Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Монгол залуусын туршлага: Ганцаараа хийсэн аяллаас тэд юу олж авсан бэ?


Нэг л өдөр үүргэвчээ бэлдээд замд гарна даа гэсэн мөрөөдөл хүн бүрийн дотор байдаг биз ээ. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ явна гэж төлөвлөх нэгэн байхад урт холын замыг ганцаараа туулж, дэлхий ертөнцөд хийгээд дотоод хүнээ нэгэн зэрэг нээхийг хүсдэг хүмүүс ч бий. 

Аялахаар зорьж буй хүмүүст бэлтгэл, явах маршрут, аюулгүй байдал, санхүү, үзэх харах зүйлс гэхчлэн судлах зүйлс бишгүй бий. Иймээс бидэнд аяллын замд ганцаараа гарсан монгол залуусын туршлагаас хуваалцаж, тэдний дайсан захиасыг уншигчиддаа хүргэхийг зорилоо. 

Б.ХИЧЭЭНГҮЙ: АЯЛАЛ МАРТАГДАШГҮЙ ЭСВЭЛ САНАХЫГ Ч ХҮСДЭГГҮЙ ДУРСАМЖ БОЛОХ ЭСЭХ НЬ ТУХАЙН АЯЛАГЧААС Л ШАЛТГААЛНАФэйсбүүк хуудас: Тунгаагч Б.ХичээнгүйАЯЛСАН ТУРШЛАГА: Монгол Улсаа оролцуулаад нийт 10 улсаар аялсан. Энэ бүх аялал миний хүүхэд насны мөрөөдөлтэй холбоотой. Эхлээд Монголын 21 аймгаараа аялж дуусаад гадагшаа аялна гэж багаасаа мөрөөддөг байсан. 2017 онд Монголоо тойрох аяллаа эхлүүлж байлаа. Аяллын турш замын унаанд дайгдаж, майханд унтаж, заримдаа нутгийн айлуудад хоноглож байсан нь сонирхолтой санагдаж, аялалд шунан дурлахад нөлөөлсөн болов уу. Өмнө нь дандаа л байгалийн сайхныг харж явсан би Баян-Өлгий аймагт очиход соёл, ёс заншил шинэ ертөнц мэт санагдаж, цаашид хэрхэн аялах ерөнхий дөрөө олсон гэж боддог.

Аялал бүртээ юу ч бодолгүй ганцаараа гараад явдаг. Хамгийн сүүлд 2018 онд Азийн орнуудаар аялаж яваад нэг охинтой танилцаж хэд хоног хамт байж байгаад цааш тус тусын замыг хөөсөн. Гэтэл Вьетнамд явж байтал араас ирж хамт аялахаар болсон юм. Сонирхолтой бас нэг тийм ер бусын ч юм шиг санагдсан хэ хэ. Гэхдээ хүнтэй хамт аялах нь том хариуцлага гэдгийг хоёул ойлгосон доо. Нэг нэгнийгээ өлсөж, ядарч зутрах вий гэж санаа зовж, өвдөхөд нь хүртэл өмнөөс нь өвдчих юмсан гэж бодож байлаа.

ЗурагТайлбар



ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН УЛС: Аялсан газруудаас тэр нь гоё, энэ нь муухай гэх хэцүү юм. Бүгд л олон янзын мэдрэмж, ухаарал өгсөн. Хүлээлтэд хүрээгүй газруудаасаа хүртэл ямар нэгэн сургамж авч хоцорсон байдаг. Ер нь аялал амттай, мартагдашгүй эсвэл бүүр санахыг ч хүсдэггүй дурсамж болох эсэх нь тухайн аялагчаас өөрөөс нь л шалтгаалах болов уу. Миний сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Лаос улсын Vang Vieng гэж газар. Аяллын хамгийн гал шатам мэдрэмжүүд тэнд үлдсэн.

САНХҮҮ: Би эд материал, мөнгийг үл хайхардаг төрлийн хүн. Нэг л өдөр шийдэж, шууд ажлаасаа гарч, замд гарсан учраас аялалд гарахаас өмнө болон гарсны дараа таньдаг болсон хүмүүс тусалж, дэмжсэн. Аяллын хэрэгслийн дэлгүүр ажиллуулдаг Батбаяр ах маань зориулалтын гутал, цүнх бэлэглэж, найзууд минь ч урам зориг өгсөн. Заримдаа нутгийн айлуудад хоноглож, ажилд нь тусалдаг байсан болохоор нэлээд мөнгө хэмнэсэн. Одоо болоход хийж байсан ажлууд минь мөнгө хэмнээд зогсохгүй том туршлага болон үлджээ. Мэдээж аяллын явцад мөнгө дуусч, цааш явах хэрэгтэй болоход фэйсбүүкээр сайхан сэтгэлтэй олон хүн холбогдож санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Хүнээс авах амар байгаагүй ч зорилго, мөрөөдлийг минь дэмжиж байгаа гэж бодохоор хүч орж, урам зориг дүүрдэг байсан. Тусалж, дэмжсэн бүх хүнд баярлалаа. 

Ганцаараа аялж явахад янз бүрийн л зүйл бодогдоно. Хамгийн наад зах нь өөрөөсаа гарах тааварлашгүй ааш зан, хандлагыг зөвхөн хүнд нөхцөл байдалд орсон үедээ л ил гаргаж, бас тэрийгээ анзаарч хардаг юм билээ.

СУРГАМЖ: Ганцаараа аялж явахад янз бүрийн л зүйл бодогдоно. Хамгийн наад зах нь өөрөөсаа гарах тааварлашгүй ааш зан, хандлагыг зөвхөн хүнд нөхцөл байдалд орсон үедээ л ил гаргаж, бас тэрийгээ анзаарч хардаг юм билээ. Мөн олон орны хүмүүсийн аж төрөх хэв маягийг харж, мэдэрч явлаа. Жижигхэн тосгонд мөнгөгүйгээр аз жаргалтай амьдарч болдгийг ч ойлгосон.

ДАВУУ ТАЛ: Ганцаараа аялахын давуу тал нь хамгийн түрүүнд өөрийгөө танин мэдэх. Алдаа гаргавал өөрөө хариуцлага хүлээх учраас бүх зүйлд нухацтай хандаж эхэлнэ, амьдралын дараа дараагийн шийдвэрт ч энэ нь нөлөөлдөг.

ДАРААГИЙН АЯЛАЛ: Ямар нэгэн зүйлийг олж мэдэхийн тулд дахиад л хол замдаа дахин гарна даа. Төлөвлөгөөнд эртний түүхт улсууд бий. Афганистан, Тажикистан, Үзбекстан, Төвд, Энэтхэг, Балба, Израиль, Египет, Перу зэрэг орнуудад очиж үзнэ гэж бодож байна. Мэдээж үзэх газар, олж мэдэх зүйл арвин учраас дээрх улсуудаар хязгаарлагдахгүй байхаа.Хамгийн сүүлд хийсэн аяллаас ямар ч шүүлтүүргүй дурсамж мэдрэмжүүдийг хүлээж авч байсан болхоор одоо ч толгой дотор элдвийн бодол бодогдож, заримдаа бүр нойр хүрэхгүй хонох ч өдрүүд бий. 

ЗурагТайлбар




ЗӨВЛӨГӨӨ: Ганцаараа аялах гэж буй хүмүүст хандаж хэлэхэд хүнлэг бай, бусдын соёл, ёс заншлыг хүндэл, тэдгээр хүмүүсийн дунд орж уус, гэрээсээ үүргэвчээ үүрээд гар, аялалдаа шунан дурла л гэж захья даа. 

Ө.ПҮРЭВРАГЧАА: 20-ИОД НАС БОЛ ОЛОН БҮТЭЛГҮЙТЭЖ, ОЛОН БАЛАЙ ЮМ ХИЙЖ, ТУРШИЖ ҮЗЭХ ЁСТОЙ ҮЕ ГЭЖ БОДДОГФэйсбүүк хаяг: Mak TübАЯЛСАН ТУРШЛАГА: Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд (2016 оны аравдугаар сараас хойш) Зүүн Өмнөд Азийн 14 орноор үүргэвчтэй аялал хийж байна. Одоогоор аяллаасаа түр завсарлага аваад, Тайландын Бангког хотын нэг хостелд үнэгүй байрлаж, ажилд нь туслаад хажуугаар нь онлайнаар суралцаад байж байна. Долоо хоногт таван өдөр, бага цагаар ажилладаг учраас амралтын өдрүүдэд ойрхон аялдаг. 

АЯЛАХАД НӨЛӨӨЛСӨН ЗҮЙЛ: Ганцаараа үүргэвчтэй аялал хийх нь шинэ содон, байж боломгүй зүйл байхаа больсон. Өмнө нь олон жилийн турш аялах юмсан гэж бодож, хүсэж байсан ч замд гарах шийдвэрээ гэнэт л гаргасан. Хамгийн анхны гадагшаа хийсэн аялал Хятад улс руу байсан. Эхэндээ шинэ газартай танилцаад ядарсан ч тоодоггүй байсан. Харин удаан хугацааны турш замд явахаар их ядардаг, нэг газар хэд хэдэн удаа очихоор аяллын мэдрэмж шинэ санагдахаа больдог. Тиймээс би одоо аль болох тухтай явахыг хичээдэг болсон.

САНХҮҮ: Анх замд гарснаас хойш 11 дэх хоног дээрээ Шанхайд явж байгаад аяллынхаа тухай фэйсбүүк групп дээр бичиж эхэлсэн. Тэрнээс хойш маш олон хүн холбогдож тусалсан, гэртээ урьсан л даа. Одоо тэр хүмүүс миний хамгийн дотны найз, ах эгч болсон. Үүнээс гадна аялах туршлагатай болоод ирэхээр байранд мөнгө үрдэггүй, хамгийн хямдхан унаа, нислэгийг олж чаддаг болдог. 

20-иод нас бол ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр олон бүтэлгүйтэж, олон “балай” юм туршиж үзэх ёстой үе л гэж боддог. Хэд хоног дарааллан шоудах, удаан хоолгүй явах, төөрөх, танихгүй хүнтэй яриа өдөж танилцах зэрэг солиотой зүйлсийг хийж үзэх хэрэгтэй. Тэрнээс биш заан унаад, Бангконгийн хамгийн өндөр барилгын Sky бааранд орох нь сонин биш ш дээ.

СУРГАМЖ: Хүссэн ч эс хүссэн ч ганцаараа замд гарсан хүн санхүүгээ удирдах, бие даах чадварт суралцаж эхэлдэг. Үүнээс гадна хувь хүний зан төлөвт өөрчлөлт орж, аливааг харах өнцөг ч дагаад хувьсан өөрчлөгддөг. 

Өөр нэг зүйл хэлэхэд, шоудахаар гарахдаа 1000 баттынхаа талаар нь шоудаад талыг нь хадгална даа гэсэн сэтгэлгээ одоо болтол надад суугаагүй. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл 20-иод нас бол ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр олон бүтэлгүйтэж, олон “балай” юм туршиж үзэх ёстой үе л гэж боддог. Хэд хоног дарааллан шоудах, удаан хоолгүй явах, төөрөх, танихгүй хүнтэй яриа өдөж танилцах зэрэг солиотой зүйлсийг хийж үзэх хэрэгтэй. Тэрнээс биш заан унаад, Бангконгийн хамгийн өндөр барилгын Sky бааранд орох нь сонин биш ш дээ. Тэрний оронд зүгээр гоё далайн эрэг дээр очоод тэндээ өөртэйгээ адилхан хэн нэгэнтэй танилцаад, шөнөжингөө юм ярьж, хөгжим сонсож, нар жаргахыг харж, далайн эрэг дээр хонох нь илүү сайхан. Надад тийм дурсамжууд их байдаг. Эргээд харахаар үеийнхэн шигээ сэтгэлгээний хувьд хөгшрөөгүй ч мэргэжлийнхээ тухай, амьдралаас сурсан зүйлсийн талаар ярихаар илүү буурьтай байж чаддаг болсон байна лээ. 

ДАВУУ ТАЛ: Ганцаараа аялахад ямар нэгэн төлөвлөгөөнд баригдахгүй хүссэн газар уруугаа явж, дуртай зүйлээ хийх боломжтой. Гэхдээ би аяллыг шинэ газар үзэж кайф авах гэхээсээ арай илүү өөр өнцгөөс харж эхэлсэн. Жишээ нь, өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийж, аяллын дунд олж авсан туршлага, сургамж, шинэ мэдлэгийн тусламжтайгаар өөрийгөө “дахин бүтээх”-ийг оролдож байгаа гэж хэлж болох юм. 

ЗурагТайлбар




ЗӨВЛӨМЖ: Хэлний мэдлэг мэдээж хамгийн чухал. Хэрэв би хэлний мэдлэггүй байсан бол надад өнөөдрийнх шиг боломжууд олдохгүй байх байсан. Ийм олон хүнтэй танилцаж, нөхөрлөх боломж гарахгүй байсан нь ойлгомжтой. Янз бүрийн хүмүүстэй уулзаж, өмнө нь огт явж байгаагүй газруудаар явах учраас нээлттэй, чөлөөтэй сэтгэдэг, бусдыг хүндэлдэг байх хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Мөн аливааг хүндээр хүлээж авах хэрэггүй. Жишээ нь: Чи 3 доллараар нийтийн байранд хоноглож байгаа бол 30 доллар төлчихсөн юм шиг үйлчилгээ нэхэх ёсгүй. Очихынхоо өмнө үйлчилгээ нь санаанд хүрэхгүй байж магадгүй гэсэн төсөөлөлтэй байх нь зүйтэй. 

Үүнээс гадна аялах үед бүх зүйлийг бодож тунгаахад цаг зарцуулна. Тархиа их ажиллуулах хэрэг гардаг учраас их ядардаг. Тиймээс би сүүлийн үед бүх хэрэгтэй, хэрэггүй мэдээллээс татгалзах, шар мэдээлэл уншихаа болих, бүх зүйлээс хэсэгхэн хугацаанд ч гэсэн хол байж, олдож буй цагаа зөвхөн өөртөө зарцуулахыг хичээж байгаа. Төгсгөлгүй чат, сошиал медиагаас нэг өдөр ч гэсэн хол байгаад үзээрэй. Өөрт байгаа цагаа зөвхөн өөртөө зарцуулаад үзээрэй. Ер нь сошиал медиад хэтэрхий их ингэж цагаа өнгөрөөж байгаа байдал нь нэг төрлийн донтолт гэж боддог. Хайран цагаа дэмий үрж, өөрийгөө стрессдүүлж суудгаа Камбожид өнгөрүүлсэн хэд хоногт ойлгосон.

ЭРСДЭЛ: Эмэгтэй хүн ганцаараа аялахад эрсдэлтэй гэж боддог хүмүүс бий. Гэхдээ миний туршлагаас харахад Зүүн Өмнөд Азийн орнуудад их аюулгүй. Тэнд хэдэн мянган үүргэвчтэй аялагчид ганцаараа аялаж байна. Ер нь бол тухайн хүн биеэ авч явах чадвартай байвал хаана ч алзахгүй. 

Б.ОТГОНСҮРЭН: АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫН ТУЛД ӨӨРӨӨС ШАЛТГААЛАХ БҮХ ЗҮЙЛИЙГ ХИЙДЭГФэйсбүүк хаяг: Otgoo Blossom

АЯЛСАН ТУРШЛАГА: Би нийт 15 улс руу ажил, амралтаар явсан. Ихэнхдээ ганцаараа явж байсан ч очсон улс бүрт найз нөхөд, ажлын хүн байдаг юм. Яг зорьж анх ганцаараа аялсан улс маань Турк байсан. Визгүй учраас өөр улс руу явах замдаа очоод үзье гэж бодоод, судлаад үзтэл үзэх, харах зүйлс их байлаа. Тэгээд гэнэт зориглоод Кападокиа явж агаарын бөмбөлгөөр нисэхээр шийдээд явлаа. Турк хүмүүс төсөөлж байснаас минь илүү найрсаг, тусархүү хүмүүс байсан. Эмэгтэй, ганцаараа аялж яваа хүний хувьд аюулгүй байдал хамгийн чухал, анхаарах зүйлийн нэг. Аюулгүй байдлаа хангах үүднээс би ямар ч улс руу аялсан бааранд ордоггүй. Танихгүй хүмүүстэй уулзсан ч нар жаргахаас өмнө буудал руугаа салж явдаг. Байгаа буудлаа хүнд хэлдэггүй, гэр бүлийнхэндээ аяллын төлөвлөгөөгөө өдөр бүрээр нь гаргаж үлдээдэг гэх мэт өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хийж, аюулгүй байдлаа хангаж явдаг. Мөн замд зайлшгүй хэрэгтэй зүйлсээ ойр байлгаж, аялалдаа зориулж мөнгөө цуглуулж эхэлдэг.

САНХҮҮ: Нэмэлт орлогуудаа өөр дансанд хуримтлуулдаг. Lonely Planets гэх мэт сайтуудаас очих газрынхаа зардлын талаар мэдээллийг цуглуулдаг. Буудлаа ч бас сайтуудын мэдээллийг харьцуулж, бусад аялагчдын бичсэн үнэлгээг уншиж байгаад сонгодог. 

ДАВУУ ТАЛ: Мэдээж бүх зүйлээ өөрөө төлөвлөж, удирдаж байгаа учраас өөрийнхөө дуртай, хийхийг хүссэн бүх зүйлээ хийж болно. Дуртай хоолоо идэж, дуртай үедээ амарч сууж тааваараа байна. Гэхдээ танд өөр туслах хүн байхгүй учраас сонор сэрэмжтэй байх, хариуцлагатай, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Сорилт бэрхшээл гарах бүрт өөрөө шийдвэр гаргах болно. Бүх нөхцөл байдлыг та өөрөө удирдах шаардлагатай гэдгийг битгий мартаарай. 

ЗурагТайлбар



ЗӨВЛӨГӨӨ: Анх удаа аялж байгаа бол очих орноо сайн судалсан байхад алзахгүй. Тухайн орныхоо хэлийг мэддэг байвал сайн. Ядаж англиар өөрийгөө илэрхийлэх хэмжээнд байх хэрэгтэй. Түүнчлэн хүмүүсээс тусламж асуухаас санаа зовохгүй, шинэ хүмүүстэй уулзаж танилцахад нээлттэй байх хэрэгтэй. Гэхдээ манай монголчууд янз бүрийн орчинд дасан зохицох чадвар маш сайн юм шиг санагддаг. 

Ганцаараа явж байгаа бол ямар ч үед согтуу байж, хяналтаа алдаж болохгүй. Би очсон улс бүртээ заавал интернэтэд орох боломжтой байх үүднээс дата сим карт худалдаж авдаг юм. Интернэтэд холбогдсон байхад бүх тусламж гарт байгаа мэдрэмж төрдөг учраас санаа амар тайван аялдаг. Бас зөөврийн цэнэглэгч хамгийн хэрэгтэй зүйлсийн жагсаалтад багтана. Аялал бүрээс өөрийгөө, өөрийнхөө давуу болон сул талаа таньж, бас туршлага хуримтлуулдаг учраас залуу байгаа дээрээ аялаарай.

ДАРААГИЙН АЯЛАЛ: Ирэх зургадугаар сард Их Британи явахаар төлөвлөж байна. Ер нь очиж буй улстайгаа холбоотой өвөрмөц зүйлсийг үзэж, хийж, идэж үзэхийг хичээдэг. Музейд нь заавал очиж үздэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
20
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.17 202.126.88.169

Хүүхэд байхаасаа эхлээд аялалын амтанд орж гэр бүлээрээ аялаж эхэлсээн. Одоогоор Монгол орныхоо Хангайн бүсийг тойрон аяласан байгаа. Ирээдүйд дэлхийг тойрон аялах мөрөөдөлдөө хөтлөгдөөд англи хэлээ сайжруулж сурч явна даа. Хэзээ нэгэн цагт аль нэг улсад та нартай уулзах байхаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Дэлхийгээр аялагчид минь.

0 Хариулах


амжилт 2019.03.05 66.181.166.134

woww гоё юмаа бүгдэд нь амжилт би ч гэсэн хэзээ нэгэн цагт аялах байхдаа. гэхдээ ганцаараа аялна гэдэгтээ итгэлгүй байна. надтай цуг аялах сайн найзтай болохоороо аялнаа. гоё мэдээлэл байлаа баярлалаа

0 Хариулах