Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

М.Сайнбилэг: Дижитал банк бол онлайн, цахим банкнуудаас тэс ондоо ойлголт


Бид саяхан болж өнгөрсөн "ICT Expo" дээр Голомт Банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэгтэй хэсэгхэн уулзаж, тэдний нэвтрүүлээд буй "Дижитал банкны үйлчилгээ"-ний тухай асуусан юм. Тус банкны хамт олны маш их хөдөлмөр, цаг заваа зориулан нэвтрүүлсэн уг "Дижитал банк"-ны тухай мэдээллийг та энэ ярилцлагаас авна уу.

-Банкны салбараас "ICT Expo"-д оролцоно гэдэг хүмүүсийн хувьд их сонирхолтой санагдсан байх. Яагаад яг энэхүү экспод оролцох болсноо уншигчидтай хуваалцана уу?

-ICT Expo зохиогдоод 13 жил өнгөрч байна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд цар хүрээ нь их том болж байгаа. Эхэндээ ганцхан оператор компаниуд оролцож байгаад, IT компаниуд нэмэгдсэн байдаг. Голомт банкны хувьд хоёр дахь жилдээ оролцлоо. Яагаад банкны салбараас оролцох болов гэдэг нь хүмүүст их сонин байсан байх. Өнөө үед эрүүл мэнд эсвэл банк санхүү ч байна уу бүх зүйлд технологи маш чухал болоод байгаа. Харин энэхүү технологийн давуу тал, үр дүнг банк санхүүгийн салбарт ашиглан, үр нөлөө, давуу тал гаргаж болдог гэдгийг бид харуулж байгаа. Бүх зүйл технологийн давуу талууд дээр суурилаад эхлэхээрээ л хэрэглэгчийн цаг зав, мөнгийг хэмнэж, стрессийг ч бууруулж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байгаа юм. Дижитал банк гэх ойлголт одоо гарч ирж байгаа. Энэ нь онлайн банк, цахим банкнаас яаж ялгарах вэ гэдгийг бид уг үзэсгэлэнгээр хүмүүст бодитоор харуулахыг зорьсон. 

-Дижитал банк гэх ойлголтыг та тайлбарлаж өгнө үү?

-Дижитал гэх үгийг буруу орчуулах явдал их гардаг. Одоо бол цахим гэж орчуулагдаад байгаа юм. Гэхдээ "Электрон" гэдэг үгийн орчуулга нь "Цахим" юм. 1994 онд орчуулагдаж байсан үг л дээ. Цахим гэдэг нь электрон төхөөрөмж ашигласан үйлчилгээ буюу банкны хувьд бол "ATM" юм. Онлайн бол харин интернет сүлжээ юм. Голомт банкны хувьд хамгийн анх 2006 онд Монгол улсад онлайн банкны үйлчилгээг гаргасан. Гэхдээ энэ болгон нь бас хязгаарлагдмал үйлчилгээ байгаад байгаа юм. Дижитал гэдэг бол харин 2015 оноос дэлхий даяар яригдаж эхэлсэн зүйл. Энэ зүгээр нэг суваг биш харин бизнес загварын өөрчлөлт юм. Энэ бол хамаагүй том зүйл. Гэтэл хүмүүс "Цахим" гэж орчуулаад, ашиглаад явж байгаа кэйсүүд байна. Тэгэхээр чинь "ATM"-тэй л холбоотой эдийн засаг хийх гээд байна шүү дээ. "Digital Economy" гэдэг бол технологид суурилсан эдийн засгийн шинэ загвар. Тэгэхээр бид маш том андуурал дунд явж байна. Үүнд бид сууриас нь анхаарах ёстой. Үүнийг л бид өөрчлөх гэж байна. 

-Дижитал банк юугаараа ялгарч чадаж байна?

-Жишээ нь онлайнаар харилцагч болох боломжтой. Хэрэв заавал банк руу ирэх ёстой болж байвал тэр дижитал биш. Бас бүтээгдэхүүнийг харилцагч өөрөө үүсгэдэг байх ёстой. Энэ тал дээр энгийн жишээ ярьж болж байна. Манай маш сайн мэргэжилтнүүдийн гаргасан "Алтан түлхүүр" гэдэг хадгаламж бий. Гэхдээ үүнийг хүн гаргаж ирсэн. "Манай Дорж гэдэг найз хүүхэдтэй юм аа, хүүхдээ их сургуульд оруулах гэхэд их мөнгө хэрэг болж байна. Тиймээс ер нь хүүхдийн хадгаламж гаргацгаая" гэх маягаар. Харин одоо харилцагч өөрөө гаргаж байгаа буюу дижитал бүтээгдэхүүний жишээг ярьж өгье. Би өглөө гэрээсээ гараад автобусанд суухдаа картаа уншуулна. Өдөр кофе шоп орж, хоёр кофе аваад өдөр нь цайндаа орлоо. Орой "Өргөө"-д кино үзээд, орой нь гэртээ таксигаар ирлээ. Яг энэ бүх дата тодорхой үйлчилгээ авсан газар юм уу банканд байж байгаа. Энэ дата дээр машин сургалтын алгоритм ажиллаад, "Энэ хүнд зориулаад яг энэ газар хөнгөлөлт үзүүлэх ийм карт гаргаж болж байна. Яг энэ хүнтэй адил байдлаар мөнгөө зарцуулдаг 5,000 хүн байна. Ингээд залууст зориулсан шинэ карт гарлаа" гэх мэтээр. Энэ бүтээгдэхүүнийг хэн гаргаж байна вэ гэвэл машинд сургалтын алгоритм, гэхдээ бүр цаана нь бол хэрэглэгч өөрөө юм. Би ийм бүтээгдэхүүн хүсэж байна гэдгээ харилцагч өөрөө гаргаад өгч байгаа юм. Энэ бүхэн цэвэр "big data", зүйлсийн интернет, "machine learning", "хиймэл оюун ухаан" гэх зүйлс дээр явагдаж байгаа. Яг технологи сонирхож байгаа хүмүүст энгийнээр тайлбарлах юм бол цахим гэдэг нь электрон төхөөрөмж, онлайн гэдэг нь интернетэд суурилсан, харин дижитал банкны тухайд би дээр дурдлаа.

-Одоо харилцагчдад чиглэсэн ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлж байна вэ?

-Аравдугаар сард бид Смарт банк болон Интернет банк хоёроо шинэчилж байгаа. Өнгөрсөн жилээс бид Дижитал банкны үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ бид бүрэн "Дижитал банк болчихлоо" гэж хэлээгүй. Энэ жил бид бүрэн болох тэр алхмуудаа хийж яваа. Манай Смарт банк болон Интернет банк шинэчлэгдэж байгаагийн хүрээнд бид хэрэглэгчдэд илүү амар хялбар байх боломжуудыг нээж байна. Жишээ нь манай эмээ, өвөө нар зөвхөн хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлэх гэж л ашигладаг бол зөвхөн тэр цэсийг нь л гаргаад өгч болно гэсэн үг. Тэгэхгүй бол маш олон цэс тэр дунд байгаа шүү дээ. Энэ бол "Behavior-based" буюу цэвэр дижитал бүтээгдэхүүн юм. Мөн манайх "Хувийн санхүү" гээд том модулийг Монголд анхлан нэвтрүүлсэн. Үүнийгээ бид илүү сайжруулж байгаа. Ер нь Монголчууд их үрэлгэн. Цалин буулаа, мөнгөө үрж үрж явж байгаад сарын төгсгөл болсон чинь мөнгө нь дуусчихдаг. Тэгээд харахаар хаачсан нь мэдэгдэхгүй, юунд үрснээ ч мэдэхгүй алга болчихдог шүү дээ. Харин манай алгоритм бол "Та үүнийг хоол хүнсэндээ зарцуулсан, үүнийг боловсролдоо зарцуулсан, эрүүл мэнддээ хэдэн төгрөг зарцуулсан" гэж харуулахын хажуугаар "Гэхдээ та энтертайнментэд илүү их зарцуулаад байгаа юм биш үү. Энэ сард гэхэд 200,000 зарцуулсан байна. Та үүний оронд 50,000 төгрөгийг нь Үндэсний хуримтлалдаа хадгалж болно" гэх мэтээр ажиллана гэсэн үг. Энэ бол бодит үр дүн юм. Түүнээс биш бид зүгээр л "Дижитал үйлчилгээ үзүүлж байна" гэж яриад явж байгаа хэрэг биш юм. Голомт банк аливаа зүйлийн суурийг зөв тавьж, нийгэмд эерэг, зөв нөлөө үзүүлэх ёстой гэсэн бодлогыг бариад явж байна. Хэдий цаг их орсон ч гэсэн үр дүн нь бодитой харагдаж байгаад их баяртай байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
8
0
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ariunaa 2021.10.15 202.9.46.87

ихэнх хүмүүс дижитал ертөнц, дижитал шилжилтыг цахим ертөнц, онлайн гэх зэргээр ойлгоод байхшиг. гэхдээ энэ нь ердөө л биг дата болон хиймэл оюун ухаан дээр суурилсан энгийн бөгөөд илүү хялбар, ухаалаг хэрэглээ юм.

0 Хариулах


Зочин 2019.10.03 202.126.89.19

Good

0 Хариулах