Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Монгол орноо тойрон аялсан залуусын ДУЛААН дурсамж: 2


Аялал гэдэг үг биднийг очоогүй газар, хүрээгүй уул ус, танилцаагүй хүмүүс, сонсоогүй хөг аялгуунд хөтөлдөг. Аяллын хамгийн сайхан нь юу вэ гэвэл үлдэх дурсамжууд гэж олон хүн хариулах байх. Энэ зуны аялалаас залуус ямар дурсамжтай ирсэн тухай өгүүлэх “Монгол орноо тойрон аялсан залуусын ДУЛААН дурсамж” цувралын эхний хэсгийг танилцуулж байна. Та ч бас хамт аялаарай.


Аялагч: Намхайноровын Сансарнаран

Аялсан газрууд: Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн нутгаар 3500 км, зүүн хязгаар Дорнод аймгийн нутгаар 2500 км аялалаа.

Аяллын хамгийн сайхан дурсамж:

Энэ зун хамгийн сонирхолтой аялалуудыг хийж чадлаа. Хил хаалттай байгааг ч хэлэх үү зүүн, баруун хилийн зурвастай их л ойртож очлоо.  Эхний газар нь Монголын баруун хязгаарын хамгийн өндөрлөг газар Баян-Өлгий. 

Өлгийгөөс Алтай Таван Богд руу фургон хөлслөөд цагаан гол дээр очиж хоноод маргааш нь Таван Богд руу 30 км мориор очсон. Бага Түргэний хүрхрээ рүү явах зуур Хурган, Хотон, Хар ус нууруудыг үзэж Хотон нуурын эрэг дээр хоноглон нуурын усны давалгаа, чимээнд замын алжаалаа тайлаад, цааш Бага түргэний хүрхрээ дээр очиход Монголын Швейцарь угтаж авсан юм. Зам зуур эртний хадны зургууд таарч, зочломтгой казак, тува айлуудаар зочилж, анч бүргэдтэй айлаар орж уйдах завгүй явсаар очсон доо .

Энэ аяллын нэг сайхан дурсамж бол МУГТ Б.Гангаамаа эгчийнхээ Хүйтэний оргил руу гарсан 50 дахь авиралтын түүхэн арга хэмжээнд оролцож, алдартай уулчид, цагаан голын иргэдтэй танилцаж хоёр хоносон явдал байлаа. Уулчид ачаа үүрч явдаг хүмүүсээ /Sherpa/ -г портер гэж нэрлэдгийг мэдэхгүй “Машин явж чадахгүй тэмээгээр ачаагаа зөөсөн байтал яаж портер машин явчихав аа, өндөрлөсөн портер юм уу”  гэж хэлээд портер нэр авч баахан инээдэм болсон юм.

Дорнод аймаг руу 670 км хар замаар, 330 км шороон замаар нүд алдам Мэнэнгийн талаар давхисаар Буйр нуур дээр очино. Замд амьд амьтан таарах нь ховор, хааяа нэг шувуу л ниснэ. Зээр бэлчиж байдаг гэсэн ч нэгийг ч хараагүй бид корона гараад хөл хоригдсон бололтой гэж инээлдэн явлаа. Бид замдаа Хөлөн, Буйр нуурын домгийг ярьсаар нэг л мэдэхэд зах нь үл харагдах Буйр нууранд ирлээ. Найман сар гарсан болохоор жаахан ногоорч, замагшсан хэдий ч үзэсгэлэнтэй хэвээрээ. Буйр нууранд нар жаргах мөч хамгийн гоё байлаа. Буйраас цааш цэцгэн тал дундуур 80 км давхисаар Халх гол сум орно. Халх гол сум ортол дайны үеийн хөшөө дурсгалуудыг үзэж, гайхан биширч явсаар хамгийн сүрдэм хөшөө Ялалтын хөшөөн дээр очлоо. 

ЗурагТайлбар



Үнэхээр дайны үнэр үнэртэх шиг болсон. Бидэнд үлдээсэн газар нутаг, эх орон, ингээд эрх чөлөөтэй дураараа аялаад явах хэмжээлшгүй хувь заяаг авч үлдэх гэж цус асгаруулан байлдаж явсан цэрэг эрс нүдэнд үзэгдэх шиг болсон билээ. За ингээд буцах замдаа харин ч нэг хөглөсөн юм даа. Зам товчилдог баатрууд болж замгүй газраар давхиж яваад Мэнэнгийн тал дээр байдаг ганц шаварт суучихсан. Азаар 10 км-ийн цаана застав байж таараад бид тавуул алхаж очтол машин нь эвдрээд засаж байгаа гэсэн. За тэгээд таван цаг гадаа нь хэвтэх шахам хүлээсний эцэст бурхны авралаар машинаа асааж, тэвшин дээр нь суун нэг сэлфидэж аваад машин дээрээ аз жаргалтай очсон ч бас шаварт суулгах нь тэр.  Бас болоогүй ээ, шаварт суусан машины сэлфи зургаараа найз маань фэйсбүүкийн од болсон. Ийм хөгжилтэй, хөгтэй зүүн хязгаарын аялал 4 шөнө, 5 өдөр дурсамжаар дүүрэн үргэлжилсэн юм.

Эцэст нь хэлэхэд өөртөө зориулж үнэтэй утас, брэндийн цүнх авсан бол ихдээ л гурван өдөр ярина. Харин тэр мөнгөөрөө үүргэвчээ үүрээд аялалд гар 30 жил ярих дурсамжтай буцаж ирэх болно.

Цаашид аялмаар байгаа газрууд:

Дараагийн аялалаар Өмнөговь руу аялмаар байна. Монголын Grand Canyon гэж нэрлэгдэх Хэрмэн цав, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам гээд говьд үзэх зүйл мундахгүй билээ. Хэдий говьд ажиллаад найман жил болсон ч хашаанаасаа гарч үзээгүй юм.

ЗурагТайлбар




Аялагч: Болдын Лувсандагва

Аялсан газрууд: 2000 оноос хойш өнөөг хүртэл 20 жил сайхан монгол орноороо аялан тойрч, очоогүй газар их л цөөхөн болсон байна. Энэ жилийн хувьд говь тал нутгаар л их аялаж байна даа. 

Аяллын хамгийн сайхан дурсамж:

Аялал бүхэн өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, дурсамж дүүрэн адал явдалтай байдаг. Нэг аялалаас нөгөө аялал гээд бүгд л сайхан дурсамжтай, олон сайхан найз нөхөд, хамт олныг байгаль дэлхий бий болгодог. Аялал бол хүний нүд, сэтгэлийг нээж, хорвоо ертөнцийн хамаг сайхан бүхнийг илрүүлэн байгальтай хүйн холбоотойгоо мэдрэх нэгэн завшаан юм. Аялалаар өөрийн дотоод ахуйгаа олж харах сайхан зургууд авч, түүнийгээ харан суух нэгэн сэтгэлийн таашаал юм даа. 

ЗурагТайлбар



Цаашид аялмаар байгаа газрууд:

Монгол туургатан ах дүү нарынхаа нутгуудаар аялах хүсэлтэй байна.


Аялагч: Амартайваны Буяннэмэх

Аялсан газрууд: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай гэсэн маршрутаар 4000 гаруй км аялсан.

Аяллын хамгийн сайхан дурсамж: 

Монголын дээвэр гэгддэг Алтай Таван Богд уулыг зорьсон аялал маань 10 хоногийн турш үргэлжилсэн. Бидний хамгийн том зорилго бол АТБ үзэх байсан ч санамсаргүйгээр Малчин Оргилд гарсан нь гэнэтийн бөгөөд сайхан дурсамж үлдээсэн. Аялал арван хоногийн турш бороотой, нартайд адал явдалаар дүүрэн өнгөрсөн шүү. Өмнө нь дандаа таньдаг хүмүүстэйгээ тогтсон маршрутаар явдаг байсан бол энэ удаа анхны урт аялалаа бие биенээ огт танихгүй 6 хүн нэгдэж, Баян-Өлгийн автобусанд суухдаа л анх удаа уулзаж, танилцаад хамт явсан нь аяллын амтыг улам нэмсэн гэхэд болно. Энэ аяллын багийг бүрдүүлэхийн тулд аяллын бүх пэйжээр хэссэн байхаа тэгээд л бие биенээ олсон доо. Аяллын ерөнхий зохион байгуулагчаар О.Сүхбаатар ажилласан. Монголын бүх сумаар ажлаар явсан туршлагатай болохоор хаагуур явах, унаа тэрэг, жолоочоо олох бүх ажил, маршрутаа гаргасан юм. Туршлагатай хүнтэй явсан болохоор бидэнд санаа зовох зүйл байгаагүй. Хаана, юу үзэх, ямар газар хамгийн амттай хоол байдаг гэх мэт замын турш бүх мэдээллээ аваад ахлагчийнхаа заавраар л явсан даа. Зарим үед бүгд хэлэлцэж, шийдвэрээ гаргаад л. 

ЗурагТайлбар



Малчин оргил дээр гарах үед бид нар бороо, цас, мөндөр, манан дунд явснаас гадна аянганд ч цохиулсан. Өндөр уулан дээр цаг агаар хормын төдийд л хувьсдаг юм билээ. Дараа дараагийн аялагч нартаа захихад ууланд аянга цахилгаантай байвал утсаа гялс унтраагаад, байж болох төмөрлөг эд зүйлсээ өөрөөсөө холдуулаад бие биенээсээ зайтай доош сууж, гараа хөрс шороон дээр тавих хэрэгтэй юм байна лээ. Эгэл жирийн аялал гэхээсээ илүү экстрим аялал байсан шүү. Олон бэрхшээлийг хамт давахдаа багийн зохион байгуулалт чухал болохыг мэдэрч, багийнхнаараа бахархсан. Хэн нь ямар ааш араншинтайгаа ч мэдэхгүй, танихгүй байж тийм хол аялалд нэгдсэн нь амьдралын минь нэгэн гайхалтай туршлага болж үлдлээ. Зургуулаа хэн хэнийгээ мэдэрч, тусалж дэмжин, замын турш ямар ч үед инээд баясал, хөгжил хөөрөөр дүүрэн явсан. 

ЗурагТайлбар



Бид хэд Баян-Өлгийгөөс Цагаан голыг зорьж тэндээ байрлаад Алтай Таван Богд хүртэлх 17 км газрыг гурав нь алхаж, гурав нь морьтой явж хүрсэн. Тэгээд Алтай Таван Богд уулын бэлд авирагчдын байрладаг газар хоноглож, маргааш өглөө нь Малчин Оргил руу гарсан даа. Багийн гишүүн Д.Оюунтуяа маань уулын спорт, алхалтаар хичээллэдэг болохоор багаа манлайлж алхснаас гадна нэг нэгийгээ дэмжиж, хүлээж байж л оргилд нь гарсан. Ер нь эгц дээшээ тул хүний хүч, тамирыг их сорино. Өглөө 9 цагаас хөдөлсөн бид уулнаас бууж кемпдээ ирэхэд 17 цаг болж байсан санагдана. Өглөө түүнээс ч эрт гарах ёстой юм билээ. Уулнаас бууж ирээд хоол идчихээд Цагаан гол руугаа буцаж, дахиад л 17 км газрыг 3 маань алхаж, үлдсэн хэд нь морьтойгоо явсан. Аялалаа тэр чигээр нь бичвэл маш урт түүх болно. Бидний нэг нь Хөвсгөлд найзуудтайгаа аялж байгаад араас ирсэн гээд боддоо. Уг нь Лүн дээр нийлээд цааш явах байсан ч амжаагүй. Араас ирэхдээ бөөн адал явдалтай явснаа яриад бөөн инээдэм болсон. Кино кино. 

Нүдэндээ ч итгэмгүй үзэсгэлэнтэй газруудаар аялсан. Мөнх цастай уулс, Потанины мөсөн гол, Хотон нуур, Хурган нуур, Бага, Их түргэний хүрхрээ эргэн тойрон нь байгалийн үзэсгэлэн төгс нутаг байсан. 

Энэ аялалаас хүн өөрийнхөө бодож байгаа, бүр төсөөлж байгаагаасаа ч илүү хүчтэй, тэвчээртэй, ямар их нөөц бололцоотой гэдгийг ойлгосон нь хамгийн чухал байлаа. 10 хоногийн аялал маань тэр чигээрээ мартагдашгүй дурсамж байсан. Бид хэд буцахдаа Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуй, Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц, Харандаа хад, Талын хүрхрээ зэрэг үзэсгэлэнт газруудаар аялсан. Өөрсдөө бүхнийг зохицуулаад явсан болохоор бага зардлаар олон газар үзсэн дээ. Бас хүмүүст эх орноо хайрлаарай, хогоо заавал авч явж байгаарай гэж хэлмээр санагдлаа. Бид нар аль болох тааралдсан хог хаягдлыг түүж, цуглуулж явсан. Жолооч Данко ах маань ч хог хаягдал байгальд тарихгүй байхыг байнга сануулж, хамтдаа хогоо түүж, баглаж байв. Би зүүн аймгийнх болохоор эх орныхоо баруун хязгаарт очиход үнэхээр гайхалтай байлаа. 

ЗурагТайлбар



Цаашид аялмаар байгаа газрууд:

Бид багаараа Алтай Таван Богдын Хүйтний Оргилд гарах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж маш их бэлтгэл сургуулилалт хэрэгтэй учраас цаг хугацааны асуудал байх. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.