UBLife Logo
Миллениал

Миллениалууд хамгийн ганцаардмал үеийнхэн болохыг тогтоожээ

Б.Саруул
Б.Саруул
Миллениалууд хамгийн ганцаардмал үеийнхэн болохыг тогтоожээ

Саяхан YouGov судалгааны байгууллага 1254 америк иргэнийг хамарсан судалгааг явуулжээ. Тус судалгаагаар миллениал үеийнхэн 'baby boomer' болон Х үеийнхэнтэй харьцуулахад илүү их ганцаарддаг болох нь ажиглагдсан байна. Судалгаанд хамрагдсан миллениалуудын 30 хувь нь үргэлж эсвэл ойр ойрхон ганцаарддаг гэж хариулжээ. Харин Х үеийнхний 20 хувь, 'baby boomer'-уудын 15 хувь нь л дээрхтэй адил хариулт өгсөн байна. Түүнчлэн миллениалуудын 22 хувь нь найз нөхөдгүй гэж хариулсан байв. 

Энэхүү судалгаагаар миллениалуудын ганцаардлын шалтгааныг нарийвчлан судлаагүй ч сошиал медиа, интернетийн зохисгүй хэрэглээ ганцаардалд нөлөөлж байгааг судлаачид онцлон дурджээ. Мөн Пенсильванийн их сургуулийн хийсэн судалгаагаар нийгмийн сүлжээ болон эрүүл оршихуйн хооронд харилцан хамаарал байгааг тогтоосон аж. 

Cigna байгууллагаас 2018 онд хийсэн судалгаагаар мөн л ижил үр дүн гарсан байна. Судалгаанд оролцсон 20 мянга орчим хүний хагас нь ихэнхдээ ганцаарддаг, орхигдсон мэт мэдрэмж төрдөг гэж хариулжээ. 

Их Британи, Австрали, Канад, Япон зэрэг улсад ч залуу үеийнхэн ганцаардалд нэрвэгдэх нь нэмэгдэх хандлагатай байгаа юм. 2018 онд BBC дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 55 мянган хүнийг хамруулсан онлайн асуулга явуулахад 16-24 насныхан ганцаардалд автах нь хамгийн өндөр байжээ.  

Түүнчлэн Япон улсад “Хикикомори” буюу урт хугацаагаар өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлах үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Өөрийгөө нийгмээс тусгаарласан 15-39 насны хүмүүсийн тоо 2010 оноос хойш 541 мянга хүртэл өссөн болохыг тус улсын Засгийн газраас мэдээлсэн. 

Иймд олон улсад ганцаардлыг нийгмийн асуудал хэмээн үзэж, үндэсний хэмжээнд тэмцэж эхлээд байна. Тухайлбал, Их Британи өнгөрсөн жилээс Ганцаардлын асуудал хариуцсан сайдтай болсон билээ. 

Эх сурвалж: We Forum 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.