакциныг цэрэг, армийн албан хаагчид дээр туршихыг зөвшөөрчээ. Алба хаагчид вакциныг сайн дурын үндсэн дээр тариулах уу эсвэл, зайлшгүй тариулах уу гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч наймдугаар сарын 9-нд Арабын Нэгдсэн Эмират улсын эрүүл мэндийн яам тус вакцины гуравдугаар шатны туршилтыг улсдаа эхлүүлсэн тухай мэдэгджээ.
Үүнээс гадна Хятадын төрийн өмчит Sinopharm компанийн хоёр ч вакцин гуравдугаар шатны туршилтандаа хүрчээ. Уханы Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтарсан эхний вакцины хөгжүүлэлт долоодугаар сард гурав дахь шатны туршилт руугаа шилжсэн бөгөөд Sinopharm компанийн тэргүүн жилийн эцэс гэхэд вакциныг нийтэд зориулж үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.
Хоёр дахь вакциныг Бээжингийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран гаргахаар зорьж байгаа аж. Энэ вакцины гурав дахь шатны туршилтыг Арабын Нэгдсэн Эмират улсад 10 мянган хүнд хийх гэнэ.
Хувийн өмчит Sinovac Biotech компанийн CoronaVac нэртэй вакцин мөн адил гурав дахь шат хүртэл амжилттай туршигдаад байна. Өнгөрөгч долоодугаар сард Бразил, Индонез улсад гурав дахь шатны туршилтаа эхлүүлээд буй тус компани жилд 100 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн байгууламжийг барьж байгаа гэжээ.
Вакцин аюулгүй, үр дүнтэй гэдгийг баталсан уу?
ОХУ: Ноттингемийн их сургуулийн халдварт өвчний тархвар судлалын профессор Кэйт Нил CNN-д өгсөн ярилцлагадаа Sputnik V вакцин ямар нэгэн харш нөлөөгүй, аюулгүй гэх баталгаа байхгүй гэдгийг дурджээ. Учир нь, вакциныг аль болох олон хүн дээр туршиж байж болзошгүй гаж нөлөөг илрүүлэх боломжтой байдаг бөгөөд үүнийг ихэвчлэн гуравдугаар шатанд хийдэг аж.
Тиймээс ОХУ гуравдугаар шатны туршилтыг зохих ёсоор хийж, холбогдох шинжлэх ухааны судалгаа, баримтыг ил гаргахгүйгээр вакцин үр дүнтэй бөгөөд аюулгүй гэдгийг нотолж чадахгүй гэж тайлбарлаж байна. Нөгөө талаар, коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахыг "уралдаан" мэтээр харж буй эрх баригчдынхаа шахалтаас болж Оросын эрдэмтэд зарим чухал туршилтыг алгассан байж болзошгүй гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

БНХАУ: Харин Хятадын эрдэмтэд хөгжүүлж буй вакцинаа аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдгийг батлахын тулд шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулж, анагаах ухааны сэтгүүлүүдэд туршилтуудынхаа үр дүнг нийтэлж байна. Тухайлбал, Уханы Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтарсан Sinopharm компанийн хөгжүүлж буй вакциныг хоёр удаа хийлгэсэн хүний биед 28 хоногийн дотор эсрэг биет тогтож байна гэж Синьхуа агентлагийн мэдээлэлд дурджээ. Түүнчлэн CanSino Biologics компани Ad5-nCoV вакцины эхний шатуудын туршилтын үр дүнг анагаах ухааны Лансет сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Одоогоор БНХАУ-д хөгжүүлж буй дөрвөн вакцин цөм эцсийн шатны туршилт дээрээ явж байгаа тул энэ шатанд гарах үр дүнгээс бүх зүйл шалтгаалах юм.
Эх сурвалж: The New York Times, CNN, South China Morning Post