Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Надад нэг санал байна | Хэрэв би БОАЖ-ын сайд байсан бол?


Л.Бямбацэцэг | Биологич 

Хэрэв би Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд гээд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бол гэж хэзээ нэгэн цагт та заавал бодож үзсэн байх. Тэгвэл танд эдгээр албан тушаалын бүрэн эрхийг өгвөл юу хийх вэ? Бид төрийн өндөр дээд албан тушаалын эрх үүргийн талаар юу мэдэх вэ? Бас залууст ямар төлөвлөгөө байна вэ? 

Бид “Надад нэг санал байна” аяны хүрээнд өөр өөр ажил мэргэжлийн таван залууд төрийн өндөр дээд албан тушаалтны эрхийг өгвөл та юу хийх вэ? гэсэн асуултыг тавилаа. Тэдэнд бэлдэх хугацаа өгч дараах асуултыг тавьсан юм. Тэд юу гэж хариулав.

(Тайлбар: Хариулалт буруу, эсвэл тухайн албан тушаалтны эрх үүргээс зөрсөн тохиолдолд BUZZER дарж, тайлбар оруулна)


-Та сайд болоод хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ? 

-Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар ажлуудыг бодлогын түвшинд хийнэ. Ганцхан байгаль орчны салбарынх гэдэг асуудал огт байдаггүй юм байна. Жишээ нь, агаарын бохирдол гэхэд л дэд бүтэц, хүний эрүүл мэнд, боловсрол, шилжилт хөдөлгөөн, орон нутгийн хөгжил, ажлын байр, ажилгүйдэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг маш олон асуудлуудтай шууд болон шууд бус хамааралтай. Тэгэхээр агаарын бохирдлын асуудал ганцхан байгаль орчны салбарын асуудал биш болоод явчхаж байгаа юм. Тийм болохоор бүх байгаль орчны асуудлууд бусад ямар салбар ямар газартай хэрхэн холбогдож байгааг судлаад дараа нь салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр эхний ажлаа эхлүүлнэ дээ.

-Улаанбаатарын ундны ус аюулгүй гэдэгт итгэдэг үү? 

-Манай хотын ундны усны эх үүсвэр нь гүний ус болохоор одоохондоо гайгүй байхаа. Харин бид энэ хэвээрээ хөрсөө бохирдуулаад, хогоо хаяад, Туул голоо бохирдуулсаар байвал цаашид ундны усны эрүүл ахуй болон нөөцийн том асуудалд орох байхдаа л гэж санаа зовдог. 

Нөгөө талаас харвал хаана амьдарч байгаагаас, ундны усны эх үүсвэр, усаа хэрхэн авч хэрэглэж байгаа зэргээс шалтгаалаад тийм, үгүй гэж хариулах байхаа. Жишээ нь, гэр хороололд зөөврийн худгаас усаа ямар нэг саваар аваад түүнийгээ гэртээ аваачаад хэрэглэх, орон сууцанд крантнаас гарч байгаа усыг хэрэглэх хоёрт чанарын хувьд ялгаа байгаа байх л гэж боддог.  

- Хотын байгаль орчин гэж юуг хэлэх вэ?

- Хотын байгаль орчин гэхээр бид ихэнхдээ агаарын бохирдол яриад байдаг. Миний бодлоор хотын байгаль орчин гэж ярьж байгаа бол ус, хөрс, хог хаягдал, ногоон байгууламж, хотын ногоон бүс, биологийн төрөл зүйл бүгдийг нь адилхан анхаарах нь зүйтэй.

- Хотын байгаль орчны сайжруулахын тулд та юу хийх вэ? 

- Юун түрүүнд орчны бохирдлыг бууруулах чиглэлд ажил хийнэ дээ. 2025 он хүртэл хэрэгжүүлэх “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” гэж бий. Тус хөтөлбөрт агаар, ус, хөрсний бохирдол /хог хаягдал/ талаар үе шаттай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тусгагдсан байдаг. Миний харж байгаагаар агаарын бохирдлоос бусад нь орхигдоод л байх шиг санагддаг. Тиймээс ус, хөрс, хог хаягдлыг багасгах ажлуудыг яаралтай хийнэ дээ. Яг ингээд бууруулна гэсэн шийдэл хэлж чадахгүй байгаа ч өнгөрсөн хугацаанд агаар, хөрс, ус, хог хаягдал дээр хийгдсэн судалгаа, хэрэгжсэн төсөл хөтөлбөр, зарцуулсан хөрөнгө, бусад улсын туршлага гээд бүгдийг нь сайн судалж байгаад юу нь болсон, юу нь болоогүй гэдгийг сайн ойлгохыг хичээнэ. Хэрэв шаардлагатай бол дээр дурдсан хөтөлбөрийг дахин шинэчилж, шинэ хөтөлбөр гаргах байхдаа. 

- Мод уу, цемент үү? 

- Мэдээж мод. Олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж 24 м.кв байх ёстой. Харамсалтай нь Улаанбаатар 6 дахин бага буюу 4-6 м.кв байдаг. 

Уг нь тоосжилт, шуугианы бохирдол ихтэй, дээрээс нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан хэт халуун өдрүүдийн давтамж улам бүр нэмэгдсээр байгаа хотод маань агаарын температурыг тогтворжуулах, дуу шуугиан, тоосжилтыг багасахад мод маш чухал хэрэгтэй. Цаашлаад хүний эрүүл мэнд, эрүүл амьдрах орчин нөхцөлтэй ч  шууд уялдана. Шуугианы бохирдол болон хэт халуун өдрүүдийн давтамж нэмэгдэж байгаа нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлдөг гэдэг судалгаанууд ч байдаг.

- Байгаль орчны сайдын ажил хотын иргэнд ямар хамаатай вэ? 

- Хотын байгаль орчны асуудал нийгмийн эрүүл мэндтэй шууд хамааралтай. Хамгийн энгийнээр байгаль орчин доройтож, бохирдлын түвшин нэмэгдээд байвал тэдгээрээс шалтгаалсан төрөл бүрийн өвчин, түүгээр өвчлөх магадлал нэмэгдээд байна л гэсэн үг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго товчоор хэлбэл экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр орчны тогтвортой байдлыг хадгалж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино гэсэн байдаг. Тэгэхээр бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байгаа сайдын ажилд хяналт тавьж бас дэмжиж байгаарай гэж хэлмээр байна. 

- Сайд байх хугацаандаа шийдэх байгаль орчны гол ажлаасаа нэрлэнэ үү. 

- Би танил ахаасаа ингэж сонсож байсан. Хүн мэдэхгүй юмаа хайрладаггүй ээ гэж. Энэ үг үргэлж бодогддог. Бид эх орноо хайрла, байгаль дэлхийгээ хайрла, хогоо битгий хая, усаа битгий бохирдуул гээд хүүхдүүд хэлээд байдаг. Гэхдээ яг яагаад болохгүйг нь төдийлөн сайн ойлгуулж чадахгүй байх шиг. ЕБС-ын ийм хичээлүүдийг илүү практик байдлаар бодитоор үзүүлж, гарт нь бариулан туршилт хийлгэж, өөрсдийн гэсэн жижиг төсөл хэрэгжүүлдэг, оролцуулдаг болгох ажлыг Боловсролын яамтай хамтран хийнэ.

Мөн очоод алхдаг, суудаг, дугуй унахаас гадна очсон хүмүүс, хүүхдүүд экологийн боловсролыг олж авахуйц танин мэдэхүйн зорилго бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хот, аймгийн төв, бүр сумын төвүүдэд ч бас байгуулахыг зорино доо. 

Ер нь салбарын сайдын ажил гэдэг бол хүсэл мөрөөдөл биш байх л даа. Маш чухал үндэслэлтэй, өргөн хүрээний судалгаа хийж бас хамгийн чухлын эрэмбэлж байж хийх ажлуудыг сонгох хэрэгтэй байх. Гэхдээ хэрэв энэ салбарын сайд байсан бол том, жижиг ямар ч бодлого, шийдвэрийг гаргахдаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, судалгаанд тулгуурласан, эрдэмтэн судлаачид, иргэдийн дуу хоолойг сонсдог, тусгадаг л сайд байхыг хичээх байсан байхдаа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.