Зориг сангаас "Залуусын улс төр, сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт “Миний оролцоо - Мини хакатон”-ыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.
Оролцогч багууд залуусын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар санал дэвшүүлснийг, сонгуулийн талаар ямар бодолтой байгааг асуулаа.
“Hope” багийн гишүүн Д.Өсөхбаяр “Манай багийнхан нэр дэвшигчдийн мэдээллийг агуулсан вэб сайт хийж байгаагаараа онцлог. Хэрэглэгч газрын зурган дээрээс өөрийн амьдардаг бүсчлэлийг дарвал тухайн тойрогт нэр дэвшигчдийн мэдээлэл гарч ирэх юм. Залуучууд хангалттай сайн мэдээлэл авдаггүй, авсан ч түүнийгээ зөв ангилж, анализ хийж чаддаггүй юм шиг санагдсан. Нэмээд, мэдээлэл хомс байдгаас сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь Зориг сангийн судалгааны үр дүнгээс харагдсан. Намуудын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн намтар зэрэг шаардлагатай мэдээллийг нэг стандартад оруулчихвал залууст харьцуулалт хийхэд хялбар болно гэж бодсон.”
“Форк” багийн гишүүн Т.Халиун “Урлаг бол хүний тархи руу нэвтрэх хамгийн амар бөгөөд дөт зам гэж бодсон. Тиймээс залуучуудыг сонгуульд саналаа өгөхийг уриалсан утгатай граффити зургуудаар дамжуулж олон нийтийн анхаарлыг татах санал гаргасан. Жишээ нь, Мона Лизагийн зургийг пазл хэлбэрээр зураад “Чиний оролцоогүйгээр энэ зураг бүрэн гүйцэт урлаг болохгүй” гэх мэтчилэн бүтээлчээр залуучуудын анхаарлыг татаж, идэвхийг нь нэмэгдүүлэх юм. Мөн залуусын хамгийн их үздэг контентуудын дундуур сонгууль, залуучуудын оролцоотой холбоотой богино бичлэг, мийм оруулъя гэж ярилцсан."
Гуравдугаар багийн Б.Хулан "Зарим залуус сонгуульд оролцох нь ач холбогдолгүй, күүл биш гэж боддог. Манай баг энэ хандлагыг өөрчлөхийн тулд “Бид санаа зовдог” нэртэй кампанит ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, амны хаалт дээр “Би сонгуулиа өгнө”, “Би сонгуулиа өгсөн” гэдэг бичигтэй стикер нааж бусдыгаа уриалахаас гадна олны танил хүмүүс, инфлюенсерүүдийг нэгтгэж сошиал давлагаа үүсгэх талаар ярилцаж байна. Түүнчлэн сонгуулийн өдөр хэд хэдэн газар фото-бүхээг ажиллуулж, саналаа өгсөн залуучуудын зургийг дарах санаа гаргасан. Дараа нь залуус зургаа инстаграм, фэйсбүүктээ оруулаад гурван найзыг чалленжид дуудах замаар бие биенийгээ уриалж болно."
“Жаахан улстөрждөг” багийн гишүүн Г.Сайнбилэг “Сонгуулиа өгвөл юу болох вэ, өгөхгүй бол юу болох вэ гэдгийг харьцуулж, залуучуудын ашигладаг платформоор, тэдний ойлгодог “хэлээр” хүргэвэл оновчтой гэж бодсон. Жишээ нь, та сонгуулиа өгснөөр авлигачдыг сонгогдохоос сэргийлнэ, нэр дэвшигчдэд тавих шалгуур сайжирна, залуучууд руу чиглэсэн хөгжлийн бодлого гарна гэх мэт мэдээллийн чанартай контент хүргэж болно. Түүнчлэн судалгаанд оролцсон залуучуудын 35 хувь нь завгүй байснаас сонгуульд оролцоогүй гэж хариулсан байна. Яг үнэндээ, завгүй гэдэг нь шалтаг төдий учраас эдгээр залуусыг саналаа өгөхөд нь мотиваци болох жижиг урамшууллыг олгоё гэсэн санаа гарсан. Жишээ нь, саналаа өгсөн залуус хуудсаа харуулаад хөнгөлөлт эдлэх гэх мэт. Мөн залуучуудын дунд трэнд болж байгаа үг, хэллэгийг ашиглан "Жаахан улс төржчихлөө" , "Жаахан судалчихлаа" гэх мэт сонгуультай холбоотой сошиал давлагаа үүсгэх боломжтой гэж манай багийнхан ярилцлаа."