АНУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр АНУ-д насанд хүрсэн 46.6 сая хүн ямар нэгэн байдлаар сэтгэцийн эмгэгт өртөж байна гэжээ. Ялангуяа залуу үеийнхний хувьд ажил, санхүүгийн асуудал нь стрессдэх гол шалтгаан болж байгааг онцолсон байна.
Тэгвэл Mind Share Partners байгууллага залуучуудын ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой шинэ судалгааны үр дүнг саяхан нийтэлжээ. Тус байгууллага нь ажилчдын сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, нөөц боломжоор хангах чиглэлээр компаниудтай хамтарч ажилладаг юм.
Mind Share Partners-ийн судалгаанд ажил хийдэг, 16-аас дээш насны 1500 хүн оролцсон бөгөөд "Танд алга хөлрөх, зүрхний цохилт түргэсэх, салганах, толгой эргэх, ухаан балартах зэрэг сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд хэр ойрхон илэрдэг вэ", "Эдгээр шинж тэмдэг таны ажлын гүйцэтгэлд ямар нөлөө үзүүлдэг вэ", "Ажлын байрандаа сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хангалттай авч чаддаг уу" гэх мэт асуулгуудыг тэднээс асуужээ.
Судалгаанд оролцогчдын 60 хувьд нь сүүлийн нэг жилд сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд илэрсэн нь ажиглагджээ. Цаашлаад миллениалуудын (23-38 насныхан) тал хувь нь, Z үеийнхний (18-22 насныхан) 75 хувь нь ажлаасаа гарахад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой шалтгаан нөлөөлсөн гэжээ. Харин бүүмерс буюу 55-73 насныхны ердөө 10 хувь нь дээрх шалтгаанаар ажлаа сольдог гэсэн юм.
Түүнчлэн бүүмерс үеийнхэнтэй харьцуулахад сэтгэл түгшүүрийн шинж тэмдэг илрэх магадлал миллениалуудад гурав дахин, Z үеийнхэнд дөрөв дахин өндөр байдаг аж. Гэхдээ миллениалуудын 63 хувь нь ийм асуудал тулгарсан үед зөвлөгөө авах, сургалтад хамрагдах зэргээр байгууллагаасаа тусламж эрэлхийлдэг гэнэ.
Ажлаа солиход нөлөөлдөг бусад хүчин зүйлсэд арьс өнгө, ажиллаж буй салбар багтжээ. Тухайлбал, технологийн салбарт ажиллагсдын 55 хувь нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаас болж өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гардаг аж. Цаашлаад сэтгэл санааны байдал нь ажлын бүтээмжид нөлөөлдөг гэж судалгаанд оролцогчдын 61 хувь нь, ажлын орчин, хамт олны уур амьсгал сэтгэл санааны байдалд нөлөөлдөг гэж 37 хувь нь үзжээ.
Эх сурвалж: CNBC