Хайх зүйлээ бичнэ үү

22 мин

Маркс эдүгээгийн хямралыг зөгнөж, гарах замыг нь заасан


Янис Варуфакис, Эдийн засагч, улстөрч


Түмнийг дагуулсан тунхаг уран яруу дүрслэл, утга гүн санаагаараа оюун санааг эзэмдэж, яруу найраг мэт сэтгэл зүрхтэй хүүрнэдэг. Цаашлаад ийм тунхаг эргэн тойронд маань тохиох догдлол, үймээн, түгшүүрээр дүүрэн өөрчлөлтүүдийн үнэн шалтгаан хийгээд гарт маань байгаа боломжуудыг нээн харуулдаг. Явуургүй өнгөрснийг хам хэрэгтний хувиар ахин дахин бүтээж буйгаа ухаарахад саад бологч тэрхүү хөшгийг сөхөж, арчаагүй дорой байгаагийн маань шалтгаан энэ бүхэн байсан гэдгийг ч бас ойлгуулдаг. Эцэст нь ийм тунхаг жинхэнэ эрх чөлөөний төлөөх хүч чадлаа ухаарахад нь хүмүүн төрөлхтнийг зоригжуулж, түмнийг хамарсан зовлонг төгсгөл болгоход уриалан дуудах Бетховены симфони мэт хүчтэй байх ёстой.
Өөр ямар ч тунхаг 1848 оны хоёрдугаар сард Лондонгийн Ливерпуль гудамжны 46 тоотод хэвлэгдсэн тэр нэгэн тунхаг шиг олныг байлдан дагуулаагүй юм. Коммунист тунхгийг (Анхны нэр нь Коммунист намын тунхаг байв) хоёр герман залуу Английн хувьсгалчдын захиалгаар бичжээ. Тэд бол Эпикурийн хедонизм, Гегелийн рационал үзлийг таашаадаг 29 настай Карл Маркс, Манчестер дахь нэхмэлийн үйлдвэрийн өв залгамжлагч Фридрих Энгельс нар байв.  

Улс төрийн уран зохиолын хувиар энэ тунхгаас давсан бичвэр эдүгээ хүртэл үгүй. Хий үзэгдэл Европоор тэнүүчилж байна, Коммунизмын хий үзэгдэл… хэмээн эхлэх зартай эхний мөр нь л гэхэд Шекспирийн бүтээлүүдтэй дүйнэ. Алагдсан эцгийнхээ сүнстэй нүүр тулсан Хамлетийн нэгэн адилаар уншигч “Түүхийн эсэргүүцэх аргагүй хүчнээс над руу харвасан зовлон хийгээд ноёрхогч дэглэмийн өмнө дуугүй хүлцэх үү, эсвээс статус квогийн эсрэг гараа зангидан босож, шинэ ертөнц рүү замчлах хүчтэй нэгдэх үү?” хэмээн эргэлзэнэ.

Европын сэхээтнүүдийн уулзалтууд дээр маргах Маркс ба Энгельсийн уншигчдын хувьд энэ бүхэн шинжлэх ухаанч сонголт байсангүй. Учир нь тэдний тунхаг үйлдэлд уриалж байсан юм. Тэрхүү хий үзэгдлийн дуудлагад автагсад мөрдлөг хавчлагад өртөж, зарим тохиолдолд шорон гянданд хоригдож байв. Өнөөдөр залуус үүнтэй ижил сонголттой нүүр тулжээ. Өөрийгөө нөхөн сэргээх чадваргүйгээр нуран унаж буй өнөөгийн хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний өмнө дуулгавартай байх уу эсвэл, багагүй хэмжээний золио гаргасан ч хамаагүй түүнийг сөрөн зогсож, хамтдаа ажиллаж, амьдарч, хөгжилдөн наадах шинэ боломжуудыг эрэлхийлэх үү? Улс төрийн ертөнцөд эдүгээ коммунист намууд бараг л алга болсон ч энэхүү тунхгийг амилуулах коммунизмын сүнсний дуу хоолойг намжаах амаргүй.    

Аль ч тунхгийн зорилго нь мэдлэгийн хязгаарыг тэлэх байдаг. Маркс ба Энгельс нэг зуун тавин жилийн дараа ирэх ирээдүйг яг таг дүрсэлж, өнөөдрийн бидний тулгарч буй зөрчил хийгээд сонголтуудыг шинжлэн үзсэн нь гайхалтай. 1840-өөд оны сүүл үед Капитализмын хөлөг онгоц живж байлаа. Тэр орон нутгийн шинжтэй, хуваагдмал байв. Энэ үед Маркс, Энгель хоёр түүний зүг ганцхан хараад л бидний мэдэх даяаршиж, санхүүжиж, хуяглагдан, чинээндээ тулсан капитализмыг олж харсан юм. Энэ мангас 1991 онд буюу тогтолцоо Марксизмын үхэл ба түүхийн төгсгөлийг1тунхагласан тэр мөчид амь орсон юм.
Коммунист тунхгийн алдааг ямагт хэтийдүүлэн зөгнөсөөр ирсэн. Би 1970-аад оны эхэн үеэр зүүний үзэлт эдийн засагчид хүртэл “капитал хаа сайгүй үүрлэж, суурьшиж, хэлхээ холбоо тогтооно” гэсэн тунхгийн амин чухал таамаглалд эргэлзэж байсныг санаж байна. Тэр үед гуравдагч ертөнцийн хэмээн нэрлэгдэж байсан улс орнуудын гунигтай бодит байдал дээр үндэслэн тэд капитал Европ, Америк, Япон дахь Метрополисуудын хил хязгаараас цааш өргөжих хүчээ барсан гэж үзэж байлаа.  

Туршлагаас харвал тэдний зөв байсан. Африк, Ази болон Латин Америкийн орнуудад үйл ажиллагаагаа явуулж байсан Европ, Америк, Японы үндэстэн дамнасан корпорацууд колонийн үеийн адилаар байгалийн нөөцийг сорохоор үйл ажиллагаагаа хязгаарлаж, капитализмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оролцохгүй байлаа. Зүүний үзэлт эдийн засагчид гадаадын капитал гуравдагч ертөнцийн улс орнуудыг капиталист хөгжлийн зүг хөтлөхийн оронд тэдгээр улс орнуудын эдийн засгийн хоцрогдлыг улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байсан юм. Тунхаг капиталын газар сайгүй тархах чадварыг хэтийдүүлсэн мэт харагдаж байв. Марксыг аялдан дагалдагчдыг оролцуулаад ихэнх эдийн засагчид “дэлхий даяар тархсан мөлжлөг” бүх улс орны үйлдвэрлэл ба хэрэглээг космополитан чанартай болгоно гэсэн тус тунхгийн таамаглалд эргэлзэж байв.

Гэвч тунхгийн зөв байсан нь батлагдсан. Зөвлөлт улс нуран унаж, Энэтхэг ба Хятадын хоёр тэрбум ажилчид капиталист хөдөлмөрийн зах зээл рүү орж ирсэн явдал нь дээрх эргэлзээг тайлсан билээ. Тунхагт үнэнч байхаа амласан дэглэмүүд хамгийн түрүүнд нуран унаж, капитал бүхэлдээ даяаршив. Түүхийн хамгийн том хувь заяаны шоглоом биш гэж үү?

Өнөөдөр энэ тунхгийг уншсан хэн ч технологийн шинэчлэлийн ирмэг дээр айдастайгаар дэнжигнэн зогсох өнөөдрийн дэлхий ертөнцийн дүр зургийг олж харж, цочирдон гайхах бизээ. Тунхаг бичигдэж байх үед феодалын амьдралын хэв маягт тулгарсан хамгийн том шалгуур нь уурын хөдөлгүүр л байв. Тариачид машин тоног төхөөрөмжийн араа шүднүүд руу шидэгдэж, шинэ эзэд болох үйлдвэрийн эзэд, худалдаачид нийгмийг удирдлагыг газрын эздээс булаан авсан билээ. Тэгвэл эдүгээ хиймэл оюун ухаан, автоматчилал сүйтгэх аюулын хувиар бүхий л харилцааг сөнөөхөөр айсуй. Тунхаг “Үйлдвэрлэлийн багаж хэрэгслийг зогсолтгүй хувьсгаснаар нийгмийн харилцааг бүхэлд нь өөрчилж, үйлдвэрлэлийн тогтмол хувьсгал, нийгмийн үл тасрах үймээн, үүрд мөнхийн тодорхойгүй байдал ба түгшүүрийг авч ирнэ” хэмээн зарласан байдаг.

Гэхдээ Маркс ба Энгельс энэхүү үймээн самууныг талархан хүлээж авч байв. Учир нь машиныг эзэмшигчид хийгээд түүнийг загварчилж, ажиллуулж, түүнтэй ажиллаж буй хоёр бүлгийн хоорондох гүн хуваагдлыг даамжруулах өнөөгийн шударга бус байдлыг халахад шаардлагатай хүмүүнлэгийн сүүлчийн түрэлтийг өдөөгч нь энэ үймээн самуун байх аж. “Биет бүхэн хайлан урсаж, ариун бүхэн бузарлагдана. Эцэст нь хүмүүн амьдралынхаа бодит нөхцөл байдал, бусадтай харилцах харилцаа руугаа эрүүл нүдээр харах болно” хэмээн технологийн нөлөөний талаар зохиолчид тунхагтаа дүрслэн бичжээ. Технологийн өөрчлөлт хуурмаг төсөөллийн мананг маань өршөөлгүйгээр замхрааж, нэг нэгэнтэйгээ тогтоосон харилцаа маань ямархан өрөвдмөөр болох тухай таагүй үнэнтэй биднийг нүүрэлдүүлнэ. Өнөөдөр бид энэ үзэл санаатай сонин сэтгүүлээс эхлээд цахим хуудсууд дахь даяаршилд бухимдаж дургүйцсэн маргаан дунд таардаг. Даяаршил хэдэн тэрбум хүнийг туйлын ядуурлаас харьцангуй ядууралд хүргэж чадсан баяраа тэмдэглэхүй зуур барууны итгэмжит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Холливудын одод, Цахиурын хөндийн бизнесменүүд, лам хуврагууд тэр байтугай тэрбумтан санхүүчид цөм тэвчихийн аргагүй тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, ичгүүргүй шунал, хэт баячууд ба банкирууд парламентын ардчиллыг биднээс хэрхэн хулгайлсан тухай халаглаж сууна.  

Коммунист тунхгийн уншигчдын хувьд энэ бүхэн гэнэтийн зүйл биш ээ. Тунхаг “Нийгэм улам бүр нэг нэгэндээ дайсагнасан, хоёр хэсэг болон хуваагдана” хэмээн өгүүлнэ. Үйлдвэрлэл механикжих хэрээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж эзэмшигчдийн ашиг манай иргэншлийн хөдөлгүүр болж, нийгэм үл хөдөлмөрлөх хувьцаа эзэмшигчид ба үл эзэмших цалинт ажилтан гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Дундаж давхарга? Өнөөдөр тэд хэдийн устаж буй төрөл зүйл болжээ. Үүнтэй зэрэгцээд хэт баячууд өөрсдөөс нь бусад хүн бүрийн амьдрал баталгаагүй хөлсний хөдөлмөрийн боолчлол руу живж буйг гэмшилтэйгээр харж сууна. Маркс, Энгельс нар энэхүү хүчирхэг цөөнх туйлдаа хүртэл хуваагдсан нийгмийг удирдаж чадахгүй гэдгийг урьдчилан харсан юм. Яагаад гэвэл тэд цалинт боолуудад найдвартай амьдрал өгч чадахгүй. Айдаст автан бэхэлсэн цайзынхаа цаана хорогдох тэд эд баялгаасаа ч таашаал эдэлж чаддаггүй. Урт хугацаан дахь хувийн эрх ашгаа олж харж чадсан ухаалаг зарим нь халамжит төр л (Welfare State) хамгийн шилдэг даатгал гэдгийг мэддэг. Гэвч тунхгийн тайлбарласнаар нийгмийн нэг ангийнхаа хувьд тэд даатгалын төлбөрөө хэмнэж, төлөх ёстой татвараа төлөхөөс цөхрөлтгүй зугтах болно.
            

Хэт баячууд бол айдаст автсан, мөнхийн сэтгэл ханамжгүй бүлэг. Тэд хордлого тайлах эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчид бөгөөд энтерпренер номлогч, сэтгэлзүйч, үзмэрчдээс аврал эрдэг. Энэ хооронд бусад нь ширээн дээрээ хоол тавих, сургалтын төлбөрөө төлөх, нэг кредит картын өрөө нөгөөгөөр төлөхөөр тэмцэж байна. Бид амьдрал маань эрх чөлөөтэй мэт, хийж буй зүйлдээ дуртай, дуртай зүйлээ хийдэг мэтээр жүжиглэх ч үнэндээ орондоо чимээгүй мэгшин уйлж байна.
            

Хэт дэврүүн сэтгэлтүүд, улиг болсон улс төрчид, онолын эдийн засагчид бүгд шалтгааныг (газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бусад нөөцүүдийг эзэмших тэгш бус эрх) нь үл тоомсорлох атлаа шинж тэмдгүүдийг (орлогын ялгаа) хурцаар шүүмжлэх нэг л янзаар энэхүү төвөгтэй асуудалд хариу барина. Бид мухардаж, цөхрөлдөө дасаж, популистууд энэ орон зайг ашиглахаар оролдож байна.  
            

Технологийн дэвшлийн хурд нэмэгдэх хэрээр бид иргэншсэн, рационал байдлаар нэг нэгэнтэйгээ хэрхэн холбогдох вэ гэдгээ шийдэх тэр мөч рүү ойртож байна. Бид нийгмийн дарангуй хэм хэмжээ хийгээд хөдөлмөр бол гарцаагүй гэсэн санааны ард нуугдах аргагүй болжээ. Энэхүү эмх замбараагүй байдлын дундуур олонхыг зовлон зүдүүрээс гэтэлгэж, хүн бүрд зориулсан үнэ төлбөргүй хөгжил бол нийтэд зориулсан үнэ төлбөргүй хөгжил гэсэн нийгмийн шинэ зохион байгуулалт руу шилжихийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг олж харах боломжийг энэ тунхаг 21-р зууны уншигчдад өгч байна. Хэдийгээр тунхаг тэнд хэрхэн хүрэх тухай заагаагүй ч тоомсорлохгүй орхих аргагүй итгэл найдварын эх булаг хэвээр л байна.
Хэрэв энэ тунхаг тэртээ 1848 онд сэтгэл хөдөлгөж, ичгүүр төрүүлж, урам зориг өгч байсан шигээ тэр хүчийг эдүгээ ч агуулж буй бол тэр үеийн ангийн тэмцэл өнөө ч хэвээр л байна гэсэн үг. Маркс, Энгельс нар үүнийг “Хүн төрөлхтний түүх бол ангийн тэмцлийн түүх юм” гэсэн наймхан хатуу үгээр дүрсэлжээ.  
Сурвалжит феодалуудээс аж үйлдвэрлэлийн эзэнт гүрнүүд хүртэл, хөдөлгүүрийн түүх үргэлж зогсолтгүй хувьсан өөрчлөгдөх технологи болон ноёрхогч ангийн тогтоосон ёс хоёрын хоорондох тэмцэл байсан билээ. Технологийн их өөрчлөлт бүртэй хамт бидний хоорондох зөрчил хэлбэрийн хувьд өөрчлөгдөж байв. Хуучин ангиуд үгүй болж эцэст нь зөвхөн хоёр анги л үлджээ. Тэд бол бүхнийг эзэмшигч ба юу ч үгүй, хөрөнгөтөн ба ажилчин анги юм.
            

Энэ бол бидний өнөөдөр өөрсдийгөө дотроос нь олж харсан тэр асуудал юм. Ангийн бүхий л ялгааг эзэд ба үгүйгээчүүд гэсэн голын хоёр эрэг хүртэл багасгасных нь төлөө бид капитализмд талархах ёстой. Маркс, Энгельс хоёр капитализм өөрийгөө нөхөн үйлдвэрлэх чадамжгүй гэдгийг бидэнд ухааруулахыг хүссэн. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хувь хүмүүс эзэмших тухай хуучин санааг халж, тоног төхөөрөмж, газар, нөөцийг нийтээрээ эзэмших тухай санааг бэхжүүлэх нь бидний үүрэг. Эдүгээ шинэ технологи хуучин хөдөлмөрийн гэрээнд тулгуурласан нийгэмд уяанаасаа алдуурч, бөөний худалдааны зовлон үүнийг дагаж байна. Тунхагт “Ийм аварга том үйлдвэрлэл ба солилцоог бүтээсэн нийгэм өөрийнхөө хүчийг захирах чадваргүй болсон шидтэнтэй адил” хэмээх мартагдашгүй үгс бий.
            

Апп, хайлтын систем, робот, генетикийн өөрчлөлттэй үрнүүд хүн бүхэнд аз жаргал, эд баялаг авч ирнэ хэмээн тэрхүү шидтэн төсөөлнө. Гэвч дээрх технологийн гайхамшгууд цалинтай ажилчид ба эзэд хэмээн хуваагдсан нийгэмд чөлөөлөгдмөгцөө цалин ба үнийг ихэнх бизнесийн хувьд бага ашиг олох түвшин рүү буулгадаг. Эдийн засаг, улс төрийн төсөөлөмгүй их хүчийг удирддаг технологи, эмийн аварга компаниуд хэдхэн корпорацууд л энэ бүхнээс өгөөж хүртдэг. Бид ажилчин ба ажил олгогч гэсэн хөдөлмөрийн гэрээтэйгээ зууралдсан хэвээр үлдвэл хувийн өмч капиталыг хүмүүн бус төгсгөл рүү жолоодон хүргэх болно. Бөөнөөр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хувийн эзэмшлийг устгаж, түүнийг шинэ технологиудтай зохирон ажиллаж чадах нийтийн эзэмшлээр сольж байж л бид тэгш бус байдлыг халж, нийтийн сайн сайханд хүрнэ.
            

Маркс, Энгельс нарын найман үгтэй түүхийн тухай тодорхойлолтоор эдүгээгийн ажилчид ба эздийн хоорондох зөрчил цаг ямагт оршсоор ирсэн. “Хөрөнгөтнүүдийн уналт, ажилчдын ялалт  аль аль нь гарцаагүй” хэмээн тунхаг томьёолсон. Өнөөдрийг хүртэл энэхүү таамаг биелээгүй байна. Гэвч тунхаг бусад үзэл суртлын бүтээлийн нэгэн адилаар итгэл найдварыг илтэд ирээдүйн хэлбэрээр бидэнд нээн харуулсныг шүүмжлэгчид мартдаг. Трафалгарын тулааны өмнө Лорд Нельсон Англи улс та нарт итгэж байгаа хэмээн цэргүүддээ урам зориг өгсөн шиг (Хэдийгээр тулаанд ялна гэсэн итгэл тун багахан байсан ч) энэ тунхаг ч ажилчин анги өөрсдийнхөө төлөө үүргээ биелүүлнэ, нэгдэн нягтарч, нэг нь нөгөөгөө цалингийн боолчлолын гав гинжнээс чөлөөлнө гэсэн урам зоригийг бэлэглэжээ.
            

Тэд чадах болов уу. Одоогоор чадна гэж хэлэх аргагүй л байна. Гэвч тунхгийн капиталын бодит хүчин чадлын талаарх таамаглал нотлогдохоос өмнө буюу 1990 он хүртэл бид даяаршлыг хүлээсэн. Улам бүр найдваргүй нөхцөл байдал руу уруудсаар буй өнөөдрийн ажилчин ангид тунхгийн таамагласан тэрхүү түүхэн үүргээ биелүүлэхийн тулд ахиад цаг хугацаа хэрэгтэй ч юм билүү. Маркс, Энгельс нар хэрэв бид хувьсгалаас айх эсвэл үүргээ үл ухамсарлаваас капитал хүмүүний сүнсийг сорох огцом эргүүлэгт унана хэмээн анхааруулсан. Тунхагт өгүүлснээр цорын ганц тодорхой зүйл бол капиталыг нийгэмчлэхгүйгээр тамын мэт хөгжлөөс зайлж чадахгүй.
            

Тамын тухай сэдэв дээр нухацтай уншигч энэ тунхаг хэрхэн дарангуй дэглэмийг зөвшөөрч, Гулагийн хуягуудын сүнсийг тэжээн бузарт хутгалдсан тухай шүүх нь гарцаагүй. Уолл Стритийн төлөө Адам Смитийг, Испанид өрнөсөн аймшигт эрүү шүүлтийн төлөө Шинэ гэрээг буруутгадаггүй хэмээн хамгаалахаасаа өмнө тунхгийн зохиогчид нухацтай уншигчдын тулгах энэхүү ялд юу гэж хариулах талаар төсөөлөх гээд үзье. Өнгөрсөн үр дагавар дээр үндэслээд Маркс, Энгельс дүн шинжилгээнийхээ нэгэн чухаг алдаа болох шалтгаан үр дагаврын дутагдлыг хүлээн зөвшөөрнө гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл тэд задлан шинжилгээнийхээ дэлхий ертөнцөд үзүүлэх нөлөөллийн талаар хангалттай бодоогүй юм.
           

Тунхаг уншигчдыг идэвхгүй байдлаас сэрээх нугаршгүй хүчтэй. Энэ хүчирхэг бичвэр тунхгийн олгох хүчийг өөрсдийнхөө төлөө ашиглах итгэгчид, аялдан дагалдагчид, тэр бүү хэл номлогчдыг төрүүлнэ гэдгийг Маркс, Энгельс хоёр олж харж чадаагүй юм. Энэхүү хүчний тусламжтайгаар тэдгээр итгэгчид, аялдан дагалдагчид, номлогчид хамтран зүтгэгч нөхдөө хүчирхийлж, өөрсдийн эрх мэдлийг тогтоож, нөлөө үзүүлэх албан тушаалуудыг эзлэн авч, гэнэн оюутнуудыг орондоо оруулж, улс төрийн товчоонд хяналтаа тогтоож, өөрсдийг нь эсэргүүцсэн хэн бүхнийг шоронд хийсэн.
            

Маркс, Энгельс нар капитализмын талаарх бичвэрийнхээ нөлөөллийг зөв тооцоолж чадаагүй юм. Зөвлөлт, түүний зүүн Европ дахь дагуул улсууд, Кастрогийн Куба, Титогийн Югослав болон баруун дахь цөөн хэдэн социал демократ засгийн газруудыг энэ тунхаг биежүүлсэн. Тэгвэл энэ бүхнээс болоод л тунхгийн таамаглал хийгээд шинжилгээнд үл итгэх хэрэг үү? Оросын хувьсгал, дэлхийн II дайны дараа коммунизмоос айсандаа л капиталист дэглэмүүд тэтгэврийн систем, эрүүл мэндийн үйлчилгээ, баячууд ядуусын төлөө мөнгө төлөх зэрэг санаануудыг хүлээн авсан билээ. Энэ хооронд Зөвлөлтийн эсрэг солиорсон дайсагналаас үүдсэн сэтгэцийн өвчин Иозеф Сталин, Пол Пот нар төрөн гарах тааламжит хөрсийг бий болгосон билээ.
            

Маркс, Энгельс нар тунхгийн коммунист намуудад үзүүлэх нөлөөг тооцоолоогүйдээ харамсах байсан гэдэгт би итгэдэг. Капиталист дэглэмүүдийн заналхийллээс эмээсэндээ хэрхэн ажилчдын улс аажмаар дарангуй улс болон хувирах, коммунизмоос айсан айдсаасаа болоод капиталист улсууд хэрхэн иргэнших байсан тэрхүү диалектикийг олж хараагүйдээ тэд бухимдах байсан бизээ.
            

Хоёр зохиолчийн гаргасан алдаа үгийнх нь хүчинд оршиж байсан нь азтай хэрэг. Үүнээс ч илүү азтай нь тэдний алдаа өөрөө өөрийгөө засах чадвартайд байв. Өнөөдөр тунхгаар хөглөгдсөн ажилчдын улсууд үгүй болж, коммунист намууд ч тарж бутарчээ. Тунхгаас урам зориг авсан дэглэмүүдтэй хийсэн тэмцэл нь дууссанаар даяаршсан капитализм яаг л тунхгийн төсөөлж байсан тэр чинээндээ тулж ирсэн юм.
            

Тунхгийг өнөөдөр сэтгэл хөдөлгөм болгож буй хамгийн чухал шинж нь Маркс “Эдийн засаг ба философийн гар бичмэл”-дээ “Хязгаар хүлээс бүрийг тас татаж, өөрийгөө цорын ганц хязгаар, хүлээс, дүрэм, нийтлэг шинж болгох нэгэн түгээмэл энерги” хэмээн дүрсэлсэн одоогийн дэлхий ертөнцөд амьдарч буй бидэнд өгч буй зөвлөгөө нь юм. Юберийн жолооч, сангийн яамны сайд нараас эхлээд банкны захирлууд зовлонт гуйранчид гээд бид бүгд энэхүү энергид живж байгааг өршөөж болно. Капитализмын уурга нь урт хуйв нь уужуу. Түүнгүйгээр дэлхий ертөнцийг төсөөлөх аргагүй мэт санагдах үе ч байна. Сул дорой нэгэн хийгээд ямар ч сонголтгүй болсон хохирогчийн хооронд багахан зааг бий. Гэвч сонголт тоо томшгүй гэсэн санаанд бууж өгөх нь гарцаагүй (Тунхагт тунхагласнаар).
Энэ цаг мөчид бидэнд хамгийн хэрэггүй зүйл бол шударга бус байдлын тухай лекц, улам бүр нэмэгдэх тэгш бус байдлын буруутгах эсвэл үгүй болж буй ардчиллыг хамгаалах юм. Үндэсний үзлийн цээжинд зүүгдсэн, орчин үе, технологийн хөгжлийн өмнөх үеийн капитализм руу эргэж очих тухай ухралтад санаа бидэнд хэрэггүй. Эргэлзээ ялагдлын энэ мөчид эрүүл ухаанаар капитализм болон түүний өвчлөлийг үнэлж, хүйтэн рационал нүдээр түүнийг шинжихийг л тунхаг бидэнд сануулсан.
            

Тунхаг капитализм технологиор хэт өвчилж байгаа нь асуудал, шударга бус байдлын үндэс гэж үзээгүй юм. Харин капитализмын асуудал нь рационал бус байдал юм. Хуримтлалын төлөөх хуримтлал гэсэн зарчмаар дамжин капитализм түгэн дэлгэрдэг. Үүний тулд ажилчид сохор зоосны төлөө машин мат ажиллах шаардлагатай болдог. Энэ үед роботууд өөрсдөдөө хэрэггүй нэмээд хүмүүн-ажилчид ч худалдан авч хүчрэхгүй зүйлс үйлдвэрлэх болно. Капитал өөрийн хөгжүүлсэн гайхалтай машинаа зохистойгоор ашиглаж чадаагүй. Тэр хэд хэдэн үеийг ядуу гуцуу амьдарч буйнх нь төлөө буруутгаж, байгаль орчныг сүйтгэж, амьдрахын тулд чөлөө завгүй ажиллах нийгмийг бүтээсэн. Капиталистууд ч өөрсдөө айдаст түгшүүрээр түлш хийсэн автомат машинууд болж хувирав. Тэд төрөл нэгтнээ бараа бүтээгдэхүүн болгохгүй л бол капитализмаас урваж, аз жаргалгүй ажилчин ангийн нэг хэсэг болно гэсэн мөнхийн айдас дунд аж төрж байна.

Капитализм баян, ядуу хүн бүрийг боолчилж, хүний хийгээд байгалийн нөөцийг үр ашиггүй ашиглаж байгаа учраас л шударга бус байгаа юм. Тоо томшгүй эд баялаг хийгээд хязгааргүй зовлон зүдүүр нэгл шугамаар үйлдвэрлэгдэж байна. Тунхагт өгүүлснээр бидний хамгийн эхний үүрэг бол бүхнийг ноёрхогч энэ энерги өөрийгөө сүйтгэх хандлагатай гэдгийг ухаарах юм.
Хэрэв сэтгүүлчид надаас хэн эсвэл юу капитализмын хамгийн том аюул вэ гэж өнөөдөр надаас асуувал би капитал гэж хариулах болно. Энэ бол миний хэдэн арван жилийн турш тунхгаас ишилж буй тэр л санаа. Капитализмын энергийг саармагжуулах боломжгүй. Харин хөгжлийн хурдыг нь түргэсгэх зуураа (солир агаар мандалд орж ирээд шатах мэт) түүний хүмүүний сүнсийг нугачин дарах гэсэн оролдлогыг эсэргүүцэж болно (рационал хийгээд хамтын үйлээр). Товчхондоо капиталыг хязгаар руу нь түлхэнгээ түүний тарих үр дагаврыг хязгаарлаж, капитализм өөрийгөө нийгэмчилэх үйл явцад бэлтгэхийг тунхаг бидэнд зөвлөсөн юм.  
            

Бидэнд илүү олон робот, нарны эрчим хүч гарган авах хавтан, хурдтай харилцаа холбоо, ногоон тээврийн сүлжээ хэрэгтэй. Гэхдээ эдгээрээс дутуугүйгээр бид сул дорой нэгнийг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, капитализмын утга учиргүйтлийг эсэргүүцэх бааз суурь болохын тулд улс төрийн хувьд зохион байгуулалтад орох хэрэгтэй. Энэ нь капитализмаас өөр сонголт үгүй гэсэн санааг жигшин зэвүүцэнгээ модерн бус өнгөрсөн үе рүү буцах тухай дуудлагыг няцаана гэсэн үг юм. Капитализмын эхэн үеийн хэлбэрүүд доор амьдрал этиктэй байгаагүй.

Энэ тунхаг бол нөхцөл байдлыг маань тольдон хүн бүртэй өөр өөрөөр ярилцдаг сэтгэл хөдөлгөх шидтэй бичвэрүүдийн нэг юм. Хэдэн жилийн өмнө би өөрийгөө либертариан марксист хэмээн цоллодог байлаа. Марксистууд бас бусад нь ч намайг өчүүхэн амьтан гэж үздэг байв. Удалгүй би Грекийн засгийн газар болон капитализмын хамгийн хүчирхэг төлөөлөгчдийн хоорондох гүнзгий зөрчил дунд улс төрийн албан тушаалд томилогдсон юм. Энэхүү танилцуулгыг бичихийн тулд тунхгийг ахин уншиж байхад дэмжлэг, шүүмж сонсохоор Маркс, Энгельсийн сүнсийг дуудсан мэт санагдаж байлаа.
Грекийн сангийн сайдаар ажиллаж байсан үеийн минь тухай “Өрөөн дэх томчууд” номдоо харгис хүчнүүд (Грекийн зээлдүүлэгчид) ба манай хуваагдсан засгийн газар хамтдаа Грекийн хаврыг хэрхэн нухчин дарсан тухай би өгүүлсэн. Би чадах чинээгээрээ л үнэнийг дэлгэсэн. Хэдийгээр тунхгийн өнцгөөр асуудалд хандсан ч түүхийн жинхэнэ төлөөлөл үл үзэгдэгч, идэвхгүй хохирогчийн туслах дүрээр л үлдсэн юм. “Ажилчин ангийн тухай хэсэг хаана байна? Тэд капитализмыг сөрөх хамгийн хүчирхэг хүч нь байж чи тэднийг хөндлөнгөөс дэмжих ёстой биш гэж үү?” хэмээн Маркс, Энгельс нар над руу хашхирахыг би бараг л сонссон.

Дахин уншиж байхад тунхаг либерал тэр бүү хэл либертариан бичвэрээрээ үзэл бодлыг маань дэмжиж, тайтгарал өгч байсанд талархууштай. Хөрөнгөтнүүдийг хайрласныхаа төлөө л тунхаг тэдний ёс суртахууныг хатуугаар шүүмжилсэн юм. Маркс, Энгельс нар эрх чөлөө, аз жаргал, хувь хүн байхуй, хувь хүний хөгжил, тусгаар байдал, оюун санааг бүхнээс дээгүүрт тавьдаг байв. Хөрөнгөтнүүд нийтийн эрх чөлөөтэй байх боломжийг үгүйсгэхээр оролдож байсан учраас л Маркс, Энгельс тэдэнд бухимдаж байв. Маркс, Энгельс нар нэг хүн л эрх чөлөөгүй байвал хэн ч эрх чөлөөнд хүрэхгүй, хөрөнгөтнүүдтэй хийх тэдний маргаан хүн бүрийн өрх чөлөөг золиосолно гэсэн Хегелийн бодит бус гэмээр санааг чандлан мөрдөж байв.  

Хэдийгээр Маркс, Энгельс анархистууд байгаагүй ч тэд төр хийгээд түүнийг нэг анги нөгөөгөө нухчих дарах хэрэгсэл болгон ашиглах боломжийг жигшин зэвүүцдэг байв. Тэд төрийг капитализмын дараах ирээдүйд ангигүй нийгмийг чиглүүлэхэд л хэрэг болж болно гэж үзэж байлаа. Энэ талаараа коммунист байхын тулд либертариан байх ёстой болно. Тунхгийн “Нэгдэхтүн” гэсэн уриа нь Сталинист намын гишүүн болох эсвэл дэлхийг дахин бүтээхээр оролдох эдүгээ аль хэдийн бүтэлгүйтсэн коммунист дэглэмүүдтэй огт хамаагүй юм.

Тэгвэл энэ бүхний эцэст тунхгийн хамгийн чухал хэсэг аль нь вэ? Яагаад өнөөдөр хэн бүхэн, ялангуяа залуус түүх, улс төрийн талаар сонирхох ёстой вэ?
Маркс, Энгельс нар хүмүүний жинхэнэ баяр жаргал хийгээд заяагдмал эрх чөлөө хамтдаа орших ёстой гэсэн маш энгийн логик дээр л тунхгаа боловсруулсан юм. Тэдний хувьд энэ л хамгийн чухал байв. Тунхаг хатуу чанд Германчуудын үүрэг хариуцлагын дуудлага эсвэл биднийг үйлдэлд уриалах түүхэн үүрэг хариуцлагын аль алинд нь найдаагүй. Тунхаг ёс суртахууныг шүүн хэлэлцэж, хуруугаараа хэн нэгнийг ч чичлээгүй. Маркс, Энгельс Германы ёс суртахууны философи болон капиталист ашгийн төлөө сэдлийг рационал, хүмүүн чанарын үндэс рүү хандсан сэтгэл хөдөлгөм дуудлагаар даван гарахаар оролдсон юм.

Тэдний шинжилгээний хамгийн чухал хэсэг нь үйлдвэрлэгч ба үйлдвэрийн багаж зэвсэг болсон тэдгээр хүмүүсийн хоорондох улам бүр томрох ангал юм. Капитал болон цалинт хөдөлмөрийн хоорондох төвөгтэй хэлхээ холбоо биднийг өөрсдийн ажил, бүтээлээсээ таашаал авах боломжийг хааж, ажил олгогч ба ажилтан, баян ба ядуу ялгалгүй бүгдийг утга учиргүй оршихуйн зүг хяналтаас маань хэдийдсэн хүчээр залуурдуулан алхах ухаангүй хүүнүүд болгон хувиргаж байна.  

Тэгвэл энэ бүхнийг шийдэхэд яагаад бидэнд улс төр хэрэгтэй вэ? Улс төр хэтэрхий уйтгартай биш гэж үү? Оскар Уайльд нэгэнтэй “Социализм чамаас олон үдшийг чинь булаах болно” хэмээсэн шиг социалист улс төр улам ч уйтгартай биш гэж үү? Энэ бүх асуултад өгөх Маркс, Энгельсийн хариулт тун энгийн. Яагаад гэвэл бид энэ тэнэглэлийг ганц ганцаараа төгсгөж чадахгүй. Яагаад гэвэл энэ тэнэглэлийн ерөндгийг үйлдвэрлэж чадах зах зээл гэж үгүй. Хамтын ардчилсан улс төрийн үйлдэл бол бидний эрх чөлөө аз жаргалд хүрэх цорын ганц боломж. Энэ бүхний хажууд тэдгээр урт шөнүүд бяцхан төлөөс билээ.
Магадгүй хүн төрөлхтөн хүн бүрт зориулсан үнэ төлбөргүй хөгжил бол бүгдэд зориулсан үнэ төлбөргүй хөгжлийн үндсэн нөхцөл гэсэн нийгмийн зохион байгуулалтад хүрч болно. Гэвч цөмийн дайн, хүрээлэн буй орчны сүйрэл эсвэл зовлон зүдүүр зэрэг нийтийг хамарсан сүйрэл заналхийлсээр байж ч болно. Өнөөдөр бидэнд баталгаа байхгүй. Бид тунхгийг онгод, мэргэн ухаан, эрч хүчээ болгож болно. Гэвч эцэст нь юу болох вэ гэдэг зөвхөн та биднээс л хамаарна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
6
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.