Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монголын сонгуулийн тогтолцоог бусад оронтой жишиж харах сонирхолтой 12 баримт


"Тоон тойм" булангаар энэ удаа дэлхийн улс орнуудад сонгуультай холбоотой мөрддөг сонирхолтой жишиг, баримтыг хүргэж байна. Үүнийг уншсаныхаа дараа та чөлөөт, хараат бусаар саналаа өгөх бүхий л нөхцөлөөр хангагдсан ардчилсан улсад амьдарч байгаагаа ойлгох болно. Саналаа өгөх боломжоо бүү алдаарай.   

Сонгууль ихэнх оронд сонгууль ням гарагт болдог аж. Сонгогчдын ирцийг өндөр байлгах зорилгоор ийнхүү амралтын өдрийг сонгодог байна.

Харин Монгол Улсад 2020 оны УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт болно. Энэ өдөр бүх нийтээрээ амардаг. Хэрэв сонгуулийн өдөр танай байгууллага ажиллаж байгаа бол байгууллагын удирдлага танд чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй гэдгийг бүү мартаарай.
Энэтхэг Улс ардчилсан засаглалтай улсуудаас хүн амын тоогоороо тэргүүлдэг. Тус улсад санал өгөх эрхтэй 800 гаруй сая хүн бий. Тиймээс санал хураалт долоо хоногоор үргэлжлэх тохиолдол ч гардаг байна. 2014 онд болсон  сонгуулиар Энэтхэгийн сонгогчид парламентийн 543 гишүүнээ сонгохын тулд 45 хоногт 9 өөр өдөр санал хураалт явуулжээ.    Харин манай улсад сонгуулийг нэг өдөрт багтаан зохион байгуулдаг билээ. 

Тэгвэл дэлхийн бусад улс болон Монголд хэзээнээс эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон юм бол гэж та бодож байсан уу? Эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг олгосон анхны улс нь Шинэ Зеланд. Ийнхүү 1893 онд анх удаа эмэгтэйчүүд сонгуульд оролцжээ. Ази тивээс анх удаа, мөн хөгжиж буй буурай орнуудаас анх удаа Монгол Улс 1924 онд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулж эхэлсэн юм.   Тэгвэл Ази тивээс хамгийн сүүлд Саудын Араб 2015 оноос эмэгтэйчүүдийн саналыг өгүүлж эхэлжээ.

Бичиг үсэг тайлагдаагүй иргэдийнхээ тоогоор дээгүүрт жагсдаг Гамби Улс иргэдээ сонгуульд оролцуулахын тулд сонирхолтой арга хэрэглэдэг. Санал өгөх байранд нэр дэвшигчийн зурагтай өөр өөр өнгийн бочки (поошиг) байрлуулж, сонгогч дэмжиж буй нэр дэвшигчийнхээ зурагтай бочки руу жижиг гантиг хийдэг гэнэ. Монголд насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт 98 хувь учраас санал өгөхөд ийм хүндрэл бараг гардаггүй. Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатай санал өгч болдог.  

Сонгууль өгөх насыг өндөрсгөх, эсвэл бууруулахтай  холбоотой асуудал үргэлж маргаан дагуулдаг. Улс орнуудад сонгууль өгөх эрх үүсдэг нас 16-21 насны хооронд хэлбэлзэж байна. Жишээ нь, Австри, Бразил, Куба, Эквадор, Никарагуа зэрэг улсуудад 16 наснаас эхэлж сонгууль өгөхийг зөвшөөрдөг бол ихэнх улс 18 наснаас энэ эрх үүсдэг. Монгол Улс ч мөн адил 18 нас хүрсэн залуусыг сонгогчийн нэрсийн жагсаалтад оруулдаг юм. 

Цахим засаглалаар олон улсад үлгэр жишээ болдог Эстонид иргэд цахимаар саналаа өгөх боломжтой. Тус улсад 2005 оноос хойш технологи ашиглаж байгаа бөгөөд 2015 онд сонгогчдын 30 орчим хувь нь цахимаар саналаа өгчээ. Өдгөө дэлхийн нийтийн хэмжээнд цар тахал гарсантай холбогдуулан зарим улс санал өгөх олон хэлбэр (цахимаар, шуудангаар, утсаар гэх мэт)-ээс сонгон хэрэгжүүлж байна. Тухайлбал,  өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Өмнөд Солонгосын сонгуулиар эмнэлэгт хэвтсэн болон 14 хоногийн тусгаарлалтад байгаа иргэд утас, мэйлээр саналаа өгчээ. 

Тэгвэл Монгол Улсад ийм зохицуулалт байдаггүйн улмаас гадаадад байгаа иргэд сонгуульд оролцож чаддаггүй.   

Дэлхийн 20 гаруй улсад иргэдийг сонгуульд оролцохыг шаарддаг бөгөөд санал өгөөгүй иргэнийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэргээр шийтгэдэг байна. Тухайлбал, Австралид сонгуульд оролцохыг алба ёсоор хуульчилж, саналаа өгөөгүй иргэнийг 20 австрали доллараар (15 ам.доллар) торгодог. Хэрэв торгуулиа төлөөгүй бол 180 австрали доллар болгож торгуулийг нэмэгдүүлдэг аж. 

Хойд Солонгост ч бас сонгууль болдог.    Мэдээж энэ нь шударга, ардчилсан сонгуулиас тэс өөр зарчмаар явагддаг тул нэр төдий үйл явдал гэж хэлж болно. Учир нь, нэр дэвшигчид нь бүгд эрх баригч намын гишүүд байдгаас гадна сонгогч нэр дэвшигчийн жагсаалтаас сонгохгүй байлаа ч энэ нь тоологддоггүй юм байна.Тиймээс бүх нэр дэвшигч 100 хувийн саналаар сонгогддог.    2015 онд болсон орон нутгийн сонгуульд сонгогчдын 99.7 хувь нь оролцжээ.

АНУ-ын Өмнөд Каролина муж сонгогчдын саналыг худалдаж авах, авилга өгөхөөс сэргийлэх зорилгоор 1882 оноос хойш сонгуулийн өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглож байжээ. Тус мужийн хууль тогтоогчид 2012 онд энэ хоригийг цуцалсан юм. 

Дашрамд дурдахад, Монгол Улсад санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог билээ.

1997 онд Техасын хууль тогтоогчид сансрын нисэгчдийг и-мэйлээр саналаа өгөх боломжийг олгосон хуулийг баталжээ. Тэр жил Оросын сансрын станц ажиллаж байсан Дэвид Вольф сансраас саналаа өгсөн анхны хүн болсон. Одоогоор манай улсад задгай сансарт ажиллаж байгаа хүн байхгүй тул ийм зохицуулалт шаардлагагүй.   Гэхдээ бүртгэлтай хаяг дээрээ амьдрахгүй байгаа иргэд (жишээ нь, орон нутагт бүртгэлтэй боловч Улаанбаатар сурдаг оюутнууд), гадаадад байгаа иргэд өнөөг хүртэл саналаа өгч чадахгүй байна.

Чили улсад 2012 оныг хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс тус тусдаа  саналаа өгдөг байжээ.   Учир нь, эмэгтэйчүүд 1949 оныг хүртэл үндэсний хэмжээний сонгуульд оролцох эрхгүй байсан тул  эрэгтэй, эмэгтэй сонгогчдын бүртгэлийг тусад нь хийдэг байжээ. Энэ жишиг 63 жил мөрдөгдсөний эцэст 2012 онд үгүй болсон юм.

Швед, Франц улсын иргэд сонгуулийн бүртгэлээс хоцорно гэж айх шаардлагагүй байдаг аж. Тодруулбал, Франц Улсад 18 нас хүрсэн иргэнийг автоматаар сонгогчийн нэрсийн жагсаалтад оруулдаг бол Шведэд татвар төлсөн бүртгэлээр дамжуулж сонгууль өгөх насанд хүрсэн иргэдээ бүртгэдэг. 

Тэгвэл Монгол Улсад 18 нас хүрсэн иргэн саналаа өгөхийн тулд биечлэн, эсвэл Бүртгэл сайтаар нэвтэрч, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ, мөн мэдээлэл үнэн зөв байгаа эсэхийг баталгаажуулснаар санал өгөх эрхтэй болдог. Хэрэв та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, мэдээлэл зөрүүтэй байвал өөрийн оршин суугаа газрын бүртгэлийн байгууллагад хандан сонгууль болохоос 14 хоногийн өмнө гомдол гаргах эрхтэй.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.