Миний бие саяхан "Can't Hurt Me" номыг уншиж дуусгасан юм. Энэ ном бол АНУ-ын зэвсэгт хүчний агаарын, газрын тэнгисийн албанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн тусгай хүчний цэрэг Дэвид Гоггинсын намтар. Номонд тэрбээр хэрхэн АНУ-ын зэвсэгт хүчинд бэлтгэгдсэн тухай, албаа дуусгасны дараа тусгай армийн албан хаагчид, тэдний гэр бүлд туслах зорилгоор ультра-марафонд гүйж, санхүүжилт босгож байсан тухай өгүүлдэг. Уншигч та бүхэнд үүнийг дурдсаны учир нь бидний энэ удаагийн зочин ультра-марафонд гүйдэг дэлхийн топ тамирчдын нэг Микеле Гралиа.
Италийн жижиг тосгонд төрж, өссөн тэрбээр нэгэн цагт "Америк мөрөөдөл"-өө биелүүлж, дэлхийд алдартай брэндүүдийн нүүр царай болж явсан. Харин сүүлийн 10 орчим жил хүсэл, мөрөөдлөө дагаж ультра-марафоны гүйгч болж, марафоны түүхэнд 7 рекорд тогтоожээ. Микеле Гралиа 2018 онд дэлхийн хамгийн "харгис" гүйлтийн тэмцээн гэгддэг Badwater 135 ультра-марафоны 217 км замыг 24:51:47 цагт дуусгаж, тэмцээнд түрүүлсэн юм.
Эдүгээ тэрбээр Лос-Анжелес хотод амьдарч, ультра-марафонд гүйхийн зэрэгцээ иогийн багш, фитнесс дасгалжуулагчаар ажиллаж байна. Тэрбээр 2017 онд "Ultra" номоо итали хэлээр хэвлүүлжээ. Мөн тэр дөрвөн жилийн хугацаанд дэлхийн дөрвөн том элсэн цөлийг хамгийн богино хугацаанд явган туулсан анхны хүн болж, Геннисийн номонд бичигдэх зорилготой том төслийг эхлүүлээд буй. Төслийн хүрээнд тэрбээр Монголын говийг 23 хоногт хоногт туулж, хоёр дахь элсэн цөлөө амжилттай даваад байна.
- Таны карьерын замнал их сонирхолтой санагдлаа. Чухам яагаад гялалзаж явсан загварын салбараа орхиж гүйгч болохоор шийдсэн юм бэ?
Би Италийн Тажжиа хэмээх жижиг эргийн тосгонд төрж, өссөн. 12 жилийн өмнө АНУ-ын Майами хот руу нүүж, загварын салбарт хөл тавьж байлаа. Хэдэн жилийн дотор чамгүй амжилт гаргаж Нью-Йорк, Милан, Майами зэрэг хотод том брэндүүдтэй хамтарч ажиллах болсон. Ихэнх хүмүүсийн мөрөөддөг амьдралаар амьдарч байсан гэх үү дээ. Тансаг үдэшлэг, олны танил хүмүүс, чамин ганган эд зүйлс гээд л. Хэдийгээр загварын салбарт ажиллаж, хангалттай сайн орлого олдог байсан ч дотоод сэтгэл минь үргэлж хоосон байсан. Би амьдралынхаа утга учир, чин зорилгыг олоогүй юм шиг санагддаг байв. 5000 хүн амтай жижиг тосгонд өссөн хүү дэлхийн хамгийн том брэндүүдтэй хамтарч ажиллана гэдэг сайхан хэрэг байлгүй яахав. Гэхдээ л энэ бүхэн намайг хангалттай аз жаргалтай болгож чадаагүй. Тухайн үед би өөрөөсөө ирээдүйд юу хийж, хаашаа явахаа дахин дахин асууж байсан ч хариултыг нь олж чадахгүй л байлаа.
2010 оны Зул сарын баяраар юмдаг. Би Таймс-скверээр явж байхдаа санаандгүй тохиолдлоор Дин Карнасисийн “Ultramarathon Man” номыг олж авсан. Марафон гэж юу байдаг тухай гадарладаг ч ультра-марафоны талаар төдийлөн мэддэггүй байсан үе. Энэ ном миний хувьд шинэ ертөнцийн хаалгыг нээж өгсөн. Ультра-марафон бол тогтсон хязгаарт баригдалгүйгээр сэтгэлзүй болон бие махбодийн хувьд өөрийгөө бүрэн дайчлах тухай ойлголт юм гэдгийг тэгэхэд мэдсэн. Энэ л намайг хамгийн их догдлуулж, надад юу хэрэгтэйг чиглүүлж өгсөн дөө. Маргааш нь Зул сарын өмнөх өдөр байсан ч би гүйлтийн гутал худалдаж аваад, Централ парк руу гүйхээр явж байсан гээд боддоо.
Ингээд таван сарын дараа анхны уралдаандаа орсон нь Флорида мужид болдог KEYS100 ультра-марафон байсан юм. Гүйгчид өөр хоорондоо гүүрээр холбогдсон 40 орчим арлыг дамжин гүйдэг бөгөөд маш халуун, бүгчим цаг агаартай. Би 84 дэх миль (135 км) дээрээ тэмцээнээ дуусгасан. Намайг дагаж ирсэн эцэг эх, охин дүү, эхнэр маань түргэн тусламжийн тэрэгний гадна уйлалдаж, дахиж ийм зүйл битгий хийгээрэй гэж гуйж байсныг тод санадаг юм. Гэвч энэ ердөө эхлэл нь байсан.
Хэдийгээр анхны уралдаан сайнаар дуусаагүй ч би алдаанаасаа олон зүйлийг сурсан. Ультра-марафонд гүйхийн тулд шим тэжээл, шингэнээ зохицуулахаас гадна сэтгэлзүйгээ давхар удирдаж сурах хэрэгтэй гэдгийг надад ойлгуулсан. Бие махбод чинь цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон ч гүйсээр байна гэдэг бол цэвэр сэтгэлзүй, оюун санааны хүч. Тиймээс би ультра-марафоныг оюун ухааны спорт гэж боддог.
Анхны уралдаанаас хойш хагас жилийн дараа JFK 50 Mile, дараа нь 100K ультра-марафонд орж тус тус түрүүлсэн. Үүний дараа л өөртөө бүрэн итгэж, ультра-марафон руу эргэлт буцалтгүй орохоор шийдсэн. Би 2013 онд загварын салбараас бүрмөсөн хөндийрч, 2014 он гэхэд гүйлтийн амжилтаараа олон улсад танигдаж, ивээн тэтгэгч байгууллагуудтай болсон.
- Та өмнө нь ультра-марафоны тухай төдийлөн сайн мэддэггүй байсан гэж хэллээ шүү дээ. Тэгвэл яаж хоёрхон жилийн дотор энэ бүхэнд суралцаж чадсан юм бэ?
- Юун түрүүнд, би маш их уншиж, судалсан. Ультра-марафонтой холбоотой ном, блог, баримтат нэвтрүүлэг гээд бүхнийг судалсан. Хэдийгээр надад дасгалжуулагч, зааж зөвлөх мэргэжлийн хүн байгаагүй ч өөртөө өгсөн амлалт, хичээл зүтгэл байсан. Хүн өөртөө итгэж, хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч чадвал өөрийгөө дахин бүтээх боломжтой гэдэгт би итгэдэг. Тухайн үед би зорилгодоо хүрэхийн тулд өдөрт байж болох хамгийн олон цагаар бэлтгэл, сургуулилт хийдэг байсан.
- Гүйж эхэлснээсээ хойш нийт 25 ультра-марафонд амжилттай оролцсон гэлээ. Энэ хугацаанд тулгарсан хамгийн хүнд сорилт юу байв?
- 2016 онд би дэлхийн хамгийн чансаа өндөртэй, хүнд гэгддэг хоёр ч ультра-марафонд гүйхээр болсон юм. Нэг нь Канадад болдог Yukon Arctic Ultra, нөгөө нь Badwater ультра-марафон байв. Yukon Arctic Ultra-д оролцогчид цельсийн хасах 40 хэмийн хүйтэнд уралддаг бол Badwater нэмэх 50-аас дээш хэмийн халуун уур амьсгалтай газарт болдог. (Жич: Бэдуотер марафоны 217 км зам нь Калифорнийн Үхлийн хөндийн Бэдуотерийн сав газар буюу далайн түвшнээс 86 метрийн дор эхэлж, далайн түвшнээс дээш 2548 метр өндөрт орших Уитни уул руу явах замд дуусдаг. Энэхүү тэмцээн жил бүр зургаадугаар сарын дундуур, цаг агаар 50 хэмээс дээш халуун улиралд болдог бөгөөд маш цөөн тамирчин уралдааныг дуусгаж чаддаг)
Аль аль нь гүйгчдээс дээд зэргийн тэсвэр тэвчээр шаардана. Харин миний хувьд хүйтэн цаг агаарт гүйх нь хамгийн хүнд байсан. Учир нь, тамирчид хөлдүү гол, нууран дээгүүр гүйх бөгөөд тус бүртээ гэнэтийн аюул, ослын үеэр хэрэглэх хангамж бүхий чаргыг чирж явах шаардлагатай байдаг. Замд ямар ч шалгах цэг байхгүй, тамирчдыг тусгай баг дагалдахгүй учраас зөвхөн өөртөө найдахаас өөр сонголтгүй юм.
Товчхондоо, сүрэг чоно ч дайрч мэдэх зэрлэг байгальд, хасах 40 хэмийн хүйтэнд, ганцаараа 100 гаруй миль замыг зогсолтгүй туулна гэсэн үг. Тэгээд өдөр нь 5-6 цаг л гэгээтэй байдаг гээд боддоо. Хамгийн гол нь, ийм нөхцөлд гүйхээ зогсоовол үхэх аюултай. Yukon Arctic Ultra-д оролцсоноос хойш зургаан сарын дараа Badwater ультра-марафонд гүйсэн.
Өмнөхөөсөө ялгаатай нь, тамирчдыг замын турш тусгай баг дагалддаг. Эдгээр тэмцээний үеэр шингэний дутагдалд орох, бөөр ажиллагаагүй болох, цусаар шээх зэрэг олон хүндрэл учирсан ч марафоноо амжилттай дуусгаж, барианд эхний 25-д орж байлаа. Гэлээ ч энэ амжилт надад хангалттай санагдаагүй, би хүссэн цэгтээ хүрээгүй юм шиг санагдаж байна.
- Та дэлхийн дөрвөн том элсэн цөлийг хамгийн богино хугацаанд хөлөөр туулсан анхны хүн болж, Геннисийн номонд бичигдэх зорилго тавьсан. Энэ тухайгаа болон Монголын говьд хийсэн гүйлтийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?
- Би Badwater 135 ультра-марафонд оролцсоныхоо дараа буюу өнгөрсөн жил энэ төслийг эхлүүлсэн. Төслийн гол нь зорилго нь Чилийн Атакама, Африкийн Сахар, Антарктидын Мөсөн цөл, Азийн говийг хамгийн богино хугацаанд гүйж туулах юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Чилийн Атакама цөлийг (900 орчим км) 8 өдөр, 16 цаг, 58 минутанд туулж, эхний дээд амжилтаа тогтоосон. Харин энэ жил Монголын говийг 23 өдөр, 8 цаг, 46 минутанд туулж хоёр дахь дээд амжилтаа тогтоолоо. Гүйлт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас эхэлж Даланзадгадаар дамжин Говь-Алтайд дууссан. Нийтдээ 1703 км замыг туулсан. Монголын говь бол миний мэдэх хамгийн өршөөлгүй, хатуу ширүүн уур амьсгал, хүчтэй салхитай, өдөр нь тэвчихэд бэрх халуун хэрнээ шөнө нь маш хүйтэн газар байсан. Гэхдээ хаашаа ч явсан үзэсгэлэнтэй байгаль, сайхан сэтгэлтэй нутгийн иргэдтэй таарч явлаа. Миний хувьд мартагдахааргүй, гайхамшигтай дурсамж боллоо.
Дараа жил Сахарын элсэн цөлөөр гүйх төлөвлөгөөтэй байгаа. Бидний аялал Мавританигаас эхэлж Мали, Нигер, Чад, Судан улсуудын дайран, нийт 6000 орчим км замыг туулна. Хэрэв энэ оролдлого амжилттай болвол дараагийн жил нь Антарктидын Мөсөн цөлийг зорих юм.
- Говь руу ирэхээсээ өмнө Монголын талаар ямархуу ойлголт, төсөөлөлтэй байв?
- Монголтой холбоотой бүхэн надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Өмнө нь нүүдэлчдийн тухай олон сонирхолтой түүх сонсож байлаа. Харин Монголд анх удаа хөл тавьж, хамгийн алслагдмал бүсэд очоод амьдралд минь өөрчлөлт оруулах олон чухал зүйлийг мэдэрсэн. 60,70 км газар туулахад ердөө ганцхан айлтай таарсан. Яаж ингэж аж төрдөг байнаа гэж бодсон ч үнэндээ тэдэнд амьдралд хэрэгтэй бүхэн цөм байсан. Бидний өмнө нь очиж байсан ихэнх газруудад нутгийн иргэд нь гадны хүмүүсээс болгоомжилсон, айсан байдалтай байсан. Бид нартай барагтай л бол яриа хөөрөө өрнүүлэхгүй. Гэтэл барууны хүмүүсийг бараг харж байгаагүй нүүдэлчин монголчууд их өөр байсан.
Нэг удаа манай багийн тал хүн төөрч, шөнийг машиндаа өнгөрөөхөөс өөр аргагүй болов оо. Майхан, хүнс гээд хэрэгтэй бүхэн нөгөө машинд байсан юм. Тэсгим хүйтэн шөнийг арай гэж даваад маргааш нь ойролцоох айлд очтол биднийг халуун хоол, цайгаар дайлсан. Энэ бол жинхэнэ үзэсгэлэн гоо, нүүдэлчин соёлын амин сүнс нь юм шиг санагдсан.
- Жолооч, хөтөч, тогооч гээд нийт 8 монгол иргэн та бүхнийг дагалдаж явсан гэж сонслоо. Эдгээр хүмүүстэй хэрхэн холбоо тогтоов, таньдаг монгол найз байв уу?
- Байгаагүй ээ. Манай нэг найз өнгөрсөн жил Монголд ирж, Бүргэдийн баяр үзэж байсан юм. Тэр биднийг манай хөтөч Алмагультэй холбож өгсөн. Анх түүнтэй холбогдоод, учир байдлаа хэлтэл миний яг юу хийх гээд байгаад нэг л ойлгож өгөхгүй байв. Аргагүй шүү дээ. Дэлхийн нөгөө захаас нэг залуу ирээд, говийг явган туулна гэхээр хэний ч санаанд буухгүй болов уу. Харин аяллаа эхлүүлсэн хойно бид гайхалтай баг болж чадсан. (инээв)
- Гүйгчид бусад тамирчдын адил хоол хүнсэндээ онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж өмнө нь дурдсан. Гэтэл таныг цагаан хоолтон гэж дууллаа. Өдөрт бараг 70 км гүйхийн тулд хоол хүнс, шим тэжээл, шингэнээ хангалттай сайн авах хэрэгтэй болов уу. Зөвхөн цагаан хоол идэж явахад хүндрэлтэй биш үү?
- Гүйж эхэлснээс хойш би шим тэжээлийн талаар нарийн судалж эхэлсэн л дээ. Цагаан хоол руу шилжинэ гэдэг урт хугацааны үйл явц юм. Хүнс тэжээлээ бага багаар өөрчилнө гэсэн үг. Би дөрвөн жилийн өмнөөс хүмүүсийн хоололт байгаль экологийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг анзаарах болсон. Мэдээж ёс зүйн асуудал ч бас нөлөөлсөн. Өнгөрсөн оноос өндөг, зөгийн бал идэхээ зогсоож, бүтэн цагаан хоолтон болсон. Харин энэ удаагийн гүйлтээр хүнсний сонголт тааруу байсан учраас хэрэгтэй шим тэжээлээ авахын тулд өндөг бага зэрэг идсэн.
Мах, сүү цагаан идээ зэрэг хүнд хоолыг боловсруулахын тулд бие махбод өөртөө маш их ачаалал авдаг. Харин жимс, ногоо, үр тариа, самар зэргийг хэрэглэснээр хүний биед ашигтай уураг, өөх тос, шим тэжээл зэрэг макро эрдэс бодисоос гадна бусад витамин, аминдэмүүдийг авах боломжтой. Түүнчлэн бие илүү хөнгөн шингэн болж, богино хугацаанд хүч чадал, энергиэ нөхдөг.
- Ярилцлагын төгсгөлд, та залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ? Зорилгынхоо төлөө тэмүүлж буй, өөрийгөө олохоор хичээж буй, магадгүй марафонд гүйхийг мөрөөддөг залууст юу захих вэ?
- Юу ч хийж, хаашаа ч зорьж байсан хамгийн гол нь өөртөө итгэж, зүрх сэтгэлээ дага. Дараа нь мэдээж хэрэг хийж буй зүйлдээ өөрийгөө 100 хувь зориулж, тууштай хөдөлмөрлө гэж хэлнэ дээ.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.