Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Найруулагч Ш.Ихбаяр: Ямар ч цаг үед жинхэнэ уран бүтээлч байх хэцүү


Шагдарсүрэнгийн Ихбаяр. “Алтан хальс” холбооны үүсгэн байгуулагч, кино найруулагч. Үзэгч, кино хорхойтнууд долоо хоног бүрийн“Dreamer’s Day” кино өдөрлөг, сонгодог болон артхаус киноны artfilm.mn цахим хуудас, Андерграунд кино наадмыг монголд анх удаа зохион байгуулснаар нь эдний холбооны үйл ажиллагааг сайн мэднэ. Ш.Ихбаярын анхны бүрэн хэмжээний баримтат бүтээл “Уран хас” кино үзэгчдийн хүртээл болох гэж байгаатай холбогдуулан түүнтэй хэдэн хором ярилцсан юм.


-Та биологич хүн. Шинжлэх ухааны мэргэшлээс хөрвөж кино уран бүтээлч болохоор шийдсэн шалтгаан юу вэ?

Миний мэргэжил бол биотехнологич, мэргэшил генетикийн инженер. Гэхдээ сайн эрдэмтэн байх, сайн уран бүтээлч байх нь ялгаагүй л бүтээлч дадал ихээхэн шаарддаг. Шинжлэх ухаан нь илүү практик ач холбогдолтой ч урлаг хүний сэтгэлийн зайлшгүй хэрэгцээ. Урлагт багаасаа хайртай байлаа, гэхдээ надад шинжлэх ухаан урлагаас дутуугүй сонирхолтой байсаар ирсэн. Одоогоор уран бүтээлч болох гэж хичээж, мөрөөдөж явна.

-Өөрийгөө олно гэдэг таны хувьд юу вэ? Та өөрийгөө олсон гэж боддог уу?

Уран бүтээл дээр өөрийн чанд форм тогтоох гэдэгт би итгэдэггүй. Оршихуй гэж байдаггүй, биелэхүй гэж байдаг гэж Делёз хэлсэн. Бид цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар өөр хэн нэгэнд биелж байдаг. Үүнтэй адил уран бүтээлч хувьсан өөрчлөгдөж, шинэ уран бүтээлд биелэх л чухал. Зогсонги нэг хэв маягтаа гацсан байдлаар уран бүтээл хийгээд байна гэдэг нь зохиогчийн блоктой адил байж мэднэ.

-Та амьдралдаа багцаагаар хэдэн кино үзсэн бол?

Бүрэн хэмжээний, богино гээд үзсэн киноны тоог яагаад ч гаргах боломжгүй. Аль болох олон сайн кино үзэхийг хичээдэг. Асар өөр өөр хэв маягтай ч шилдэг кино урлагийн бүтээлүүд гоо зүй өндөртэй кино хэлэнд суралцахыг заадаг. Кино бүтээхдээ цаад агуулгаа л олигтой бүрэлдүүлж, мөнхүү кино хэлийг чадварлагаар ашиглаж чадвал хэт муу бүтээл хийх боломжгүй.

-Залуу уран бүтээлчийн хувьд та өөртөө зориудын ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

Киног хэзээ дууссан бэ гэдгийг шийдэхээс өмнө киног хичнээн ч хамаагүй зовоох шаардлагатай (өөрийгөө ч бас). “Уран хас” баримтат киноны монтаж 11 сар хийгдэж байж дууссан. Өдөр бүр монтаж хийгээгүй ч бүтээлээ хэд хонож байгаад илүү хатуу шүүмжлэлт нүдээр дахин үзэх хэрэгтэй болдог.

-Гертруда Стэйн “Онцлогийг нь өөртөө тээж явахгүй юм бол үндэс угсааны хэрэг юусан билээ?” гэсэн байдаг.  Кино уран бүтээлчийн хувьд өөрийн үндэсний онцлог, мөн чанарыг бүтээлдээ зориуд тусгах үүрэгтэй гэж санадаг уу?

Соёлын онцлогийг тусгахыг зорьдоггүй л дээ, уг нь. Зориуд бусаар тусах явдал гарсан байх. Мэдсээр байж л бага зэргийн үндсэрхэг зан гаргах гээд байдаг болохоор. Гэхдээ улс үндэстэн оршин тогтноход үндсэрхэг үзлээс илүүтэй эх оронч үзэл хэрэг болдог байх. Ямар ч хүний овгорхог (tribal) үзлийг үгүй хийж болохгүйгээс хойш үндсэрхэг үзэл устахгүй. Гэтэл яг үнэндээ бол үндэс угсаа гэдэг ойлголт нь арьс өнгөний ойлголттой адил нэг ёсны төөрөгдөл юм. Түүхэн угтвар нөхцөл буюу соёл зан заншлын дадал, цөөн тооны фенотипийг нөхцөлдүүлэгч генийг эс тооцвол энэхүү яс угсаа гэсэн хэнээрхэлийг амар давж гарч чадна. Үндэсний сэтгэлгээ гэгч зүйлийг ген тодорхойлдоггүй. Гадаадад төрж өссөн хүмүүс үүний тод жишээ. Хүний геномын 25,000 ген дотор сэтгэлгээг нөхцөлдүүлэгч генүүд бий бөгөөд эдгээрээс хамааран ухаалаг байх уу, тэнэг байх уу гэдгийн урьдач нөхцөл бүрэлддэг. Гэвч эдгээр ген жишээ нь цаг барьдаггүй гэсэн зуршлийг нөхцөлдүүлэхгүй. Дэлхий дээрх хүмүүс хаа ч адилавтар сэтгэдэг. Үл ялиг тодорхой бүлэг хүмүүст хамааруулж болох өвөрмөц сэтгэлгээний хэв маяг гээд байгаа нь үнэндээ жижиг зуршлууд юм. Жишээ нь Германчууд, Хятадууд илүү хуримтлал үүсгэх зуршилтай байдаг нь хэлэнд нь үйл үгийг одоо, ирээдүйгээр ялгадаггүйтэй нь холбоотой байдаг.

-Социализмын үед кино уран бүтээлчид ядаж кино хийх мөнгөндөө санаа зовдоггүй байсан. Энэ цаг үед уран бүтээлийн эрх чөлөө олгосон боловч эргээд мөнгөнөөс хамааралтай, кино уламжлалын хэлхээ тасарсан, кино сургалт муу зэрэг шилжилтийн нийгмийн хамаг л хүнд хүчрийг уран бүтээлчдийн нуруунд үүрүүлж орхисон гэх нь бий. Ийм цаг үед уран бүтээлч байх хэцүү юу?

Ямар ч цаг үед жинхэнэ уран бүтээлч байх хэцүү. Сайн уран бүтээлч байхад мөнгө, бага хүрээний уламжлал, сургалт зэргийн хувьд нөлөөлөх хүч султай тул бараг хамаагүй гэж болно. Уран бүтээлч болоход гол хүчтэй нөлөөлөх анхны хүчин зүйлүүд бол ердөө тухайн хувь хүний хүсэл сонирхол, мятрашгүй тэмүүлэл. Цаашлаад чадварлаг уран бүтээлч байхын тулд эмх цэгцгүй (chaos) бүтэцтэй ертөнцийг жирийн хүмүүсээс илүү өргөн цар хүрээнд хардаг болсноор тэрхүү эмх цэгцгүйг өндөр гоо зүйт зохиомжийн хавтгайгаар уран “зүсэж” урлагийн бүтээл туурвина. Тиймээс өргөн цар хүрээний мэдлэг, сэтгэлгээг бүрэлдүүлэх уран бүтээлчийн урьдач нөхцлийн шаардлагыг хангах нь л хамгаас хэцүү шат дамжлага.

-Таны үүсгэн байгуулалцсан “Алтан хальс” холбоо долоо хоног бүрийн Мөрөөдөгчдийн өдөр кино үзвэрийг 2009 оноос хойш өдий хүртэл тасралтгүй гаргасан. Монгол хэл дээр artfilm.mn кино сайтыг хийсэн. Бас монголд анх удаа Андерграунд кино наадмыг хоёр жил дараалан зохион байгуулсан зэрэг чамгүй ажлуудын ард гарчээ. Энэ явцад дэмий ч зүйл хийгээд байх шиг санагдах, шантрах, эргэлзэх тохиолдол гарч байсан уу?

Дуртай зүйлээ хийж явахад хэзээ ч шантрах зүйл гардаггүй. Сайн киног гуравхан хүнд хүргэсэн ч урам зориг авдаг (эхэн үедээ тийм тохиолдол гарч байсан). Зарим нэг залуус бидний Dreamers’ Day, artfilm.mn-ийн үрээр гоо зүй өндөртэй кино хэлэнд суралцаж байгаа нь ямар нэг байдлаар мэдрэгдэхэд л дээдийн дээд урам төрдөг дөө.

-Үзэгчид киног өөрийг нь инээлгэх, уйлуулах, баясгах, магадгүй бодлогошруулах зэрэг ямар нэг функц, хэрэгслээр хүлээж авах нь элбэг байдаг. Уран бүтээлч хүн нийгмийг боловсруулах, гэгээрүүлэх үүрэгтэй гэх нь ч бий. Кино урлаг ийм тодорхой зорилго агуулсан зүйл үү? Кино урлагийн мөн чанар юу вэ?

Киногоор дамжуулж нийгмийг гэгээрүүлж болно. Гэхдээ үндсэн үүрэг нь биш. Цэвэр кино урлаг бол хөдөлгөөнт дүрс (дуутай байж болно). Секундэд 24 зураг ашиглан хүнд психофизик нөлөөлөл үүсгэх нь киноны үндсэн үүрэг. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйд нөлөөлж тухайн үеийн физиологийн процесст өөрчлөлт авчирснаар хүн урлагийн таашаал эдэлнэ. Тиймээс инээлгэж, уйлуулж, бодлогошруулах нь киноны үндсэн үүрэгт орно гэсэн үг. Гэхдээ хүүрнэл ашиглалгүйгээр. Хүүрнэл бол эрт цагт хов яриа, хууч яриа, домог ярианаас улбаалсан уран зохиол цаашлаад тайзны урлагийн кинонд тохоосон нэг дараа юм. Үнэндээ саяны хэлсэнчлэн кино гэдэг нь хөдөлгөөнт дүрс шүү дээ. Хүмүүсийг уйлуулдаг Марк Роткогийн абстракт зургууд шиг кино хүүрнэлт зохиолд дарамтлуулалгүйгээр зөвхөн дуу, дүрс ашиглан мэдрэхүйг өрдөж хүмүүсийг инээлгэж, уйлуулж болно. Зөвхөн дуу, дүрс ашиглан өөрийн агуулгаа цогцлоож хүмүүсийг бодлогошруулж болно. Би хувьдаа Ханс Хофманны нэг зургийг хараад уйлах шахаад, бодлогоширохоос өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ кино урлагийн талбарт хүүрнэлийн гав дөнгөнөөс бүр мөсөн ангижирч чадахгүйгээ би мэднэ.

-Кино болоод үзэгчийн ойлголцолд кино судлаач, шүүмжлэгч ямар үүрэгтэй вэ? Ялангуяа арт хаус киноны хувьд мэргэжлийн кино шүүмжлэгчид тухайн бүтээлийг үзэгчдэд илүү ойртуулж, хүртээмжтэй болгох нь чухал гэлцдэг. Зарим нь кино болоод үзэгчийн дунд тогтсон харилцаа, ойлголцолд энэ мэт гадны нөлөө хэрэггүй гэдэг. Энэ талаар таны бодол?

Үзэгчид гоо зүйн дээд түвшний кино хэлийг ойлгоход судлаач, шүүмжлэгчид дөхөм болох нь бий байх. Хэрвээ үзэгч олон шедевр кино үзээд нэгэнт кино хэлийг ойлгож, сайн мэдэрдэг болсон бол тэр болгон шүүмжлэгчдийн юу бичсэн нь чухал биш.

-Залуу уран бүтээлч өөрийн биширдэг ч юм уу хүчирхэг уран бүтээлчийн нөлөөнд автах нь бий. Магадгүй уран бүтээлч дотоод ертөнцөө хангалттай тэлж хөгжүүлээгүй тохиолдолд өмнөх цаг үеийн аль нэг хэв маяг, арга барилыг өөрийн мэдэлгүй хэт шүтэх, дуурайх хандлага гардаг байх.  Ялангуяа кино уламжлалын хэлхээ тасарсан, кино боловсрол тааруу манайд арилжааны болоод арт кино бүтээгчид аль аль нь энэ дутагдлаа дэлхийн кино урлагийн бүтээлүүдээс хуулбарлах, автах маягаар нөхөх гэж оролддог. Энэ тохиолдолд уран бүтээлчийн онцлог, бүтээлийнх нь эх чанарын асуудал хөндөгдөнө. Таны хувьд энэ хэр чухал вэ?

Шууд хуулбарлах нь мэдээж арга ядсан явдал. Хангалттай бүтээлч чадвартай бол хуулбарлах хэрэг ч гарахгүй, тиймээс өмнөх хэн нэгний нөлөөнд автах боломжгүй хэрэг. Өөрөө ухамсарлахгүйгээр шахуу уран бүтээлээ туурвихад хийц, хэв маяг өмнөх хэн нэгний бүтээлтэй адилавтар болсон бол одоо яая гэхэв. Гэхдээ өнгөц үйл явдал, өнгөц хэв маяг л хуулбарлагдах боломжтой. Уран бүтээлээс хуулбарлаж болдоггүй зүйл бол цаад нарийн уялдаатай агуулга. Хүчтэй уран бүтээлчийн уран бүтээлдээ шингээж өгсөн олон давхаргат агуулга маш өргөн цар хүрээтэй байх тул ихэнх тохиолдолд агуу уран бүтээлчдэд форм, хэлбэр сонин биш болсон байх нь бий. Хүмүүсийн сайн мэддэгээр Нури Билгэ Жэйланы “Өвлийн ичээ”, сайн мэддэггүй байж болох Робер Брессоны “Даруу эмэгтэй” зэргийг энд дурдаж болно. Тиймээс мастеруудаас суралцах нь чухал. Нэгэнт тэднийг дөмөгхөн хуулбарлах боломжгүй учраас. Зураач нар дэлхийн урлагийн түүх гэж үзээд л олон мастеруудаа мэддэг, тэднийг хуулбарлаж бэлддэг. Гэвч Карл Теодор Драйер, Фридрих Вилхельм Мурнау, Ясүжиро Озү, Жон Форд зэрэг кино урлагийн агуу мастеруудыг хэн гэдгийг нь ч мэдэхгүй хүмүүс кино найруулаад явж байх нь хаа ч үнэн биз. Уг нь тэдний бүтээлүүдтэй танилцчихвал ухаарч, хөгжинө үү л гэхээс доройтохгүй.

-Кино сонирхогч болгон хэзээ нэгэн цагт кино хийхийг мөрөөддөг. Танд эхлэх хүч зоригийг юу өгөв?  Би “кино уран бүтээлч” гэх мэдрэмж, итгэл хэрхэн төрсөн бэ?

Олон арван кино хийх санаа төрдөг байлаа. Гэвч тэдгээр кинонуудаас хийгдсэн бол одоо харамсаад барахгүй байж гэж боддог. 2006 оноос эхлэн богино кинонууд хийж үзээд одоо л нэг хожим нь харамсахааргүй боллоо доо гэсэн итгэлтэй болсон тул анхны бүрэн хэмжээний кино руугаа орсон.

-Яагаад чухам баримтат бүтээл барьж авч хийх болов?

Баримтат, уран сайхны гэсэн явцууралд баригдалгүй кино хийх нь чухал. Питер Уоткинс мэтийн найруулагчид ийм тогтсон зааг байдаггүйг бидэнд баталж чадсан. Кино төслийн сургалтаар надад багшилж байсан Кристоф Постик хэмээх Франц нөхөр хэд хоногийн өмнө Монголд ирээд миний киног үзэхдээ намайг бүгдийг өөрийн удирдлагад байлгах дуртай байна гэж дүгнэсэн. Киноны зураг авалтын үеэр бүгдийг өөрийн хүссэнээр байлгах боломжгүй байсан ч эвлүүлгийн явцад хүссэндээ бараг хүрсэн учраас түүний хэлдэг зөв байх.

-Ирэх бямба гаригт таны бүрэн хэмжээний анхны бүтээл үзэгчдийн хүртээл болно. Киноныхоо тухайд уншигчдад хандаж юу хэлмээр байна?

Монголын урлагийн зөвлөлийн дэмжлэгээр  11 сарын 22-нд “Уран хас” киноны нээлтийг анх хийх боломж олдлоо. Кинонд гурван залуу уран бүтээлч гэр бүлийн амьдрал, уран бүтээлээ туурвиж буй байдлыг харуулна. Кинонд гарах уран бүтээлүүдээс нь тодорхой мэдрэмж аваасай гэж найдаж байна. Би тэдгээр уран бүтээлчийн амьдрал, туурвилыг өөрийнхөөрөө зангидсан байгаа. Гэхдээ ямар нэг мэдрэгдэхүйц хүүрнэл хүлээгээд хэрэггүй болов уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.