Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Нэг өдөр: “Монголын мэдээ” сувгийн Эдийн засгийн сэтгүүлч, редактор Б.Батбаяр


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1993 оноос хойш тэмдэглэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан телевизийн мэдээг хэрхэн бэлтгэдгийг уншигч, үзэгчдэдээ хүргэхээр МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн Эдийн засгийн сэтгүүлч, редактор Б.Батбаярыг урьж, түүний нэг өдрийн ажлыг сурвалжиллаа.


“Монголын мэдээ” сувгийнхан коронавирусийн халдварын үед онцгой нөхцөлд шилжин ажиллаж байгаа аж. Тиймээс өглөөний шуурхай хурал цуцлагдсан тул ажил нь ихэнхдээ 09:00 цагт эхэлж байгааг Б.Батбаяр хэлэв. Долоо хоногийн төлөвлөгөө нь өмнөх долоо хоногтоо гарчихдаг бөгөөд тухайн өдрийн ажлаа ахлах редактортайгаа хэлэлцдэг юм билээ.

09:00 цаг

Энэ бол МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн Эдийн засгийн сэтгүүлч, редактор Б.Батбаярын ажлын өрөө. Энэ өрөөг “38” гэж нэрлэнэ. Ихэнхдээ шинэ сэтгүүлчид суудаг энэ өрөөг хэн, хэзээ, яагаад ингэж нэрлэснийг мэдэхгүй ч бүгд л “38” гэлцэнэ. МҮОНРТ-ийн хамгийн анхны байранд байх энэ өрөөнд үе үеийн сэтгүүлчид хуралдаж, орж гардаг чухал газар байж өдийг хүрсэн тул Б.Батбаяр эндээ л байрлах дуртай гэнэ. Тэрбээр Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийг 2013 онд төгсөж, оюутан ахуй цагаасаа МҮОНРТ-ийн “Монгол мэдээ” сувагт ажиллаж эхэлжээ. “Манай ажил их сайхан буянтай” хэмээн онцолж, хамт олноо хайрлан хүндэтгэж, тэднээр бахархаж явдгаа хэлсэн.

ЗурагТайлбар




09:40 цаг

Өнөөдөр (2020.04.27) Б.Батбаяр үдээс хойших ээлжинд мэдээнд гарахаар болжээ. Тиймээс 11:00 цагийн мэдээнд орох Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас ирүүлсэн мэдээг редакторлаж, дуу оруулан, эвлүүлгийн найруулагчдаа шилжүүлэх ажилдаа орлоо. “Монголын мэдээ” суваг 21 аймаг болон гадаадад ажиллаж, амьдардаг тусгай сурвалжлагчдаасаа онцлох мэдээ мэдээллээ авч, шуурхай ажилладаг байна.

11:30 цаг

Тухайн өдөрт цацагдах бүх мэдээ болон “Цагийн хүрд” хөтөлбөрт орох бүх сурвалжилга, мэдээг хянаж, хэнийг ямар мэдээнд явуулах хуваарь гарган чиглүүлж, аль мэдээллийг гол мэдээ болгохоо шийдэн нэвтрүүлгээр цацах эрх өгдөг тухайн өдрийн ахлах редактораа тэд “Гаргагч” гэдэг юм билээ. Товчхондоо тухайн өдрийн бүх мэдээллийг төлөвлөж, хянадаг ажилтан гэсэн үг. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн гаргагч нь тоймч Ц.Цэнд. Тэрбээр телевизийн салбарт ажиллаад 22 жил болжээ. Сэтгүүлч Б.Батбаяр өнөөдөр сэдвийн сурвалжилгатай. Тодруулбал, СХД-ийн 18 дугаар хорооны ахмадууд нэгдэн “Арвижихуй” хуримтлалын бүлэг байгуулж, нийгмийн асуудлаа шийдвэрлэж байгаа тухай сурвалжлах тул уулзаж, ярилцах хүмүүстэйгээ өглөө нь ярьж, цагаа товлочихсон билээ. Б.Батбаяр гаргагчтайгаа уулзан өнөөдөр хийх ажлынхаа тухай ярилцах үеэр тоймч Ц.Цэндээс өнөөдрийн төлөвлөгөөг нь лавлан асуулаа.  

Ц.Цэнд “Энэ өдрийн хамгийн сайн мэдээ нь Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн Франц улсын иргэн эдгэрч, 47 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. “Цагийн хүрд”-ийн эхний мэдээ болно. Энэ мэдээг олон хүн баярлаж хүлээж авах байх. Бид нар сэдвээ ярилцаж, төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, юуг, яаж, хэнээс яриа авч, ямар найруулга, дуу дүрсний монтажтайгаар үзүүлэхээ төлөвлөдөг юм. Коронавирус гарсантай холбоотойгоор сүүлийн үед үйл явдал бага болсон. Ер нь мэдээллийн хөтөлбөрийн гол зүйл нь үйл явдал байдаг. Тиймээс бид нар шинэ нөхцөл байдалтай уялдан тухайн өдрийн ахлах редактор нь бүх зүйлээ төлөвлөөд сэдвийн сурвалжилгад түлхүү ач холбогдол өгч байгаа. Тухайн өдрийн үйл явдлыг үзүүлэхээс гадна хүмүүст юу хэрэгтэй байгааг эрэн хайж, сурвалжилж байна.


Жишээлбэл, өнөөдөр улс төрийн мэдээллээс гадна нэг хорооны ахмадууд нийлээд бие биенийхээ асуудлыг нөхөрлөл болон шийдэж байгаа тухай сурвалжилгыг сайн туршлага болгон гаргана. Маргааш Генералуудын өдөр болохтой холбогдуулан нэг генералын тухай сонирхолтой сурвалжилга хийж байна. Манай улсаас маш олон хүн Бельги Улсад амьдарч байгаа учраас тэнд нөхцөл байдал ямар байгааг үзүүлнэ.

Коронавирустэй холбогдуулан орон нутгийн тээвэр, галт тэргэнд хяналт хэрхэн тавьж байгааг болон цэрэг татлага удахгүй эхлэх учраас хэрхэн зохион байгуулах тухай зэрэг цаг үеийн чухал мэдээллүүдийг өнөөдрийн “Цагийн хүрд” нэвтрүүлэгтээ багтааж байгаа. Гадаад мэдээгээр дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн асуудал болоод АНУ, ОХУ-д цар тахлын тархалт хэр байгаа тухай мэдээлэхийн зэрэгцээ учир шалтгаан, ач холбогдлыг тоймлож хүргэнэ” гэлээ.  

Нэг цагийн мэдээллийн хөтөлбөрт 30 орчим мэдээ, сурвалжилга багтдаг байна. Нэг мэдээ ач холбогдлоосоо шалтгаалан 1-3 минут, заримыг нь товчхон байдлаар хүргэх гэхчлэн харилцан адилгүй аж.

Тэрбээр үргэлжлүүлэн “Манай “Монголын Мэдээ” суваг телевизийн салбартаа хамгийн олон жил, хамгийн туршлагатай, мэргэшсэн багаар ажилладаг. Одоогоор 53 дахь жилдээ үзэгчдэдээ мэдээ мэдээлэл хүргэж байна.

Телевизийн мэдээ маш онцлогтой. Нэг хүний ганцаарчилсан тоглолт байдаггүй. Цэвэр багийн ажил юм. “Цагийн хүрд”-ээр таны үзсэн хоёр минутын сурвалжилгыг хийхийн тулд маш олон хүний хөдөлмөр шингэдэг. Хамгийн энгийн жагсаалт гаргая л даа.

Хамгийн эхлээд сэдвээ олно, төлөвлөнө, хүмүүстэй холбоо барина. Дараа нь сурвалжлагч, зураглаач, жолоочтойгоо нийлээд зургандаа гарна. Зарим тохиолдолд найруулагч нэмэгдэнэ. Зургандаа явж ирэхэд эвлүүлэгчийн ажил эхэлнэ. Ингээд хянагч буюу редакторын ажил, графикчийн ажил, эфирт дүрслэх техникийн багийнхны ажил өрнөнө. Ингээд бодоход нэг мэдээний цаана хамгийн багадаа 30-40 хүний хөдөлмөр бий. Яагаад ийм олон хүн ажилладаг гэхээр энэ бол мэргэжлийнх юм. Мэргэжлийн ажлыг мэргэжлийн баг хийж байгаа юм. Хэн, юуг, яаж хийх нь бүгд тодорхой байх ёстой. 60 минут үргэлжилдэг “Цагийн хүрд” хөтөлбөрийн ард хилийн чанд, орон нутгийн тусгай суралжлагч нараа оруулбал 100 орчим хүний ажил ордог” хэмээн нягт нямбай тайлбарлаж өглөө. Түүнийхээр манай улсад хэвлэлийн эрх чөлөө хөгжиж байгаа аж. “Эрх чөлөө гэдэг хязгаарлагдмал ойлголт л доо. Тиймээс эрх чөлөөг хэн, яаж хэрэгжүүлж байна, аль өнцгөөс нь харах л асуудлын гол. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил ямар байна тусгал нь сэтгүүл зүй байдаг” гэлээ.

12:00 цаг

Б.Батбаяр Бельгийн Вант Улсаас ирсэн мэдээг бэлтгэн редакторлож байхад зураглаач, жолооч ирлээ.

12:45 цаг

Жолооч Э.Хангалын "9866 УБЗ" улсын дугаартай машинаар бид СХД-ийн 18 дугаар хороог зорилоо. Олон жил жолоо барьж, сэтгүүлчдийн хамт цаг нартай уралдан явдаг түүний жолоодлого ёстой л ахисан түвшнийх байх аж. Түгжрэлийн гол зам болсон телевизийн замаас хотын баруун чиглэлд хурдлан явах тэрбээр “Монголын мэдээ” сувгийн жолоочоор найм дахь жилдээ ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд Монгол орноо хөндлөн гулд тойрон явжээ. “Хөдөө гараад шидчих ч бас сайхан шүү” хэмээн ярих тэрбээр нэлээд шооч бололтой. Ажил мэргэжлийнх нь онцлог болов уу гэлтэй. 

Түүнээс би “Хотод аль замаар, яаж хурдлахаа сайн мэддэг байх даа?” гэж лавлахад “Аль болох түгжрэлгүй, хурдан явж болох замаа сонгоод сүлжээд л явна шүү дээ” гэлээ. Энэ жил гэхэд л Э.Хангал мэдээ сурвалжилга бэлтгэхээр Баян-Өлгий аймаг руу хоёр удаа явсан гэнэ. Улаанбаатар хотыг бол өдөртөө хэд хэдэн удаа тойрох нь энүүхэнд гэсэн нь яав ч дэгсдүүлсэн хэрэг биш.

ЗурагТайлбар




13:10 цаг

Бид зорьсон газраа хүрэв. “Арвижихуй” хуримтлалын бүлгийн дөрвөн гишүүн сурвалжилагчид мэдээллээ өгөхөөр аль хэдийнэ иржээ. Энэ бүлэг 21 гишүүнтэй бөгөөд хуримтлал үүсгэх, нэгэндээ зээлүүлэх, нийгмийн асуудлаа шийдвэрлэх, баяр ёслолоо тэмдэглэх зэрэг бүхий л санхүүгийн асуудлаа зохих хэмжээнд шийдвэрлэж чаддаг байна. Энэ тухайгаа тус дүүргийн Ахмадын хорооны дарга А.Тийтаа болон тус бүлгийн гишүүд туршлага хуваалцан яриа өгөв. Яриа өгөхөөс гадна Б.Батбаярт бүлгийнхээ тухай нэгд нэгэнгүй тайлбарлаж, тайлан тооцооллоо ч зөөврийн компьютер дээрээ дэлгэн харуулж байлаа. Бидэнтэй хамт явсан зураглаачийг Р.Гантөгс гэдэг. Зургаа аль өнцгөөс, хэрхэн, яаж авахаа гарын 10 хуруу шигээ л мэддэг бололтой. Хорооны ахмадуудыг хаана зогсож, сууж, ард нь юу гарах зэргийг ормогцоо л зааварчилж, зөвлөж байгаа харагдсан. Бид энд бараг цаг орчим боллоо.

ЗурагТайлбар




14:05 цаг

СХД-ийн 18 дугаар хорооноос Хөрөнгийн бирж рүү явлаа. Машинд явах зуураа зураглаач Р.Гантөгстэй хэсэг ярилцав. Дарханы телевизэд зураглаачаар ажиллаж эхэлснээс хойш 10 жил болсон гэнэ. Энэ хугацаанд хоёр гурван телевизэд зураглаач хийсэн бөгөөд “Монголын Мэдээ” сувагт ажиллаад хоёр жилийн хугацааг үдсэн байна. Гадаад, дотоодын олон сурвалжилгад явж, хаана ч очсон хүмүүс найрсагаар угтаж, ажил мэргэжлийг нь хүндэтгэдэг нь түүнд сайхан санагддаг аж. Телевизийнхээ логотой хувцасаа өмсөөд камераа үүрээд явахдаа бардам байдгаа ч тэр нуусангүй.    

14:30 цаг

Сэтгүүлч Б.Батбаярын тайлбарласнаар хүмүүс түүнээс 1072 хувьцааны брокерийн газраар алийг нь сонгосон нь дээр вэ гэж их асууж байгаа аж. Тиймээс энэ тухай мэдээлэл хүмүүст хэрэгтэй байгаа тул бэлтгэж байгаа нь энэ. Хэдийгээр өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрт багтаагүй ч үйл явдал болдоггүй, ихэнх төрийн албан хаагч нар амардаг өдөр буюу бямба, ням гарагийн мэдээлэлд оруулахаар бэлдэж байгаа гэсэн. Хувьцаатай холбоотойгоор хөл хөдөлгөөн тасрахгүй болсных ч тэр үү Хөрөнгийн бирж хаалгаа “барьсан” байв. Гэсэн ч Б.Батбаяр мэдээлэл өгөх эх сурвалжтайгаа холбогдож, дотогш орон мэдээллээ тодруулаад гарлаа.

ЗурагТайлбар




15:30 цаг

“Монголын мэдээ” сувгийн байранд ирлээ. Энэ өдрийн зураглаачийн ажил үүрэг өндөрлөж, дараачийн “дамжлага” руу шилжинэ. Өдөржин хоол байтугай ус ч уух завгүй ажилласан Б.Батбаяр сая л нэг өдрийн цайндаа орж байна. Ажлынх нь зоогийн газар коронавирусийн халдварын улмаас түр ажиллахгүй байгаа тул гэрээсээ хоол бэлтгэн авчирчээ.


16:00 цаг

Сурвалжилгаа бэлтгэж, бичих ажил руу ханцуй шамлан орлоо. “Лид”, “Сони” “Синх” хэмээн мэдээгээ хэсэгчлэн тодотгож бичнэ. Лид нь хөтлөгчийн хэлэх, Сони нь сэтгүүлчийн унших, Синхрон буюу Синх нь яриа гэснийг тодорхой болгож буй хэрэг.

16:30 цаг

Авчирсан дүрс, зургийг эмхлэн, бэлтгэх ажил эвлүүлгийн найруулагч Э.Бат-Эрдэнийн мэдэлд ирлээ. Энэ өдөр дотоод мэдээллийг хоёр, гадаад мэдээний эвлүүлгийн найруулагчаар нэг хүн ажиллаж байлаа. Э.Бат-Эрдэнэ “Эвлүүлгийн найруулгыг гал тогоотой зүйрлэмээр санагддаг. Манай зураглаач, сэтгүүлч нар хоолны материал авчирч, давс хужрыг нь би тааруулдаг гэхэд болно. Жишээлбэл, Эрүүл мэндийн яамны мэдээлэл байлаа гэхэд гадна талын планаас эхлээд дотогш орж, үйл явдал хэрхэн өрнөж байгааг планы зөв шийдлүүдээр үзэгчдэд хүргэхээр эвлүүлэн найруулдаг. Тогооч хүн хоолоо амталдаг шиг оройд “Цагийн хүрд”-ээ үзэж, хийсэн ажлаа харах сайхан байдаг” гэлээ. Тэрээр энд ажиллаад дөрвөн жил болж байгаа аж.

ЗурагТайлбар




17:00 цаг

Хорин цагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр цацагдах мэдээндээ дуу оруулж байна.

17:30 цаг

Б.Батбаяр ажлынхаа зав чөлөөгөөр залуу сэтгүүлчдэдээ зааж зөвлөнө. Шинэ сэтгүүлчидтэй нэг өрөөнд суудаг түүнээс асууж, сурах зүйл тэдэнд бишгүй байдаг бололтой. Тэдний нэг нь Ч.Гэрэлчулуун. Ажлынхан нь түүнийг Гэрэлээ гэж дууддаг юм билээ.

Сурвалжлагч Ч.Гэрэлчулуун “Би энд сар ажиллаж байна. Энэ хугацаанд зөндөө юм сурч байгаа. Өмнө нь би маркетингийн менежер байсан л даа. Бичих сонирхолтой болохоор мэргэжлээ солихоор шийдсэн. Энд орж ирэхийн тулд хоёр удаа шалгалт өгч байж ашгүй нэг тэнцэж орж ирсэн. Одоогоор туршилтын хугацаанд ажиллаж байна. Сэтгүүлч хүний толгой байнга ажиллаж, үргэлж төлөвлөгөө гарган цаг үеийн болоод ирээдүйд хийх ажлаа ч бодож явдаг нь сайхан санагддаг. Би одон орон, шинжлэх ухаан, техник технологийн сонирхолтой баримт цуглуулж, хүмүүст үргэлж эерэг мэдээлэл өгөхийг хүсдэг. Өнөөдрийн хувьд “Мэргэжлээрээ өвчилсөн эрхэм” гэж нисэх хүчний таван генералын нэг Бригадын генерал Б.Батбаярын тухай, түүний ховор цуглуулгын талаар сурвалжилга бэлдэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

18:00 цаг


Сэтгүүлчид хяналтын өрөөндөө тэр бүр ордоггүй ч бидэнд танилцуулахаар уг өрөөг зорилоо. Энэ өрөөнд бүхий л инженер, техникийн нарийн чухал ажил явна. Олон дэлгэц зэрэг байршуулж, дуу дүрс болоод бусад шаардлагатай зүйлсийг хянадаг аж.  

ЗурагТайлбар



Б.Батбаяр “Эдийн засгийн тойм” нэвтрүүлэг хийдэг ч коронавирусийн халдвартай холбогдуулан түр завсарласан байна. Хүмүүс цуглуулж, хэлэлцүүлэг хийх боломжгүй болсон аж. Уг нэвтрүүлгийг хүмүүст илүү ойлгомжтой, энгийнээр хүргэхийн тулд “Бизнес анализ” нэртэйгээр шинэчлэн гаргахаар бэлдэж байгаагаа хуваалцсан.

20:00 цаг

“Цагийн хүрд” хөтөлбөр эхэллээ. Энэ удаагийн нэвтрүүлэгчээр Ж.Анхбаяр ажиллаж байна. Тэрээр МҮОНРТ-ийн хамгийн отгон нэвтрүүлэгч. Багадаа “Цагийн хүрд” эхлэхээр толиныхоо өмнө суугаад сонин барин “Цагийн хүрд нэвтрүүлэг эхэлж байна” хэмээн нэвтрүүлэг “хөтөлж” байсан түүний мөрөөдөл өнөөдөр биелэлээ олжээ.

Нэвтрүүлэгч Ж.Анхбаяр “Яг одоо энэ тайзан дээрээс мэдээллийн хөтөлбөрийнхөө гол дүр нь байж, хүмүүст хүргэх ажлаа хийхдээ өдөр бүр бахархдаг. Би телевизийн салбарт ажиллаад 11 жил болж байна. Өмнө нь “UBS” телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байсан. Үндэсний телевизэд ороод хоёр жил болж байна. Манай мэдээний албанд 11 нэвтрүүлэгч ажилладаг. “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөр бол 53 жилийн түүхтэй. Энэ хөтөлбөрийг үзэгч түмэнд хүргэхийн тулд нэвтрүүлэгчид эрт ирж, бэлддэг. Оройны 20:00 цагийн мэдээллээ хөтлөхийн тулд бид өдөр 14:00 цагт бэлэн байж, хөтөлбөрт орох мэдээллүүдтэйгээ танилцаж, үзэгчдэд мэдээгээ хүргэхдээ хөтлөлтөө, текстээ бэлдэхээс эхлээд л бужигнасаар байгаад л 20:00 цаг болчихдог юм. 

Тухайн мэдээнд өөрөө явсан мэт хөтлөх нь нэвтрүүлэгчээс асар их ур чадвар, мэдлэг, мэдээлэл шаарддаг. Орчин үед нэвтрүүлэгч гэхээсээ илүү анкор гэж ярьдаг болсон шүү дээ. Тийм болохоор бид нар зөвхөн бэлдэж өгсөн мэдээг унших биш өөрсдөө тухайн мэдээг хүмүүст хүргэх, ярьж өгөх чиглэлд анхаарч байгаа. Манай мэдээллийн хөтөлбөрүүд бүгд шууд явдаг учраас бидэнд алдах эрх байхгүй, маш хариуцлагатай байх хэрэгтэй. Мэдээ хөтлөх бүрт мэдрэлийн эд эсүүд сонор сэрэмжийнхээ хамгийн дээд цэгтээ хүрдэг. Мэдээллийн дундуур гэнэтийн шуурхай мэдээлэл, үйл явдал орж ирдэг учраас зарим мэдээ хасагдах, нэмэгдэх тохиолдлууд гардаг. Тэр болгонд бэлтгэлтэй байж, хариуцлагатай, ажилдаа эзэн байхыг хичээдэг дээ” гэсэн юм.

ЗурагТайлбар



Түүний ажлын өрөөнд 50 гаруй жилийн турш “Монголын мэдээг” дамжуулж байсан бүх түүхэн нэвтрүүлэгчийн зураг энэ байгууллагад орж ирсэн дарааллаараа өлгөөтэй бий.

Ж.Анхбаяр “Энэ сайхан ариун гал голомт, энерги, нэр хүндийг өдий зэрэгт хүргэсэн хүмүүсийн залгамж халаа болж байгаа бидний хувьд ур чадварыг тасалдуулахгүй байх, улам дээш нь өргөж явах үүрэг бий. Сэтгүүлч байтугай бусад хүмүүсийн ч мөрөөдөл болсон энэ тайзан дээр ажилладаг хүний хувьд хамт олноороо бахархаж, тэр чинээгээрээ хичээж, итгэл дүүрэн ажиллаж байна” гэв.


Сэтгүүлч, редактор Б.Батбаярын ажил ерөнхийдөө “Цагийн хүрд” нэвтрүүлгээс өмнө дуусах боловч дараагийн өдрүүдэд хийх сэдэв, сурвалжилгаа төлөвлөх, бэлдэх гэхчлэн сууж ажиллах нь элбэг.
Тэрбээр “Мэдээнд явж байхдаа дараагийн сэдвийн сурвалжилгын санаагаа олдог. Бусад хүмүүс олон нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд гэр бүлтэйгээ байдаг бол бидний хувьд арай өөр. Бүх хүн амарч байхад ажилладаг нь гунигтай. Гэхдээ сурчихсан юм даа. Хаана үйл явдал, арга хэмжээ болно бид тэнд хуваарийнхаа дагуу ажиллаад л явдаг. Заримдаа шөнө орой, үүрээр томилолтоор явах ч үе бий. Утсаа хаах эрх бидэнд байхгүй л дээ. Янз бүрийн ажил гарахад дуудагдах магадлалтай. Ажлынхаа буянаар Монгол орныхоо бүх аймгаар явсан. Харин явсан сумдынхаа тоог гаргаагүй байна. Ирэх сонгуулиар орон нутаг руу сурвалжилгад явах байх. Би өмнөх хоёр  гурван ч сонгуулиар шууд дамжуулалт хийхээр орон нутагт ажилласан. Жишээлбэл, сонгуулийн санал хураалт эхлэхэд 07:00 цагаас Сэлэнгийн Сүхбаатар сумаас мэдээ дамжуулж, 09:00 цагаас Дарханаас, Баруунхараа, Баянчандмань гээд л орон нутагт санал хураалт ямар байгааг дамжуулж байлаа. Энэ жил бас тэгэх байх” гэлээ.

Түүнд би “Сэтгүүлчийн нэг өдрийг сурвалжилах их сонирхолтой юм” гэтэл “Би ямар ч сонирхолгүй байгаа байх гэж бодсон” гээд инээж байна. Сэтгүүлч хүний ажлын нэг өдөр адал явдал, эрэл хайгуулаар үргэлжилж, нэгээс нөгөө цэг рүү шилжиж, ундарсаар ундарсаар өндөрлөдгийг сая л анзаарлаа. Бид ч бас сурвалжлагаа буулгахаар редакц руугаа буцлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.06.09
Сонгуулийн STREET STYLE | Гараад ир, гараад ир ганган хувцсаа өмсөөд залуус мээнэ
2
2020.05.27
ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны онцлох 9 үзмэр
3
2020.05.26
ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны виртуал аялал
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Amgalan 2020.05.03 172.69.252.151

Ахдаа ажлын арвин амжилт хүсье!

0 Хариулах