Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монгол залуус сайн дураараа нэгдэж коронавирусийн хавьтал илрүүлэх системийн төсөл санаачилжээ


Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсад арванхоёрдугаар сарын 1-н хүртэл хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд багтаж ЭМЯ, ХӨСҮТ тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд халдварыг хяналтандаа оруулахаар ажиллаж байгаа билээ. Халдвар авсан хүнийг олж илрүүлэх, ойрын хавьтлуудыг тогтоох, тусгаарлахад цаг хугацаа, хүчин чармайлт ихээхэн шаарддагийг мэргэжлийнхэн онцолж буй. 

Тэгвэл мэдээллийн технологийн салбарт ажилладаг монгол залуус сайн дураараа нэгдэж, коронавирусийн хавьтал илрүүлэх системийн төслийг санаачилжээ. Энэ нь шинжилгээгээр коранавирусийн халдвар илэрсэн тохиолдолд тухайн хүнтэй сүүлийн 14 хоногт хавьтсан буюу ойр байсан хүмүүсийн гар утсанд мэдэгдэл илгээдэг систем юм. 

Энэ системийн онцлог нь Google, Apple компанийн хамтран гаргасан Exposure Notification API технологид суурилсан нээлттэй эхийн (open source) шийдлийг ашигласан учраас хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавьдаг аж. Дэлхийн бусад орнууд энэхүү нээлттэй эхэд тулгуурлан өөрийн улсад нийцэх системийг хөгжүүлж, цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байна. 

ХАВЬТАЛ ИЛРҮҮЛЭХ СИСТЕМ ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ? 

Монгол залуусын хөгжүүлж буй COVID Tracing Mongolia систем нь:

  1. Апп: Иргэн бүрийн гар утсанд суулгах апп
  2. Портал: Засгийн газрын харьяа эрх бүхий байгууллагын (ЭМЯ, УОК, ХӨСҮТ гэх мэт) ажилчид ашиглах эрхтэй вэб
  3. Систем: Дээрх хоёрыг зангидах нэгдсэн систем гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа аж. 


Тэгвэл хавьтал илрүүлэх апп хэрхэн ажилладаг вэ? 

Ухаалаг утас ашигладаг бүх хүн энэ аппликэйшнийг утсандаа суулгасан гэж төсөөлье. Болд нэгэн удаа хүнсээ цуглуулахаар дэлгүүр явжээ. Гэтэл дэлгүүрт явж байхдаа өөр нэг хүнтэй ойрхон зөрсөн (хавьтал болсон) байна. Энэ тохиолдолд хоёр метр ба түүнээс ойр зайд байгаа гар утаснууд Bluetooth-ийн тусламжтайгаар бие биенийгээ олж, хоорондоо мэдээлэл солилцдог. Солилцож буй мэдээлэл дунд хэрэглэгчийн гар утасны дугаар, байршил, нэр, хаяг гээд хувийн холбогдолтой ямар ч мэдээлэл байхгүй. Зөвхөн санамсаргүй байдлаар зохиогдсон тэмдэгтүүд л байх аж. Өөрөөр хэлбэл, энэ хоёр утас хоорондоо хавьтал болсон, код нь ийм байна гэдгийг л хадгалж үлдэнэ гэсэн үг юм. Гэтэл хэд хоногийн дараа Болд коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Энэ тохиолдолд Болдыг КОВИД-19 туссан гэдгийг баталсан эрүүл мэндийн байгууллагын ажилтан тусгай вэб сайт руу хандаж ороод түүнд дахин давтагдашгүй код гаргаж өгнө. Болд уг кодыг гар утасны апп рүү оруулангуут сүүлийн 14 хоногт Болдтой хавьтал болсон бүх хүний гар утсанд мэдэгдэлд очно. Ингэхдээ хэнтэй, хэзээ, хаагуур явж байхдаа хавьтал болсон бэ гэдэг мэдээлэл огт очихгүй юм. Зөвхөн ойр хавьд нь байсан хүмүүс дундаас коронавирусийн халдвар илэрсэн гэдгийг мэдээлнэ. 


Гар утасны аппликэйшний харагдах байдлыг жишээ болгон үзүүлжээ. (Энэ нь албан ёсоор батлагдсан загвар биш, зөвхөн хөгжүүлэгчдийн гаргасан жишээ болно)

ЗурагТайлбар




А.АМАРБАЯР: СИСТЕМИЙН 70 ХУВЬ НЬ БЭЛЭН БОЛСОН

Бид COVID Tracing Mongolia системийг хөгжүүлэгчдийн нэг А.Амарбаяртай онлайнаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.  

- Өнгөрсөн долоо хоногт УОК-оос халдвартай иргэний явсан маршрутыг тодорхойлох IT хяналтын системийг боловсруулж байна гэж мэдээлсэн. Та бүхний хөгжүүлж буй хавьтал илрүүлэх систем үүнээс ялгаатай гэж ойлгож болох уу? 

- Технологид суурилсан төрөл бүрийн шийдэл гарч байгаа нь сайшаалтай. Бидний ашиглаж буй нээлттэй эхийн (open source) хувьд Bluetooth-ээр дамжуулж хоёр метр ба түүнээс ойр зайны хавьтлыг хувь хүний мэдээллийн нууцлалд халдахгүйгээр тодорхойлж буйгаараа онцлог.  

Энэ бол бусад улсын засгийн газар, албан байгууллага, хувь хүмүүс хэдийнэ хийчихсэн төслүүд дээр суурилсан шийдэл юм шүү. Тэрнээс хэн нэг монгол хүний хийсэн төсөл биш гэдгийг онцолж хэлмээр байна. Одоо бид энэ нээлттэй эхийн төслүүдийг авч, нутагшуулах, хөгжүүлэх л шаардлагатай байгаа юм. 

- Та бүхэнд Google, Apple компаниас гаргасан суурь өгөгдөл байгаа учраас бүгдийг нь шинээр хийх шаардлагагүй, харин дээр дурдсан гурван үндсэн бүрдэл хэсгийг Монголын онцлогт тохируулах хөгжүүлэх шаардлагатай байгаа гэж ойлголоо. Хавьтал илрүүлэх системийг бүрэн ажиллагаанд оруулахад хэр хугацаа, хүн хүч хэрэгтэй болох вэ? 

- Ерөнхийдөө системийн 70 хувь нь бэлэн болсон гэж хэлж болно. Энэ 70 хувийн ажлыг нугалахад надаас гадна Г.Шинэбаяр, У.Төгөлдөр гэсэн хоёр залуу оролцсон. Бид ажлын бус цагаар ажиллахад л 3,4 хоногийн дотор эдгээр ажлыг нугалсан. Харин одоо үүнийг утсан дээр тестэлж, бидний тооцоолсон шиг зөв, нарийвчлалтай ажиллаж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байгаа юм. Энэ туршилтыг хийхийн тулд яам албан ёсоор Google, Apple компанид хүсэлт тавьж, зөвшөөрөл авдаг. Коронавирустэй холбогдолтой ямар ч аппликэйшнд эдгээр компаниуд хатуу хяналт тавьж, шалгаж байгаа юм билээ. 

Хэрэв зөвшөөрөл аваад, бүтэн цагаар ажиллаж эхэлбэл 3,4 хоногийн дотор дуусгаж, бүрэн ажиллагаанд оруулах боломжтой. Сая би энэ системийн талаар танилцуулга бичлэг хийж, фэйсбүүктээ оруулахад олон хүн сайн дураараа тусалъя гэж холбогдсон. Тухайлбал, Ebarimt-ийг хөгжүүлэгчид хамтран ажиллаж, хоёр хүнээ гаргаж өгөхөөр болсон. Үүнээс гадна Ebarimt яамтай ярилцаж, өөрийн аккаунтаар дамжуулан зөвшөөрөл авахаар ярилцаж байна. Одоогийн байдлаар хөгжүүлэлт хийх хүн бараг 20 болсон учраас хийх ажлуудаа хувааж аваад, тал талд ажиллаж байна даа. 


COVID Tracing Mongolia системтэй холбоотой А.Амарбаярын хийсэн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх бол ЭНД дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.