Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“Нар мандахаас өмнө” гурвал бүтээлд бид хэрхэн тоглосон бэ


Галт тэргэнд учирсан Жессе, Селин хоёр шөнөжин Вена хотоор, амьдрал, үхэл, хайр, ёс суртахуун, нийгэм, урлаг, утга зохиол... гээд бүхний тухай ярилцан алхахаас энэ бүхэн эхэлдэг. Нар мандахад салж одох тавилантай тэдний хувь заяа дараагийн 18 жилд цуврал бүтээл болж үргэлжилсэн. Найруулагч Ричард Линклэйтерийн энэхүү "Нар мандахаас өмнө", "Нар жаргахаас өмнө" болон "Шөнө дундаас өмнө" гурвал бүтээл нь ямар ч эргэлзээгүй хамгийн 'үзэсгэлэн төгс' кинонуудын тоонд багтана. Зохиол, хийцээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, бодит ахуйд чин үнэнээр дүрсэлсэн романтик дурлал, сэтгэлд хоногшсон дүрүүдээрээ үзэгчдийг татсан энэ бүтээлийн гол дүрийн жүжигчид Гуардиан сайтад дараах тэмдэглэлээ нийтлүүлжээ. 

Жюли Дельпи- жүжигчин, зохиолч

Хамгийн эхний “Нар мандахаас өмнө” ангийн зохиол ямар ч романсгүй байсан нь арай үгүй байлгүйдээ хэмээн гайхахад хүргэж байлаа. Найруулагч, зохиолч Ричард Линклэйтер энэ киног Филаделфи хотоор нэгэн бүсгүйтэй шөнөжин алхсан өөрийн бодит явдалд тулгуурлан бичсэн атлаа романтик харилцаа зохиолд байсангүй. Маш сайн боловсруулж бичсэн ажил байсан л даа гэхдээ зөвхөн харилцан ярианд  тулгуурласан шахуу, оюун ухааны бяд шаардсан зохиол байв. Найруулагч маань үнэмшилтэй, бодит харилцааг эрэлхийлэх үүднээс хоёр жүжигчнээрээ өөрсдөөр нь зохиолын хэсгүүдийг бичүүлж, тоглуулж, чухам юу илэрхийлэх гээд байгааг маань хэлэлцэх үе олон байсан. Би л гэхэд бурхан хүмүүсийн хоорондох зайд л оршиж байдаг гэхчлэн өөрийн яриаг киноны диалогт оруулж байсан санагдана. 

Ингэж Ричард, Итан бид 3 зохиолоо гаргаж авлаа. Яахав Итан бид хоёрын нэр зохиолын кредит хэсэгт албан ёсоор бичигдээгүй ч гэсэн эцсийн бүтээл гаргаж авах процесс бол яалт ч үгүй хамтын ажиллагаа байсан. Бид гурав гурвуулаа санал нэгдэж байж л сцен бүтдэг байв. Дараагийн хоёр анги болох “Нар жаргахаас өмнө”, “Шөнө дундаас өмнө” мөн л ингэж бүтсэн. Бидний нэг нь л ямар нэг зүйлд дургүй байвал учрыг нь олохоос нааш ажил үргэлжлэхгүй. Зохиол ер нь эхнээсээ л эмэгтэй хүний дуу хоолой, үзэл бодлыг тэнцвэртэй агуулах зорилготой байсан. Бид Вена хотод зураг авалт хийж байхдаа ч ард нь зохиолоо үргэлжлүүлэн бичсээр л байв.  Тэнд жишээлбэл миний өөрийн дүр Селин өөдөөсөө харж суугаа Жессетэй утсаар ярьж буй мэт жүжиглэн, гараа чихэндээ барьж хоорондоо ярьдаг хэсгийг би өөрөө бичсэн байдаг.

Киноны тэр их харилцан яриаг цээжлэх үнэндээ тамын ажил байсан шүү. Дараа нь “Нар жаргахаас өмнө” ангид тоглоход өмнөхөөсөө илүү хүнд байлаа. Ер нь 2000- аад оны эхээр би хувийн амьдралдаа жаахан хэцүү цаг хугацааг туулж байсан маань ч үүнд нөлөөлсөн. Найруулагчийн хувиар өөрөө кино хийх гэж үзээд, хажуугаар нь эрүүл мэндийн асуудал үүсээд л. Кристоф Киесловски надад нэгэнтээ “Үнэн бодит байдлаас үр гаргаж аваад мод болгож тарь.” гэж хэлсэн юм. Өөрийнхөө тухайн нөхцөл байдлаас дүрдээ хэрэгтэй зүйлийг ургуулж мод болгохыг хүссэн маань энэ кинонд биеллээ олсон гэж боддог шүү. 

Тухайн үед өөрийнхөө өөр нэгэн кино зохиолдоо оруулахаар төлөвлөж байсан сюжетээ энэ киноны төгсгөл хэсэгт оруулбал яах бол гэж найруулагчдаа хэллээ. Би Нина Симонег дуурайн аяглаж, Жессед явахгүй бол онгоцноосоо хоцорлоо гэж хэлдэг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсгийг Ричардад тоглож үзүүлэхэд түүнд маш их таалагдсан. Хэдийгээр би энэ санаагаа өөр кинонд ашиглахдаа харам байсан ч миний хэзээ ч кино болохгүй байж мэдэх тэр зохиолоос илүү Ричардын бүтээл чухал санагдсан юм. Энэ гурвал бүтээл зөвхөн X үеийнхэнд зориулагдаагүй. Залуу зандан наснаас авахуулаад амьдралын төгсгөл хүртэлх орон зайд орших хэнтэй ч болов харилцан ойлголцож чадах бүтээл болсон гэж боддог. Одоо хүртэл залуучууд энэ бүтээлийг дурлан үздэг. Тэд магадгүй өөрсдийнхөө ээж аавыг Жессе, Селин хоёрын дүрээс хардаг байх. Кино явах тусам Итан бид хоёр ч хөгширч ирлээ. Энэ цуврал үнэхээр цаг хугацааг шинжсэн бүтээл болсон нь үнэн.

Итан Хоук- жүжигчин, зохиолч

“Нар жаргахаас өмнө” ангид тоглохоос урд би өөрийн гэр бүл салалтын асуудлаас болж шаналж явсан юм. Тэгээд тэр зун Ричард, Жюли хоёртой эргэн холбогдож, Парист зураг авалтанд орж эхэлсэн нь миний сэтгэл санаанд эдгэрэл авчирсан даа гэж дандаа боддог. Жюли бид хоёр өмнөхөн нь Ричардын бүтээсэн анимейшнд Жессе, Селиний дүрээрээ ажилласан бөгөөд тэр үеэс эхлэн дахин хамт бүтээл хийх тухай мөрөөсөж эхэлсэн байв. Түүнээс даан удалгүй би Аустин хотод номынхоо гарын үсгийг зурах ажлаар явж байтал Ричард тааралдаад, гайхалтай санаа бодож олсон нь Жессе Селиний тухай ном бичээд, түүнээ үзэглэж байхад нь Селин ирж буйгаар үргэлжлэх хоёр дахь ангийн санаа байлаа. Номын дэлгүүрт номынхоо нээлтийг хийж суусан миний хувийн амьдралын төрх урлагийн бүтээлд дүр болно гэдэг бол уран бүтээлч хүний хувьд үнэ цэнэтэй зүйл юм. Туйлын хариулт олж авна гэдэг бараг боломжгүй хэдий ч хүн тодорхой асуултуудыг өөртөө тавьсны хэрээр эдгэрч, тайтгарч байдаг. Энэ кино надаас тэдгээр чухал асуултыг асууснаараа тайвшрал авч ирсэн юм. 

Гурав дахь кино “Шөнө дундаас өмнө” миний хувьд хамгийн хэцүү нь байсан. Яагаад гэвэл өмнөх хоёр нь илүү романтик төсөөлөл дээр бүтсэн бол энэ анги тийм биш. Илүүтэй өдөр тутмын бодит амьдралд буух хайр сэтгэлийн мөн чанарыг үзүүлэх нь чухал байлаа. Хамтдаа он жилүүдийг элээж, хүүхэд шуухдаа өсгөлцсөн хос бие биедээ нэг ч худал хэлэхгүйгээр романтик хайраа хадгалсан тухай киног бид хийж чадах уу гэж өөрсдөөсөө асууж байв. Үзэгчид ч үүнийг таашаах эсэхт итгэлтэй байгаагүй. Титаникийн Жэк, Рөүз хоёрыг муудалцаж байгаагаар үзэхийг хэн ч хүсэхгүйтэй адил мэт бодож явлаа.

Киноны маань бүтэц нарийн төвөгтэй байсан нь надад бас нэгэн сорилт болсон санагддаг. Бид Бергманы “Гэрлэлтийн дүр зураг” киноны хайр дурлал буцалсан эхлэлээс шилжиж салалтаар төгсдөг зураглалыг өөрсдийнхөөрөө ахин бүтээхийг хүссэн. Гэрлэлтийн хямрал, үл ойлголцол, хэрүүл маргааныг дүрсэлсэн зохиол бичиж, сцен бүтээх нь ажил мэргэжлийн хувьд надад тохиолдсон том сорилтуудын нэг байлаа. Нэг л өрөөнд өрнөх үйл явдлыг 30 хуудас болгон буулгаж, хүн уйдамгүй болгож тавих үнэхээр хэцүү байсан. Гэсэн хэдий ч кино маань яаж бүтэх ёстой түүгээрээ болсон. “Нар мандахаас өмнө” кино 40-өөд насны хоёр залуу галт тэргэнд учирч байгаагаар эхэлдэг шүү дээ. Яв явсаар сүүлийн ангийг хийж байхдаа Жюли бид хоёр үнэхээр анх галт тэргэнд учирсан тэр хос болж хувирснаа анзаарсан. Нэг ёсондоо бид өөрсдийнхөө түүхийг бичиж буйгаа ойлгосон гэх үү дээ. 

Энэ гурвал бүтээлийн өгүүлэх түүх ингээд дууссан мэт надад санагддаг. Нэг ангиас нөгөө ангид шилжих бүрт асар эрсдэлтэй алхам шиг санагддаг байлаа. Өмнөх сайхан бүтээлээ баллаад хаячих вий гэж айх шиг. Мэдээж энэ нь Жессе Селин хоёрын амьдралд дахин зочилж болохгүй гэсэн үг биш л дээ, бид ч энэ тухай хааяа боддог. Хэрэв дөрөв дэх ангийг хийх бол энэ киноны уянгын тойргийг эвдэж, тэс өөр сэдвээр хийх хэрэгтэй л гэж хэлэх гэсэн юм. Мөнх бусын амьдрал, үхлийн тухай хөнддөг ч юм уу. Юутай ч энэхүү гурвал миний амьдралд адислалаа өгсөн бүтээлүүд юм даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
12 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.